Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/61

 

 

2025             9                  16                                                       2025/ДШМ/61

 

                                Л.А, Э.Б,

                                      Д.Л, Г.Ц нарт

                           холбогдох эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Энхтөр,

Яллагдагч Л.Аын өмгөөлөгч Э.У  /цахим/,

Яллагдагч Г.Цэрэндагвын өмгөөлөгч М.Б_,

Яллагдагч Э.Б, түүний өмгөөлөгч С.У,

Яллагдагч Д.Л, түүний өмгөөлөгч Ө.У,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/1015 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Энхтөрийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Л.А, Э.Б, Д.Л, Г.Ц нарт холбогдох эрүүгийн 2201000410051 дугаар хэргийг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Т аймгийн З..... суманд 1981 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто машин, авто аж ахуйн механик инженер мэргэжилтэй, Т..... аймгийн .......... Засаг дарга ажилтай, ам бүл-8, эхнэр, 6 хүүхдийн хамт Т. аймгийн З. сумын Т. ....... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т............ овогт Л....... А.........., /РД:......................./.

2.Монгол Улсын иргэн, Т. аймгийн З. суманд 1994 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уулын баяжуулагч мэргэжилтэй, "Баян Заамар Майнинг" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-1, Т. аймгийн З.сумын .дугаар баг .......... 3 гудамж, . тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х . овогт Э.......Б............, /РД:......................./.

3.Монгол Улсын иргэн, Т. аймгийн Б. суманд 1959 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Гурван тамга" ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Х . дүүргийн . дугаар хороо ..................... тоотод оршин суух хаягтай, урьд УБГ шүүхийн 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 8 дугаартай тогтоолоор (1986 оны) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Ш. овогт Д......... Л.........., /РД:......................../.

4. Монгол Улсын иргэн, Т. аймгийн .уманд 1980 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уламжлалт эм, зурхай судлал мэргэжилтэй, "Зэумар Жалбо" нөхөрлөлийн эрхлэгч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт . Т аймгийн З.......... сумын ................ дугаар багт бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Элизабет хотхоны 215 дугаар байрны 707 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У......... ...... овогт Г.  Ц......, /РД:................/.

5. Яллагдагч Л.А нь Төв аймгийн Заамар сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.4-т "төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах", 7.1.5-т "албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", 7.1.6-т "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх", 7.1.7-т "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-т "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх мөн зүйлийн 37.1.2-т "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т "албаны эрх мэдлээ хэтрүүлэх", 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах" гэж заасныг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", 6.4-т "Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ", 6.5-т "Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ" гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах тус сумын Засаг даргын тамгын газрын ажлын байрандаа байхдаа сумын Засаг даргын нэр нөлөө буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Заамар сумын Засаг даргын тамгын газарт Автогрейдер хэрэгтэй байгаа тул нийгмийн хариуцлагын хүрээнд тус суманд авч өгөх талаар саналыг "Гурван тамга" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лд тавьж, улмаар иргэн Л.Пүрэвсүрэнгээс 2010 онд үйлдвэрлэсэн SG166AA300207 арлын дугаартай, 12-88 УР улсын дугаартай Автогрейдерийг худалдан авахыг санал болгож, техникийн үнэ болох 130,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагaa явуулдаг "Гурван тамга" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лгээр төлүүлж, тээврийн хэрэгслээ худалдан борлуулах нөхцөлийг бүрдүүлж Л.Пүрэвсүрэнд эдийн засгийн давуу байдал бий болгосон,

мөн үргэлжилсэн үйлдлээр Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах тус сумын Засаг даргын тамгын газрын ажлын байрандаа байхдаа сумын Засаг даргын нэр нөлөө буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Заамар сумын Засаг даргын тамгын газарт Автозам индүүдэгч хэрэгтэй байгаа тул нийгмийн хариуцлагын хүрээнд авч өгөх талаар саналыг "Ирмүүн босго" ХХК-ийн захирал Х.Цогоод тавьж, улмаар иргэн Ч.Цогтсайханаас 2013 онд үйлдвэрлэгдсэн, 90X0018130335 арлын дугаартай 30-31 УН улсын дугаартай Автозам индүүдэгч механизмыг худалдан авахыг санал болгож, техникийн үнэ болох 90,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Ирмүүн босго" ХХК-ийн захирал Х.Цогоогоор төлүүлж, тээврийн хэрэгслээ худалдан борлуулах нөхцөлийг бүрдүүлж Ч.Цогтсайханд эдийн засгийн давуу байдал бий болгосон,

