Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/77

 

 

 

 

 

 

   2025           11            20                                                          2025/ДШМ/77

 

 

 

                                   Д.Ад холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Д.Аөнхзул, 

Шүүгдэгч Д.А,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/456 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Ад холбогдох эрүүгийн 2434005380434 дугаар хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Х............ аймгийн М...................... суманд ......... оны ............ өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхойгүй ажилгүй, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт Х............. аймгийн М......... сумын .................... дугаар багт оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 174 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, .А овгийн Д............ А.........., /РД:........................./.

2.Шүүгдэгч Д.А нь 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Хөх давааны 206 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хохирогч Н.Энхтуулын гэрт нэвтэрч түүний эзэмшлийн Samsung-М12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 160,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 8 дугаар сарын 23-ны шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Хөх давааны 206 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хохирогч Г.Эрдэнэцэцэгийн гэрт нэвтэрч түүний эзэмшлийн Samsung-М12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Д.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх: шүүгдэгч Алтан шаргалдай овгийн Дануугийн Ариунжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Алтан шаргалдай овгийн Дануугийн Ариунжаргалд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аын цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

4.Шүүгдэгч Д.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, нөхөр болон 9-18 насны 5 хүүхдийн хамт амьдардаг. Манхан сумын Улаанхүрээ багт тариа ногооны талбайн сахиул, хөлсний мал маллах зэрэг ажил хийж байгаад 2024 оны хавар амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод ирж барилга, нарийн боовны үйлдвэр зэрэг газарт ажиллаж байсан. 2024 оны 8 дугаар сард Архангай аймагт ногоо хураах ажил хийхээр замын унаанд дайгдан явсан. Сууж явсан машин Төв аймгийн Лүн сумаас цаашаа явах боломжгүй гээд тус суманд таних айл хүнгүй учир айлуудын хашааны ойр хоносон. Шөнө нөхөр бид хоёр дээр Лүн сумынх гээд нэг хүн ирээд бид гурав архи уусан. Хамт архи уусан хүн миний гар утсыг аваад явсныг мэдээд араас нь явж айлын хашаа руу ороход 2 айл байсан. Эхний айлд ороход нөгөө хүн байхгүй байхаар нь ил байсан утсыг аваад 2 дахь айлд ороход хайсан хүн орж ирээгүй гэсэн. Уг гуйж аваад гарахдаа жижиг цүнх байсныг аваад гарсан хонож байсан газраа ирээд удаагүй байтал хүмүүс цагдаагийн хамт ирсэн. Миний гар утсыг авсан хүнийг тэр айлын хүн, өөрийнхөө утсыг авч байж цүнх, утас 2-ыг эргүүлж өгнө гэж бодож авсан. Гэтэл тэр айлын хүн биш, орсон хашаа цаашаа нэвт гардаг гарц хаалгатай байсныг мэдээгүй би хүний эд зүйлийг аваад зугтаагүй буруугаа хүлээж утас, цүнх зэргийг өгсөн. Миний нөхөр Ц.Батбаяр нь зун нарийн гэдэсний хагалгаанд орсон тул барилгын ажил хийж орлого олох боломжгүй болсон. Насанд хүрээгүй 4 хүүхэд маань харж хандах хүнгүй, хоол ундгүй хүнд байдалтай хоцорсон. Би өөрөө 2021 онд гэмтлийн улмаас хөлийн хагалгаанд орсон хадуулсан. Эмнэлэгт үзүүлж хөлийн хадаасаа авхуулж чадаагүй явж байгаа. Эмч хадаасаа авхуулах шаардлагатай гэсэн. Нөхрийн маань хөл нь байнга өвдөж зовуурьтай байгаа. Гэм буруугаа шударгаар хүлээж бусдыг хохиролгүй болгосон. Авсан эд зүйлийг ашиглаагүй, эвдэж гэмтээгээгүй байснаар нь тэр даруй буцааж өгсөн. Миний үр хүүхэд, ар гэрийн амьдрал болон биеийн байдлыг минь харгалзан үзэж 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

5.Прокурор Д.Аөнхзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, үргэлжилсэн үйлдлээр тухайн өдрийнхөө шөнө нь хоёр айлд нэвтэрч, тус бүр утсыг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.А өмгөөлөгчийн хамт оролцохдоо хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүйгээр гэрт нь ороод утсыг нь авсан гэж тайлбарласан. Прокурорын зүгээс шүүгдэгч утас авснаар энэ гэмт хэрэг үйлдэгдэн төгссөн гэж үзсэн. Өмнө нь шүүгдэгч Д.А нь Ховд аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн бөгөөд энэ нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Шүүх хуралдааны нөхцөл байдал, өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбар, шүүгдэгчийн тайлбар зэргээс харахад шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг атлаа би согтуу байсан, анхнаасаа хохирогч нар сэрээд намайг зогсоосон бол ийм зүйл болохгүй байсан гэж тайлбарладаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх гэхээр эргэлзээтэй нөхцөл байдлаар тайлбарладаг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж үзсэний үндсэн дээр, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай эсэх, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдсан эсэхийг бүхэлд нь үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх юм.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзвэл шүүгдэгч Д.А нь 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Хөх давааны 206 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хохирогч Н.Энхтуулын гэрт нэвтэрч түүний эзэмшлийн Samsung-М12 маркийн гар утсыг хулгайлан авч 160,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 8 дугаар сарын 23-ны шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Хөх давааны 206 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хохирогч Г.Эрдэнэцэцэгийн гэрт нэвтэрч түүний эзэмшлийн Samsung-М12 маркийн гар утсыг хулгайлан авч 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаарх үйл баримт тогтоогдож байна.

