| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 191/2025/04980/И |
| Дугаар | 191/ШШ2026/02477 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/02477
2026 02 12 191/ШШ2026/02477
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 123,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
/зохигч талууд эвлэрлийн гэрээ ирүүлсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ******* ХХК нь ******* ХХК-тай гүний худаг гаргахаар харилцан тохиролцож 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж суурьшлын бүсэд Гаалийн хяналтын талбайн төслийн усан хангамжид зориулж гүний худгийн өрөмдлөгийн ажлыг иж бүрнээр нь хийж насос монтажлан, худгийн барилга байгууламжийн хамт хийж гүйцэтгэхээр болсон.
Уг гэрээний дагуу ажлын нийт багц дүн 115,000,000 төгрөг, гэрээний 3.3-т заасны дагуу 100-150м-ийн гүнд өрөмдлөгийн явцад ус илрээгүй, эсвэл усны ундарга шаардлага хангаагүй тохиолдолд өрөмдлөгийг цааш үргэлжлүүлж болох бөгөөд гүйцэтгэгч талд ажил гүйцэтгэсний төлбөр өрөмдлөгийн 1 метр тутамд 500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.
Уг өрөмдлөгийн ажилд нийт 180 метр өрөмдлөг хийсэн бөгөөд гэрээний 3.3-т заасны дагуу нэмэлт 30 метр өрөмдлөгийн үнэ 500,000 төгрөг*30метр=15,000,000 төгрөг болж ажлын гүйцэтгэх гэрээний дагуу нийт үнийн дүн 115,000,000 төгрөг+15,000,000 төгрөг=130,000,000 төгрөг.\
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх 130,000,000 төгрөгөөс захиалагч 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* ХХК нь 6,000,000 төгрөг, өрөмдлөгийн ажил эхлэхэд буюу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 40,000,000 төгрөг, ажлын явцад 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөг төлсөн.
Гэрээний үлдэгдэл төлбөр болох 82,000,000 төгрөгийг гэрээний 3.6-д заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч хөрөнгө оруулалт орж ирээгүй байна гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр худгаа хүлээлгэн өгсөн.
Ажил гүйцэтгэх гэрээний 6.3-т ... захиалагч тал гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасан.
Гэрээний үүрэг гүйцэтгэх ёстой өдөр болох 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 178 хоног үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлсэн байна. Үлдэгдэл төлбөр болох 82,000,000 төгрөгөөс 0,5 хувь алданги тооцоход хоног тутам 410,000 төгрөгийн алданги тооцно. Өнөөдрийг хүртэл алдангийн нийт үнийн дүн 410,000 төгрөг/178 хоног 72,980,000 төгрөг болж байна.
Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байдаг тул алдангийг гүйцэтгээгүй үүрэг буюу 82,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон алдангид 41,000,000 төгрөгийг тооцон хариуцагчаас гаргуулах хүсэлттэй байна.
Тус шүүхэд хандан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******* ХХК, ХХК нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч шүүх ХХК-тай байгуулсан гэрээ хэлэлцээр байхгүй бөгөөд ямар үндэслэлээр холбогдож байгаа нь ойлгомжгүй үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/08215 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч ******* ХХК-иас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 82,000,000 төгрөг, алданги 41,000,000 төгрөг, нийт 123,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 123,000,000 төгрөгийн 41,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 82,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 123,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 123,000,000 төгрөгийн 41,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 82,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 123,000,000 төгрөгийн 41,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 82,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* ХХК-д бүрэн төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 772,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 386,475 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