| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/05386/И |
| Дугаар | 192/ШШ2025/10734 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/10734
2025 12 15 192/ШШ2025/10734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, Өөрийн байранд байрлах, * ХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: */-т холбогдох
Үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч * ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1* дугаар захирамжаар "*" ХХК, * нараас 412,920,956.00 төгрөг, мөн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн * дугаар захирамжаар "*" ХХК болон * нараас 446,419,737.00 төгрөгийг тус тус гаргуулж, *инд олгуулахаар шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүгчийн захирамжид дурдсан эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн * тоот хаягт байршилтай, 164.6 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 500,000,000.00 төгрөгт тооцон 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *ны өмчлөлд шилжүүлсэн. Ийнхүү барьцаа хөрөнгийг шилжүүлснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *дугаартай тогтоолууд гарч тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудыг дуусгавар болгосон болно. Гэвч хариуцагч нь дээрх орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч, чөлөөлж өгөхгүй байгаа тул тус орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 01 сарын 25-ны өдрийн *тоот захирамжаар * ХХК, иргэн * нараас 412,920,956 төгрөг, мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 00372 дугаар захирамжаар Эрдэнэцэций хайрхан ХХК болон * нараас 446,419,737 төгрөг нийтдээ 859,000,000 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар захирамж гарсан байдаг. Уг захирамжид дурдсан төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу энэ маргааны зүйл болох улсын бүртгэлийн *тоот бүртгэлтэй, * өрөө орон сууцаар хангуулахаар шүүгчийн захирамжууд гарсан. Уг захирамжуудын дагуу төлбөрөө төлөөгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар тухайн орон сууцыг 500 сая төгрөгт тооцож төлбөртэй тооцож шилжүүлж өгье гэхдээ тодорхой хэмжээний дараа буюу 2023 оны 11 сард төлбөрөө буцааж төлөөд барьцаа хөрөнгөө шилжүүлж авахаар тохиролцож ярьсан байдаг.
Иймд хариуцагчаас өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч чөлөөлж өгөхгүй байгаа учраас дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү.
Хуульд зааснаар зохигчид нотлох үүргийг өөрөө хүлээдэг. Гэтэл хариуцагч талаас өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй. Мөн шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хариуцагч талаас бусад хөрөнгөөр төлбөрийг барагдуулсан гэж яриад байна. Шүүхийн энэ хоёр захирамжийн нийт төлбөр 859,000,000 төгрөг байгаа. Хөрөнгийг 500,000,000 төгрөгөөр тооцож авчхаад үлдэх төлбөрөө яаж тооцож авах юм. Энэ талаараа хариуцагч тал нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Өнөөдрийн байдлаар 100,000,000 төгрөг үлдсэн гэж яриад байна. Ийм зүйл огт байхгүй. Иймд хариуцагч талын гаргасан тайлбар үндэслэлгүй байна гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие * нь тус шүүхэд хянагдаж буй * ХК-ийн гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. * нь нэхэмжлэгч "*" ХК болон "*" ХХК, * нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 сарын 21-ний өдрийн *тоот зээлийн гэрээний үүргийг хангуулахаар * тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн *тоот зээлийн гэрээний үүрэг хангуулахаар* тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус банктай барьцаалуулагчийг төлөөлөн байгуулж өөрийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн *дугаартай, *тоотод байршилтай 164.6 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан ба улмаар тус зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 04-ний * дугаар шийдвэр, 2021 оны 01 сарын 25-ны * дугаар шийдвэр гарсан бөгөөд эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу үлдэгдэл төлбөрт тооцуулахаар өөрийн ийнхүү барьцаалуулсан хөрөнгийг банк 500,000,000 төгрөгт тооцож шилжүүлж авахаар болсон тухай зээлдэгч нар надад мэдэгдэж, гарын үсэг тухайн үед зуруулж авсан.
Гэтэл тус банк дээрх дурдсан шийдвэрээс гадна ЧДИХАШШ-ийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн * шийдвэрийн дагуу төлөх 7,673,680 төгрөгийг бүрэн төлүүлж дуусгасан, шүүхийн 2021 оны 11 сарын 12-ны * шийдвэрийн дагуу төлөх 13,444,289 төгрөгийг бүрэн төлүүлж, мөн шүүхийн 2021.11.10 -ны * дугаар шийдвэрийн дагуу төлөх 7,110,731 төгрөгийн төлбөрийн үүргийг дээрх миний хөрөнгөөс давхар гаргуулан төлбөрийн үүрэгт мэтээр оролцуулан хасаж тооцсон байх бөгөөд эдгээр шийдвэрүүд нь миний мэдэхгүй, надад хамааралгүй шийдвэрүүд ба ийнхүү төлбөрийн үүрэг хангуулж гүйцэтгэхийг банканд зөвшөөрөөгүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч банк нэхэмжлэлдээ миний орон сууцыг зөвхөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 25-ны өдрийн * дугаар шийдвэр болон 2021 оны 02 сарын 04-ний * дугаар шийдвэрийн үүргийн гүйцэтгэлд тооцож авсан мэтээр худал үйл баримт зохиож нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
Иймд, нэхэмжлэгч банк дур мэдэн холбогдох барьцааны гэрээ байгуулаагүй хөрөнгөнөөс гаргуулан тооцож төлбөрийн үүргээ хангуулж миний эд хөрөнгийн бусад хэн нэг этгээдийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг иргэн миний өмчлөгчийн эрхэнд халдаж хууль зөрчих замаар миний хөрөнгийг шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Энэ хэргийг нотлох баримт гаргуулсны үндсэн дээр талууд мэтгэлцэх боломжтой байсан гэж хэлмээр байна. Тухайн 2 шүүхийн шийдвэр дуусгавар болсон гэж байгаа боловч бүрэн дуусаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Нийт 900 гаруй сая төгрөгийг огт төлөөгүй зүйл байхгүй. Хариуцагч талаас хэсэгчлэн 100,000,000 төгрөг төлсөн байдаг. 400 сая төгрөгийг төлсөнд тооцохдоо бусад хамааралгүй этгээдийн төлбөрийн үүргийг тооцсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтуудын тухайд:
Нэхэмжлэгчээс итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингилтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн * дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн * дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *ийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн * ХК-д гаргасан хүсэлт, *ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх сэргээх тухай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай* дугаартай тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай * дугаартай тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж, итгэмжлэл зэрэг бичгийн баримтуудыг гаргасан байна.
Хариуцагчаас итгэмжлэл, * ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны гэрээ, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, хариу тайлбар зэрэг бичгийн баримтуудыг гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч * ХК нь хариуцагч *д холбогдуулан үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлээр шаардаж буй Нийслэлийн * тоот хаягт байршилтай, 164.6 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2023 оны 07 сарын 31-ний өдөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан, Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгч тул бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
4.Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 25-ны өдрийн * дугаартай Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар * ХХК, * нараас 412,920,956.00 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч * ХХК, * нар нь 2021 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 200,000,000 төгрөг, 2021 оны 10 сарын 31-ний өдрийн дотор 212,920,956 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв хариуцагч нар нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талууд эвлэрсэн үндэслэлээр зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 6-7/
Мөн тус шүүхийн 2021 оны 02 сарын 04-ний өдрийн * дугаартай Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар * ХХК, * нараас 446,419,737 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч * ХХК, * нар нь 2021 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 200,000,000 төгрөг, 2021 оны 10 сарын 31-ний өдрийн дотор 246,419,737 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв төлбөрөө дээрх хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хариуцагч *ийн Улаанбаатар хот, * тоот хаягт байршилтай, 164.6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэгдсэн, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талууд эвлэрсэн үндэслэлээр зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 8-10/
5.Дээрх шүүхийн хүчин төгөлдөр *, * дугаартай шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, уг ажиллагааны явцад төлбөр төлөгч * нь төлбөр авагч * ХК-д 2023 оны 07 сарын 03-ны өдөр барьцаа хөрөнгө болох өөрийн өмчлөлийн орон сууцаар шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс 500,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн өгөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасныг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 08 сарын 18-ны өдрийн*, *6 дугаартай тогтоолуудаар тус тус *, * дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж байгаа ажиллагааг дуусгавар болгосон болох нь хэрэгт авагдсан төлбөр төлөгч *ийн хүсэлт, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбаруудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 13-17/
Уг ажиллагааг хууль зөрчсөн, хүчингүй болгосон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
6.Нэхэмжлэгч нь маргаан бүхий * тоот хаягт байршилтай, 164.6 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2023 оны 07 сарын 31-ний өдөр бүртгүүлэн * дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль болон гэрээнд зааснаар үүсдэг тул хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч * ХК-д өмчлөх эрх шилжсэн гэж дүгнэх үндэстэй байна.
7.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэл үнэн зөвд тооцогдох ба маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэнээр өмнөх өмчлөгч, эзэмшигчийн эрх дуусгавар болсон буюу хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгөө хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс зохих төлөлтийг хийсэн байхад хөрөнгийг ямар төлбөрт тооцон шилжүүлэн авсан нь тодорхойгүй, зөвхөн 00217, 00372 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрт тооцоогүй, өөр бусад этгээдэд холбогдох шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрт өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр төлбөрт тооцон хассан... гэж тайлбарлан маргадаг.
Нэхэмжлэгч талаас ...барьцаа хөрөнгийг төлөх төлбөрийн 500 сая төгрөгт тооцон шилжүүлэн өгөх хүсэлтийг * өөрөө гаргасан, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлсэн ч тодорхой хугацааны дараа төлбөрөө төлж эргүүлэн авах нөхцөлийг тохиролцсон боловч төлбөрөө төлөөгүй, * дугаартай шүүхийн шийдвэрүүдийн дагуу төлөгдөх нийт төлбөрөөс 500,000,000 төгрөгт тооцон барьцаа хөрөнгийг шилжүүлэн өгсөн, энэ хөрөнгө нь дээрх 2 шийдвэрийн дагуу төлөх * гаруй сая төгрөгийн төлбөрийн нийт дүнд хүрэхгүй байгаа..., ...бусад шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй... гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
9.Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч буюу төлбөр төлөгчөөс төлбөрөөс төлөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарладаг бөгөөд хариуцагчаас энэ талаарх холбогдох баримт буюу төлбөрийг төлсөн баримт, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад төлбөр төлөлттэй холбоотой тоо тооцоолол, холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол хүсэлт гарган шийдвэрлүүлсэн талаарх холбогдох баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
11.Хариуцагч *ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 06 сарын 20-ны өдөр ирж гардан авсан боловч нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа болон эс зөвшөөрч байгаа талаарх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хариуцагчид хариу тайлбар гаргаж өгөх 14 хоногийн хугацаа олгосон боловч хариуцагч нь хариу тайлбарыг ирүүлээгүй, хуульд заасан эдгээр эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Улмаар шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарч шүүх хуралдааныг товлосон бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчтэй оролцох эрхийн ханган шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүхээс олгосон боломжит хугацаанд өмгөөлөгч аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт санал ирүүлээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн шүүх хуралдааны шатанд бичгээр гарган ирүүлсэн хариу тайлбартай танилцаад тусгайлан санал хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
12.Дээр дурдсан үндэслэлээр Улаанбаатар хот, * тоот хаягт байршилтай, 164.6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэгдсэн, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *ийн эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *эс 2,657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар * ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо стадион оргил, Зайсан гудамж 57 байрны 3 тоотод байрлах 164,6 м.кв талбайтай *бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг хариуцагч *ийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *эс 2,657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН