Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/78

 

   

 

 

 

2025          11            20                                                       2025/ДШМ/78                                            

 

Ч.Б, А.Э нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, Б.Чинбат /цахимаар/

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн .......дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, Б.Чинбат, шүүгдэгч Ч.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ч.Б, А.Энарт холбогдох эрүүгийн 2334000000413 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. А.Э, 19......... оны 4 дүгээр сарын 18-ны өдөр .... аймгийн ........ суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ......... хот ........ дүүрэг ............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч .............. тоотод түр оршин  суух  хаягтай, урьд нь

........... аймгийн шүүхийн ......... оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №... дугаартай таслан шийдвэрлэх цагаатгах, шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих  ялаар,

............. аймгийн сум дундын 1-р шүүхийн ....... оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар: .................,

 

2. А.Э, ........ оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, ........ настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ганцаараа, ................ сумын 3 дугаар баг Богдын гол гэх газар оршин суух бүртгэлтэй боловч ...................... гэх газар түр оршин  суух  хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар: ..........

 

3. Шүүгдэгч А.Э нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан .............. аймгийн Лүн сумын нутаг дэвсгэр Хөшгийн өвөр гэх газраас 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Л.О-ийн 1 тооны үхрийг Хьюндай портер маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж буюу машин механизм ашиглан хулгайлж 1,666,000 төгрөгийн хохирол,

үргэлжилсэн үйлдлээр ............... сумын нутаг Бараат 1 дүгээр багийн нутаг Урт салаат гэх газраас 2023 оны 9 дүгээр сарын сарын 24-өөс 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд иргэн Д.А-ийн 4 тооны үхрийг Хьюдай портер маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин, механизм ашиглан хулгайлж, 4,100,000 төгрөгийн хохирол,

шүүгдэгч Ч.Бтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан ............. сумын нутаг дэвсгэр Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэр гэх “Тэрэгтийн гол” газраас 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд иргэн ......., ....... нарын 2 тооны үхрийг хулгайлж, нийт 5,674,700 төгрөгийн хохирол,

............... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр гэх “............” газраас 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд иргэн ....... 3 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж, 4,600,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч Ч.Б нь А.Этэй бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан ............. сумын нутаг дэвсгэр Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэр гэх “.........” газраас 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд иргэн ......., ....... нарын 2 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж, нийт 5,674,700 төгрөгийн хохирол,

.............. багийн нутаг дэвсгэр “Бор хөндий” гэх газраас 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд иргэн ....... 3 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж, 4,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

4. Төв аймгийн прокурорын газраас Ч.Б, А.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

5. Анхан шатны шүүх: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Э, А.Э нарыг ганцаараа болон бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бд 2 /хоёр/ жил, шүүгдэгч А.Эд 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эгийн цагдан хоригдсон 36 хоног, шүүгдэгч Ч.Бгийн цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Эгээс 4,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч ......., 2.300.000 төгрөгийг хохирогч ....... тус тус олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, Ч.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ....... улсын дугаартай цагаан өнгийн Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2,593,350 төгрөгийг, ....... улсын дугаартай хөх өнгийн Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4,368,300 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож,

Эрүүгийн 2334000000413 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэрэгт хадгалж,

битүүмжлэгдсэн цагаан өнгийн Х.Porter маркийн ......., хөх өнгийн Х.Porter маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь буцаан олгохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэж А.Эгийн үйлдсэн зарим гэмт хэргийн гэм бурууг эргэлзээгүй тогтоож чадаагүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хохирогч Л.О-ийн 1 тооны үхэрийг, өөрийн өмчлөлийн 2 тооны үхэрийг бойнд аваачиж нядлуулсан талаараа мэдүүлдэг. Гэтэл шүүхээс ....... 3 тооны үхрийг хулгайлсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрдөггүй. Шүүгдэгч А.Э нь өөрийн нэр дээр тодорхой тооны үхэртэй болох, өөрийн үхрийг худалдан борлуулдаг байсан талаар гэрчүүд мэдүүлдэг. Гэтэл шүүхээс энэхүү нөхцөл байдлыг нарийн шалгалгүй, эргэлзээтэй ....... 3 тооны үхрийг хулгайлсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн А.Эг Ч.Бтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр ......., ....... нарын 2 тооны үхрийг, Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр гэх "Бор хөндий" газраас 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд иргэн ....... 3 тооны үхрийг тус тус машин, механизм ашиглан хулгайлсан гэж шүүхээс үзэхдээ шүүгдэгчийн гэм буруутай эсэх дээр хангалттай дүгнэлт өгч чадаагүй байна. Шүүгдэгч Ч.Б өгсөн мэдүүлэгээрээ хулгайлсан үхэрнүүдээ ганцаараа хулгайлсан, харин өөрийн танил ах А.Эгээс гуйж хулгайлсан үхэрнүүддээ гарал үүслийн бичиг гаргуулж хамт бойн дээр аваачиж зарсан талаараа мэдүүлдэг. Гэхдээ тухайн үхэрнүүдийг хулгайлсан талаараа хэлээгүй гэдэг. Харин А.Э нь Ч.Бг нутгийн дүү гэдгээр нь таньдаг, энэ нутагт харьяалалгүй учир гарал үүслийн бичиг гаргуулж чадахгүй байна. Тиймээс та өөр дээр гаргуулаад хамт заралцаад өгөөч гэж гуйсны дагуу тусласан гэж мэдүүлдэг. Гэрч ......., ....... нарын өгсөн мэдүүлэгээс харахад А.Э нь тодорхой тооны үхэртэй, мөн тухайн үхэрнээсээ зарж борлуулдаг байсан талаар гэрчилдэг. Энэ бүхнээс харахад шүүгдэгч А.Эгийн мал хулгайлах гэмт хэргийн субъектив санаа зорилго байсан эсэх нөхцөл байдал эргэлзээтэй байна. Үнэхээр Ч.Бтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн эсэх, эсвэл Ч.Бг мал хулгайлсан байсан эсэхийг мэдэж байсан эсэх, мэдэлгүйгээр түүнд туслах зорилгоор гарал үүслийн бичиг гаргаж өгч хамт ......." ХХК-ийн бойн дээр очсон уу гэдэг асуултанд анхан шатны шүүхээс бүрэн дүгнэлт хийж чадаагүй.

Шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээс харахад А.Эгийн Ч.Бтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэгт эргэлзээ төрдөг. Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийн субъектив санаа нууцаар, хууль бусаар авах субъектив санаа зорилгыг агуулсан байхыг шаарддаг. Гэтэл А.Эгийн хувьд энэхүү субъектив санаа зорилго байсан эсэх нь тогтоогддоггүй, эргэлзээтэй байдаг. Энэ асуудлаар шүүхээс тодорхой дүгнэлт хийлгүйгээр гэм буруутай гэж шийдвэрлэснийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудаас харахад анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-т заасан хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн .......дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж А.Эд холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шийтгэх тогтоолын 2 дахь тал Шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч ....... өгсөн: Камерын бичлэгээс харахад 2 улаан мухар үнээ, 2 мухар сартай хүрэн бяруу гэж танигдаж байсан...гэж өнгөрсөн цагаар ярьдаг. Тухайн үед 2 жилийн өмнө цагдаа дээр камерын бичлэгийг үзэж байхад миний үхэр мөн байсан. Одоо харин биш байна гэж хэлдэг. Камерын бичлэгт авагдсан үхрүүдийг хохирогч таньдаггүй. Энэ үйл явц яриа хурлын бичлэгт авагдсан байгаа.

Тус тогтоолын 3 дахь тал Шүүхийн хэлэлцүүлэгт: Гэрч .......ын өгсөн: 9 сарын 27-ны өдөр авчирсан үхрүүдийн зүсийг сайн санахгүй байна. А.Э 4 үхэр тууж ирээд 1 үхрийг нь манайд өгөөд 3 үхрийг нь хүнд өгнө гээд буцаагаад авч явсан. /Тухайн өдөр гэрч хажууд нь байсан юм шиг ярьдаг. Гэвч дараагийн мэдүүлэгтээ өөрөө байгаагүй гэж мэдүүлдэг. Гэрчийн эх сурвалж тодорхойгүй байдаг./

Гэрч ....... өгсөн: Эрээндүү байсан боловч хохирогчийн хэлсэн шиг бар шиг байгаагүй. Мөрдөгч надаас А.Э, Ч.Бг таних уу гэж нэр цохож асуугаагүй бөгөөд нийтэд нь таних уу гэхэд нь би танина гэж хариулж байсан. Тухайн үед манай ажилчид А.Э, Ч.Б нарыг 3 тооны үхэр авчирч тушаасан талаар хэлсэн. Би тухайн үед хажууд нь байгаагүй. /Энэ үед гэрч өөрөө байгаагүй ажилчидаасаа сонссон байдаг. Тэр хэлсэн гэх ажилтныг гэрчээр асуугаагүй хэрэгт авагдаагүй. Гэрчийн эх сурвалж тодорхой бус байдаг. Зүсээр бол эрээн эсвэл судалтай гэх энэ хоёр зүс хоорондоо тэс ондоо зүс юм. Зүс дээр зөрүү гарч байгааг арилгаагүй/

Тус тогтоолын 3 дахь тал Үйл баримтын талаар: Үргэлжилсэн үйлдэлээр 2023 оны 9 дүгээр сарын 24-нөөс 27-ны хооронд Д.Ариуцэцэгийн 4 тооны үхрийг хулгайлсан. Шүүгдэгч Ч.Бтай бүлэглэж 2023 оны 9 дүгээр сарын 24-өөс 25-ны хооронд .......ын 2 тооны үхрийг хулгайлсан. /Бүлэглэж, үргэлжилсэн үйлдэлээр хулгайлсан талаар үйлдэл тогтоогддоггүй, нотлох баримт, гэрч байдаггүй/

Тус тогтоолын 4 дэх тал Мөрдөн шалгах ажиллагаанд: Гэрч .......:...2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 4 тооны үхэр байхгүй байсан. Тухайн алдсан гэх үхрүүд нь 4 настай, мухар, цагаан буурал сувай үнээ, 3 настай, мухар, улаан буурал сувай гунжин үнээ, мухар улаан сарман эр бяруу, эвэртэй цагаан нүүртэй улаан бяруу. Бүгд бүх чих урдаасаа ганзага, буруу чих ард талаасаа эрхэм имтэй. /Гэрч ....... гэрчийн мэдүүлэгт зүс мэдэж ярьдаг, дараагийн мэдүүлгээр малыг хараагүй гэдгээ мэдүүлдэг, гэрчээс дээрхи им болон зүс ямар байдгыг асуухад малын зүс мэддэггүй. Дээрх гэрчүүдийг цагдаагаас хөтөлж байцаасан процессын алдаа харагддаг/

Тус тоггоолын 5 дахь тал Мөрдөн шалгах ажиллагаанд: Гэрч .......ын: 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр. Би тухайн үед утсаар ярихад нь ажил дээрээ байгаагүй ээ. Би тус 4 үхрийн онцлог шинж тэмдэг болон ямар өнгө зүс содон шинж тэмдэгтэй байсныг би харж амжаагүй ээ. /Тухайн үхрийн зүсийг гэрч огт хараагүй байдаг. Гэтэл доорх авагдсан гэрчийн байцаалтаар зүс хэлж байцаалт өгдөг./

Тус тогтоолын 6 дахь тал Мөрдөн шалгах ажиллагаанд: Гэрч .......гийн: ... Тухайн тээвэрлэж байгаа малын зургийг зүс им тамгатай нь тулгаж зургийг нь аваад цахимаар байршуулаад бичгээ дүүргийн мал эмнэлэгийн тасаг руу илгээдэг юм. /Шүүгдэгч А.Эгийн гарал үүслийн бичиг авч байгаа малын зураг, зүс, им, тамганы зургийг нь цахимд байршуулсан гэж байцаалт өгсөн байна. Гэтэл энэ талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Хохирогчдын үхрийн им, тамга, зүс мөн эсэх таарч байгаа нь нотлогддоггүй/

Тус тогтоолийн 8 дахь тал Мөрдөн шалгах ажиллагаанд: Хохирогч .......:.. 2023 оны 8 дугаар сарын 21-ний орой 3 тооны үхэр байхгүй байсан. Содон шинж гэвэл судалтай хүрэн зүсмийн эр үхрийн зөв талын чихэн хулгар өмнөөсөө ухам имтэй, нэг эр үхэр судалтай хүрэн зөв чихэн хулгар буруу чихэн араасаа ухам имтэй, ягаан зүсмийн нэг үнээ буруу чихэн ухамтай хулгар урд талаасаа ухам имтэй 3 тооны үхэр. /2хх-ийн 49-50/./Үхэр хулгайлагдсан үйлдэл тогтоогддогүй. Хэлээд байгаа зүс нотлогддоггүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч байдаггүй юм./

Тус тоггоолын 8 дахь тал Мөрдөн шалгах ажиллагаанд: Гэрч .......ын:... Батнасан гэдэг хүнийг танихгүй. Тэгээд жинлэж үзээд 4.200.000 төгрөгийг А.Эгийн дансруу хийсэн. Тус 3 үхрийн содон шинж тэмдэг гэвэл судалтай хүрэн зүсмийн эр үхэр, мөн судалтай хүрэн эр үхэр, ягаан зүсийн 1 үнээ гэх 3 үхэр байсан. /2хх-ийн 52-54/ /Гэрчээс 4.200.000 төгрөг шилжүүлээгүй болох нь тогтоогддог. Дээрхи хохирогч ....... хэлсэн малын зүсийг яг тааруулаад зүсэлж бичсэн байгаа юм. Гэтэл гэрч ....... дээрхи өгсөн мэдүүлэгтээ тухайн үхрүүдийг хараагүй гэдгээ мэдүүлсэн байдаг. Энэ байцаалт нь цагдаагаас зүсийг тулгаж тааруулж, хөтөлж байцаасан процессын алдаа харагдана/

Тус тогтоолын 8-9 дэх тал Мөрдөн шалгах ажиллагаанд: Гэрч .......:... Харин Батнасанг харж байгаагүй. 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр .......гэх 2 хүн ирсэн гэж манай дүү ....... надад хэлсэн. Тус 3 үхэр нь судалтай хүрэн зүсмийн эр үхэр, бас судалтай хүрэн эр үхэр, ягаан зүсмийн 1 үнээ гэх 3 үхэр байсан. /2хх-ийн 61-2/ /Гэрч .......ын дээр хэлсэн зүсийг яг дэс дараалалаар хуулаад бичиж байцаалт авсан байгаа юм. Гэтэл ....... дараа нь дахин өгсөн мэдүүлэгтээ тухайн үхрүүдийг хараагүй гэдгээ мэдүүлсэн байдаг. Мөн энэ байцаалт нь цагдаагаас зүсийг тулгаж тааруулж, хөтөлж байцаасан процөссын алдаа харагдана/

Тус тогтоолын 9 дэх тал Мөрдөн шалгах ажиллагаанд: Гэрч .......ын:.. Батнасан гэх хүнийг би танихгүй. /2хх-ийн 173 дугаар тал/. /Гэрч ....... дээрх мэдүүлэгтээ .......2-ыг хамт ирсэнийг манай дүү ....... надад хэлсэн гэж мэдүүлдэг. Гэтэл ....... нь Батнасанг танихгүй гэж мэдүүлдэг. Бас ажилчидаасаа сонссон гэдэг. Мэдүүлгийн зөрүү логикийн алдааг арилгаагүй./... гэх мэт хэрэг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээтэй, тодруулж мухарлан шалгах шаардлагатай байна гэдгийг өмгөөлөгчийн зүгээс удаа дараа мэдэгдэж, шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлсээр ирсэн. Иймээс тус бойны газар шүүгдэгчийг ирсэн, үхрүүд авчирсаныг харсан мөн бойлуулахаар авчирсан малын тоо ширхэг, им, зүсийг харсан үзсэн бодит гэрчүүдийг тус хэрэгт гэрчээр байцаалт авхуулах.

Гэрч .......гийн мэдүүлсэн "Бойлуулахаар бичиг авсан малын зургийг, зүс, им, тамгатай нь тулгаж зургийг нь аваад цахимаар байршуулаад бичгээ дүүргийн мал эмнэлгийн тасаг руу илгээсэн гэх" нотлох баримтуудыг хэрэгт авахуулах. Хохирогчдын мал мөн эсэхийг тодруулах.

Цагдаагийн мөрдөгчөөс гэрч ......., ....... нараас авсан байцаалт нь хохиропчдын малын зүстэй тааруулж, тулгаж, хөтөлж байцаасан процессын алдааг арилгах шаардлагатай гэж харж байна.

Хохирогч ......., ....... зүслээд буй үхрүүдийг байсан гэж ямар ч гэрч хэлдэггүй, малын зүс зөрдөг. Хохирогч Д.Аланцэцэгийн нотлох баримтаар авагдсан камерын бичлэгт бичигдсэн үхэрнүүдийг хохирогч өөрөө таньдаггүй, гэмт хэрэг нотлогдохгүй байхад шүүгдэгчийг хэрэг үйлдсэн гэж үзэж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд тус хэрэгт дээрх дутуу буюу эргэлзээтэй тодруулах шаардлагатай ажиллагаануудыг хийлгэж, гүйцэд мухарлан шалгуулахаар Мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэгт прокурор Б.Түмэндэмбэрэл нь намайг 20 гаруй жилийн өмнөх алдааг үндэслэн үнэлэлт дүгнэлт хийж ялласанд гомдолтой байна. Хэргийн талаар би 2024 оны 9 дүгээр сард хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа бөгөөд хийсэн хэрэгтэй таарсан ял шийтгэл авахад маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. 2023 онд бүлэглэж үйлдсэн гэх 3 үйлдлийг надад тулгаж яллаж байгаад гомдолтой байна. Учир нь гэвэл 2023 онд би нэлээн хэдэн удаагийн давтамжтай өөрийн эзэмшлийн 20 гаруй монгол үхрийг зохих журмын дагуу А данснаасаа хасуулж гарал үүслийн бичгийг нь авч борлуулсан. 2022 оны 8 дугаар сард Завхан аймгийн Алдархаан сумын иргэн Ч.Б гэх залууг адуу, үхрээ ачаад Богд ууланд оторлохоор ирснийг нь мэдэж байсан учир 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ч.Б нь би өөрийн эзэмшлийн 2 тооны үхэр борлуулах гэсэн юм, надад эндхийн харьяалалгүй болохоор бичиг баримт гаргаж өгөхгүй, та өөрийн “А” данснаасаа бичиг гаргуулж өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрч өөрийн нэрээр бичиг гаргуулж, 2 тооны үхрийг нь хулгайн үхэр гэж мэдэлгүй борлуулж өгсөн нь үнэн болно.  Үүний улмаас намайг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж, дээр нь 2 үйлдэл нэмж тулган яллахдаа хэний мал гэдгийг нь бүрэн дүүрэн тогтоолгүйгээр он сарыг нь тохируулж ялласан. Би 2 удаагийн үйлдлээр өөрийн 6 тооны үхэр зарсныг 7 тооны үхэр болгож нэгийг нэмж яллаад байгаад гомдолтой байна.

Ээж н.Цэрэнхүү нь 90 настай хэвтэрт миний асрамжид байдаг. Эхнэр н.Оюунцэцэг нь нурууны хүнд хагалгаанд орсны улмаас ажил хийх чадваргүй байнгын эмнэлгийн асрамжид байдаг. Мөн сургуулийн насны 3 хүүхдийн хоёр нь бага насны хүүхэд учир би сургуульд нь байнга зөөдөг байсан. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад холбогдох хэргийг дахин нотолж үзээд хэргийн бодит үнэн байдлыг тогтоон, гэм буруутай үлдэлд тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэв.

 

9.  Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие иргэн н.Алтанбаганы 3 тооны үхрийг огт хулгайлаагүй байхад мөрдөгч, прокуророос мал хулгайлсан гэж үзэн шүүхэд хэргийг шилжүүлж, ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Би дээрх малыг хулгайлаагүй байхад өмгөөлөгчийн зүгээс надад хэлэлгүйгээр ахаас 2,300,000 төгрөг хохирол тооцуулсанд гомдолтой байна. Хийгээгүй хэргийн төлөө хохирол тооцуулж эрх зүйн байдлыг маань дордуулж байна. А.Этэй хамт Баян-Өнжүүл сумын Баянбараат гэх газраас 2 тооны үхэр хулгай хийгээгүй. Тал бүрээс нь нягталж үзэлгүйгээр шийдвэр гарган ялласанд гомдолтой байна.

Миний бие ......... гэх 75 настай ээжийн хамт амьдардаг. Миний ээж А3 хаймар гэх зүрхний өвчний оноштой, өндөр даралттай, эмчийн хяналтанд байнга эм уудаг. Би амьдрахын тулд мал маллахын хажуугаар бүхэл ажлыг голохгүй хийж өнгө олж эм авч эмчлүүжл ирсэн. Энд хоригдож байх хугацаанд адуу, үхрийг маань харах хүн байхгүй тул эрх зүйн байдлыг маань дээрдүүлж, үнэн зөвийг олж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Түмэндэмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч ....... хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хяналтын камерын бичлэгийг шинжлэн судалсан. Гэхдээ одоогийн байдлаар дэлгэц цайрсан, мөн би нүдний шилгүй байгаа тул таних боломжгүй байна гэсэн. Дэлгэц дээрх биеийн хэлбэр, зүс нь танигдахгүй байгаа ч миний үхэр биш гэсэн мэдүүлэг өгөөгүй тул шууд үгүйсгэх боломжгүй. Анхан шатны шүүх хуралдаанд өгсөн хохирогчийн мэдүүлгийг гуйвуулан тайлбарлаж байна. ....... үхрийн хувьд өөр, өөр нутаг, сумын малчдын хэрэглэдэг нэршил ялгаатай байдаг тул зөвхөн энэ үүднээс тайлбарлах боломжгүй. Дашдондог, Анхбаяр гэх хоёр гэрч тухайн үед байгаагүй мөртөө мэдүүлэг өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайлбал Дашдондог анхан шатны шүүхэд ирж хяналтын камерын бичлэгийг үзсэн бөгөөд энэ нь бичлэг байсан гэдгийг баталсан. Ч.Б нь А.Этэй бүлэглэсэн гэх асуудлын хувьд гэрч Анхбаяраас болон бойны хүнээс авсан мэдүүлэг, мөн дансны шилжүүлгийн баримтаар Ч.Бгийн ашигласан данс руу мөнгө шилжиж, зарсан орлогыг хувааж авсан үйлдэл нь нотлогддог. Хулгайлах гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд шууд заасан нотлох баримт байдаггүйгээрээ онцлог. Хохирогч малаа 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд алдсан гэж мэдүүлсэн. Малчин хүн малаа нэг эргэж тойрчхоод бөөнөөрөө байж байвал тэгээд орхичихдог. Цаг хугацааг яг тогтоож мэдэх боломжгүй. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр гэм бурууг тогтоосон. Ч.Б, А.Этэй хамт явсан гэх мэдүүлэг нь мөн дансны шилжүүлгийн баримттай нийцэж, яллагдагчаар татах үндэслэл болсон...” гэв.

11. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний үйлчлүүлэгч Ч.Бгийн хувьд хоёр үйлдэлтэй гэж үзэж байна. Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бор хөндий газраас 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд ....... 3 тооны үхрийг машин механизм ашиглаж авч, 4,600,000 төгрөг төлсөн үйлдлийг манай үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрдөггүй. Үнэхээр тухайн өдөр үйлдсэн бол үйлдлийн талаас нь хөнгөрүүлэх байр суурьтай оролцох саналтай байсан боловч, үйлчлүүлэгч маань давж заалдах гомдол гаргасан тул давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Учир нь Буян-Өлзий, ....... нарын 2 тооны үхрийг хулгайлсан үйлдлийг анхан шатны шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. 3 тооны үхрийн асуудлын хувьд тухайн үед гэртээ байсан эсэхийг тодруулаагүй. Анхбаяр, Дашдондог нарын мэдүүлгээр яваад байгаа боловч малын зүс, эн тамга зэрэг нь өөр байдаг. Таньж олуулах ажиллагаа ерөөсөө хийгдээгүй. Хохирогч .......өөрөө хэзээ, яаж алдсан талаараа тодорхой мэдүүлдэггүй, эх сурвалжаа зааж чаддаггүй. Хэргийн объектив болон субъектив шинж нь 3 тооны үхэр хулгайлсан гэх үйлдлийг үгүйсгэдэг. Гэрч Анхбаяр би Ч.Бг танихгүй, Ч.Бгийн дансаар ямар ч үхрийн мөнгө орж ирээгүй, А.Эгийн дансаар орж ирсэн гэдэг. Ч.Б нь А.Этэй бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй. ....... 3 тооны үхрийг бүлэглэн хулгайлсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийг тал бүрээс нь шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоох ёстой. Иймд 3 тооны үхэр хулгайлсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, Б.Чинбат, шүүгдэгч Ч.Б нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2.  Шүүгдэгч А.Э нь ганцаараа бусдын олон тооны малыг машин механизм ашиглан Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Бараат 1 дүгээр багийн нутаг Урт салаат гэх газраас 2023 оны 9 дүгээр сарын 24-өөс 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд иргэн .......ийн 4 тооны үхрийг хулгайлж, 4,100,000 төгрөгийн хохирол,

үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэр Хөшгийн өвөр гэх газраас 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Л.О-ийн 1 тооны үхрийг хулгайлж 1,666,000 төгрөгийн хохирол,

шүүгдэгч Ч.Бтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан Төв аймгийн Баян-Өнжүүл сум Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тэрэгтийн гол” гэх газраас 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд иргэн ......., ....... нарын 2 тооны үхрийг хулгайлж нийт 5,674,700 төгрөгийн хохирол,

Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор хөндий” гэх газраас 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд иргэн ....... 3 тооны үхрийг хулгайлж, 4.600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

шүүгдэгч Ч.Б нь А.Этэй бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан Төв аймгийн Баян-Өнжүүл сум Бараат 1 дүгээр баг “Тэрэгтийн гол” гэх газраас 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд иргэн ......., ....... нарын 2 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж, нийт 5,674,700 төгрөгийн хохирол,

Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Бор хөндий” гэх газраас 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд иргэн ....... 3 тооны үхрийг хулгайлж, 4,600,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд өгсөн хохирогч Л.О-ийн: “...2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Лүн сум Хөшгийн өвөр гэх газарт үхэр бэлчээртэй гарсан байхад миний сэтрэлсэн улаан сарман гунжин эм үхэр бэлчээрээсээ ирэхгүй, байхгүй байна гэж аав залгаж хэлсэн...2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн сумын фейсбүүк группэд үнээний зураг нийтлэгдсэн хохирогч хайж байна гэсэн зар орсон байхаар нь хартал миний алдсан үнээтэй төстэй байсан учир тухайн зар тавьсан хүнтэй холбогдоход миний алдсан үхэр мөн байсан бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Б.Номин-Эрдэнээс өөрийн алдсан 1 тоон үхрээ бүрэн бүтэн хүлээж авсан...Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хот орж үхрээ очиж авсан. Уг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн түлш 200,000 төгрөгийг нэхэмжилж байна...” /2хх-н 219-222/ гэх,

 хохирогч .......ийн: “...2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай Б.Батдорж орой 16 цагийн үед булгаас үхрээ усалж бүртгээд гаргасан. Тухайн үед үхэр бүрэн байсан. Тэрнээс хойш 3 хоног үхрээ харж бүртгэхгүй байж байгаад 27-ны өдөр бүртгэж үзэхэд 4 тооны үхэр байхгүй байсан, ойр орчмоор байгаа байх гэж бодоод хайсан ...” /1хх-н 30-31/ гэх,

хохирогч .......ын: “...2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр манай найз Насанбуян гар утсаар залгаад чиний буган халиун сартай саарал зүсмийн нас гүйцсэн эр /шар/ үхэр чинь алга болсон байна. Би ойр орчмоор хайгаад олохгүй байна гэж хэлсэн...2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газраас гар утсаар залгаж таны алдсан үхрийн зургийг үзүүлэх гэсэн юм та хүрээд ирээч гэж дуудсан. Би Төв аймгийн Цагдаагийн газарт ирж камерын бичлэг үзэхэд миний өөрийн хулгайд алдсан буган халиун /саарал/ зүсмийн духан дээрээ том зүрхэн хэлбэрийн толин сартай 6 настай буюу нас гүйцсэн эр үхрийн зураг мөн байсан. Хамт байгаа үхрийн зураг нь манай найз Насанбуян гэх хүний миний үхэртэй хамт алдсан улаан халзан бухын зураг мөн байсан...” /1хх-н 196-197/ гэх,

хохирогч .......н: “...2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн шилжих шөнө Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрээс буюу Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах асфальтан замын хажуу талаас өөрийн 1 тооны улаан халзан соёолон бухаа хулгайд алдсан. Манай хажуу айлын Насанбуян гэх хүний 1 тооны буган ногоон өнгийн үхэртэй хамт хулгайд алдагдсан гэж сонсоод би Төв аймгийн цагдаагийн газарт камерын бичлэг үзэхэд манай хулгайд алдагдсан 1 тооны үхэр мөн байсан...Миний хулгайд алдсан 1 тооны улаан халзан соёолон бух нь /Сэлэнгэ үүлдрийн/ буюу казакын цагаан толгойтын үүлдрийн нүүр, 4 хөл, гэдэс, сүүлний үзүүр хэсэг цагаан өнгөтэй улаан өнгийн соёолон бух байсан. Зөв талын чих нь араасаа догол, буруу чих сам имтэй байсан...” /1хх-н 193-194/ гэх,

хохирогч .......: “...2023 оны 8 дугаар сарын 21-ний орой бүх үхрээ хурааж бүртгэхэд 3 тооны үхэр байхгүй байсан...Содон шинж гэвэл судалтай хүрэн зүсмийн эр үхрийн зөв талын чих хулгар өмнөөсөө ухам имтэй, нэг эр үхэр судалтай хүрэн зөв чих хулгар буруу чих араасаа ухам имтэй, ягаан зүсмийн нэг үнээ буруу чих ухамтай хулгар урд талаасаа ухам имтэй 3 тооны үхэр алдсан...” /2хх-н 49-50/ гэх,

иргэний нэхэмжлэгч А.Э-ын: “...Тухайн тээврийн хэрэгслийг манай дүү А.Э хөдөө орон нутгийн харьяалалтай байсан учраас Улаанбаатар хотоос машин авахад төвөгтэй байсан болохоор миний нэр дээр авч байсан. Хэдэн онд авч байсныг санахгүй байна...” /1хх-н 35/ гэх,

иргэний нэхэмжлэгч Б.Наранбатын: “...Фейсбүүкийн “портер авна, зарна” гэсэн группэд 23-44 УЕК улсын дугаартай Хюндэй портер-2 маркийн тээврийн хэрэгслийг зарна гэж байршуулсны дагуу 2023 оны 5 дугаар сарын 08-нд Ч.Б нь надтай ирж уулзаад машин үзэж хараад би 5,000,000 төгрөгөөр зарахаар болоод урьдчилгаа 500,000 төгрөг өгөөд үлдэгдэл 4,500,000 төгрөгийг 5 сарын дотор 5 хувааж өгөхөөр тохироод аваад явсан. Ч.Б 5,000,000 төгрөгөөр тохирч авч яваад надад 2,200,000 төгрөг өгсөн байгаа. Ч.Б нь одоо 2.800.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...” /1хх-н 201-202/ гэх,

гэрч .......: “...2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үхрээ хурааж бүртгэтэл 4 тооны үхэр байхгүй байсан. Ойролцоох бэлчээрт гардаг газраар хайж, нутгийн хүмүүсээс сурсан боловч сураг гарахгүй, олдохгүй байгаа. Тухайн алдсан гэх үхрүүд нь 4 настай, мухар, цагаан буурал сувай үнээ, 3 настай, мухар, улаан буурал сувай гунжин үнээ, мухар улаан сарман эр бяруу. эвэртэй цагаан нүүртэй улаан бяруу нийлсэн 4 толгой үхэр дутуу байсан. Бүгд зөв чих урдаасаа ганзага, буруу чих ард талаасаа эрхэм имтэй...” /1хх-н 37-38/ гэх,

гэрч Ж.О-ийн: “...Хаан банкны 5518024542 тоот дугаартай данс нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг хэдий ч би тус дансыг ашигладаггүй. Манай нөхөр А.Э нь дээрх дансыг ашиглаж мөнгөн гүйлгээ хийдэг. Би ямар учиртай ямар мөнгө орж ирдгийг мэдэхгүй байна...” /1хх-н 40/ гэх,

гэрч .......ын: “...2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр А.Э нь манай налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “.......” ХХК-д ирсэн талаараа надад утсаар залгаад “би 4 үхэртэй ирсэн би нэг үхрийг нь танайд зарна, үлдсэн 3 үхрийг нядлуулаад би өөрөө аваад явна, би 4 үхрээ танай хашаанд оруулчихлаа” гэхээр нь би та бичиг баримтаа бүртгүүлээд яваарай гэхэд би тэгвэл өдөр ирье гэж хэлээд явсан. ...Тэгээд манай ажилчид малын дансыг нь бүртгээд тус 4 үхрийг нядалсан. 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр би ажил дээрээ ирэхэд ....... нь ганцаараа ирээд хийлгэсэн, 3 үхрийн махаа урд өмнө нь харж байгаагүй 3 хүнд өгөөд үлдсэн 1 үхрийн махыг жинлүүлэхэд 155 кг жинтэй махыг 1 кг 7500 төгрөгөөр бодож 1,168,000 төгрөг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны 5758007995 тоот дугаартай өөрийн данснаас ....... өгсөн Хаан банкны 5518024542 тоот дугаартай дансанд шилжүүлсэн... 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр А.Э ...утсаар залгаад би 2 шөнө танай ажил дээр очоод 2 үхэр буулгасан байгаа гэхээр нь бүртгэлийн код нь байна уу гэхэд би танай ажил дээр үлдээчихсэн өдөр эртхэн нядлуулмаар байна гэсэн. Тэгээд өдөр тус 2 үхрийг нядлаад махыг нь жинлээд үзэхэд 2 үхэр нь нийлээд 365 кг болсон би 1 кг махны үнийг 8000 төгрөгөөр бодож нийт 2,922,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5758007995 тоот дугаарын данснаас Хаан банкны 5518024542 тоот дугаартай Оюунцэцэг гэх данс руу шилжүүлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр махаа жинлүүлэхэд А.Э нь ганцаараа ирээд Оюунцэцэг гэх данс руу мөнгөө шилжүүлүүлчихээд яваад өгсөн... 2023 оны 8 дугаар сарын 18, 19-ний өдрийн орчимд цагаан өнгийн портер маркийн 62-09 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлтэй .......хоёр хүн манай налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “.......” ХХК-д ирээд 3 тооны үхрийг манай бойны хашаа руу оруулж хашаад жинлээд хилээ харчхаад мөнгийг нь араас хийчхээрэй гээд яваад өгсөн. Тэгээд жинлэж үзээд 4,200,000 орчим төгрөгийг ....... өгсөн 5518024542 тоот дугаарын данс руу хийсэн. Тус 3 үхрийн содон шинж тэмдэг гэвэл судалтай хүрэн зүсмийн эр үхэр, мөн судалтай хүрэн эр үхэр, ягаан зүсмийн 1 үнээ гэх 3 үхэр байсан. Тус 3 үхэр нь ухам имтэй, нэг чихнүүд хулгар чихтэй байсан...” /1хх-н 43-45, 1хх-н 204-206, 2хх-н 52-54/ гэх,

гэрч .......: “...Би .......гэх 2 хүнийг танина. ....... нь манай ....... ХХК-ийн мал амьтны мах авчирч ирж борлуулдаг хүн, ажил хэргийн журмаар танина. ...2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр .......гэх хоёр хүн нь манай Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “.......” ХХК-д цагаан өнгийн портертой 3 үхэр ачсан гэж манай дүү ....... надад хэлсэн. Тэгээд тус 2 үхрийн мөнгийг ....... өгсөн Хаан банкны 5518024542 дугаарын Оюунцэцэг гэх хүний данс руу 1,987,000 төгрөгийг шилжүүлсэн. Тус 3 үхэр нь судалтай хүрэн зүсмийн эр үхэр, бас судалтай хүрэн эр үхэр, ягаан зүсмийн 1 үнээ гэх 3 үхэр байсан...” /2хх-н 56-57/ гэх, 

гэрч .......гийн “.......... гэх хүний миний мэдэхээр манай мал эмнэлэг дээр жил орчмын өмнөөс мал, мах, болон амьд малын гэрчилгээ бой руу оруулах зорилгоор бичиг хийлгүүлж авч байсан. ...Одоо санаж байгаагаар “.......”, “Ундрах хайрхан” зэрэг бойны газар луу гэж авч байсан шиг санагдаж байна... Би тус хүнийг ямар зориулалтаар ашигласныг мэдэх боломжгүй, малын А дансыг шалгахад 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 60 гаруй үхэртэй гэж системд харагдаж байсан. ....... үнэхээр өөрийнхөө малыг захиран зарцуулсан бол А данс дахь малаас хасагдсан байх гэж бодож байна...” /1хх-н 208-209, 2хх-н 170-171/ гэх мэдүүлгүүд, 

 “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23-186 дугаартай “...Шинжилгээний объектын 2023 оны 8 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 4,600,000 төгрөгөөр үнэлэгдэв...” /2хх-н 61-2/ гэх,

“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07/211 дугаартай “...Монгол улсын иргэн  Л.О-ийн өмчлөлийн 1 тооны үхэрний зах зээлийн үнэ цэнэ нь 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1,666,000 /нэг сая зургаан зуун жаран зургаан мянга/ төгрөг болно” /2хх-н 240/ гэх,

“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07/211 дугаартай “...Шинжилгээний объектын 2024 оны 9 дүгээр сарын зах зээлийн үнэлгээ нийт 1,666,000 төгрөгөөр үнэлэгдэв...” /2хх-н 240/ гэх,

“Гарьд гүрү” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03/292 дугаартай “..........н өмчлөлийн 1 тооны үхрийн зах зээлийн үнэ цэнэ нь 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2,666,700 /хоёр сая зургаан зуун жаран зургаан мянга долоон зуу/ төгрөг болно...” /1хх-н 228-239/ гэх,

“Гарьд гүрү” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07/315 дугаартай “..........ын өмчлөлийн 1 тооны үхрийн зах зээлийн үнэ цэнэ нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 3,008,000 төгрөг болно...” /1хх-н 213-223/ гэх,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03/283 дугаартай “..........ийн өмчлөлийн 4 тооны үхрийн зах зээлийн үнэ цэнэ нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4,100,000 төгрөг болно...” /1хх-н 48-59/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “......... нь 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор улаан халзан (казакын цагаан толгойт) бухыг тоолуулсан болно...” гэх албан бичиг /1хх-н 240/,

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ........ 1 тооны үхэр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-н 228/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-н 82-97/, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /2хх-н 99/, камерын бичлэгт үзлэг хийсэн /2хх-н 174/ гэх, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн /2хх-ийн 186-187/ гэх, эд зүйлийг хүлээлгэн өгсөн /2хх-н 229-230/ гэх тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа малыг /үүнд: хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ зэрэг хамаарна/ хувийн ашиг олох зорилгоор, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн болгон захиран зарцуулах байдлаар илрэх бөгөөд уг зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжид олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн зэргийг хамааруулдаг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан байх тул Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Э, Ч.Б нарт зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

4. Шүүгдэгч А.Э, Ч.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

6. Шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бд 2 /хоёр/ жил, шүүгдэгч А.Эд 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

7. Шүүгдэгч А.Э “...бүлэглэж үйлдсэн гэх үйлдлийг надад тулгаж ялласан тул гэм буруутай зүйлд нь тохирох ял оногдуулж өгнө үү...” гэх, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан “...А.Э нь Ч.Бтай бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэгт эргэлзээтэй, шүүгдэгчийн субъектив санаа зорилго байсан эсэх нь тогтоогдолгүй, энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийлгүйгээр гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул А.Эрдэнэсүхэд холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх, түүний өмгөөлөгч Б.Чинбат “...бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, нотлох баримт, гэрч байдаггүй, эргэлзээтэй, тодруулах шаардлагатай ажиллагаануудыг хийлгэхээр мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү...” гэх, шүүгдэгч Ч.Б “...3 тооны үхэрийг огт хулгайлаагүй байхад ял оногдуулж миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

 

7.1. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд мөрдөн байцаалтын шатанд хохирогч .......гийн: “...2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн шилжих шөнө ...1 тооны улаан халзан соёолон бухаа хулгайд алдсан. ...Зөв талын чих нь араасаа догол, буруу чих сам имтэй байсан...” /1хх-н 193-14/ гэх,

хохирогч .......ын: “...2023 он 10 дугаар сарын 15-ны өдөр ...Төв аймгийн Цагдаагийн газар ирж камерын бичлэг үзэхэд миний өөрийн хулгайд алдсан ...үхрийн зураг мөн байсан, хамт байсан үхрийн зураг манай найз Насанбуян гэх хүний миний үхэртэй хамт алдсан улаан халзан бухын зураг мөн байсан...” /1хх-н 196-197/ гэх,

хохирогч .......: “...21-ний орой ...үхрээ бүртгэхэд 3 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 8 дугаар сарын 22-ноос 25-ны хооронд ...хайж үзэхэд ...байхгүй байсан. ... Содон шинж гэвэл судалтай хүрэн зүсмийн эр үхрийн зөв талын чих нь хулгар өмнөөсөө ухам имтэй, нэг эр үхэр судалтай хүрэн зөв чихэн хулгар буруу чихэн араасаа ухам имтэй, ягаан зүсмийн нэг үнээ буруу чихэн ухамтай хулгар урд талаасаа ухам имтэй 3 тооны үхэр алдсан...” /2хх-н 49-50/ гэх,

гэрч .......ын : “...2023 оны 8 дугаар сарын 18, 19-ний орчимд ..........хоёр манай ”.......” ХХК-д ирсэн. ...3 тооны үхрийг ...жинлэж үзээд 4,200,000 төгрөгийг ....... өгсөн 5518024542 тоот дугаарын данс руу хийсэн. ...судалтай хүрэн зүсмийн эр үхэр, мөн судалтай хүрэн эр үхэр, ягаан зүсмийн 1 үнээ байсан. Тус 3 үхэр ухам имтэй, нэг чихнүүд хулгар байсан...” /2хх-н 53-54/ гэх,  

гэрч .......: “...Тухайн үеийн 8 дугаар сарын бичлэг устсан байгаа. Би гэхдээ камерын бичлэг дээрээс устахаас нь өмнө тус 3 үхрийг харсан. ...судалтай хүрэн зүсмийн эр үхэр, бас судалтай хүрэн эр үхэр, ягаан зүсмийн үнээ байсан...” /2хх-н 57-58/ гэх мэдүүлгүүд, .......ын Хаан банкны MN210005005758007995 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-н 82-97/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч А.Э, Ч.Б нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэр Бараат 1 дүгээр баг “Тэрэгтийн гол” гэх газраас 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд иргэн ......., ....... нарын 2 тооны үхрийг хулгайлж, нийт 5,674,700 төгрөгийн хохирол,

Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр гэх “Бор хөндий” газраас 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд иргэн ....... 3 тооны үхрийг хулгайлж, 4,600,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

 

7.2. Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудын агуулга, анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт зэргээс үзвэл шүүгдэгч А.Э, Ч.Б нарын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үйлдэл холбогдол хөдөлбөргүй хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, Ч.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх бөгөөд анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, улмаар  хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимтай нийцсэн гэж үзэв.

 

8. Прокуророос шүүгдэгч А.Э, Ч.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт А.Э, Ч.Б нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан атлаа ял шийтгэл оногдуулахдаа дээрх хуулийн зүйл, хэсгийг журамлаагүй нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын 2 дугаар заалтад дээрх журамласан хуулийн заалтыг нэмж өөрчлөлт оруулав. Энэ өөрчлөлт нь шүүгдэгч нарын ял шийтгэл, эрх зүйн байдалд нөлөөлөхгүй гэж үзсэн болно.

 

9. Түүнчлэн шүүгдэгч Ч.Б нь шүүгдэгч А.Этэй бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байтал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад түүнийг ганцаараа болон бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй болжээ.

 

10. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар А.Э, Ч.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ....... улсын дугаартай цагаан өнгийн Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.593.350 төгрөгийг, ....... улсын дугаартай хөх өнгийн Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4,368,300 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь хавтаст хэрэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч А.Э-ын “...Тухайн тээврийн хэрэгслийг манай дүү А.Э хөдөө орон нутгийн харьяалалтай байсан учраас Улаанбаатар хотоос машин авахад төвөгтэй байсан болохоор миний нэр дээр авч байсан. Хэдэн онд авч байсныг санахгүй байна...” /1хх-н 35/ гэх, иргэний нэхэмжлэгч Б.Наранбатын “...Фейсбүүкийн “портер авна зарна” гэсэн группэд 23-44 УЕК улсын дугаартай хюндэй портер-2 маркийн тээврийн хэрэгслийг зарна гэж байршуулсны дагуу 2023 оны 5 дугаар сарын 08-нд Ч.Б нь надтай ирж уулзаад машин үзэж хараад би 5,000,000 төгрөгөөр зарахаар болоод урьдчилгаа 500,000 төгрөг өгөөд үлдэгдэл 4,500,000 төгрөгийг 5 сарын дотор 5 хувааж өгөхөөр тохироод аваад явсан. Ч.Б надад 2,200,000 төгрөг өгсөн...одоо 2,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...” /1хх-н 201-202/ гэх мэдүүлэг болон дээрх Хьюндай Портер маркийн ....... улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, Хьюндай Портер маркийн ....... улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /1хх-23, 187/ зэрэг баримтаас дүгнэхэд шүүгдэгч нар өөрсдийн өмчлөлийн тээврийн хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдож байх тул эдгээр тээврийн хэрэгслүүдийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

11. Хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны үед  шүүгдэгч Ч.Б завсарлага авч хохирогч ....... 2,300,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болсон байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар тусгалгүй орхигдуулжээ.

 

12. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, Б.Чинбат, шүүгдэгч Ч.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

13. Шүүгдэгч Ч.Б, А.Энарын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн .......дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Э, А.Э нарыг ганцаараа болон бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Эг ганцаараа болон бүлэглэн машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Эг бүлэглэн машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэж,

 

2 дахь заалтад “...Шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж,

 

5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Эгээс 4.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч ......., 2.300.000 төгрөгийг хохирогч ....... тус тус олгосугай...” гэснийг

 

“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Эгээс 4,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч ......., 2,300,000 төгрөгийг хохирогч ....... тус тус олгож, шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай...” гэж,

 

6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, Ч.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ....... улсын дугаартай цагаан өнгийн Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2,593,350 төгрөгийг, ....... улсын дугаартай хөх өнгийн Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4,368,300 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай...” гэснийг

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч А.Эгийн ....... улсын дугаартай цагаан өнгийн Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Ч.Бгийн ....... улсын дугаартай хөх өнгийн Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгосугай...гэж,

 

            7 дахь заалтад “...Эрүүгийн 2334000000413 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэрэгт хадгалж,

битүүмжлэгдсэн цагаан өнгийн Х.Porter маркийн ......., хөх өнгийн Х.Porter маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь буцаан олгохыг тус тус дурдсугай” гэснийг

 

             “...Эрүүгийн 2334000000413 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэрэгт хадгалж,

битүүмжлэгдсэн цагаан өнгийн Х.Porter маркийн ......., хөх өнгийн Х.Porter маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, Б.Чинбат, шүүгдэгч Ч.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, А.Энарын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЦЭРЭНХАНД

 

 

                            ШҮҮГЧИД                               З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