| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2534002100270 |
| Дугаар | 2025/ДШМ/80 |
| Огноо | 2025-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Мөнхзул |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/80
2025 11 20 2025/ДШМ/80
Б.Г-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ж.Мөнхзул,
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Р.Оюунбадам,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/424 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадамын гаргасан гомдлоор шүүгдэгч Б.Год холбогдох эрүүгийн 2534002100270 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын .....-ны өдөр ...... төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл ...., ....... хамт ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Г, регистрийн дугаар: ..................
2.Б.Г нь Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар баг Урд өвөлжөө гэх газарт 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Бтэй тоосго буулгалаа гэх шалтгаанаар маргалдаж, түүн рүү тоосго шидэж биед нь /тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцралт, доод уруулын салстад цус хуралт бүхий/ хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Төв аймгийн прокурорын газраас Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: “...шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос эмчилгээ болон бусад зардал 1,435,952 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 3,293,400 төгрөг нийт 4,729,352 төгрөгийг гаргуулж ........................... тоотод оршин суух хохирогч Ш.Б /............../-д олгож,
Шүүгдэгч Б.Год оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн 2534002100270 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шинжилгээний дүгнэлтэд Ш.Бийн эрүүл мэнд түр хугацаагаар сарнисан, хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон гэсэн. Энэ гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар 14 хоног алддаг. Гэтэл эмчилгээ хийлгэсэн цаг хугацаа болон хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний төлбөрийн баримтууд нь хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн сэтгэцэд учирсан хохирол 1 дүгээр зэрэгтэй гэж гарсан байгаа ч шүүх багасгах боломж байгаа эсэхэд анхаарч өгнө үү...” гэв.
6.Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.
7.Прокурор Ж.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 1 дүгээр зэрэглэлд хамаарч байгаа. Үүний дагуу анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Иймд хохиролтой холбоотой асуудал нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна. Хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь гарсан гэмт хэрэгтэй шалтгаант холбоотой, шийтгэх тогтоол үндэслэл бүхий тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадамын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
1.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох ба шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзнэ.
2.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, Б.Г нь Төв аймгийн Эрдэнэ сум ............. гэх газарт 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Бтэй зуслангийн газарт тоосго буулгалаа гэх шалтгаанаар маргалдаж, түүн рүү тоосго шидэж биед нь /тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцралт, доод уруулын салстад цус хуралт бүхий/ хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэргийн дараах үйл баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Бийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...өнөөдөр Тэрэлжийн урд өвөлжөө гэх газар гэрийнхээ гадаа тоосго буулгаж байхад Б.Г чи наанаа тоосго буулгахгүй гээд миний нүүр, гар, тохой хэсэг рүү тоосго шидлээд байсан. Нийт 6 удаа тоосго шидсэн. Намайг юм хэлэхийн завдалгүй чи наанаа тоосго буулгахгүй шүү гээд шал согтуу орилоод байсан. Ингэж байхдаа намайг Хятад гээд хэл амаар доромжлоод байсан. Налайхын эмнэлэг дээр ирж үзүүлэхэд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөсөн учир би ирж гомдол гаргаж байгаа юм…” гэх мэдүүлэг /хх-7-8/
2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “...2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хороон дээрээ засвар хийхээр тоосго буулгаж байхад Б.Г гэх хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ над дээр ирээд үгийн зөрүүгүй тоосго аваад нүүр хэсэг рүү шидэхээр нь нүүрээ хамгаалаад 2 гараа гэмтээсэн. Тухайн болсон асуудлыг хөлсний портерын жолооч гэрчилнэ. Толгой тархи гэмтсэн... Энэ хүн олон удаагийн хүчирхийлэл үйлдэж байгаа учраас хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би сэтгэл санааны хохирол тогтоолгоно...” гэх мэдүүлэг /хх-26-27/,
Б.Гын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...Цагаан сар гээд хүмүүс золголтоор ирээд явсан болохоор тухайн үед архи согтууруулах ундаа жаахан хэрэглэсэн байсан. Зуслангийн газар дээр машинтай 2 хүн ирчихсэн тоосго буулгаад байхаар нь эхнэр Б-ын хамт яваад очтол Ш.Б тоосго буулгаж байсан. Тэгэхээр нь энэ тоосгоо аваад зайл гээд 2-3 тоосго аваад шидсэн юм. 1 тоосго нь гарын шуу хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг /хх-36-38/
Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Төв0725/187 дугаартай "Ш.Бийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцралт, доод уруулын салстанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-41-42/,
2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст амаар болон харилцаа холбооны хэрэгслээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /хх-6/, яаралтай тусламжийн хуудас/хх-9/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1291 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтуудаар нотлогдсон байна.
3.Б.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирогч Ш.Бийн эрүүл мэндэд хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.
Мөн гэмтлийн хөнгөн зэрэг нь Хууль зүй болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1-т заасан шалгуур шинжээрээ хүндэвтэр, хүнд гэмтлээс ялгагдах онцлогтой байдаг.
4.Иймд прокурор тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Б.Гын үйлдэл холбогдол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.
5.Шүүгдэгч Б.Год холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж зөрчсөн зүйлгүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх зүйлгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангалттай бүрдсэн, үнэлэх боломжтой байна.
6.Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Шүүгдэгч Б.Гын гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогч Ш.Бэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байхаас гадна анхан шатны шүүх “...гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлд зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ш.Бийг “тоосго буулгалаа” гэх шалтгаанаар тоосго шидсэний улмаас түүний Эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т заасан “тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцралт, доод уруулын салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
…Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж...” гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулан, ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцэхүйц хэмжээнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг үндэслэлтэй тодорхойлж, хуульд заасан хэмжээний дотор ял оногдуулсан гэж үзэх үндэслэл болж байна.
7.Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Р.Оюунбадамын “...хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний төлбөрийн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоосон мөнгөн дүнг багасгах...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлоос зарим хэсгийг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэлээ.
7.1.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, харин гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан.
Анхан шатны шүүх хавтаст хэргийн 84-98 дугаар хуудсанд авагдсан баримтыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршгийг 2,305,556 төгрөг гэж тооцсон байгаа ч 147,034 төгрөгөөс бусад зардлын баримт нь хүн бүр өдөр тутамдаа хэрэглэх хоол, хүнс, ахуйн хэрэглээтэй холбоотой зүйлс байхаас гадна хохирогч Ш.Б 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө байнга оршин суух хаягаа .......... тоот гэж мэдүүлсэн байдаг тул ......... хотын хооронд галт тэргээр зорчин явсан зардал, эмчид үзүүлснээс бусад цаг хугацаанд явсан шатахууны зардлыг шаардсан байгаа тул мөнгөн дүнгээс 2,158,022 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7.2. Харин хохирогч Ш.Бийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1291 дугаартай дүгнэлтээр “Ш.Б /............/-ийн сэтгэцэд 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэсэн байна.
Анхан шатны шүүх Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаалд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын нэгдүгээр зэрэглэлийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 4,99 дахин нэмэгдүүлж, нийт 3,293,400 төгрөгийг шүүгдэгч Б.Гоос гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Өөрөөр хэлбэл, нэгдүгээр зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг тооцон гаргахад сонгох хэмжээ заагаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8.Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадамын гаргасан “...хохирлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/424 дугаар шийтгэх тогтоолд магадлалд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/424 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос эмчилгээ болон бусад зардал 1,435,952 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 3,293,400 төгрөг нийт 4,729,352 төгрөгийг гаргуулж ........................ тоотод оршин суух хохирогч Ш.Б /.................. /-д олгосугай” гэснийг
“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос эмчилгээ болон бусад зардал 147,034 /нэг зуун дөчин долоон мянга гучин дөрөв/ төгрөг гаргуулж, сэтгэцэд учирсан хохирол 3,293,400 /гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу/ төгрөг нийт 3,440,434 /гурван сая дөрвөн зуун дөчин мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж .......................................... оршин суух хохирогч Ш.Б /.................../-д олгож, 2,158,022 /хоёр сая нэг зуун тавин найман мянга хорин хоёр/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Р.Оюунбадамын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
З.ТҮВШИНТӨГС