Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 562

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч С.Энхтуул,

Шүүгдэгч Ц.Буянтогтох, Ц.Буяндэлгэр, Б.Батбаатар /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Буянтогтох, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Буяндэлгэр, Б.Батбаатар нарт холбогдох эрүүгийн 1711 00778 0521 дугаартай хэргийг 2018 оны 7 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Таахай овгийн Цолмонбаатарын Буянтогтох, 1986 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Сайхан овоо суманд төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайхан овоо сум, 3 дугаар баг, Хадан хошууны 10-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ЗЛ86062306/,

 

Монгол Улсын иргэн, Таахай овгийн Цолмонбаатарын Буяндэлгэр, 1982 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайхан овоо суманд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 52-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ЗЛ82101708/,

 

Монгол Улсын иргэн, Хошуу овгийн Баясгалангийн Батбаатар, 1982 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайхан овоо суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дундговь аймгийн Сайхан Овоо сум, 2 дугаар баг Мааньтад оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ЗЛ83050215/,

 

Шүүгдэгч Ц.Буянтогтох нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Бодьгэрэлийн автомашинаас буухдаа арын суудал дээр байсан гар цүнхтэй Эл жи Эйч 845, самсунг Эс-4 загварын 2 ширхэг гар утас, 2 ширхэг хөөрөгний толгой, бэлэн 150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2.040.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Ц.Буяндэлгэр нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 52-14 тоотод Ц.Буянтогтохын хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан 750.000 төгрөгийн үнэ бүхий “Эл жи Эйч 845” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан,

Шүүгдэгч Б.Батбаатар нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 52-14 тоотод Ц.Буянтогтохын хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан 140.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-4 загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Буянтогтох мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Буяндэлгэр мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батбаатар мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Д.Бодьгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-46-54/, Ц.Буяндэлгэрийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-77-79/, Ц.Буянтогтохын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-63-65, 74-76/, Б.Батбаатарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-66-67/, 80-82/ гэрч Д.Батдэмбэрэлийн мэдүүлэг /хх-59/, эд зүйлийн үнэлгээ /хх-23-24/ захиргааны арга хэмжээ авагдсан болон зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан тухай лавлагаа /хх-87-89/, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч  Ц.Буянтогтох нь 2017 оны 9 сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Бодьгэрэлийн автомашинаас буухдаа арын суудал дээр байсан гар цүнхтэй Эл жи Эйч 845, самсунг Эс-4 загварын 2 ширхэг гар утас, 2 ширхэг хөөрөгний толгой, бэлэн 150.000 төгрөгийг авч бусдад 2.040.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Ц.Буяндэлгэр нь 2017 оны 9 сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 52-14 тоотод Ц.Буянтогтохын хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан 750.000 төгрөгийн үнэ бүхий “Эл жи Эйч 845” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөртөө худалдан авч ашигласан,

 

Шүүгдэгч Б.Батбаатар нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 52-14 тоотод Ц.Буянтогтохын хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан 140.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-4 загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөртөө худалдан авч ашигласан болох нь:

 

Хохирогч Д.Бодьгэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-49-52/: “..би 2017 оны 9 дүгээр сарын 09-ний орой 21 цаг 10 минутаас 21 цаг 40 минутын хооронд Дэнжийн мянгын шинэ замаас 30 орчим насны эмэгтэй хүн гараа өргөхөөр нь аваад Дэнжийн мянгын цагаан байрны автобусны буудал дээр буулгасан. Тэр эмэгтэй миний машинаас буухдаа жижиг хүрэн өнгийн арьсан цүнхтэй эд зүйл аваад буусан байсан. Цүнхэн дотор 2 ширхэг гар утас, түрийвч, 150.000 төгрөг бэлнээр, иргэний үнэмлэх, төрийн банкны карт, хөөрөший жижиг 2 ширхэг шүрэн толгой зэрэг эд зүйл байсан. ...Би яг сайн санаж байгаа бөгөөд миний машинд суух үед гартаа ямар нэг эд зүйл бариагүй байсан талаар тод санаж байна..” гэсэн мэдүүлгээр,

 

Шүүгдэгч Ц.Буянтогтохын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн /хх-74-76/ “..2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр орой ажлаасаа 21 цагийн үед буугаад эгч Буяндэлгэрийн гэрт ирээд байж байтал манай хамаатны эгч Улаанаа намайг цагаан байран дээр гараад ир уулзая гэсэн учраас гэрээсээ гараад /одоо машины маркийг санахгүй байна/ такси бариад цагаан байр хүртэл яваад буусан. Тэгээд Улаанаагийн гэрт очиж уулзчихаад эргээд Буяндэлгэр эгчийн очсон тэгээд эргэж гарах гээд хувцасаа солих санаатай барьж явсан тортой хувцаснуудаа үзэж байтал жижиг эрэгтэй цүнх нэг ширхэг байсан. Тэгээд цүнхэн дотор байсан зүйлийг үзэхэд 2 ширхэг гар утас, 2 ширхэг хөөрөгний толгой, бэлэн мөнгө 100 гаран мянган төгрөг, бичиг баримтууд байсан. Тухайн үед би таксины жолоочын цүнхийг өөрийн эд зүйлтэйгээ хамт аваад бууснаа мэдсэн. Тэгээд бичиг баримтны хаягаар аваачаад өгье гэхэд манай хуучин хүргэн ах Батбаатар аваачиж өгөөд хэрэггүй, наад хүмүүс нь илүү дутуу зөндөө юм нэхээд байдаг юм гээд байсан. Тэгээд хэд хоногийн дараа би олсон цүнхэндээ байсан 2 ширхэг гар утасыг хүргэн ахдаа нэгийг нь өгсөн. Нөгөө нэгийг нь эгч Буяндэлгэртээ өгөөд бэлэн мөнгийг нь тухайн үед зарцуулаад дууссан. Мөн 2 ширхэг хөөрөгний толгойг нь Дундговь руу авч яваад хүүхдүүд тоглоод алга болсон байх сайн санахгүй байна .Үнэтэй зүйл гэж мэдээгүй..” гэсэн мэдүүлгээр,

 

 Шүүгдэгч Ц.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: /хх-77-79/ “..2017 оны 9 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн үед манай төрсөн дүү Ц.Буянтогтох хүнтэй уулзана гэж хэлээд гараад явсан. Тэгээд удалгүй таксинаас олсон гээд хүрэн өнгийн жижиг гар цүнх барьчихсан орж ирсэн. Буянтогтохын олсон гээд байсан цүнхэнд нь “самсунг галакси эс-4” маркийн гар утас нэг ширхэг, Элжи жи-5 маркын гар утас нэг ширхэг мөн бичиг баримт байсан. Тэгээд цүнхэн дотор байсан эд зүйлийг үзүүлчихээд 2 ширхэг хөөрөгний толгой, бэлэн зуу гаран мянган төгрөг болон эрэгтэй хүний манайд орхиод гараад явсан. Үүний дараа нөгөө цүнхтэй эд зүйл манайд нилээн хэд хоносон бөгөөд бичиг баримтаар нь эзэнд нь өгье гэхэд манай хуучин нөхөр болох Б.Батбаатар өгөөд хэрэггүй та нараас өөр элдэв янзын юм нэмээд нэхээд байна хэрэггүй гэж зөвлөсөн. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр миний өөрийн барьж байсан гар утас эвдэрчихсэн бөгөөд Буянтогтох намайг энэ гар утсыг авах уу гээд “Эл жи жи-5” маркийн гар утсыг надад өгсөн учраас би 150.000 төгрөг дүүдээ өгч байсан. Нөгөө rap утсыг нь манай нөхөр Буянтогтохоос гуйгаад авч байсан. Хөөрөгний толгойг яасан талаар би мэдэхгүй байна..” гэсэн мэдүүлгээр,

 

Шүүгдэгч Б.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-80-82/ “..2017 оны 9 дүгээр сарын 09-ний орой ажлаасаа гараад гэртээ ирэх үед манай эхнэрийн төрсөн дүү Буянтогтох цүнхтэй эд зүйл олсон гээд байж байсан. Буянтогтохын олсон цүнхэнд самсунг галакси эс-4 маркын гар утас нэг ширхэг бараан өнгий утас байна гэж байсан мөн эл жи жи-5 маркын саарал өнгийн гар утас байсан санаж байсан. Бэлэн мөнгө зуу гаран мянган төгрөг, 2 ширхэг хөөрөгний толгой байсан. Эл жи жи-5 маркийн гар утсыг манай эхнэр Буяндэлгэр худалдаж авсан гэсэн би хэдэн төгрөгөөр авсан талаар мэдэхгүй байна. Нөгөө самсунг маркийн гар утсыг би Буянтогтохоос ахдаа өгөхгүй юмуу гэж гуйгаад 20,000 төгрөгөөр авсан. Бусад зүйлийг яасан талаар би мэдэхгүй байна. Би өөрийн авсан гар утсаа удалгүй архи ууж явж байгаад хаячихсан байсан..” гэсэн мэдүүлгээр, болон эд зүйлийн үнэлгээ /хх-23-24/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-32-33/, Б.Батбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-83/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84/, Ц.Буянтогтохын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-90/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-92/, Ц.Буяндэлгэрийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-93/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-94/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Д.Бодьгэрэл эд зүйлээ алдсан, хохирлоо шүүгдэгч нараар төлүүлсэн, одоо гомдол саналгүй талаар мэдүүлсэн, шүүгдэгч Ц.Буянтогтох нь хохирогчийн эд зүйлийг хулгайлсан болохоо мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан эд зүйл 2.040.000 төгрөгийн үнэтэй болох нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Буянтогтохын дээрх байдлаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Буянтогтохыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байх тул Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Буянтогтоход ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлж барагдуулсаныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Буяндэлгэр , Б.Батбаатар нар нь хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж шүүгдэгч Ц.Буянтогтохоос “Эл Жи Эйч 845” загварын гар утас, “Самсунг Эс-4” загварын гар утсын худалдаж авсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

 Шүүгдэгч Ц.Буяндэлгэр, Б.Батбаатар нарын дээрх байдлаар Ц.Буяндэлгэрээс гар утас худалдаж авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “гэмт хэргийн улмас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшисэн, ашигласан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Буяндэлгэр, Б.Батбаатар нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшисэн, ашигласан гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байх тул Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Буянтдэлгэр, Б.Батбаатар нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсаныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Буянтогтох, Ц.Буяндэлгэр, Б.Батбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Таахай овогт Цолмонбаатарын Буянтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Таахай овогт Цолмонбаатарын Буяндэлгэр, Хошуу овогт Баясгалангийн Батбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшисэн, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Буянтогтохыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Буянтогтоход оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буяндэлгэр, Б.Батбаатар нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Ц.Буяндэлгэр, Б.Батбаатар нарыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

6. Шүүгдэгч Ц.Буяндэлгэр, Б.Батбаатар нарт шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдвэл ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Буянтогтоход нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

8. Шүүгдэгч Ц.Буянтогтох, Ц.Буяндэлгэр, Б.Батбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МӨНХБАЯР