| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0548/Э |
| Дугаар | 563 |
| Огноо | 2018-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оч,
Улсын яллагч Э.Бадрал,
Хохирогч Б.Золжаргал,
Шүүгдэгч С.Золбоо /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Золбоод холбогдох эрүүгийн 1811 01781 0590 дугаартай хэргийг 2018 оны 7 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Их хутагт овогт Сүхбаатарын Золбоо, 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Ханбургер жак” тогооч ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5 дугаар байр 5-00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоогоор Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар мянгат 11 дүгээр байр 11 тоотод оршин суудаг, урьд 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 2 жилийн хугацаатай тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:УУ86010951/.
Шүүгдэгч С.Золбоо нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
2018 оны 6 дугаар сарын 13-ны орой Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадна согтуугаар хохирогч Б.Золжаргалтай маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Золбоо нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны орой Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадна согтуугаар хохирогч Б.Золжаргалтай маргалдан улмаар зодож, түүний биед зүүн дээд 2, 3-р шүдний сулрал, хүзүү, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч С.Золбоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “../хх-8-9/: “..2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн орчим гэртээ байж байгаад байрныхаа гадаа шийдэн дээр сагс тоглохоор гарсан, гадаа гарахад шийдэн дээр найз Үлэмж байсан. Тэгээд байрныхаа хүүхдүүдтэй сагс тоглож байхад Үлэмж сагс тоглолгүй зогсож байхад үл таних залуу Үлэмжтэй юм яриад зогсож байснаа гэнэт цохих гээд дайраад Үлэмж зугтаасан тэгэхээр нь би Үлэмжийн ардаас очоод миний машинд сууж бай гээд түлхүүрээ өгчихөөд өөрөө жолооч талд, Үлэмжийн жолоочийн эсрэг талд сууж байтал Үлэмжийг зодох гээд байсан үл таних залуу хүрч ирээд миний талын хаалгыг онгойлгоод Үлэмж рүү заагаад чамайг ална шүү гэснээ над руу наад бандийг чинь би ална шүү гэхээр нь 21 дүгээр зуунд амьдарч байгаа шүү гэтэл тэгэхээрээ яадаг юм бэ гээд миний зүүн талын гар болон цээж рүү цохиод буугаад ир гээд баруун гарнаас татаад буулгасан. Тэгэхээр нь би шортны халааснаас утсаа гаргаж ирээд цагдаа руу ярьсан чинь өө чи ийм болчихсон юм уу гээд миний нүүр болон толгой руу цохьчихоор нь би өөдөөс нь ямар нэгэн үйлдэл гаргаагүй..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.Үлэмжээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-10/ “..машин дотор суугаад хөдлөх гэж байтал жолооч талын буюу Золжаргалын хаалгыг онгойлгоод над руу хараад чамайг би алнаа гэхэд Золжаргал та юу яриад байгаа юм бэ гэтэл өөдөөс нь чамайг ч гэсэн ална шүү гэсэн, тэгтэл Золоо танд алуулна гэж байхгүй шүү гэтэл Золоогийн нүүрлүү шууд 2- 3 удаа цохисон чинь Золоо машинаас буугаад түүнийг түлхээд утсаа гаргаж ирээд цагдаа руу ярьж байхад дахиад нүүрлүү нь цохисон..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №7556 дугаар дүгнэлтэнд: /хх-21/ “..1.Б.Золжаргалын биед зүүн дээд 2,3-р шүдний сулрал, хүзүү, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч С.Золбоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-29-31/ “..Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 11 дүгээр байрны 11 тоотод өвөө, эгч дүү нарын хамтаар амьдардаг. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 21:00 цагийн орчимд 12 дугаар байрын гадна сагсан бөмбөгийн шийдний хажуу талд 5 шил пиво уучисан байх үедээ байрны хүүхэд болох Үлэмж зогсож байхаар нь очоод юу байна, ахын дүү гээд барилдах гээд бүсэлхий хэсгээс нь барьтал намайг түлхээд больсон. Тэгэхээр нь яагаад байгаа юм, ахдаа ганц пиво аваад өгчих гэтэл чадахгүй гэхээр нь юун сүртэй юм гэтэл салаавч өгөөд зугтсан. Араас нь ална шүү гээд хөөж байгаад больсон. Тэр үед нэг танилтайгаа /нэрийг нь мэдэхгүй, санахгүй байна/ тааралдаад дэлгүүр лүү орж нэг, нэг 1 пиво авч гарч ирээд 11 дүгээр байрны гадна уугаад танилаасаа салаад буцаад шийд рүү очсон чинь Золжаргал, Үлэмж хоёр цуг цагаан өнгийн “Тоёота приус 20” маркийн машин дотор сууж байсан байхаар нь жолооч талын Золжаргалын сууж байсан хаалгыг онгойлгоод машины дотогш цээжин биеэ оруулаад юу байна ахын дүү гээд Золжаргалтай мэндэлхэд Үлэмж шууд гараад зугтсан. Золжаргал надруу муухай хараад байхаар нь яасан гээд цээжин тус газар нь 3 удаа гараараа цохьсон. Тэгсэн миний хүзүүнээс боохоор нь тавьчих машинаас гарч байгаад болъё гэхэд тэр хавьд байсан сагс тоглож байсан хүүхдүүд ирж салгасан. Удалгүй цагдаа нар ирж би цагдаагийн хэлтэс дээр хүргэгдсэн..” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Ганжаргалын мэдүүлэг, болон шүүгдэгч С.Золбоогийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-43-45/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹7556 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Золжаргалд зүүн дээд 2, 3-р шүдний сулрал, хүзүү, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл учирсан энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч С.Золбоогийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Б.Золжаргал шүүгдэгч С.Золбоогоос хөдөлсөн шүдээ эмчлүүлэх зардал 2.200.000 төгрөг нэхэмжлэн “Жэй Жэй ОРГАНИК” ХХК-ний 2018 оны 6 сарын 22-ны өдрийн №2018/027 дугаар тодорхойлолт шүүхэд ирүүлсэн боловч үүнд эмчилгээ хийлгэвэл дээрхи зардал гарна гэж тодорхойлжээ. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан хөнгөн гэмтэл гэдэг нь “эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах” гэмтэл гэж тодорхойлсон бөгөөд хохирогч хөдөлсөн шүдээ одоог болтол эмчлүүлээгүй, цаашид эмчлүүлж магадгүй, эмчлүүлбэл 2.200.000 төгрөг болно гэж байгааг ирээдүйд гарч болзошгүй зардал үзэж байна. Иймд хохирогч Б.Золжаргалын “эмчилгээний зардал 2.200.000 төгрөгийг шүүгдэгч С.Золбоогоос нэхэмжилсэн” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шалгуур шинжээрээ эрүүл мэндийг сарниулсан хугацааг хөнгөн гэмтэлд 4 долоо хоног хүртэл гэж гэмтлийн зэрэг тогтоох журмын тайлбар, аргачилалд заасан байх тул хохирогчид учирсан гэмтэл эдгэрсэн гэж үзээд хохирогч Б.Золжаргал нь цаашид гэм хорын зардал шүүгдэгч С.Золбоогоос нэхэмжлэх эрхгүй байна. Шүүх шүүгдэгч С.Золбоог бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Золбоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Золбоо нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Их хутагт овогт Сүхбаатарын Золбоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Золбоог 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Золбоод оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Золбоо нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч С.Золбоо нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Золбоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Золбоод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР