Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч Ж.Ч түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ч ид холбогдох эрүүгийн 1806 0536 01374 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.Ч , /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Ч нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 9 цагийн орчим Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тарвилан хийдийн гал тогооны өрөөнд иргэн С.Б зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Басанжав гэх хүн намайг эхнэртэйгээ хардаад намайг дарамталж мессеж бичсэн. Тэгээд тэр үед намайг ална гээд доромжлоод дарамтлаад байсан. Тэгэхээр нь би өөрөө очиж уулзахад намайг янхан лам гээд доромжлоод байхаар нь би 2-уулаа хүнгүй газар очоод уулзая гээд би сандал тавьж өгөөд би өөрөө сандал авах гээд эргээд харахад намайг 2 удаа цохисон. Тэгээд би эмнэлэгт үзүүлээд эр хүмүүс юм чинь гээд цагдаад хэлээгүй. Гэхдээ би тэр үед уураа барьж чадаагүй цохисон нь миний буруу гэв.

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Найз охин бид 2 түр салсан байж байгаад 2018 оны 2 сард буцаад нийлсэн юм. Тэгээд 2018 оны 3 сараас хойш найз охинтойгоо эвлэрч хамт амьдарч байхад 3 сард лам Ч гэх хүнээс найз Сарнай руу мессеж бичээд байхаар нь учир байдлыг нь тайлбарлаж хэлсэн юм. Өнгөрсөн 7 хоногийг Пүрэв гаригт Ч гэдэг залуутай уулзаж мессеж бичсэн байсныг олж мэдээд уг хүн рүү залгаад “урьд нь ярьж тохирсон биз дээ, яагаад харьцаад байгаа талаар хэлэхэд эхнэрээ маллаж чадахгүй бол хохь чинь гэж хэлээд над руу мессеж бичсэн. Тэгэхээр нь 2018 оны 6 сарын 16-ний өдөр Чимэддоржийн ажилладаг Тарвилан хийдээс асуухад ирээгүй байна гэсэн тул хийдийн үүдэнд хүлээгээд бууж байхад 9 цаг 45 минутын үед өөрөө ирэхээр нь “лам хүн байж айлын эхнэр эргүүлж явахаас ичээч гэсэн чинь энд юм яриад яах юм вэ, гал тогоо орж ярья гэж хэлээд хийдийн баруун талын хоосон амбааранд дагуулж орсон. Тэгээд хэрэлдэж, маргалдаж байгаад “чи миний нэр хүндийг лам нарын дунд унагалаа, алчий” гээд толгойн зүүн тал руу гараараа олон удаа цохисон, тэгээд болихгүй болохоор нь хаалга руу зүтгэж байгаад гарах гэсэн чинь хувцаснаас татаж ураад гаргахгүй цохиод байсан. Энэ үед цайны газрын эгч хажууд хараад зогсож байсан бөгөөд “Чимэдээ миний дүү болиоч” гэж хэлээд дийлэхгүй байсан. Тэгээд арай гэж зугтааж гараад хийд рүү ороод “танай лам чинь намайг зодчихлоо, ийм байж болдог юм уу” гэсэн чинь “гар, зайл, яв” гэж хөөж гаргасан. Тэгээд урд өдөр нь юм хийж байгаад гараа эсгэж гараа боосон байсан чинь гарнаас цус гараад болохгүй болохоор нь гэртээ хариад хэвтээд өгсөн. Тэгээд толгой өвдөөд болохгүй болохоор нь цагдаад хандаж байна, …гомдолтой байна, миний хамар хугарсан, хамраа эмчлүүлж хагалгаанд ороход мөнгө хэрэгтэй байгаа. Эдгээр баримтууд дээр үндэслэж 5.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-11 дүгээр хуудас/,

Гэрч Б.Смөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 сарын 16-ны өглөө Б намайг унтаж байхад гараад явсан. 9 өнгөрч байхад Чимэддоржоос “энэ салбадайгаа ирж ав” гэсэн мессеж ирэхээр нь залгасан чинь “нөхөр чинь миний ажил дээр ирсэн зодоод хөөгөөд явуулсан” гэсэн. Ингээд байж байхад өдөр 12 цагийн үед байх Басанжав подволк нь урагдсан зүүн талын шанаа, нүд нь хөхөрсөн, зодуулсан байдалтай Чимэддоржид зодуулсан гэсэн орж ирсэн. Басанжав гэрээс гарахдаа архи уугаагүй эрүүл гарсан бөгөөд бие эрүүл мэнд нь зүгээр байсан.”  гэх мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/,

Гэрч Ф.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:…өглөө 9 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд хийдийн үүдэнд согтуу залуу нүүр нь хажуу талдаа маажуулсан, хуруугаа боосон байдалтай орилоод лам нар луу орилж чарлаад зогсож байсан. Тэгээд би гал тогоонд ажил дээрээ байж байхад Ч лам нөгөө согтуу хүнийг дагуулж орж ирээд эв зүйгээр ярья гээд сандал өгөхөд суухгүй, Чимэдээ лам руу чичлэж дайрч байгаад толгой руу нь 2 удаа цохисны дараа Ч зөрүүлээд зүүн талын шанаанд нь 2 удаа цохисон. Тэгэхээр нь би салгаад нөгөө залуу гарна гээд байхаар нь Ч гаргахгүй гээд хувцаснаас нь татсан чинь подволк нь урагдсан тэр чигээрээ гараад хийдийн үүдэнд орилоод байсан. Тэр 2-ийн яриаг сонсоход эхнэртэй нь манай лам уулзсан, хардалтаас болсон юм шиг байсан. Тэгтэл хийдийн зохион байгуулагч орж ирээд Чимэддоржийг хүнийхээ учрыг ол гэсэн тул араас нь гараад явсан. Тэгээд тэр 2 дахиж орж ирээгүй. Тэр залуугийн амнаас архи үнэртэж байсан. Хуруугаа боосон, нүүрнийхээ нэг талд маажуулсан байсан, хөхөрч хавдсан зүйл харагдаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹7771 дүгнэлтэд “С.Б биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, баруун доод 1 дүгээр шүдний эмтрэл, цээжинд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, бусад гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 21 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 24 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Ч нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 9 цагийн орчим Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тарвилан хийдийн гал тогооны өрөөнд иргэн С.Б зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Ч холбогдох үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ж.Ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хаиуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Хохирогч С.Б нь 5.000.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлэг өгсөн боловч хэрэгт 399.400 төгрөгний хохирлын баримтыг гаргасныг шүүгдэгч Ж.Ч оос гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин ажилгүй байсан хугацааны цалин 1.200.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэргийн 34 дүгээр хуудсанд Масс Солюшн ХХК-д ажилд орсон гэх тодорхойлолтоос өөр нотлох баримт буюу ажилд орсон тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон бусад нотлох баримт байхгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв.…хамар хугарсан, хамрын эмчилгээ хийлгэх шаардлагатай мөнгө нэхэмжилнэ” гэснийг эмчилгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Хохирогч С.Б д шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч ирээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна”, 2 дахь хэсэгт “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.