Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 460

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч Н.Түвшинбаяр,

Шүүгдэгч Ч.Төмөрдулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Төмөрдуламд холбогдох эрүүгийн 2016 2502 2764 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Монгол улсын иргэн, Шарнууд овогт Чимэдцэрэнгийн Төмөрдулам, 1991 оны 09 сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй8 ам бүл 3, нагац эгч Б.Дуламсүрэн, 5 сартай охин Т.Долгормаа нарын хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3-р баг Эмээлтийн 39 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 507 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрэг хариуцах чадюартай /РД:ЙП91091006/

 

Шүүгдэгч Ч.Төмөрдулам /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 10 сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 6 тоот орцны жижүүрийн байрны хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч 2 ширхэг Нөүтбүүкийг хулгайлж, хохирогч Т.Нэргүйд 600.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 2017 оны 05 сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хайлаастын 1-1 тоотод байрлах нийтийн байрны 13 тоотод хаалганы цүүг эвдлэн нэвтэрч зөөврийн компьютер, цүнх, 3 кг хонины мах зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч Ж.Бодьгэрэлд 475,000 төгрөгний буюу бага  бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Төмөрдуламаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв өөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

Шүүгдэгч Ч.Төмөрдулам нь 2016 оны 10 сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 6 тоот орцны жижүүрийн байрны хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч 2 ширхэг Нөүтбүүкийг хулгайлж, хохирогч Т.Нэргүйд 600.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хайлаастын 1-1 тоотод байрлах нийтийн байрны 13 тоотод хаалганы цүүг эвдлэн нэвтэрч зөөврийн компьютер, цүнх, 3 кг хонины мах зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч Ж.Бодьгэрэлд 475,000 төгрөгний буюу бага  бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Т.Нэргүйгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-24-25/ “..2016 оны 10 сарын 25-ны өдөр 12 цагийн үед манай хажуугийн 5 дугаар орцны жижүүр Нараа над руу залгаад “танай үүд чинь онгорхой, дэлгээстэй байна” гэж хэлсэн. Би өөрийн охин Даваажаргалыг очоод үзээдэх гээд явуулсан, удалгүй “ээжээ  манай байранд байсан 2 ширхэг зөөврийн компьютер алга болчихсон, хаалга дэлгээстэй хаалганы цүүг хөшиж эвдсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд 20-25 орчим насны эмэгтэй хүн манай орцноос цүнхтэй 2 ширхэг зөөврийн компьютерийг маань аваад явж байгаа нь бичигдсэн байсан. 2015 оны өвөл Хөвсгөл аймгийн Идэр суманд Лхам гээд багшийн хүүхдийг манай охин Даваажаргал 3 сар харж өгсөн. 3 сарын хөлс нь 700.000 төгрөг болж байсан. Лхам багш том зөөврийн компьютерийг нь бэлэглэсэн юм. Одоо 700.000 төгрөгөөр үнэлнэ. Жижиг зөөврийн компьютерийг 2016 оны 10 сард зар дээрээс харж байгаад хувь хүнээс 120.000 төгрөгөөр худалдаж авч байсан, энэ үнээр нь үнэлнэ” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Т.Нэргүйгээс мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэгтээ: /1хх-89/ “..Миний хохирол бүрэн барагдсан, хохиролд 600.000 төгрөг авсан, одоо ямар нэг санал хүсэлт нэхэмжлэх хүсэлт байхгүй гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Энхцогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-27/ “..2016 оны 11 сарын дундуур нэг бор царайтай эмэгтэй манайд орж ирээд “Genien student” гэх бичигтэй жижиг хэмжээтэй сурагчдад тараадаг гэмээр нөүтбүүкийг надад өгөөд худалдаад авчихаач гээд гуйгаад байсан. Яагаад сурагчдад тараадаг гэдгийг мэдсэн бэ гэхээр тэр компьютерийг асаахаар “ Баянзүрх, Налайх дүүргийн хүүхдийн цахим хөтөлбөр” гэсэн бичиг гарч ирж байсан..Би нөүтбүүкийг 15.000 төгрөгөөр худалдаж авсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Саруулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-28/ “.. Манайд олон хүн янз бүрийн эд зүйл барьцаалан авдаг юмаа. Тэгээд юмаа шүүж үзэхэд Ч.