| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0546/Э |
| Дугаар | 561 |
| Огноо | 2018-07-24 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оч,
Улсын яллагч А.Нямсүрэн,
Өсвөр насны шүүгдэгч С.Сумъяабазар, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Солонго, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
Өсвөр насны шүүгдэгч О.Тэмүүжин, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Агиймаа, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Сумъяабазар, О.Тэмүүжин нарт холбогдох эрүүгийн 1811 01098 0466 угаартай хэргийг 2018 оны 6 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигон овгийн Солонгын Сумъяабазар 2002 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Донбоско” мэргэжил сургалтын үйлдвэрийн төвд сурдаг, ам бүл-3 эх, дүү хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Донбоско асрамжийн газарт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: УГ02232813,
Монгол Улсын иргэн, Боржигон овгийн Оюунчимэгийн Тэмүүжин, 2002 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 25 дугаар сургуулийн 76 ангийн сурагч, ам бүл-2, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран өврийн 2253 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ТА02241817
Өсвөр насны шүүгдэгч С.Сумъяабазар, О.Тэмүүжин нар нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 4 сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44 дүгээр байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Д.Золбаярын “Айфон-5” загварын гар утас, курткийг хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар дээрэмдэн авсан
Мөн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 38 дугаар байрны орцонд насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхсайханы Хятад улсад үйлдвэрлэгдсэн Ml загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч С.Сумъяабазар мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.Тэмүүжин мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогч Д.Золбаярын мэдүүлэг /хх-16-18/, насанд хүрээгүй шүүгдэгч О.Тэмүүжин, С.Сумъяабазар нараас гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-49-56/, эд зүйлийн үнэлгээ /хх-26-27/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-25,77/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-28,78/, нас тоолсон тэмдэглэл /хх-113-114/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-95,96/, сургуулийн тодорхойлолт /хх-115/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өсвөр насны шүүгдэгч С.Сумъяабазар, О.Тэмүүжин нар нь 2018 оны 4 сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44 дүгээр байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Д.Золбаярын “Айфон-5” загварын гар утас, курткийг айлган авсан
Мөн 2018 оны 4 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 38 дугаар байрны орцонд насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхсайханы Хятад улсад үйлдвэрлэгдсэн Ml загварын гар утсыг “араас дагавал ална шүү” гэж айлган авсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Д.Золбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: /хх-16-19/: “..Би 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө 10 цаг 08 минутанд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 65-10 тоотод байрлах гэрээсээ гараад сургууль явахаар гэрийн зүүн урд талд байрлах 44 дүгээр байрны хажуугаар явж байхад араас 15-16 орчим насны ногоон өнгийн дугуйтай 2 ах ирээд “хөөе чи манай дүүг зодсон хүүхэд мөн үү, наашаа хүрээд ир” гэхээр нь гайхаад нөгөө 2 ахыг дагаад 44 дүгээр байрны 4 дүгээр орц руу оруулаад 2 давхарт гаргаад нэг хүүхдийн нэр дуудаж байгаад хэн гэлээ би сайн санахгүй байна улаан цамцтай нь намайг түлхэж унагаагаад “гар утсаа гаргаад ир” гэхээр нь халаасанд байсан гар утсаа гаргаж өгсөн чинь утасныхаа “нууц кодыг хэлээдэх” гээд би өөрөө кодоо хийж нээж өгсөн. Түүний дараа мөнгө байна уу гэхэд байхгүй гэсэн чинь хар өнгийн курткатай ах нь өөрийнхөө өмсч явсан хар куртикээ тайлж өгөөд миний өмсч явсан 2 талаараа өмсдөг юүдэнтэй хар ногоон өнгийн дотор талаараа өмсөхөөр улаан өнгөтэй курткийг авч өмсөөд гуталны үдээсийг хооронд нь үдчихээд “чи гарч болохгүй шүү, дуудахаар гарч ирээрэй” гээд нөгөө 2 ах орцноос гараад явчихсан. Миний гар утас “Айфон-5” маркийн утас байсан. Манай эгч 2017 оны 8 сарын 08-ны өдөр төрсөн өдрийн бэлэг гэж өгч байсан. 200.000 төгрөгөөр үнэлнэ, куртикийг 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 70.000 төгрөгөөр худалдаж авч байсан шинэ куртик байсан. Би гар утсаа хүлээж авсан, алдсан куртикээ нэхэмжлэхгүй. Тухайн үед биед гэмтэл шарх учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй ..” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ц.Гансүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-23/ “..Өнөө өглөө буюу 4 сарын 10-нд 11 цагийн орчим нэ нь улаан өнгийн хүрэмтэй, саарал өнгийн өмд пүүзтэй, шар царайтай, нөгөө нь хар өнгийн хүрэм, нүдний шилтэй 15-16 орчим насны 2 эрэгтэй хүүхэд ирээд утас авах уу гэхээр нь ямар утас вэ гэхэд “Айфон-5” маркийн хар өнгөтэй утас байсан. Тэр 2 хүүхэд олсон юм гэхээр нь би 20.000 төгрөгөөр авсан юм..” гэсэн мэдүүлгээр,
Насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-68-70/ “..2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр найз Одбаярын хамт Улсын их дэлгүүр очиж ном уншчихаад 10 цаг 10 минутын орчим гараад зүүн талд нь байрлах хүүхдийн тоглоомын талбай дээр тоглож байсан чинь ногоон өнгийн дугуйтай 15-16 орчим насны 2 танихгүй хүүхэд ирээд “манай дүүг зодсон хүүхэд мөн үү” гээд алив наашаа дагаад яв гэж хэлээд хажууханд нь байсан 4 давхар байрны нэг орц руу оруулаад 4 давхарт гаргаад “цаг хэд болж байна” гэхээр нь “би мэдэхгүй байна” гэхэд халаасанд байсан гар утсыг булааж асаагаад кодоо хий гэхээр нь хийж өгсөн чинь ягаан өнгийн цамцтай нэг хүүхэд нь миний гар утсыг аваад доош шатаар уруудаад зугтсан. Нөгөө үлдсэн хүүхэд нь бид 2-ын гутлын үдээсийг хооронд холбочихоод араас дагавал ална шүү гэж хэлээд араас гүйчихсэн. Тэгэхээр нь бид 2 гутлынхаа үдээсийг тайлаад араас нь гараад гүйсэн чинь алга болсон байхаар нь нэг цагдаа эгч явж байхаар нь хэлтэл Цагдаагийн хэлтэс рүү дагуулж ирээд ээж, аавыг дуудаж өргөдөл гаргаж байна. Миний гар утас Ml загварын гар утас байсан. Аав надад бэлгэнд өгч байсан, 200.000 төгрөгөөр үнэлнэ.Гар утсаа буцааж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй..” гэсэн мэдүүлгээр,
Өсвөр насны шүүгдэгч С.Сумъяабазараас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: /хх-89-90/ “..Би одоо он, сарыг нь тодорхой санахгүй байна. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Тэмүүжин гээд хүүхэдтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчим явж байхад нэг хүүхэд тоглоомын талбайд тоглож байсан. Тэгсэн чинь Тэмүүжин тэр хүүхдүүд дээр очъё гээд намайг дагуулж очоод чи манай дүүг зодсон хүүхэд мөн үү гэж асуусан. Тэгсэн чинь нөгөө хүүхэд биш гэж хэлсэн. Нээрээ биш юм бол дүү дээрээ очоод чамайг харуулна гээд нөгөө хүүхдийг дагуулаад хойшоо чилгээд алхаж байгаад нэг байрны орцруу дагуулаад орсон. Тухайн байрны 3-4 давхарт гараад утсаа гаргаад ир цаг хэд болж байна хараад өгье гэсэн чинь нөгөө хүүхэд утсаа гаргаад надад өгсөн. Ингээд би утсыг нь аваад гадагшаа гарсан. Тэгсэн чинь араас Тэмүүжин гээд хүүхэд гарч ирээд бид хоёр Чингэлтэй дүүргийн 1 дүгэрэ хорооны нутаг дэвсгэрт байрлах монтел ороод гар утсыг 10.000 төгрөгөөр зарсан. Ингээд мөнгөөр бид хоёр юм авч идээд дуусгасан байгаа..” гэсэн мэдүүлгээр,
Өсвөр насны шүүгдэгч О.Тэмүүжингээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: /хх-49-52/ “..Би одоо он сарыг нь тодорхой санахгүй байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт найз Сумъяабазарын хамт явж байхад байрнууд дунд 12-13 орчим насны хүүхэд явж байсан чинь Сумъябазар намайг очоод дуудаад ир гэсэн. Тэгээд нөгөө хүүхдийг ирэхээр нь чи манай дүүг зодсон хүүхэд мөн үү гэж асуусан. Тэгсэн чинь нөгөө хүүхэд би зодоогүй гэж хэлэхээр нь тэгвэл чамайг дагуулаад дүү дээрээ очиж харуулна гээд байрны орцруу дагуулаад орсон. Ингээд орцонд оруулаад хэдэн цаг болж байна гээд асуусан чинь нөгөө хүүхэд гар утсаа гаргаад ирсэн чинь Сумъяабазар утсыг нь авaxaap нь би гуталны үдээсийг нь хооронд нь холбож үдээд орцноос гараад зугтаасан. Тэндээс гараад зугтааж байгаад зам Их дэлгүүрийн орчим 12-13 орчим насны эрэгтэй хүүхэд явж байхаар нь бид хоёр очоод манай дүүг зодсон хүүхэд мөн үү гээд асуусан юм. Тэгсэн чинь нөгөө хүүхэд үгүй би танай дүүг зодоогүй гэж хэлсэн. Тэгвэл ямар ч гэсэн эхний ээлжинд чамайг дүүтэйгээ очиж уулзуулна гэж хэлээд орц руу дагуулаад орсон. Ингээд би тэр хүүхдийн куртикийг өмсөөд, Сумъяабазар гар утсыг нь аваал кодоо хэл гэж хэлсэн. Нөгөө хүүхэд утасныхаа кодыг нь хэлэхээр гуталны үдээсийг үдээд тэндээс гараад зугтаасан. Тэндээс бид хоёр шууд Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Монтел төв дээр танихгүй хүнд нэг хүнд гадуур явж байгаад олсон юм гэж хэлээд I Phone 5 маркийн утсыг нь 20.000 төгрөгөөр, Ml маркийн утсыг нь 10.000 төгрөрөөр зарж борлуулсан. Утас зарсан мөнгөөр бид хоёр хоолонд ороод, тоглоом тоглоод дууссан..” гэсэн мэдүүлгээр, эд зүйлийн үнэлгээ /хх-26-27/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-28,78/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Шүүгдэгч С.Сумъяабазар, О.Тэмүүжин нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 16 настай буюу өсвөр насны хүн болох нь төрсөний гэрчилгээний хуулбар, нас тоолсон баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай журмыг баримталж шүүх хуралдааныг явууллаа.
Өсвөр насны шүүгдэгч С.Сумъяабазар, О.Тэмүүжин нарыг дээрх байдлаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авсан” санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч С.Сумъяабазар, О.Тэмүүжин нарт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч С.Сумъяабазар, О.Тэмүүжин нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хохирогчид төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байх бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч С.Сумъяабазар, О.Тэмүүжин нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэгт зааснаар түүний гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэн хараа хяналтандаа байлгахыг хууль ёсны төлөөлөгч нарт даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч С.Сумъяабазар, О.Тэмүүжин нар нь эд зүйлийг буцаан олгох замаар хохиролыг барагдуулсан байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч С.Сумъяабазар, О.Тэмүүжин нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.7, 18.10, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Солонгын Сумъяабазар, Боржигон овгийн Оюунчимэгийн Тэмүүжин нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Сумъяабазар, О.Тэмүүжин нарт ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Сумъяабазар, О.Тэмүүжин нарыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээрх арга хэмжээ авсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч нарыг хараа хяналтандаа байлгахыг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нарт даалгасугай.
5. Өсвөр насны шүүгдэгч С.Сумъяабазар, О.Тэмүүжин нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Өсвөр насны шүүгдэгч С.Сумъяабазар, О.Тэмүүжин нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР