| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 2434001980205 |
| Дугаар | 2025/ДШМ/73 |
| Огноо | 2025-11-06 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Л |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/73
2025 11 06 2025/ДШМ/73
Л.Бэд холбогдох
Эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Прокурор Б.Л,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О, түүний өмгөөлөгч
Б.Энх-Эрдэнэ,
Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Г, Б.Б,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/372 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О, түүний өмгөөлөгч Б.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.Бэд холбогдох эрүүгийн 2434001980205 дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
3.Төв аймгийн Прокурорын газраас Л.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.
4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Л-ийн Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Х овгийн Л-ийн Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Харчин овгийн Лханаагийн Батсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Л Б цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн 2434001980205 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Бээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.Бээс сэтгэцэд учирсан хохирол 9,477,679 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюундарьд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюундарь нь сэтгэл заслын эмчилгээ хийсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Харчин овгийн Лханаагийн Батсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Л.Бийн өмгөөлөгч Д.Гийн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/372 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, "...дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн" гэх дор дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна.
Нэг. Анхан шатны шүүх Л.Бэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ "шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн” гэх үндэслэлийн тухайд:
Шүүх Л.Бэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг гүйцэд үнэлээгүй, үүнээс улбаалан хэргийн зүйлчлэлийг хэргийн бодит байдлаас өөрөөр хүндрүүлэн тогтоосонд гомдолтой байна. Шүүгдэгч Л.Б амь хохирогч Р.Сүхбаатартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хэл амаар доромжлоход нь харилцан маргалдаж ноцолдох, зодолдох явцдаа зүүн шанаа тус газар нь гараар хоёр удаа цохисноос түүний биед дух ясны цуурал бүхий хүнд гэмтэл учруулсан, амь хохирогч цаг тухайд нь эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээгүй, эмчилгээг хожимдуулснаас гэмтэл нь хүндэрсэн үедээ эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад хэрэг учрал болсноос хойш 19 хоногийн дараа нас барсан үйл баримт гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар тогтоогддог.
Хүн алах гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргээс ялган зүйлчлэх гол шалгуур болсон яллагдагч бусдыг зодох үйлдэлдээ болон түүнээс учрах хор уршигт хандсан сэтгэхүйн харьцааны шинж онцлог /гэмт хэргийн сэдэлт зорилго, үйлдлийн арга, өөрөөр хэлбэл зодоон хийхдээ зэвсэг, бусад зүйл хэрэглэсэн эсэх/ үндэслэл бүхий дүгнэлт хийж, ялгамжтай авч үзээгүйгээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн бодит байдлаас өөрөөр тогтоосон гэж үзэж байна. Үүнд:
1. Л.Б нь амь хохирогчтой зодолдож түүнийг санаатай цохисноос өөрөөр, түүнийг алъя гэсэн сэдэлт зорилго агуулаагүй болох нь доорх нөхцөл байдлаар тогтоогддог. Шүүгдэгч болон хохирогч хэн аль хохирогч гэмтсэн, ялангуяа хүнд гэмтэл учирсан гэдгийг тухайн үед болон хэрэг учрал болсноос хойш хэсэг хугацаанд буюу 9 хоногийн хугацаанд мэдээгүй, хохирогч ердийн журмаар ажил хийж явсан нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудаас тодорхой харагдана. Энэ нь гэрч А.Чанцалдулам, Ц.Золзаяа, С.Сүрэнжав, М.Лхагвасүрэн, Д.Төмөртулга нарын мэдүүлгээр тогтоогддог.
Тухайлбал, гэрч А.Чанцалдуламын мэдүүлэг "...Сүхбаатарын зүүн шанаа хавдаж хөхөрсөн нэлээд согтуу байсан. Би Сүхбаатарын архийг гаргаад эрүүл болохоор нь биеийг асуухад зүүн шанаа, зүүн мөр хөндүүр байна гэж байсан. Тэгээд зодсон гэх Батсүхтэй уулзах уулзах гэсэн чинь “...Эрчүүдийн хооронд тийм юм байхгүй, яах юм гээд уурлаад байсан. ...өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй, өөрөө зүгээр, гайгүй гээд байхаар нь эмнэлэгт үзүүлж, цагдаад мэдэгдээгүй..." гэсэн мэдүүлэг өгсөн тэр хэсгийг яллах дүгнэлтэд дурдсан гэрч А.Чанцалдуламын мэдүүлгээс прокурор хасаж, энэ талаар шүүх шийтгэх тогтоолдоо тэмдэглээгүй орхисон нь зөвхөн яллах талыг баримталж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтооход ач холбогдол өгөөгүй болохыг харуулдаг. Хэрэв шүүгдэгч Л.Б хохирогч Р.Сүхбаатарыг зодооны улмаас тухайн үед хүнд гэмтсэнийг мэдсэн бол мал тууварт хүртэл хамт явж, хамтран ажиллаж байсан, багийн төвд нэг дор шахам амьдардаг урьдын танил нөхрийн холбоотой найз хүмүүс учраас түүнийг эргэж тойрох, эмнэлэгт үзүүлэх байсан гэж харамсаж ярьдаг. Шүүгдэгч амь хохирогчийн зүй бус харьцаанаас түүнтэй маргаж муудалцсаны улмаас түүний зүүн шанаа тус газар цохихдоо санаатай үйлдэл хийсэн гэм буруутай.
Хүнд гэмтэл учруулснаас хохирогч нас барсан гэдэг нь гэмт этгээд санаа бодлын хувьд түүнийг зодох цохих гэсэн үйлдэлдээ шууд болон шууд бус санаатай байсан боловч түүнийг алъя гэсэн шууд ба шууд бус санаа байгаагүй үед бусдын биед хүнд гэмтэл учруулж түүнээс болж хохирогч нас барсныг хэлдэг. Өөрөөр хэлбэл, үйлдэл хор уршигт хандах сэтгэхүйн харьцаа, сэдэлт санаа зорилгыг зөв тогтоох, үнэлэх нь санаатайгаар хүн алсан гэмт хэргийг эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан хэргийг ялган зүйлчлэх гол шалгуур болох нь шүүхийн практикт тогтсон ойлголт юм. Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа, зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, тухайн үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл хохирогч учирсан гэмтлийг эмчлүүлэхгүй өөрийн эрүүл мэндэд хэт хайхрамжгүй хандах, эмчилгээний дэглэм сахихгүй байх зэрэг бусад шалтгаанаар өвчин ужгирч хүндрэл үүсэж нас барсан байх зэрэг хүчин зүйлээр ялгагдана. Амь хохирогч Р.Сүхбаатар нь гэмтэл авснаас хойш 9 хоногийн туршид эмнэлэгт үзүүлээгүй, огт эмчилгээ хийлгээгүй, харин ч эсрэгээр ажил хөдөлмөр эрхэлж явсан нь учирсан хүнд гэмтлээс өөр төсөөлшгүй хор уршиг буюу амь нас эрсдэх нөхцөлд байдалд хүргэсэн, үүнээс улбаалж түүний эмнэлэгт гэмтэл хүндэрсэн үедээ хожуу хандсан нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж нас барсан гэх үндэслэлийг бүрдүүлж байна. Анхан шатны шүүх тухайн гэмт хэргийн нөхцөл байдал ийм байхад гэмт хэргийн онцлог нөхцөл байдал, тухайн шүүгдэгчийн сэдэлт, зорилго, үйлдлийн арга, зүйлчлэлийг тогтооход анхаарах бусад шалгуурыг бүхэлд нь харгалзан үзэлгүй, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчлэлээс өмнө батлагдаж, үйлчлэл нь шинэ хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй болсон 2009 оны 14 дүгээр тогтоолын хүнийг санаатай алах гэмт хэргийн зүйлчлэл амь хохирогч хэзээ, тэр даруйдаа, хэсэг хугацааны дараа нас барсан эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй" гэсэн агуулгатай заалтыг зөвхөн үндэслэл болгож, хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлтээр хэргийн зүйлчлэлийг тогтоосонд гомдолтой байна.
2. Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 108-109 дүгээр тал/-д: "...яллагдагч Р.Сүхбаатар гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн байгууллагад хандсан тохиолдолд амь насыг аврах боломжтой байжээ..." гэсэн төдийгүй, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл 12 дугаар хх-ийн 182-200/-д авагдсан шинжээч эмч Л.Бямбатуяагийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 193 дугаар тал/-д "...тухайн гэмтэл авсны дараа толгой дүйрэх шинж тэмдэг өгнө. ...энэ талаар өөрөө хэлэхгүй бол дэргэдэх хүмүүс мэдэх боломжгүй, ...гэмтэл хүндрээгүй үед ажил хийх боломжтой, ...тухайн үед буюу гэмтэл авсан даруйдаа эмнэлэгт хандсан бол мэс засал /хагалгаа/-д орохгүйгээр эмчлүүлэх /цус шимэгдүүлэх/ боломжтой. ...хүндрээгүй үедээ эмнэлэгт хандсан бол 10 хоног эмнэлэгт хэвтэж гараад зүгээр болох байсан" гэх агуулгатай мэдүүлэг өгсөн зэрэг нь хэргийн зүйлчлэлийг оновчтой тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт юм. Шүүх хуралдаанд өмгөөлөгч би нэмэлт тайлбар саналдаа шинжээч эмчийн дээрх мэдүүлгийг нотлох баримтаар шинжлэн судлуулсныг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгон илэрхийлснийг шийтгэх тогтоолд огт тусгаагүй орхигдуулсан төдийгүй, өмгөөлөгч миний хууль зүйн дүгнэлт, үндэслэлүүдэд огт няцаалт өгөлгүйгээр прокурорын яллах дүгнэлтээр оруулж ирсэн хэргийн зүйлчлэлээр тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоолын дүгнэлт хэргийн бодит байдал огт нийцсэнгүй.
3. Прокурорын яллах дүгнэлтийн агуулга болон шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн зүйлчлэл, зүйлчлээд байгаа гэмт хэргийн шинжээсээ зөрүүтэй бичигдсэн байдаг, тухайн тогтоол, яллах дүгнэлтэд Л.Бийг хүн алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буй бол "...алсан" гэж, “хүнд хохирол учруулсны улмаас амь нас нь хохирсон бол "...улмаас нас барсан” гэж бичих байтал “хүнд гэмтэл учруулсны улмаас нас барсан” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны гадна шийтгэх тогтоолын эхний хуудас удиртгал хэсэгт “Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Харчин овогт Лханаагийн Батсүхэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434001980205 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв" гэсэн атлаа тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт: "Л.Б нь ...Р.Сүхбаатарыг зодож...бүхий гэмтэл учруулснаас нас барсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт: "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, ...ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байна" гэх заалт, шаардлагад нийцээгүй байна.
Хоёр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, магадлалын заалтыг гүйцэд хангаагүй гэх бусад асуудлын тухайд:
Яллагдагч Л.Бэд холбогдох тухайн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэн өмнөх шүүх хуралдаанд хэргийг оруулж байсан бөгөөд прокурор тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжээчийн дүгнэлт гаргуулснаас өөрөөр, гэмт хэргийн шинжийг тогтоох асуудлаар ямар ч ажиллагаа хийгээгүй атлаа миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг зориуд хүндрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нөхцөл байдал нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэл, холбогдох заалтуудад хэрхэн нийцэж буй талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргаж өгөхийг хүсэж байна.
Иймд өмгөөлөгч миний Л.Бэд холбогдох хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар бичсэн гомдол, түүний үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/372 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэл, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюундарь түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/372 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг үндэслэл муутай тооцсон. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 997 дугаартай, "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох" шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюундарийн сэтгэцэд учирсан хор уршгийг "...Гуравдугаар зэрэглэлд хамаарна" гэж дүгнэсэн. Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай" аргачлалын 3.3-т "Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ...хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно..." гэсний дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюундарийн сэтгэцэд учирсан хохирлыг дээрх аргачлалын "Дөрөв. Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал"-ын Тавдугаар зэрэглэлд хамааруулж тооцох бүрэн боломжтой гэж үзэж байна. Үүнээс тооцоход тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход /550,000×150/82,500,000 /наян хоёр сая, таван зуун мянга/ болохоор байна. Иймд 2025/ШЦТ/372 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 6 дахь хэсэгт "...сэтгэцэд учирсан хохирол 82,500,000..." гэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэв.
7. Прокурор Б.Лувсанцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлын агуулга нь зүйлчлэлийг хөнгөрүүлэхийг хүссэн байна. Энэ хоёр гэмт хэргийн гол ялгаа нь шүүгдэгчийн үйлдлийн санаа, сэтгэхүйн харилцаанд оршдог. Тухайлбал шүүгдэгч тухайн үйлдлийг хүнийг алах санаатайгаар үйлдсэн үү, эсвэл зөвхөн эрүүл мэндэд нь хохирол учруулах санаатай үйлдсэн үү гэдгээр ялгагдана. Энэ нь нотлох баримтуудын хүрээнд тогтооно. Гэрч Ганзоригийн мэдүүлэгт шүүгдэгч нь амь хохирогчийг хоёр удаа толгой тус газар нь цохисон, амь хохирогч унасан үед салгасан, дараа нь дахин цохисон гэж мэдүүлсэн байдаг. Мөн Л.Бийн мэдүүлэгт шүүгдэгч амь хохирогчийг хоёр удаа цохисон, амь хохирогч зугтан хашааны ард орсны дараа дахин цохисон гэсэн мэдүүлэг байдаг. Эдгээр мэдүүлэг, нотлох баримтын үндсэн дээр улсын яллагч шүүгдэгчийн үйлдлийг хүний амь нас хохирохуйц санаатай үйлдэл байсан гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн тархинд үүссэн гэмтэл нь шүүгдэгчийн буруутай үйлдлээс болсон нь тогтоогдсон. Шинжээчийн мэдүүлгээр амь хохирогчийн бие махбодын өөрчлөлт, толгой өвдөлт зэрэг шинж тэмдэг илэрсэн нь нотлогдсон. Эдгээр гэмтлүүд нь эрүүл мэндэд нөлөөлсөн байна. Амь хохирогчийг шүүгдэгчийн үйлдлээс болоод нас барсан гэж дүгнэж болох бөгөөд нас барсан цаг хугацаа нь тухайн үйлдлээс хойш тодорхой хугацаанд болсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хувьд анхан шатны шүүх хор уршгийн зэрэглэлийг хүн амын дундаж наслалтын зөрүүгээр тогтоосон. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
8. Шүүгдэгч Л.Бийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлуудтай танилцсан. Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн. Гэвч хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн ялгааг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж чадаагүй. Хоёр хэргийн зүйлчлэлийн хувьд үр дагавар ижил боловч санаа, зорилго ялгаатай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санаатайгаар зодсон, алахыг зорьсон гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангах ёстой. Үр дагаврыг хүссэн байх ёстой бөгөөд талийгаачийг алахыг хүссэн байх ёстой. Л.Бийн хувьд тухайн өдөр талийгаачтай маргалдаж зодолдсон бөгөөд энэ үйлдлээс болж хохирогчид хүнд гэмтэл учирсан. Шинжээч Чулуунбаатарын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 186 дугаартай дүгнэлтэд хүнд гэмтлийн зэрэгт хамаарна гэж дурдсан. Мөн 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай шинжээч Бямбатуяагийн дүгнэлтэд гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн байгууллагад хандсан бол амь насыг нь аврах боломжтой байсан гэж тэмдэглэсэн. Шинжээчийн дүгнэлтүүдээс харахад Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх боломжтой байна. Анхан шатны шүүх Л.Б санаатайгаар алах зорилготой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Л.Б зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, мөн гэмтлийн улмаас амь насыг аварч болох боломж байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн амьд явах эрхтэй, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй гэж заасан нь эрх болохоос үүрэг биш. Хэргийн нөхцөл байдлаас харахад Л.Б талийгаачийн амьд явах, эмнэлгийн тусламж авах эрхэд халдсан эсвэл алахыг хүссэн гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Тиймээс хүний амь насыг санаатайгаар хохироосон гэж дүгнэх нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой. Хэрэв Л.Бийн үйлдлээс болж талийгаачийн амь нас үрэгдсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчилж болно. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа тодорхой нөхцөл байдлыг харгалзаж үзнэ. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, 1.4-т хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөлд хамаарна. Хохирол төлбөрийг төлсөн бөгөөд 9,000,000 төгрөг сэтгэл санааны хохиролд нэмж төлөгдсөн. Энэ баримтыг Д.Г өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хавсаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйл, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж ямар хүнийг хэлэхийг тодорхойлсон. С.Оюундарийн хувьд хууль ёсны төлөөлөгчөөр томилогдох боломжгүй. Учир нь хуульд заасан хамт амьдарч байх шаардлагыг хангахгүй. Түүнчлэн, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн гаргуулах нь боломжгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж, 82,500,000 төгрөг гаргуулах гэсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.” гэв.
9. Шүүгдэгч Л.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Бэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюундарь, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж, нотлох баримт үнэлэх журмыг эрх зүйн удирдлага болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах үүрэгтэй.
Дээрх зарчмыг хэрэгжүүлэн гаргасан шүүхийн шийдвэр нь хэлбэр, бүтэцийн хувьд Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байх ба удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчилгүй байхыг хуульчлан заасан.
2. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл "Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэн Р.Сүхбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд эмчлэгдэж байгаад нас барсан хэргийн үйл баримтын талаар тусгагджээ.
2.1. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Бэд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, түүнийг “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоол гаргахдаа тухайн гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа... хэргийн талаарх нөхцөл байдлыг гэм буруутайд тооцохдоо тусгана” гэж заасан. Иймд шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг нотолсноор хэргийн үйл баримтыг тогтоож, уг үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхэд үнэлэлт дүгнэлт өгсний дараа шүүгдэгчийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд нийцэх юм.
3.1. Шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа “Тодорхойлох нь” хэсгийн “эрүүгийн хариуцлагын талаар” хэсэгт “...8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Учир нь шүүгдэгч Л.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг дүгнэн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй...” гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болсон.
3.2. Мөн шүүх шүүгдэгч Л.Бийг “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар огт дүгнэлт хийгээгүй байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан.
Шүүх дээрх хорих ялын хэмжээг сонгон оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаарх дүгнэлтийг заавал хийх ба ингэснээр мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл хангагдана.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.32-т “шүүхийн иргэдийн төлөөлөгч” гэж шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэнийг хэлнэ гэж заасан.
Мөн Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр Б.Мөнгөнчимэгийг оролцуулсан байх ба тэрээр “шүүгдэгчийг гэм буруутай” хэмээн дүгнэлт гаргасныг шүүх “нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргасан” гэж дүгнэжээ.
Гэтэл анхан шатны шүүх Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.4-т “Тамгын газрын ажилтан иргэдийн төлөөлөгчид эрх, үүрэг, хүлээх хариуцлага, хуралдааны дэгийн талаар танилцуулж гарын үсэг зуруулна.”, 5.1-т “Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаан эхлэхээс өмнө хуралдааны танхимд тангараг өргөнө. 5.2-т “Иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагааг шүүх хуралдаан даргалагч удирдан явуулна.” 5.6-т “Иргэдийн төлөөлөгчийн тангаргийн хуудсыг хавтаст хэрэгт хавсаргана.” гэж заасан ажиллагааг хийгээгүй буюу иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Б.Мөнгөнчимэгийг иргэдийн төлөөлөгчийн тангараг өргүүлээгүй, хэргийн материалтай танилцуулж, эрх үүргийг танилцуулаагүй байгаа нь дээрх журам болон Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т “Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааны талаар хэнээс ч хараат бусаар санал, дүгнэлт гаргахаа батлан тангараглана” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох зөрчилд хамаарч байх тул анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/372 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
5. Шийтгэх тогтоолыг давж заалдах гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр хүчингүй болгосон тул шүүгдэгч Л.Бийн өмгөөлөгч Д.Гийн гаргасан “...зүйлчлэлийг хөнгөрүүлэх өөрчлөх үндэслэлтэй...” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюундарь, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын гаргасан “...сэтгэцэд учирсан хохирлыг буруу тооцсон...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
6. Шүүгдэгч Л.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар прокурор болон өмгөөлөгч нараас санал, хүсэлт гаргаагүйг харгалзан түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол Л.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
А.ЦЭРЭНХАНД