Төмөрдулам гэдэг хүн 2016 оны 10 сарын 25-ны өдөр БНХАУ үйлдвэрлэсэн яагаан өнгийн мини нөүтбүүкийг барьцаалан 30.000 төгрөг авсан байна. Тэгээд 2016 оны 11 сарын 13-ны өдөр хүү алданги төлөөд нөүтбүүкээ аваад явсан” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ж. Бодьгэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-38-39/ “..2017 оны 05 сарын 20-ны өдөр дүү 23 цагийн үед утсаар яриад түрээсэлдэг өрөөнд хулгай орчихсон байна гэж хэлсэн. Манай өрөөний хаалгыг хөшөөд онгойлгосон байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд модон хайрцаганд байсан зөөврийн компьютер, чирээд явчихдаг жижиг цүнх, хөргөгчнөөс мах зэрэг алдагдсан байсан. Зөөврийн компьютер нь Могул нэртэй, хар өнгийн, ай-5 үзүүлэлттэй, нимгэн ууттай байсан. 2012 онд Увс аймгаас 1.600.000 төгрөгөөр лизингээр авч байсан 500.000 төгрөгөөр үнэлнэ. 3кг орчим хонины мах байсан, 1кг-ыг 5000 төгрөгөөр авсан. 80х60х20см хэмжээтэй берзент материалтай чирдэг дугуйтай цүнх 60.000 төгрөгөөр үнэлнэ. Нийтийн байрны хяналтын камерыг үзэхэд улаан өнгийн хувцастай эмэгтэй ороод нэг гартаа зөөврийн компьютер, нөгөө гартаа цүнх аваад гарч байгаа нь харагдсан. Бичлэгийг нь авах гэхэд устгачихсан байсан” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ч.Төмөрдуламаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-55-58/ ..Би 2017 оны 5 сарын дундуур тухайн үед амьдарч байсан Сүхбаатар дүүрэгт байх 32-ын “Сод Монгол” колонкын ойролцоо айлын хашаанд ганцаараа амьдардаг байсан. Тэгээд гэрээсээ гарч яваад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байх гурван давхар нийтийн байрны 3 давхарт байрладаг 2 айлын хаалганы цоожийг хөшиж онгойлгосон. Тэгээд эхний айлын хаалгыг өөрийн биед авч явсан төмрөөр цоожийг нь эвдэж ороод хар саарал өнгийн зөөврийн компьютер, хөргөгчинд байсан хонины махыг, модон хайрцагны хажууд байсан хар хөх өнгийн түрдэг дугуйтай чемоданан цүнх зэргийг аваад гарсан, 2 дахь айлын хаалгыг мөн адил эвдэж орсон намайг уг айл руу ороод хувцас зэргийг аваад гараад явсан. Тэгээд тэндээс гэрлүүгээ явсан. Би маргааш өдөр нь Хорооллын Өргөө кино театрын хажууд байх компьютер засварын газарт  хулгайлсан зөөврийн компютероо 100.000 төгрөгөөр зарсан. Харин хулгайлсан хоолны эд зүйлсийг өөрөө хэрэглээд дуусгасан..” гэсэн мэдүүлэг, Хохирогч Т.Нэргүйн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, тайлбар /1хх-06-07/, Хохирогч Т.Нэргүйн гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-21/, Барьцаат зээлийг гэрээ /1хх- 30/, Хохирол төлсөн баримт /1хх- 50/, Хохирогч Ж.Бодьгэрэлээс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх-15/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 17, 19-20/, Хохирогч Ж.Бодьгэрэлийн гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ / 2хх-35,37/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-н 84-85,130-134/, Хэрэг хэрэгсэхгүй болгосон тухай прокурорын тогтоолын хуулбар /1хх-ийн 72-74, 172-173/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох  баримтуудаар тогтоогдож байна. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан бөгөөд прокурооос шүүгдэгч Ч.Төмөрдуламын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Төмөрдулам нь бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ч.Төмөрдуламд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч Ч.Төмөрдулам нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогч Т.Нэргүйн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал, 6 сартай хүүхэдтэй зэргийг харгалзан түүнд ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Төмөрдуламаас 475.000 төгрөгийг гаргуулж хохирогч Увс аймгийн Хяргас сум, Дэлгэр 4-р баг 9-1 тоотод оршин суух Хасгууд овогт Жаргалсайханы Бодьгэрэлд /РД:ОТ94100832/ олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Төмөрдулам нь шүүх хуралдаан болохоос өмнө нийт 85 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Чимэдцэрэнгийн Төмөрдуламыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төмөрдуламыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төмөрдуламд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төмөрдуламын цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Ч.Төмөрдуламд 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төмөрдуламаас 475.000 төгрөг гаргуулж, хохирогч Увс аймгийн Хяргас сум, Дэлгэр 4-р баг 9-1 тоотод оршин суух Хасгууд овогт Жаргалсайханы Бодьгэрэлд /РД:ОТ94100832/ олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Төмөрдуламд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Төмөрдуламд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР