Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00333

 

 

 

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00333

 

 

 

 

 

Юу Би Эй Зэт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03556 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Юу Би Эй Зэт ХХК-ийн хариуцагч Бавгар групп ХХК-аас 527 950 799 төгрөг гаргуулах хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямбадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэгмэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Юу Би Эй Зэт ХХК нь Бавгар ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр BPOL-2018 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 гудамж, 74 тоот хашаанд баригдаж буй Хууль сахиулагч-1 хотхоны орон сууцны В, Г, Д блокийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, барилгын ажлыг чанар, стандартын шаардлага хангасан байдлаар хийж гүйцэтгэж байсан боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажлын хөлс төлөх, барилгын бараа материал нийлүүлэх болон бусад үүргээ биелүүлээгүй. Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдөр Цагдаагийн Ерөнхий газрын Хууль сахиулагч-1 хотхоны В, Г, Д, Д1 блокийн барилга угсралтын ажил хүлээлцсэн акт үйлдэж, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тооцоо шалгасан дүгнэлт №1 үйлдсэн. Энэ тооцоогоор хариуцагч нь нэхэмжлэгчид тухайн өдрийн байдлаар 218 127 035 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болохыг талууд харилцан хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нийт 38 000 000 төгрөг төлсөн, 180 127 035 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2019/1231 дугаартай албан бичгээр 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн BPOL-2018 дугаартай 1 427 148 000 төгрөгийн үнийн дүн бүхий барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан. Түүнчлэн хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажлын хөлс төлөх, барилгын бараа материал нийлүүлэх болон бусад үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөний улмаас манай компани 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сул зогсч, Түмэн тулаас ХХК-д 10 598 330 төгрөгийн, Төгс гранд констракшн ХХК-д 13 520 000 төгрөгийн, Эс Би индустрал ХХК-д 4 628 084 төгрөгийн, Хэрлэн буян ХХК-д 24 948 000 төгрөгийн, иргэн Б.Отгонбаатарт 8 699 750 төгрөгийн нийт 62 394 164 төгрөгийн барилгын хэв хашмал, тулаасын түрээсийн төлбөр төлөх өртэй болсон. Манай компани гэрээний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэж байх үед хариуцагч нь өөрийн байгууллагын Бавгар ХХК гэсэн оноосон нэрийг Бавгар групп ХХК болгон өөрчилсөн болохыг тус компаниас 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2019/1231 дугаартай албан бичиг ирүүлэхэд мэдсэн. Хуулийн этгээд оноосон нэрээ солих нь тухайн хуулийн этгээдийг аливаа хариуцагчаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэр солиход хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн регистрийн дугаар өөрчлөгддөггүй. Иймд ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 180 127 035 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэг, гэрээний 13.5-д заасны дагуу гэрээний үнийн дүн болох 1 427 148 000 төгрөгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль 285 429 600 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хохирол 62 394 164 төгрөг, нийт 527 950 799 төгрөгийг хариуцагч Бавгар групп ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Бавгар групп" ХХК нь "Юу Би Эй Зэт" ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр BPOL-2018 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулан Баянзүрх дүүргийн 8-р хороо, УС-15 гудамж, 74 тоот хашаанд баригдаж буй Хууль сахиулагч-1 хотхоны орон сууцны В, Г, Д, Д блокийн барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Юу Би Эй Зэт ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй нь тус хотхоны угсралтын ажил гүйцэтгэсэн UBAZ ХХК-ийн тооцоог шалгасан дүгнэлт №1-д тодорхой тусгагдсан ба В, Г блокийн барилгын зоорийн давхрын угсралтын ажлын гүйцэтгэл 80 хувь, Д, Д-блокийн барилгын суурийн ажлын гүйцэтгэл 80 хувь, Д, Д1 блокийн барилгын зоорийн давхрын угсралтын ажлын гүйцэтгэлийг 70 хувьтай хийж гүйцэтгэснийг 2 талын ажлын хэсэг шалган тогтоож, Юу Би Эй Зэт ХХК-ийн захирал Б.Бямбадорж өөрсдийнхөө хийсэн ажлын дутуу гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч акт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Юу Би Эй Зэт ХХК нь анх Цагдаагийн Ерөнхий газрын ажлын хэсэг болон Бавгар групп ХХК-д барилгын суурь зоорийг өөрийн хөрөнгөөр 100 хувь гүйцэтгэж барилгын 1 дүгээр давхрыг хийж гүйцэтгэснээр санхүүжилт авах хүсэлтийг албан тоотоор өгсөн гэрээ хийх гол үндэслэл буюу үнийн санал хүргүүлсэн албан бичгээр Бавгар групп ХХК-д одоог хүртэл өгөөгүй Цагдаагийн Ерөнхий газрын ажлын хэсэг дээр одоог хүртэл байлгаж байгаа нь санаатайгаар гэрээг гуйвуулсан, хариуцлагаас зугтсан үйлдэл гэж үзэж байна. Мөн Юу Би Эй Зэт XXК нь гэрээний хугацаанд барилгын ажил гүйцэтгэх явцдаа гэрээнд заагдсан олон заалтуудыг зөрчиж, ажлыг дутуу, огт гүйцэтгээгүйгээс болж Бавгар групп ХХК нь гэрээний 3.1.10-т зааснаар захиалгат ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж улмаар захиалагчид алдагдал учрахаар болж, тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тул захиалагч гэрээг 13.3-т заасны дагуу нэг талын санаачилгаар цуцалсан. Гэрээний 3.1.5-д зааснаар барилгын норм ба дүрэм зөрчсөн, стандартаар зөвшөөрөгдөх хүлцэх алдаанаас хэтэрсэн болон барилгын материалын зүй бус хорогдол гарсан тул захиалагчийн хяналтын инженер фото зургаар баримтжуулан акт үйлдсэн. Бавгар Групп ХХК-ийн зөвлөх инженер Д.Батмөнх 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан зөвлөмжийн хуудсандаа зоорийн шалыг цутгахдаа тэгшилгээг сайн хийх, бэхжих хугацааны мөчлөгийг нарийн тохируулан өнгөлөх тухай зөвлөж, өнгөлгөөг тааруухан гүйцэтгэж байгаа талаар сануулсан. Гэтэл Юу Би Эй Зэт ХХК алдаа дутагдлаа засалгүй, цаг хугацаагаа бодитоор дүгнэж тохируулж хийгээгүй, чанаргүй ажил гүйцэтгэснийг захиалагч талын инженерүүд Х.Чинбат, Н.Бат-Эрдэнэ нар шалгаж зургаар баримтжуулан шаардлага хүргүүлэхээр хандахад захирал, инженерүүд нь байхгүй байсан. Гэрээний 2.6-д гүйцэтгэгч нь барилгын талбайд ажиллах инженер, техникийн ажилчид болон нарийн мэргэжлийн ажилчдын тоог нарийвчлан гаргаж, гэрээнд хавсаргах ба тэдгээр ажилчдаас 30 ажилчдыг өдөр бүр талбайд ажиллуулна. Эдгээр ажилчдын бүрэлдэхүүнд 1 инженер, 1 ХАБЭА-н ажилтан заавал багтана гэж заасан боловч өдөрт 1-2 ажлын бригад ажиллаж байсан бөгөөд хэн гэдэг инженер, ХАБЭА-н ажилтан үүрэг гүйцэтгэж байгаа нь тодорхойгүй байсан. 2.12-т зааснаар гүйцэтгэгч нь гэрээт үе шатны ажилтай холбогдох бүх шаардлагатай баримт баримтуудыг захиалагч талд өгөөгүй. Бавгар групп ХХК-ийн ХАБЭА-н ажилтан Б.Эрдэнэцэцэг UBAZ ХХК-ийн захирал Б.Бямбадорж болон нийт ажилчдыг ХАБЭА-н гэрээний 3.10-т заасан шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл болон каскаа өмсөхгүй байгаа тул анхааруулж дараагийн удаа торгох арга хэмжээ авахыг сануулж албан бичиг өгсөн. Урьд нь энэ зөрчил олон давтагдаж байсан. Гэрээний 2.7-д заасныг зөрчиж 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 15 минутад Юу Би Эй Зэт ХХК-ийн 24-12 УБП маркийн машинаар пум ачиж байсан 2 ажилтнаас архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь илт мэдэгдсэн. Үүнд Бавгар групп ХХК-ийн ХАБЭА Б.Эрдэнэцэцэг сануулсан бөгөөд гүйцэтгэгч компаниас эдгээр ажилчиддаа ямар арга хэмжээ авсан талаар албан бичгээр тайлбар тавиагүй. Гүйцэтгэгч нь 4.2.3-т гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэргэшсэн инженер, техникийн ажилчдыг ажиллуулах талаар захиалагч талд өөрсдийн ажилчдын бүртгэл, мэдээллээр хангаагүй. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хувийн багаж хэрэгсэл болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг дангаар хариуцах байтал барилгын ажилд шаардлагатай өөрийн мэдлийн тоног төхөөрөмжгүй, ихэнхийг нь бусад барилгын компанаас түрээслэж ашигладаг нь барилгын ажилд сөргөөр нөлөөлдөг. Гэрээний 4.2.11-д заасан санамж зөвлөмжийг ажилчиддаа өгдөггүй, энэ талаар танилцуулснаа ажилчдаараа гарын үсэг авч баталгаажуулж байсан нь тодорхойгүй, эдгээр дүрэм журмаа үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байснаа захиалагч талд мэдэгдэж байгаагүй. Захиалгат ажлыг гүйцэтгэхэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх бүх арга хэмжээг урьдчилж авах, захиалгат ажлын явцад хөрөнгийн болон хариуцлагын даатгалд даатгуулсан байх, учирсан эрсдэлийг хариуцах талаар арга хэмжээ авагдсан эсэх нь тодорхойгүй. Захиалагч талын инженерүүд, ХАБЭА-нд албан ёсоор мэдэгдээгүй. 7.2, 7.4, 7.5-д гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээ саатсан буюу хэрэгжээгүй тохиолдолд гэрээний аль нэг тал нөгөө талаасаа анз аливаа хохирлыг нөхөн төлөхийг шаардахгүй гэсэн байхад Юу Би Эй Зэт ХХК нь 62 394 .164 төгрөгийн барилгын хэв хавшмал, тулаасын түрээсийн төлбөр төлөх өр төлбөрийг захиалагч талаас нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Бавгар групп ХХК-ийн зүгээс 2019 оны 3 сард Юу Би Эй Зэт ХХК-д албан тоотоор барилгын В/Г блокийн зоорийн давхрын цутгалтын ажил гүйцэтгэл чанарын хангалтгүй тул 2019 оны 04 дүгээр сарын 15-наас өмнө засварын ажлыг хийж дуусган барилгын актын хамт хүлээлгэн өгөх тухай хүсэлт явуулсан ба засварын ажил хийгдэж энэ шалтгааны улмаас ажил удааширч сунжирсан нэг тохиолдол мөн. Гүйцэтгэгч 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1 хүсэлт явуулснаас хойш ямар ч захиалгын төлөвлөгөөг гаргаж өгөөгүй. Барилгын өдөр тутмын ажлын тайлан, талбайн журнал, ил далд ажлын акт болон бусад бичиг баримтуудыг төрийн эрх бүхий байгууллагын шаардлага, стандартын дагуу үнэн зөв хөтөлж, холбогдох хүмүүсээр цаг тухайд нь бичилтийг хийлгэн баталгаажуулж байсныг гүйцэтгэгч хэрхэн хийж гүйцэтгэж байсныг захиалагч талд танилцуулаагүй. Ажил гүйцэтгэсэн тэмдэглэлийг өгсөн боловч дээр заасан шаардлагуудыг хангаагүй. Гүйцэтгээгүй үүргийн дүнг тодорхойлох боломжгүй бол гэрээний нийт дүнгээс тооцно гэсний дагуу захиалагч хэдий алданги тооцож гүйцэтгэгчээс нэхэмжилж болох боловч 2 талын давагдашгүй хүчин зүйлийн улмаас гүйцэтгэгчийн гүйцэтгэлд хугацаа алдсан, хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй тул засварын ажил дахин хийгдсэн зэрэг асуудлуудад захиалагч талаас гэрээний үүргийн шаардлага гэж нэхэмжлээгүй, тохиролцох, яриа хэлэлцээний журмаар асуудлыг шийдэх хүсэл зорилготой маргаанд хандсаар ирсэн. 2019 оны 07 сарын 26-нд захиалагчаас албан тоотоор 2 удаа талуудын хооронд байгуулсан /BPOL-2018/ гэрээг цуцлах, ажлын гүйцэтгэлийн төлбөрт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлалтай 49 В байрны 55 тоот 140 м.кв орон сууцыг 1 м.кв-ийг 1 750 000 төгрөгөөр тооцож санал тавихад Юу Би Эй Зэт" ХХК-ийн захирал Б.Бямбадорж нь орон сууцны үнийн дүнгийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй ба захиалагч талаас бартераар өгөх орон сууцныхаа 1 м.кв-ийг 1 500 000 төгрөгөөр тооцохыг санал болгоход зөвшөөрсөн хэдий ч Бавгар Групп ХХК-аас дотоод ажлын шалтгаанаас уг байрыг шилжүүлэх боломжгүй болж дээр дурдсан байрны оронд тус байрны 1 давхарт байрлах үйлчилгээний төвийн хэсгээс үнийн дүнд нь тохирсон үл хөдлөх, эсвэл автомашинуудыг эсвэл шинээр баригдах В, Г блокийн байрнуудаас орон суүц санал болгосон хэдий ч одоог хүртэл тохиролцоонд хүрээгүй. Иймээс гэрээний 13.3-т зааснаар захиалагч тал гэрээг цуцалсан бөгөөд 285 429 600 төгрөгийн торгуулийг төлөх үндэслэлгүй. Бавгар групп ХХК нь Юу Би Эй Зэт ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хууль сахиулагч-1 хотхоны угсралтын ажил гүйцэтгэсэн UBAZ ХХК-ийн тооцоог шалгасан дүгнэлт №1-д тусгасан ажлын хөлсний үлдэгдэл 180 127 035 төгрөгийг гэрээнд зааснаар ажил гүйцэтгэсэн нийт төлөх 292 765 300 төгрөгийн үнийн дүнгийн 40 хувь 117 106 120 төгрөгийг бартераар тооцуулан төлж, үлдэгдэл 63 160 915 төгрөгийг бэлнээр төлж барагдуулна гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Бавгар групп ХХК-аас 224 373 115 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Юу Би Эй Зэт ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 303 577 684 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 797 705 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Бавгар групп ХХК-аас 1 279 815 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Юу Би Эй Зэт ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэгмэдийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нь арматурыг хугацаандаа нийлүүлээгүйн улмаас гүйцэтгэгч тал барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор бусдаас хэв хашмал түрээсэлж 44 246 080 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Гэрээний 2.4-т гүйцэтгэгч нь ажлын график боловсруулан захиалагчид хүргүүлэн батлуулж, батлагдсан графикийг мөрдөж ажиллана гэж заасан боловч график төлөвлөгөө байхгүй атлаа бараа материал шаардах нь гэрээний заалтыг зөрчсөн үйлдэл мөн. Гэрээний 3.1.5-д зааснаар барилгын норм ба дүрэм зөрчсөн, стандартаар зөвшөөрөгдөх хүлцэх алдаанаас хэтэрсэн болон барилгын материалын зүй бус хорогдол гарсан тул захиалагчийн хяналтын инженер нь фото зургаар баримтжуулан акт үйлдсэн. Бавгар Групп ХХК-ийн зөвлөх инженер Д.Батмөнх 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан зөвлөмжийн хуудсандаа зоорийн шалыг цутгахдаа тэгшилгээг сайн хийх, бэхжих хугацааны мөчлөгийг нарийн тохируулан өнгөлөх тухай зөвлөж, ерөнхийдөө өнгөлгөөг тааруухан гүйцэтгэж байгааг сануулсаар байтал "Юу Би Эй Зэт" ХХК нь алдаа дутагдлаа засаагүй, цаг хугацаагаа бодитоор дүгнэж тохируулж хийгээгүй, чанаргүй ажил гүйцэтгэснийг захиалагч талын инженер Х.Чинбат, Н.Бат-Эрдэнэ нар шалгаж зургаар баримтжуулан шаардлага хүргүүлэхээр хандсан боловч захирал, инженерүүд нь байгаагүй, удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлээгүй атлаа дараагийн ажлыг хийхээр арматур, бетоны нийлүүлэлтийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Манай компаниас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 352 дугаар зүйлийн 352.2.1-д заасныг үндэслэн гэрээний 3.1.9-д зааснаар дээрх алдаа зөрчлүүдийг түргэн засаж янзлаагүй тохиолдолд үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй тухайгаа гэрээний 3.1.1-д тусгаснаар 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шаардлага хүргүүлэх тухай албан тоотоор мэдэгдсэн. Нотлох баримтад хавсаргагдсан шаардлага хүргүүлэх тухай албан тоот, түүнд хавсралтаар баримтжуулсан барилгын ажлын явцын фото зургууд болон зөвлөх инженер Д.Батмөнхийн зөвлөмжийн хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан журмын дагуу үнэлэлгүй шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй байна. Гэрээний 2.6-д заасан өдөрт 30 ажилчид тэр дундаа 1 инженер, 1 ХАБЭА ажиллуулах заалт зөрчигдсөн бөгөөд нэхэмжлэгчийн хариуцлагагүй ажлын үр дүнд засах ажил удааширсан бөгөөд анхан шатны шүүх ажиллагааны явцад ажилласан ажилчдынхаа тоо болон нотолгоог асуусан боловч нотолж чадаагүй. Энэ зөрчлийн талаар шүүгч хянаж шалгаж нотлуулах ажиллагаа явуулаагүй. Гэрээний 2.12-т үе шатны ажилтай холбоотой бүх шаардлагатай бичиг баримтыг гүйцэтгэгч нь захиалагчид өгөх байсан боловч олгоогүй, энэ тухай шүүх дээр дурьдсан ч шүүгч баримт нотолгоо шаардаагүй. Гэрээний 4.2.7-д ажил гүйцэтгэхэд шаардлагатай хувийн багаж хэрэгсэл болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг дангаар хариуцаж бүрэн багажтай хариуцах гэсэн байхад гүйцэтгэгч нь өөрийн мэдлийн барилгын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжгүй бүгдийг нь түрээсээр бусад барилгын компанийн тоног төхөөрөмжийг ашигладаг, энэ үйлдлийг нь тооцолгүй талуудын байгуулсан гэрээний тус заалтыг орхигдуулж хариуцагч талд хохиролтойгоор шийдвэрлэсэн. Гэрээний 4.2.1-д заасан гүйцэтгэгч нь ... өөрийн хөрөнгө, багаж хэрэгсэл ... ашиглан ажлыг гүйцэтгэнэ гэснийг харгалзан үзээгүй. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсгийн заалтуудыг анхаарч үзээгүй. Гэрээний 8.5-д гүйцэтгэгч нь захиалагчаас баталгаат хугацаанд гаргасан засвар үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг заавал бичгээр хүлээн авах ба уг санал хүсэлтийг барагдуулсан тухай бичгээр тайлан, мэдээлэл хүргүүлнэ гэж заасны дагуу Бавгар групп ХХК-ийн зүгээс 2019 оны З дугаар сард Юу Би Эй Зэт ХХК-д хүсэлт гаргах тухай албан тоотоор барилгын В, Г блокын зоорийн давхрын цутгалтын ажлын чанар хангалтгүй тул 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө засварын ажлыг хийж дуусган барилгын актын хамт хүлээлгэн өгөх хүсэлт явуулсан. Засварын ажил хийгдэж уг шалтгааны улмаас ажил удааширч сунжирсан бөгөөд гүйцэтгэгч талаас засвар үйлчилгээ хийсэн тухай тайлан мэдээлэл манай компанид өгөөгүй тул бидний зүгээс дараагийн бараа материалын нийлүүлэлтийг хийгээгүй, энэ талаарх хүсэлт гаргах тухай албан бичгийг шүүх үнэлээгүй. Иймд шүүхийн шийдвэрийн Түмэн тулаас ХХК-д төлөх 10 598 330 төгрөг, Хэрлэн буян ХХК-д төлөх 24 948 000 төгрөг, иргэн Б.Отгонбаатарт төлөх 8 699 750 төгрөг, нийт 44 246 080 төгрөгийн хохирлыг Бавгар групп ХХК-аас гаргуулах хэсгийг хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын ажил гүйцэтгэх гэрээний маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч Юу Би Эй Зэт ХХК нь хариуцагч Бавгар групп ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 180 127 035 төгрөг, торгууль 285 429 600 төгрөг, хохирол 62 394 164 төгрөг, нийт 527 950 799 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч нь 180 127 035 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, үүнээс 117 106 120 төгрөгийг бартераар, 63 160 915 төгрөгийг бэлэн мөнгөөр төлнө, торгууль, хохирлыг төлөхгүй гэж маргасан байна.

Талууд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 гудамж 74 тоот хашаанд баригдаж буй Хууль сахиулагч-1 орон сууцны хотхоны В, Г блокын барилга угсралтын ажлыг зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлс, үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

1. Нэхэмжлэгч ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 180 127 035 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Хэргийн 1 дүгээр хавтасны 180-193 дахь талд зохигчдын ажил хүлээлцсэн тухай 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн акт, угсралтын ажил гүйцэтгэлийн тооцоог шалгасан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт, ажлын хөлс бэлнээр, дансаар шилжүүлсэн баримтуудаар В, Г блокын барилгын суурийн ажлын гүйцэтгэл 100 хувь, В, Г блокын барилгын зоорийн давхрын угсралтын ажлын гүйцэтгэл 80 хувь, Д, Д блокын барилгын суурийн ажлын гүйцэтгэл 80 хувь, Д, Д1 блокын барилгын зоорийн давхрын угсралтын ажлын гүйцэтгэл 70 хувь хийгдсэн, нийт гүйцэтгэсэн ажлын хөлс 292 765 300 төгрөг, үүнээс 112 638 265 төгрөгийг хариуцагч тал төлж 180 127 035 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь нотлогдож байна.

Зохигчид энэ талаар маргаагүй, шүүх уг мөнгөн дүнг гэрээний 6.2-т заасныг үл харгалзан хариуцагч гэрээнд заасан ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр бартераар бус мөнгөн хэлбэрээр гаргуулсныг буруутгах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь гэрээний 13.5-д заасны дагуу нийт ажлын хөлсний дүн 1 427 148 000 төгрөгийн 20 хувь буюу 285 429 600 төгрөгийн торгууль нэхэмжилснийг шүүх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй гэж хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Шүүх гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүсэх хохиролд 62 394 164 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 44 246 080 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгджээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сул зогсолт хийж бусдад 62 394 164 төгрөгийн барилгын хэв хашмал, тулаасын түрээсийн төлбөр төлөх өр үүссэн гэж тайлбарладаг.

Гэрээний 2.9, 3.2.6-д заасан ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг гүйцэтгэгчийн захиалгын дагуу нийлүүлэх үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй байх ба тэрээр Цагдаагийн байгуулагаас орж ирэх санхүүжилт хойшилж арматур нийлүүлэх хугацаа алдсан гэж тайлбарладаг. Хэдийгээр гэрээний 7.2, 7.5-д Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсгийн заавар, шийдвэр болон албан хаагчдын санхүүжилтын саатал нь давагдашгүй хүчин зүйл болох, энэ нөхцөл байдлын улмаас гэрээ саатсан, хэрэгжээгүй бол гэрээний хэн аль нь аливаа хохирлыг шаардах эрхгүй байхаар талууд тохиролцсон байх боловч хариуцагч нь энэ үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Захиалагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гүйцэтгэгч тал 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Түмэн тулаас ХХК-тай, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэрлэн буян ХХК-тай, 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Отгонбаатартай тус тус барилга угсралтын материал, хэв хашмал түрээслэх гэрээ байгуулж, нийт 44 246 080 төгрөгийн хэв хашмал түрээслэсэн, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сул зогссон нь хэргийн 51-53, 56-57, 65-68 дүгээр талд авагдсан гэрээ, албан бичиг, нэхэмжлэх, гэрч А.Ганбат, Л.Манлайсүрэн, Б.Отгонбаатар нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэрээ цуцласны улмаас үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.6 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэл чанарын доголдолтой байсан, шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, барилгын ажилтай холбоотой баримтыг шаардаж аваагүй, барилгын тоног төхөөрөмжөөр хангах гэрээний заалтыг буруу ойлгосон гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. Үүнд, ажлын гүйцэтгэл чанарын шаардлага хангаагүй гэж захиалагч үзэж байгаа нөхцөлд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д заасан шаардлагыг гаргах эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн хариуцагчийн давж заалдах гомдолд дурьдсан 2019 оны 3 сард Юу Би Эй Зэт ХХК-д хүргүүлсэн гэх албан бичиг хэрэгт авагдаагүй байх тул нотлох баримтыг үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч өөрийн гаргасан шаардлага, тайлбар үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж гаргах өгөх үүрэгтэй бөгөөд, талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг шүүх тайлбарлан өгсөн байна. Талууд гэрээ хэрэгжих явцад хэн ямар материал, техник хэрэгсэл гаргах талаар нарийвчилан тохиролцоогүй. Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Бавгар групп ХХК-ийн Түмэн тулаас ХХК, Хэрлэн буян ХХК, иргэн А.Отгонбаатар нарт явуулсан албан бичгийн агуулгаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг барилга угсралтын ажил гүйцэтгэхэд хэв хашмал, тулаасаар хангах үүрэг хүлээсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 190 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