2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/10517

 

 

 

 

 

 

 

 

      2025             12                  08                                     192/ШШ2025/10517

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б*******,*******,*******,*******,*******, V-1 тоот хаягт байрлах “Алтан тооно хөгжил” ГХОГХОХХК (РД:6271057)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, 1903 тоот хаягт байрлах “АДЭА” ГХОГХОХХК (5098564)-нд холбогдох,

 

17,000,000 юань буюу 8,096,970,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулан 17,000,000 юань буюу 8,096,970,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч компанитай 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр жоншны уурхайн олборлолтын ажил гүйцэтгэх төслийн хамтран ажиллах гэрээ байгуулсан ба уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар болж, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Хамтын ажиллагааг цуцлах гэрээ” байгуулсан. Хамтын ажиллагааг цуцлах гэрээгээр хариуцагч компани нь гэрээ цуцалсны төлбөрт манай компанид 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 5,000,000 юань, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 5,000,000 юань, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 7,000,000 юань төлөх буюу нийт 17,000,000 юанийг төлөхөөр тохиролцсон. Гэвч одоог хүртэл хамтын ажиллагааг цуцлах гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэжээ.

 

2.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Манай компани жоншны уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч компанитай 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр жоншны уурхайн олборлолтын ажлыг гүйцэтгүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн ажил шаардлага хангахгүй байсан тул гэрээг цуцлах асуудал удаа дараа яригдаж байсан. Гэхдээ нэхэмжлэгч компанийн нотлох баримтаар гаргаж өгсөн хамтын ажиллагааг цуцлах гэрээг манай компани байгуулаагүй буюу тус гэрээнд гарын үсэг зурсан Бүгд Найрамдах Хятад Ард Улс(цаашид “БНХАУ” гэх)-ын иргэнд манай компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрх олгоогүй. Түүнчлэн хамтын ажиллагааг цуцлах гэрээ нь их хэмжээний хэлцэл байх тул компанийн тухай хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

2.2.Нэхэмжлэгч компанитай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “АДАЭ ХХК-ийн жоншны уурхайн олборлолтын ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах гэрээ”-ний 9-д “…маргаан гарвал талууд эвийн журмаар ярилцаж, шийдвэрлэх бөгөөд ийнхүү тохиролцоонд хүрч чадахгүй бол БНХАУ-ын Хонгконг дахь олон улсын арбитрын байгууллагаар шийдвэрлүүлнэ” гэж заасан байх тул энэхүү нэхэмжлэл нь Монгол Улсын шүүхэд хамаарахгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “АДАЭ ХХК-ийн жоншны уурхайн олборлолтын ажил гүйцэтгэх төслийн хамтран ажиллах гэрээ”, түүний баталгаат орчуулгын товчоогоор орчуулсан орчуулга, “Хамтын ажиллагааг цуцлах гэрээ”, түүний баталгаат орчуулгын товчоогоор орчуулсан орчуулга, итгэмжлэл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг,

Хариуцагч талаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр БНХАУ-ын иргэн Wan Dong болон хариуцагч компанийн захирал , хувьцаа эзэмшигч , нарын хоорондоо харилцсан зурваст үзлэг хийж, тэмдэглэл үйлдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч компанитай 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр жоншны олборлолтын ажил гүйцэтгэх хамтран ажиллах гэрээг байгуулсан ба уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар харилцан тохиролцож, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хамтын ажиллагааг цуцлах тухай гэрээг байгуулж, хариуцагч компани нь гэрээ цуцалсны төлбөрт 17,000,000 юанийг манай компанид төлөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл төлөөгүй байна гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч компанитай 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр жоншны уурхайн олборлолтын ажлыг гүйцэтгүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн ажил шаардлага хангахгүй байсан тул гэрээг цуцлах асуудал удаа дараа яригдаж байсан ч хамтын ажиллагааг цуцлах гэрээг манай компани байгуулаагүй буюу манай компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрх олгоогүй этгээд гарын үсэг зурсан, мөн хамтран ажиллах гэрээнд уг гэрээтэй холбоотой маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр заасан учир шүүхийн харьяаллын маргаан биш гэж тайлбарлаж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Зохигч талуудын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр  “АДАЭ ГХОХХК-ийн жоншны уурхайн олборлолтын ажил гүйцэтгэх төслийн хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан. (хавтаст хэргийн 13-25 дахь тал)

4.2.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн “Хамтын ажиллагааг цуцлах гэрээ”-нд “АДАЭ” ГХОХХК-ийн төлөөлөгч БНХАУ-ын иргэн Wan Dong гарын үсэг зурж, “АДАЭ” ГХОХХК-ийн тамга дарсан. (хавтаст хэргийн 26-29 дэх тал)

 

5.Зохигч талуудын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “АДАЭ ГХОХХК-ийн жоншны уурхайн олборлолтын ажил гүйцэтгэх төслийн хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан үйл баримтын хувьд маргаангүй, харин уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээг цуцалсантай холбоотой нэг талаас нөгөө талдаа төлбөр төлөх талаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан үйл баримтын хувьд маргаантай байна.

 

6.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж “АДАЭ” ГХОХХК-ийг төлөөлж БНХАУ-ын иргэн Wan Dong-ийн гарын үсэг зурагдаж, тус компанийн тэмдгээр баталгаажуулсан “Хамтын ажиллагааг цуцлах гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгсөн байх тул хариуцагч компанийн хувьд уг гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зурсан БНХАУ-ын иргэн Wan Dong-нд гэрээ байгуулах эрх олгоогүй, тухайн хэлцэл нь их хэмжээний хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар нотлох үүрэгтэй.

 

6.1.Хариуцагч компани татгалзлын үндэслэлээ “гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зурсан этгээдэд гэрээ байгуулах эрх олгоогүй, уг гэрээ нь их хэмжээний хэлцэл учир хүчин төгөлдөр бус” гэж тайлбарлаж байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаар хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбарыг харьцуулан үзсэний үндсэн дээр “Хамтын ажиллагааг цуцлах гэрээ” зохигч талуудын хооронд байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэх шаардлагатай.

 

6.2.Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно”, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж тус тус заажээ.

 

6.3.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу БНХАУ-ын иргэн Wan Dong-ын гар утсанд хийсэн үзлэгээр 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 46 минутад БНХАУ-ын иргэн Wan Dong-оос хавтаст хэрэгт авагдсан хамтын ажиллагааг цуцлах гэрээний зураг (2 ширхэг)-ийг илгээж, түүний дор “Wan Mingcai” гэх хүний нэрийг дурдаж, “Wan захирлаа Luo Ti гэх хүн гарын үсэг зурчихлаа, бид нар энд тамга дарах хэрэгтэй байна” гэх зурвас илгээхэд “Wan Mingcai” гэх хэрэглэгчээс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 04 минутад “Би гэх хүнд дамжуулъя” гэх зурвас илгээсэн болох нь тогтоогдсон ба  шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...компанийн тамга н.Цэрэнпунцагт байсан, компанийн тамга хулгайд алдагдсан зүйл байхгүй, хамтын ажиллагааг цуцлах гэрээнд тамгыг хэн дарсныг мэдэхгүй” гэж тайлбарласан, хамтын ажиллагааг цуцлах гэрээг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зэргийг харьцуулан үзэхэд БНХАУ-ын иргэн Wan Dong-нд “Хамтын ажиллагааг цуцлах гэрээ”-нд хариуцагч “АДАЭ” ГХОХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурахыг зөвшөөрсөн буюу зөвшөөрсөн гэх ойлголтыг бүрдүүлсэн байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.4.Иймд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж зааснаар хариуцагч компанийн “гэрээ байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зурах эрх олгоогүй” гэх татгалзал үндэслэлгүй буюу зохигч талуудын хооронд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Хамтран ажиллагааг цуцлах гэрээ” байгуулагдсан гэж үзлээ.

 

6.5.Хамтын ажиллагааг цуцлах гэрээгээр 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан жоншны уурхайн олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн ажил, гэрээ цуцлагдсаны төлбөрийн талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцэх ба гэрээний гол нөхцөлөөс харахад мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт “Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ” гэж заасан тооцоо нийлэх гэрээний шинжтэй байна.

 

6.6.Иймд зохигч талуудын хооронд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

7.Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана” гэж зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан 17,000,000 юанийн үнийн дүн бүхий хамтын ажиллагааг цуцлах гэрээ нь хариуцагч “АДАЭ” ГХОХХК-ийн хувьд их хэмжээний хэлцэл гэж үзэхээр бол тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурал уг гэрээг байгуулах эсэх шийдвэрийг гаргах журамтай байна.

 

7.1.Гэтэл хариуцагч компанийн зүгээс тухайн хэлцэл нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй/” гэж зааснаар хариуцагч компанийн сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш үнэтэй болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учир шүүх их хэмжээний хэлцэл мөн эсэх, улмаар тухайн хэлцэл нь зохих этгээдийн зөвшөөрлөөр хийгдсэн эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

8.Зохигч талууд нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан жоншны уурхайн олборлолтын ажил гүйцэтгэх хамтран ажиллах гэрээг дүгнэж, хамтын ажиллагааг цуцлах гэрээ байгуулсан байх ба нэхэмжлэгч компани нь хамтын ажиллагааг цуцлах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг шүүхэд гаргасан учир хариуцагч компанийн “тус маргаан нь БНХАУ-ын Хонгконг дахь олон улсын арбитрын байгууллагаар шийдвэрлүүлэх маргаан” гэх татгалзал үндэслэлгүй юм.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компаниас 17,000,000 юань буюу 8,096,970,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож шийдвэрлэлээ.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,800,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компканиас 40,800,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “АДАЭ” ГХОХХК-аас 8,096,970,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Алтан тооно хөгжил” ГХОХХК-нд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Алтан тооно хөгжил” ГХОХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,800,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АДАЭ” ГХОХХК-аас 40,800,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Алтан тооно хөгжил” ГХОХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ТӨРБОЛД