3.1. Дээрх гэмт хэргийн үйл баримт нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргасан өргөдөл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 6, 8-12/,

хохирогч Н.Энхтуулын өгсөн: “...би өглөө 7 цагт босоод утас руугаа залгаж үзэхэд дуудаж байсан гэртээ хайгаад олдоогүй, утас дуугарч байгаа нь мэдэгдэхгүй болохоор нь нөхөр рүүгээ залгаад утас байхгүй байна гэж хэлэхэд “шөнө 3-4 цагийн үед Энхтайванг гэртээ унтаж байхад танихгүй эмэгтэй хүн ус өгөөч гээд нүүрэн дээр нь гэрэл тусгаад байсан, юун хүн бэ гэхэд гараад явсан, удалгүй гэрийн гадуур жижиг савтай ус аваад явсан, ажил дээр ирээд Энхтайван ярилаа” гээд утсаа тасалтал хажуу айлын Эрдэнэцэцэг гарч ирээд миний гар утас, цүнх байхгүй байна гэхээр нь шууд цагдаад мэдэгдсэн. ...алдсан зүйлээ бүрэн бүтэн авсан, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 18/,

хохирогч Г.Эрдэнэцэцэгийн өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 8 цаг өнгөрч байхад сэрээд ажилдаа явахаар цүнхээ авах гэтэл ширээн дээр байсан цүнх, гар утас байхгүй байсан..., алдсан зүйлээ олж авсан, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 21, 23/,

гэрч Н.Энхтайвангийн өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 23-ны шөнө урд монгол гэртээ ганцаараа унтаж байхад шөнө 04 цагийн үед гэрэл нүүрэн дээр тусгаад “ус байна уу” гээд эмэгтэй хүн үсээ задгай тавьсан орж ирсэн “юун хүн бэ” гэхэд “ус хэрэгтэй байна” гэхээр нь ус байхгүй “яв” гэж хөөсөн. Тэгээд гараад явсан. Удалгүй манай дүүгийн гэрт ороод гарсан бололтой савтай ус бариад манай гэрийн урдуур гараад явж байгаа харагдсан. Унтаж байгаад 5 цаг өнгөрч байхад ажилдаа гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

гэрч Ц.Батбаярын өгсөн: “...маргааш өглөө босоод хоносон газраа хөнжил пүүгээгээ эвхэж тавиад цай олж уухаар цайны газар хайж байтал эхнэр Д.Аын цүнхэнд гар утас дуугараад байсан. Тэгээд цүнхнээсээ гаргаад ирсэн “юун гар утас юм бэ” гэхэд би шөнө гар утас олсон юмаа, тэр олсон гар утас нь 3 камертай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлсан”  байхаар хуульчлагдсан.  

Түүнчлэн энэ гэмт хэргийн үр дагавар нь гэмт этгээд хууль бусаар, шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр өмчлөх эрхээ шударгаар хэрэгжүүлж байгаа хүний эзэмших, захиран зарцуулах эрхэд халдаж, материаллаг хохирол учруулдагт оршино.

Иймд Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Аын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан буюу хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Анхан шүүх шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан төрөл хэмжээний хүрээнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын  зорилгыг хангасан, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нийгмийн аюулын зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

6.Шүүгдэгч Д.А нь “...гэм буруугаа шударгаар хүлээж бусдыг хохиролгүй болгосон. Авсан эд зүйлийг ашиглаагүй, эвдэж гэмтээгээгүй байснаар нь тэр даруй буцааж өгсөн. Миний үр хүүхэд, ар гэрийн амьдрал болон биеийн байдлыг минь харгалзан үзэж 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан.

6.1.Анхан шатны шүүх “шүүгдэгч Д.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өмнө энэ төрлийн гэмт хэрэгт Ховд аймаг дахь  сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 17 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр  6 сарын хугацаагаар тэнссэн байхад дахин энэ төрлийн  гэмт хэрэгт холбогдсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хорих ялын доод хэмжээнээс доош татаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй” гэж дүгнэж, хуульд байхгүй үндэслэлээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

6.2.Шүүх Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутайг тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцүүлэх нь зүйтэй байна.

6.3.Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын гар утсыг буцаан өгч, тэднийг хохиролгүй болгосон нь хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний хоёрын нэгээс  багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

7.Анхан шатны шүүх аливаа хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явагдана” гэсэн зарчмыг баримтлах учиртай.

7.1.Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Аын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь дээрх хуулийн зарчимд нийцэхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, “хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг”-ийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоолыг зөвтгөв.

8. Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Аын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.Аыг шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/456 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэхь заалтад “Шүүгдэгч Алтан шаргалдай овгийн Дануугийн Ариунжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг,

“Шүүгдэгч Алтан шаргалдай овгийн Дануугийн Ариунжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Алтан шаргалдай овгийн Дануугийн Ариунжаргалд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Алтан шаргалдай овгийн Дануугийн Ариунжаргалд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Аын гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   З.ТҮВШИНТӨГС

 

               ШҮҮГЧИД                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                           А.ЦЭРЭНХАНД