2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2026/02118

 

 

 

 

 

 

 

 

      2026           02               25                                            192/ШШ2026/02118

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ........... даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, ............. хаягт оршин суух, Сартуул овогт ................ ........... /РД:................-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 26-р хороо, цагдаа хотхон ............... тоот хаягт оршин суух, Баарин овогт ........... ........... /РД:................-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 102,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ........... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь биеийн байдал муу, даралт харвасан хөгжлийн бэрхшээлтэй 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн. Одоо биеийн байдал нь муу байгаа бөгөөд хариуцагчаас болоод сэтгэл санаагаар унаад хэцүү байдалтай байгаа. Өөрийн гэр оронгүй учир сар бүр байрны хөлс нэхэгдэж хүндхэн амьдарч байна. Хэд х.........гийн өмнө хариуцагчаас хэцүү байдалтай байгаа хэлж 50,000 төгрөг авсан. Нэхэмжлэгчийн энэ нөхцөл байдлыг хариуцагч нь маш сайн ойлгож байгаа атлаа худлаа яриад зээлсэн мөнгөө өгөхгүй байна. Өөрийн гэсэн гэр оронгүй учир мөнгө цуглуулж байр авахаар банканд хэдэн төгрөг хадгалуулсан байсныг найз н..........н гэгч нь мэддэг байсан бөгөөд түүний танил ахын эхнэр Д............ нь хадгалж буй мөнгийг нь зээлээч удаахгүй найдвартай өгнө гэсэн. Мөн найз н..........н нь найдвартай, нөхөр нь цагдаа гэсэн учир итгээд мөнгө зээлсэн. Ингээд 2024 оны 9 сарын 12-ны өдөр бичгээр хэлцэл хийж 70,000,000 төгрөгийг сарын 2,500,000 төгрөгийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлж авсан. Хариуцагч нь цаг хугацаандаа авсан мөнгө хүүтэй нь эргүүлж төлнө, санаа зоволтгүй гээд авсан боловч хугацаандаа мөнгөө өгөөгүй. Ингээд өгнө гэсэн хугацаандаа өгөөгүй учир дахин гэрээ хийж 70,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй өгнө гээд хэлцлээ шинэчилж хийсэн. Бие эрүүл мэнд муу гээд удаа дараа мөнгөө нэхсэн боловч өгөөгүй. Нийт 12,300,000 төгрөг өгснийгөө 9, 10, 11, 12 сарын мөнгө шүү гэж хэлсэн. Ийм учраас үндсэн зээл 70,000,000 төгрөгийн 12 сарын зээлийн хүүг буруу тооцсон учир нэхэмжлэлийн шаардлагаа 5,000,000 төгрөгөөр багасгаж, үндсэн зээл болох 70,000,000 төгрөгийг 13 сарын хүү болох 32,500,000 төгрөгийн хамт нийт 102,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д............ миний бие 2024 оны 4 сараас зуслангийн газар захиалгаар амины орон сууц барьж ашиглалтад оруулах ажил эхлүүлсэн боловч захиалагчаас орж ирэх мөнгө удааширсан тул иргэн Д............тай 2024 оны 9 сарын 12-ны өдөр 70,000,000 төгрөгийг сарын 2,500,000 төгрөгийн буюу 3,6 хувийн хүүтэйгээр 2-3 сарын хугацаатай зээлж авсан. Ингээд 3 сарын хүү болох 7,500,000 төгрөгийг хүүнд нь өгсөн. Гэвч өвөл болж барилгын ажил, захиалагчаас орж ирэх мөнгө зогссон. 2025 оны 01 сарын 06-ны өдөр нэхэмжлэгч намайг гэртээ дуудан уулзаж дахин хэлцэл хийж 2024 оны 12 сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 сарын 12-ны өдрийг хүртэл 2 сарын 5,000,000 төгрөгийг 2 сард багтааж өгөхөөр болж 01 сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгийг өгсөн. Хэлцэл хийх үед ............ гэх Д............ын өмгөөлөгч гэрт нь хамт байсан бөгөөд өнаад хэлцэл дээрээ 01 сарын 12-ны өдрөөс хойш 10 хувийн хүү төлнө гэж бич, тэгэхгүй бол чамайг байдаг газар чинь суулгана, цагдаад өгнө гэх зэргээр айлган сүрдүүлж нэмж бичүүлээд миний авч явсан газрын гэрчилгээ, бусад бичиг баримтыг мөнгө төлтөл өгөхгүй гээд авсан. Би 2024 оны 12 сарын 03-ны өдөр 50,000 төгрөг, 12 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 02 сарын 07-ны өдөр 900,000 төгрөгийн бараа, 02 сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 7 сарын 10-ны өдөр 400,000 төгрөг гээд нийт 12,850,000 төгрөг өгсөн. Миний бие 2025 оны 02 сараас хойш системийн өвчин болох хэрх өвчний улмаас хэвтэрт орж асаргаанд байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Сүүлийн буюу 2025 оны 01 сарын 06-ны өдөр хэлцэл дээр айлган сүрдүүлж заналхийлж 10 хувиар хүү төлүүлнэ гэж бичүүлснийг өөрөө хүлээн зөвшөөрч больё сарын 2,500,000 төгрөгийн хүү тооцьё гэж нэхэмжлэлдээ бичжээ. Сарын 3,6 хувийн хүү гэж хаана ч байхгүй. Өөрөөр хэлбэл 12 сарын хүү буюу 37,500,000 төгрөгийн хүү буюу нийт зээлсэн мөнгөнийхөө 53,6 хувийн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 2 удаагийн хэлцэл хийсэн хугацааны хүүг төлсөн тул үндсэн зээл 70,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөн хүүг 12 сараар бодож төлсөн саруудыг хасвал 10 сар байна. Үүнээс цагдаа шүүхэд өгсөн хугацааг хасвал нийт 7 сарын хүүг төлж болно. Ингэхдээ хүүг банкны хүүгээр буюу сарын 1,5 хувиар бодож нийт 7,350,000 төгрөгийн хүүг үндсэн зээлийн хамт төлж барагдуулах боломжтой. Энэ нөхцөлийг зөвшөөрвөл уулзаж эвлэрлийн гэрээ байгуулж асуудлыг шийдэх боломжтой. Эс зөвшөөрвөл шүүхээр шийдвэрлүүлэх болно гэжээ.

 3. Нотлох баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх,

-Баянгол дүүргийн 1-р хорооны Засаг даргын тодорхойлолт,

-Шүүхэд төлөөлж оролцох итгэмжлэл,

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол,

-Хэлцэл хийсэн талаарх гар бичмэл,

3.2. Хариуцагчаас 2026.02.10-ны өдөр бичгээр хариу тайлбар ирүүлсэн байна.

Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            1.Нэхэмжлэгч Д............ нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 107,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5,000,000 төгрөгөөр багасгажээ.

            1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчид 2024 оны 9 сарын 12-ны өдөр 70,000,000 төгрөгийг сарын 2,500,000 төгрөгийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатайгаар зээлсэн боловч тохирсон хугацаандаа мөнгөө төлөөгүй тул хэлцлийг дахин байгуулж сарын 10 хувийн хүүтэй гэж гэрээг шинэчилсэн. Гэтэл хариуцагч нь тохиролцсон хугацаанд мөнгөө төлөөгүй тул үндсэн зээл 70,000,000 төгрөг, 13 сарын хүү 32,500,000 төгрөгийг гаргуулна...” гэж тодорхойлжээ.

            2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг бөгөөд ингэхдээ “...2024 оны 9 сарын 12-ны өдөр 70,000,000 төгрөгийг сарын 2,500,000 төгрөгийн буюу 3,6 хувийн хүүтэйгээр 2-3 сарын хугацаатай хэлцэл хийж авсан. 3 сарын хүү 7,500,000 төгрөгийг төлсөн. Өвөл болж барилгын ажил зогссон тул хугацаанд нь үндсэн зээлээ төлж чадаагүй, 2025 оны 01 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчтэй дахин хэлцэл хийж, сарын 10 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. Энэ тохиролцоог би өөрөө хүсч хийгээгүй нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэх хүн зур, зурахгүй бол цагдаад өгнө гэх зэргээр айлган сүрдүүлсэн учраас зурсан. Миний бие 2 удаагийн хэлцэл хийсэн хүүгийн төлбөрөө төлсөн. Үндсэн зээл 70,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөн 3,6 хувийн хүүгээр биш банкны дундаж хүү болох 1,5 хувиар тооцож 7 сарын хүү буюу 7,350,000 төгрөгийг нэмж төлөхийг зөвшөөрч байгаа, энэ байдлаар эвлэрэх боломжтой...” гэжээ.

            3.Тус өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид 2026 оны 02 сарын 16-ны өдөр түүний 8040-7756 дугаарын утсаар мэдэгдэхэд “за ойлголоо” гэсэн хариуг өгсөн нь шүүгчийн туслахын үйлдсэн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            4.Шүүхэд гаргасан талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

            4.1.Хариуцагч Д............ нь нэхэмжлэгчээс 2024 оны 9 сарын 12-ны өдөр 70,000,000 төгрөгийг сарын 2,500,000 төгрөгийн хүүтэйгээр 2-3 сарын хугацаатайгаар зээлэн авч, талууд хэлцлийг байгуулжээ.

            4.2.Улмаар хариуцагч нь хэлцлээр тохирсон хугацаанд үндсэн төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2025 оны 01 сарын 06-ны өдөр өмнөх байгуулсан хэлцлээ шинэчилж, зээлийн хүүг сарын 10 хувь байхаар тохиролцон, үндсэн зээлийн төлбөрийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон болох нь шүүхэд гаргасан талуудын тайлбар, хэрэгт авагдсан хэлцэл гэх бичгийн баримтаар тогтоогдов.

5.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно...” гэж тус тус заажээ.

Зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдох бөгөөд зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний зүйл болох мөнгө нь зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах хуулийн зохицуулалттай.

Хариуцагч нь “...2024 оны 9 сарын 12-ны өдөр 70,000,000 төгрөгийг сарын 2,500,000 төгрөгийн буюу 3,6 хувийн хүүтэй зээлж авсан...” гэсэн тайлбарыг гаргадаг, мөн хэрэгт авагдсан хэлцэл гэх бичгийн баримтаар 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид зээлсэн үйл баримт тогтоогдсон тул талуудын хооронд дээрх хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.

6.Талууд зээлийн гэрээг байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, мөн тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй.

7.Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг хариуцагч Д............ын өмчлөлд шилжүүлсэн нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон тул зээлсэн мөнгийг зохих хүүгийн хамт гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Тодруулбал, хариуцагчийн зүгээс зээлийн хүүд бэлэн болон бэлэн бусаар 12,850,000 төгрөгийг төлж, үндсэн төлбөрийг төлөөгүй байгаа талаараа хариу тайлбартаа дурдан, уг төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг тул түүнийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

8.Нэхэмжлэгч нь“...орон сууц авах зорилгоор мөнгө хадгалж байсныгаа 2024 оны 9 сарын 12-ны өдөр хариуцагчид зээлсэн...” гэдэг тайлбарыг гаргадаг, мөн ашиг олох зорилгоор хэд, хэдэн удаа мөнгө зээлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул талуудын хооронд бичгээр хийсэн хэлцэл нь холбогдох хууль зөрчөөгүй буюу Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй...” гэж заасанд хамааралгүй, мөн 2024 оны 9 сарын 12-ны өдрийн хэлцэл, тус хэлцлийг шинэчилсэн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн хэлцлээр зээлийн хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “...Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно...” гэж заасанд нийцсэн тул нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхтэй байна.

8.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа сарын 2,500,000 төгрөгөөр тооцож нийт 13 сарын хүү гэж 32,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэгт авагдсан 2025 оны 01 сарын 06-ны өдрийн хэлцэл гэх нэртэй бичгийн баримтаар хариуцагч Д............ нь үндсэн мөнгө болох 70,000,000 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд талууд зээлийн гэрээг 3 сарын хугацаатайгаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь хэлцлийн дагуу 3 сарын хугацааны хүүг шаардах эрхтэй байна.

9.Сүүлд шинэчилж байгуулсан гэх 2025 оны 01 сарын 06-ны өдрийн бичгийн хэлцлээр “...2025 оны 01 сарын 12-оос эхлэн зээлийн хүүг 10 хувь байхаар тохиролцов...” хэмээн талууд тохиролцож баталгаажуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан “...сарын 10 хувь биш анх тохиролцсон гэх 2,500,000 төгрөгөөр тооцож зээлийн хүүг шаардана...” гэх тайлбар, хариуцагчийн гаргасан “...сарын 3,6 хувийн хүү гэж хаана ч байхгүй банкны 1,5 хувийн хүүгээр тооцож 7 сарын хүүг төлж болно...” гэх тайлбар болон зээлийн хүүгийн төлбөрт бэлэн болон бэлэн бусаар нийт 12,850,000 төгрөг төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “...Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно...” гэж заасныг баримтлан сарын 10 хувийн хүү биш талуудын тохиролцсон 2,500,000 төгрөгийн хүүгээр тооцож 3 сарын хугацааны хүү болох 7,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

10.Иймд дээр дурдсан үндэслэлээр үндсэн зээлийн төлбөр 70,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 06-ны өдрийн бичгийн хэлцлээр тохиролцсон хугацаа буюу 3 сарын хугацааны зээлийн хүүд 7,500,000 төгрөг, нийт 77,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 25,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 695,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 545,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д............аас 77,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д............т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 25,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 695,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д............аас улсын тэмдэгтийн хураамжид 545,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д............т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 х.........гт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 х.........гийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          ...........