2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2026/02097

 

 

 

 

 

 

 

 

      2026           02               25                                            192/ШШ2026/02097

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ............... даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Нархан ............ тоот хаягт оршин суух, .............. ............... /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, ............... тоот хаягт оршин суух, ................ ............... /РД:................-д холбогдох,

Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээний дагуу 59,708,613 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “...Иргэн Б................ нь иргэн М................ын “..............” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ............... дугаар “Орон сууцны барилгын дулааны узель угсарч гүйцэтгэх гэрээ”-г байгуулж Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, ............. байрлах Үйлчилгээтэй 221 айлын орон сууцны барилгын дулааны узелийг угсруулж, гүйцэтгүүлсэн. Улмаар дээрх гэрээний ажлын хөлсөнд уг орон сууцны Б блокийн .......... тоот хаягт байрлах 140.92 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлсэн бөгөөд талууд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ...... дугаар Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж орон сууцны зөрүү төлбөр 80,708,613 төгрөгийг хариуцагч нь иргэн Б................эд төлөхөөр харилцан тохиролцож баталгаажуулсан. Дээрх цаг хугацаанаас хойш хариуцагч нь зөрүү төлбөрийг төлөлгүй нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд өр төлбөрийг хурдан хугацаанд төлөхийг удаа дараа шаардсаны үндсэн дээр хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлт гаргаж үлдэгдэл төлбөрийнхөө 21,000,000 төгрөгт тооцуулан Тоёота приус 30 маркийн суудлын автомашиныг шилжүүлж, үлдэгдэл 59,708,613 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар ........... дугаар “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэтэл талуудын харилцан тохиролцсон “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-нд заасан өр төлбөрийг төлж барагдуулах хугацаа өнгөрөөд аль хэдийн 5 сарын болсон байхад төлбөр төлөгч нь өр төлбөрөөсөө нэг ч төгрөгийг төлөөгүй байна. Иймд М................аас “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу 59,708,613 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Б................ийн нэхэмжлэлтэй, М................д холбогдох “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу 59,708,613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. М................ өөрийн эзэмшлийн “..............” ХХК-иар иргэн Б................тэй 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр БУА09/10-01 дугаартай “Орон сууцны барилгын дулааны узель угсарч гүйцэтгэх” гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Хан-Уул дүүрэг, ............. байрлах оффис, үйлчилгээтэй орон сууцны барилгын дулааны узелийг хийж гүйцэтгэсэн. Гэрээний төлбөртөө Хан-Уул дүүрэг, ............. байрлах оффис, үйлчилгээтэй орон сууцны барилгаас орон сууц авахаар харилцан тохиролцсон. Тохиролцооны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр №2 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр Хан-Уул дүүрэг, ............. байрлах оффис, үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блокийн 15 давхрын 147,26 м.кв талбай бүхий 5 өрөө, 85 тоотыг 1 м.кв үнийг 2,400,000 төгрөгөөр тооцож нийт 353,424,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэрээний төлбөрөөс 245,682,887 төгрөгийг узель угсралтын ажлын хөлснөөс хасуулсан. Б................ нь Орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй, мөн тус гэрээний дагуу захиалсан орон сууцандаа орох гэхэд гэрээнд заасан 85 тоот нь 84 тоот болж өөрчлөгдөж, хэмжээ 147,26 м.кв талбай байтал 140,92 м.кв талбайтай болж тус тус өөрчлөгдсөн. Орон сууцны хэмжээ, тоот өөрчлөгдсөн тул орон сууцны төлбөр багасаж 338,208,000 төгрөг болсон. Улмаар 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001146770 дугаартай гэрчилгээг М................ын нэр дээр нэг иргэний өмчлөлд гэрчилгээ гарсан. Б................тэй 2023 оны 09 дүгээр сарын 22-н өдөр №1961 дугаартай “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу үлдэгдэл төлбөр болох 59,708,613 төгрөгийг тухайн өдрөө Б................эд бэлнээр өгсөн. Б................ нь төлбөр тооцоог дууссан тул Хан-уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж өгсөн. Хүсэлтдээ “...Орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр тооцоо дууссан тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг М................ нэр дээр гаргаж өгнө үү” гэж бичсэн юм. Б................ нь төлбөр тооцоог дуусаагүй бол энэхүү хүсэлтийг гаргаж өгөхгүй бөгөөд үлдэгдэл 59,708,613 төгрөгөө бэлнээр авсан атлаа дахин энэхүү мөнгөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Б................ийн нэхэмжлэлтэй “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу 59,708,613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

3.Нотлох баримтын тухайд:

            3.1.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:

            -Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

            -Шүүхэд төлөөлж оролцох итгэмжлэл,

            -Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ,

            -2023.09.22-ны өдрийн хүсэлт,

            -Тооцооны үлдэгдлийн баталгаа,

            -Орон сууц захиалгын гэрээ,

            -Орон сууцны барилгын дулааны узель угсарч гүйцэтгэх гэрээ,

            3.2.Хариуцагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:

            -Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            -Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

            -2023.09.22-ны өдөр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, түүний хавсралт

            -Шүүхэд төлөөлж оролцох итгэмжлэл,

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

            1. Нэхэмжлэгч Б................ нь хариуцагч М................д холбогдуулан тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээний дагуу 59,708,613 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “...хариуцагч нь ажлын хөлсөнд авсан орон сууцны зөрүү төлбөр болох 80,708,613 төгрөгийг төлөх тооцооны үлдэгдэлийн баталгааг үйлдсэн боловч тогтсон хугацаанд төлбөрөө төлөхгүй байсан тул 2023 оны 9 сарын 22-ны өдөр 21,000,000 төгрөгт тооцож Тоёота приус 30 маркийн автомашин авсан, үлдэгдэл 59,708,613 төгрөгийг хариуцагч нь 2023 оны 11 сарын 01-ний өдөр төлөхөөр талууд тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг үйлдсэн. Гэвч хариуцагч нь дээрх гэрээний төлбөрөө төлөөгүй тул шүүхэд хандсан...” гэж тодорхойлжээ.

            2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулж хүлээлгэж өгөөгүй, орон сууцны хэмжээ тоот өөрчлөгдсөн тул орон сууцны төлбөр 338,208,000 төгрөг болж өөрчлөгдсөн, гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдсөн тул нэхэмжлэгч нь гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргасан, хэрэв төлбөр бүрэн төлөгдөөгүй бол нэхэмжлэгч нь энэхүү хүсэлтийг гаргаж өгөхгүй байсан, 59,708,613 төгрөгийг бэлнээр авсан атлаа дахин ингэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гарган маргажээ.

3. Талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. БУА09/10-01 дугаартай “Хан-Уул дүүргийн 3-р хороонд баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын дулааны узель угсарч гүйцэтгэх гэрээ”-г 2019 оны 9 сарын 10-ны өдөр нэг талаас захиалагч Б................, нөгөө талаас гүйцэтгэгч .............. ХХК нар байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр гүйцэтгэгч нь 2019 оны 10 сарын 20-ны өдрөөс эхлэн үйлчилгээтэй орон сууцны барилгын ерөнхий узелийг зургийн дагуу халаалт, хэрэглээний халуун усны ялтсан бойлертойгоор угсарч дуусган 2019 оны 11 сарын 20-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохирсон ажлыг хөлсийг өгөхөөр талууд тус тус тохиролцжээ.

3.2. Улмаар дээрх гэрээний ажлын хөлсний зарим хэсэгт тооцож орон сууц авахаар гүйцэтгэгч .............. ХХК-ийн захирал М................ болон Б................ нар 2019 оны 11 сарын 20-ны өдөр .... дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулжээ.

3.3. Талууд 2019 оны 9 сарын 10-ны өдрийн “Хан-Уул дүүргийн 3-р хороонд баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын дулааны узель угсарч гүйцэтгэх гэрээ”, түүний хүчин төгөлдөр байдал, ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн, авсан эсэх, төлбөр төлөгдсөн эсэхтэй маргаангүй гагцхүү 2019 оны 11 сарын 20-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр төлөхтэй холбоотой маргаж байна.

4. 2019 оны 11 сарын 20-ны өдөр Б................, М................ нарын хооронд байгуулагдсан №2 дугаартай Орон сууц захиалгын гэрээгээр захиалагч М................ нь Хан-Уул дүүрэг 3-р хороо, Оффис үйлчилгээтэй орон сууцны барилгын 15 давхрын 84 тоот хаягт байрлах 140,92 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2,400,000 төгрөгөөр тооцон нийт 338,208,000 төгрөгөөр захиалан бариулахаар талууд тохиролцжээ.

Гэрээний 2.1 дэх заалтаар “...захиалагч нь гэрээний төлбөрөөс 257,499,387 төгрөгийг .............. ХХК-ийн узель угсралтын ажлын бартерт тооцсон бөгөөд үлдэгдэл 80,708,613 төгрөгийн төлбөрийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах хүртэл хувааж төлж барагдуулна...” гэх нөхцөлийг тусгаж тохиролцсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 8-12-р тал/

5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасны дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал, дээрх хуульд заасныг үндэслэж талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээгээр нэхэмжлэгч Б................ нь Хан-Уул дүүрэг 3-р хороо, Оффис үйлчилгээтэй орон сууцны барилгын 15 давхрын 84 тоот хаягт байрлах 140,92 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг тус ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй туслан гүйцэтгэгчээр бариулж хариуцагч М................д хүлээлгэн өгөх, хариуцагч нь захиалсан орон сууцны төлбөрийг тогтсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээжээ. 

6. Талууд орон сууц захиалгын гэрээг байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, мөн тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй.

7. Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт “...хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно...” гэж заасан бөгөөд талууд гэрээгээр орон сууцыг хүлээлгэж өгөх хугацааг нарийвчилж тохиролцоогүй байх бөгөөд гэрээний 5.3-т “...орон сууцыг тогтоосон хугацаанд аливаа доголдолгүй, зохих чанарын шаардлага хангасан материалаар барьж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөх үүрэгтэй...”, 5.4-т “...гүйцэтгэгч нь орон сууцыг акт үйлдэн хүлээлгэн өгнө...” гэж талууд ажлын үр дүнг хүлээлгэж өгөх нөхцөлийг тохиролцжээ.

7.1. Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст нэхэмжлэгч Б................ийн 2023 оны 9 сарын 22-ны өдөр гаргасан “...үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг М................ын нэр дээр гаргаж өгнө үү...” гэх хүсэлт, хариуцагчийн шүүхэд гаргасан “...2023 оны 9 сарын 27-ны өдөр үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001146770 дугаарын гэрчилгээ миний нэр дээр гарсан...” гэх тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 350 дугаар зүйлийн 350.1.1-т тус тус заасны дагуу ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. /хэргийн 82-83-р тал/

8. Нэхэмжлэгчийн зүгээс орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг гаргаж өгөх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагчийн зүгээс төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 80,708,613 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр талууд №22/03 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж, хариуцагч нь орон сууц захиалгын гэрээний дагуу 80,708,613 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулжээ. /хэргийн 7-р тал/

Улмаар тохиролцсон хугацаанд хариуцагч нь төлбөрөө төлөөгүй шалтгаанаа дурдаж, дээрх төлбөр тооцооны 21,000,000 төгрөгт нь тооцож Toyota Prius 30 маркийн автомашиныг шилжүүлэх, үлдэгдэл 59,708,613 төгрөгийг орон сууцны гэрчилгээ гарсны дараа яаралтай төлж барагдуулах хүсэлтэй байх тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримтыг гарган өгч, гэрээг шинэчилж өгнө үү гэх хүсэлтийг 2023 оны 9 сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Б................эд хандаж гаргасныг үндэслэн талууд тус өдөр буюу 2023 оны 9 сарын 22-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулжээ. /хэргийн 5-6-р тал/

9. Дээрх гэрээг талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг үндэслэн, тус гэрээний үлдэгдэл төлбөр 59,708,613 төгрөг байгааг баталгаажуулж байгуулсан байх бөгөөд хариуцагч буюу төлбөр төлөгч М................ нь дээрх төлбөрийг 2023 оны 11 сарын 01-ний өдөр бэлэн болон бэлэн бусаар төлбөр авагчид төлж барагдуулах үүргийг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б................ нь орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр болох 59,708,613 төгрөг гаргуулахыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

10. Хариуцагчийн зүгээс үлдэгдэл төлбөр 59,708,613 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн, гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдсөн тул нэхэмжлэгч нь гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг 2023 оны 9 сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан, хэрэв төлбөр бүрэн төлөгдөөгүй бол нэхэмжлэгч нь энэхүү хүсэлтийг гаргаж өгөхгүй байсан гэх тайлбарыг гаргаж маргадаг боловч хариуцагчийн тус тайлбар, татгалзал нь хэргийн бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй, нэхэжлэгч талын “...улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад бүрдүүлэх материалын жагсаалтад гүйцэтгэгч байгууллага, иргэний хүсэлт авагдсан байх шаардлагад нийцүүлж 2023 оны 9 сарын 22-ны өдөр уг хүсэлтийг бичиж өгсөн, хэрэв төлбөр бүрэн төлөгдсөн бол тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг хариуцагч нь байгуулахгүй байсан...” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй.

Мөн хариуцагч нь 2023 оны 9 сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Б................эд хандаж гаргасан хүсэлтээрээ “...үлдэгдэл төлбөрийг гэрчилгээ гарсны дараа яаралтай төлж барагдуулах тул үл хөдлөх гэрчилгээ гаргахад шаардлагатай баримтыг гаргаж өгнө үү...” гэх агуулгыг дурдаж, тус өдөр тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т “…гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх…” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

11. Иймд дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 9 сарын 22-ны өдрийн Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг үндэслэн хариуцагчаас орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр болох 59,708,613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь дээрх хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 6 төгрөгийг, хариуцагчаас 456,493.07 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М................аас 59,708,613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б................эд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 6 төгрөгийг, хариуцагч М................аас 456,493.07 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б................эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          ...............