мөн Төв аймгийн Заамар сумын нутагт "Баян заамар майнинг" ХХК, "Чимэд сайн үйлс" нөхөрлөлийн нэрээр уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Э.Бийн Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа саадгүй явуулах гэсэн ашиг сонирхлыг ашиглан Э.Бээс тээврийн хэрэгслийн засварын мөнгө, сургуулийн багш нарт мөнгө өгөх нэрийдлээр хахууль өгөхийг шаардаж, сумын Засаг даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байхдаа С.Цэндсүрэнгийн хаан банканд эзэмшдэг 5007370615 тоот дансаар дамжуулан 2,500,000 төгрөгийн,

Төв аймгийн Заамар сумын нутагт алтны бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Зэумар Жалбо" нөхөрлөлийн эрхлэгч Г.Цэрэндагвын Төв аймгийн Заамар сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа саадгүй явуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс мөнгө өгөхийг шаардаж сумын Засаг даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байхдаа өөрийн найз Г.Гүндсамбуугийн хаан банканд эзэмшдэг 5739059539 тоот дансаар дамжуулан 7,000,000 төгрөгийн,

Төв аймгийн Заамар сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Гурван тамга" ХХК-ийн захирал Д.Лгийн Төв аймгийн Заамар сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа саадгүй явуулах гэсэн ашиг сонирхлыг ашиглан Д.Лгээс Төв аймгийн Заамар сумын Ардчилсан намын гишүүд гадаад улсад сургалтад явахад мөнгө хэрэгтэй гэх нэрийдлээр хахууль өгөхийг шаардаж, сумын Засаг даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байхдаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Болормаагийн хаан банканд эзэмшдэг 5752006931 тоот дансаар дамжуулан 3,000,000 төгрөгийн хахууль тус тус авсан буюу нийт үргэлжилсэн үйлдлээр 15,500,000 төгрөгийг хахууль авсан,

6.Яллагдагч Э.Б нь "Баян заамар майнинг" ХХК-ийн захирал болон “Чимэд сайн үйлс” нөхөрлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа хэвийн явуулж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сумын Засаг дарга Л.Аын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний шаардсаны дагуу 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт байхдаа өөрийн хаан банканд эзэмшдэг 5752117756 тоот данснаас Цэндсүрэнгийн хаан банканд эзэмшдэг 5007370615 тоот дансанд 2,500,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн,

7.Яллагдагч Д.Л нь "Гурван тамга" ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа хэвийн явуулж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сумын Засаг дарга Л.Аын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний шаардсаны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн хаан банкны 8032888887 тоот данснаас Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Болормаагийн эзэмшлийн хаан банкны 5752006931 тоот дансанд "тийз 99110052" гэх гүйлгээний утгаар 3,000,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн,

8.Яллагдагч Г.Ц нь алтны бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Зэумар Жалбо" нөхөрлөлийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа хэвийн явуулж, өөртөө  давуу байдал бий болгох зорилгоор тус сумын Засаг дарга Л.Аын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний шаардсаны дагуу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн хаан банкны 5027814844 тоот данснаас Г.Гүндсамбуугийн эзэмшлийн хаан банкны 5739059539 тоот дансанд 7,000,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

9. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Л.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Яллагдагч Э.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Яллагдагч Д.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Яллагдагч Г.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

10. Анхан шатны шүүх “...таслан сэргийлэх арга хэмжээний асуудал шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлийг хэрэгт хавсаргаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлийг зөрчсөн,

-хэрэг нэгтгэсэн прокурорын тогтоолын хуулбар хэрэгт авагдсан нь хуулийн шаардлага хангаагүй,

-яллах дүгнэлтэд яллагдагч Л.Аыг ...яллагдагч Э.Бээс С.Цэндсүрэнгийн дансаар 2,500,000 төгрөг, яллагдагч Г.Цас Г.Гүндсамбуугийн дансаар 7,000,000 төгрөг, яллагдагч Д.Лгээс Д.Болормаагийн дансаар 3,000,000 төгрөгийн хахууль тус тус авсан буюу нийт үргэлжилсэн үйлдлээр 15,500,000 төгрөгийн хахуульд авсан... гэх боловч нийт дүн нь тохирохгүй байна,

-хуульд заасан үндэслэл журмын дагуу Б.Самбуугаас мэдүүлэг авах, түүний үйлдэл оролцоо гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох,

-Л.Аын ажил албан тушаалын эрх хэмжээг тогтоосон баримтуудыг бүрэн бүрдүүлэх, Аймгийн засаг даргатай ямар гэрээгээр ажил гүйцэтгэж байгааг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол биелүүлэх үүргийг ямар хуулиар дүрэм, журам шийдвэрээр хүлээгээд байгааг тус тус нотолсон эрхийн акт, эрх зүйн баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийлгэх шаардлагатай...” гэх үндэслэлээр яллагдагч Л.А, Э.Б, Д.Л, Г.Ц нарт холбогдох 2201000410051 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч Л.А, Э.Б, Д.Л, Г.Ц нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

11. Прокурор Н.Энхтөрийн бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлэхэд шүүхийн ажилтан хэргийн бүрдэл бүрэн гэж үзэж, шалган авсан ба шаардлагатай гэвэл шүүгчийн захирамжид дурдсан хэрэгт хавсаргаагүй гэх тэмдэглэлүүдийг шүүхийн тамгын газраас дахин гаргуулан авч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны явцад гаргаж өгч, хэрэгт хавсаргуулан шийдвэрлэх боломжтой юм. Түүнчлэн, таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаарх шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй гэх үндэслэл нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүхээс "Заамар нутгийн хөгжил дэмжих сан"-гийн үйл ажиллагаатай холбоотой үйл баримтыг хэн, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд ...шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана" гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж тус тус заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, "Заамар нутгийн хөгжил дэмжих сан"-гийн үйл ажиллагаанд илэрсэн санхүүгийн алдаа зөрчилтэй асуудалд Л.Аыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, яллах дүгнэлтэд энэ талаар дурдаагүй байхад анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнээс хальж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. "Заамар нутгийн хөгжил дэмжих сан"-гийн үйл ажиллагаатай үйл баримтыг шалгаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын шийдвэр хавтаст хэрэгт авагдсан, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул прокуророос шүүгчийн захирамжид заасны дагуу шалгах, дахин хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Хэрэгт 130,000,000 төгрөгөөр Автогрейдер худалдан авхуулж Л.Пүрэвсүрэнд эдийн засгийн давуу байдал бий болгосон, 90,000,000 төгрөгөөр Зам индүүдэгч худалдан авхуулж Ч.Цогтсайханд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж дүгнэхдээ тус худалдан авах ажиллагаа нь аль хуулийн үйлчлэлд ямар үндэслэлээр хамаарахыг тодорхойлж, "Заамар хөгжил" ОНӨААТҮГ тус хэрэгт хамааралтай, хамааралгүй болохыг, худалдан авсан гэх техникийн эзэмшил, өмчлөл хууль ёсоор хэний өмчлөл, эзэмшилд байгаа, тус этгээд нь уг хэрэгт ямар хамааралтай, хамааралгүй болох, техникүүд биет байдлаар хаана байгаа, ашиглах боломжтой эсэх болон бусад иргэн, хуулийн этгээдийн үйлдэл оролцоо бий эсэхийг тогтоогоогүй байна гэжээ.

 Шүүгчийн захирамжид дурдсан үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоосон бөгөөд Автотээврийн үндэсний төв болон холбогдох байгууллагуудаас техникийн эзэмшигчийн гэрчилгээг гаргуулан авсан. Автотээврийн үндэсний төвийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 327 дугаартай лавлагаа, түүний хавсралт (18 хх-ийн 101-114-р хуудас), гэрч нарын мэдүүлгээр 2 техник нь “Заамар хөгжил” ОНӨААТҮГ-ийн нэр дээр бүртгэлгүй болох нь тогтоогдсон.

"Заамар хөгжил” ОНӨААТҮГ-ийн албан тушаалтнууд нь техник худалдан авах ажиллагаанд оролцоогүй ба техникийн нэр дээр байгаа этгээдүүдээс гэрчээр мэдүүлэг авч гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо тогтоогдоогүй тул хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй болно. Техникүүд биет байдлаар хаана байгаа, ашиглах боломжтой эсэхийг тогтоогоогүй гэх асуудлын тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад техникүүдийг хаана байгаа газрыг тогтоож тэмдэглэл үйлдсэн, гэрч нараас мэдүүлэг авсан, техникийн эдийн засгийн үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулахад техникийг ашиглах боломжтой талаар дүгнэлтэд дурдсан байгааг шүүх анхаарч үзээгүй хэрэгт хийгдсэн ажиллагааг хийгдээгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Яллах дүгнэлтэд яллагдагч Л.Аыг ...яллагдагч Э.Бээс С.Цэндсүрэнгийн дансаар 2,500,000 төгрөг, яллагдагч Г.Цас Г.Гүндсамбуугийн дансаар 7,000,000 төгрөг, яллагдагч Д.Лгээс Д.Болормаагийн дансаар 3,000,000 төгрөгийн хахууль тус тус авсан буюу нийт үргэлжилсэн үйлдлээр 15,500,000 төгрөгийн хахуульд авсан гэх боловч нийт дүн нь тохирохгүй байна гэжээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судалж залруулан шийдэх боломжтой ба прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах, яллах дүгнэлт зэрэгт нэгэн адил бичигдсэн буюу хахууль авсан үйлдлүүдийн нийлбэр дүнг бодохдоо 3,000,000 төгрөгийг илүү бодож тооцсон нь тоо, тооцооны техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэхээр ба хахуульд авсан мөнгөн дүнг багасгах байдлаар шүүх шийдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь яллагдагч, шүүгдэгчид ашигтай нөхцөл байдалд хамаарах юм.

Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн дарга ямар хуулиар зөвшөөрөгдсөн албаны чиг үүргээ хэрэгжүүлж шийдвэр гаргаад байгааг, зөвшөөрөгдсөн эрх хэмжээ нь юугаар тогтоогдоод байгааг тус тус асууж тодруулалгүйгээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу Б.Самбуугаас мэдүүлэг авах, түүний үйлдэлд оролцоо гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох, Л.Аын ажил албан тушаалын эрх хэмжээг тогтоосон баримтуудыг бүрэн бүрдүүлэх, Аймгийн засаг даргатай ямар гэрээгээр ажил гүйцэтгэж байгааг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол биелүүлэх үүргийг ямар хуулиар дүрэм журам шийдвэрээр хүлээгээд байгааг тус тус нотолсон эрхийн акт, эрх зүйн баримтыг бүрдүүлэх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэртэй холбоотойгоор тус сумын Засаг даргын албан үүргээ гүйцэтгэхдээ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон зэргээр яллагдагч нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байхад Заамар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг албажуулсан этгээд болох Б.Самбуугаас мэдүүлэг аваагүй нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа болж байна." гэжээ.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон Сумын Засаг даргын эрх, үүргийг "Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан ба хуулиар зохицуулсан харилцаа буюу нийтэд илэрхий хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хуулбарлан хэрэгт хавсаргах нь үндэслэлгүй, мөн яллагдагч Л.Аыг холбогдох хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн гэж яллагдагчаар татаагүй юм. Шүүгчийн захирамжид Заамар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг албажуулсан этгээд болох Б.Самбуугаас мэдүүлэг авах талаар тусгагдсан байх боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тодруулах талаар дурдаагүй нь ойлгомжгүй байна. Мөн яллагдагч нарыг Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэртэй холбоотойгоор тус сумын Засаг даргын албан үүргээ гүйцэтгэхдээ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон гэж яллагдагчаар татаагүй байхад яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд бичигдээгүй агуулгыг захирамжид дурдсан хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт болжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Тодруулбал, анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх дүгнэлтэд хүргэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

12. Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагч Л.Аын өмгөөлөгч Э.Уянга гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Шүүхийн тамгын газраас шүүх хуралдааны тэмдэглэлийг авч үзэх боломжтой, заавал буцаах шаардлагагүй гэж яриад байна. Тухайн өдрүүдийн хурлын тэмдэглэлийг аудио болон видео бичлэгээр хадгалсан байгаа. Түүнийг мөрдөн байцаалтын явцад үзлэг хийж, баталгаажуулан авсан тохиолдолд хууль ёсны нотлох баримт болно. Ингэснээр миний үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах, цагдан хоригдсон хугацааг зөв тогтоох, дүгнэлт хийхэд шаардлагатай юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байх ёстой. Эх хувь эсхүл нотариатаар баталгаажуулсан хувийг өгөхөөр хуульчилсан. Нотлох баримтын шаардлага хангахгүй прокурорын тогтоолын хуулбарыг шүүхэд хүргүүлсэн байдаг.

Миний үйлчлүүлэгч техник хэрэгслийг худалдаж авах үйлдэлд давуу байдал үүсгээгүй. Л.А нь сумын Засаг даргын үүргийг гүйцэтгэхдээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг биелүүлсэн бөгөөд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 49 дүгээр зүйлд тухайн Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг заавал биелүүлнэ гэж хуульчилсан. Засаг дарга Л.А нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан шийдвэрийг биелүүлэх үүргээ гүйцэтгэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад н.Самбуу гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авалгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хохирол төлбөрийн асуудлыг нэмж, хасаад болчихно гэж яриад байгаа. Яллах дүгнэлт нь ойлгомжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй учраас шүүхээс буцаасан.  Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

13. Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагч Э.Бийн өмгөөлөгч С.Уламбаяр гаргасан саналдаа: “...Нэмж хэлэх зүйл алга. Э.Уянга өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна.” гэв. 

14. Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагч Д.Лгийн өмгөөлөгч Ө.Учрал гаргасан саналдаа: “...Прокурорын эсэргүүцлийн эхний үндэслэл нь шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн тамгын газраас авах боломжтой гэсэн байна. Шүүх өөрөө тэмдэглэлээ бүрдүүлэх үүрэгтэй биш, энэ нь мөрдөн шалгах байгууллагын үүрэг юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагддаг. Шүүх өөрөө мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй. Тиймээс тэмдэглэл байхгүйгээр ямар нэгэн үр дагавар үүсэх юм бэ гэхээр магадгүй шүүгчийн захирамжид хугацаа, сар заасан байж болох ч тэмдэглэлд өөр агуулгаар бичигдсэн байвал зөрүү гарах бөгөөд үүний үр дагаврыг хэн хариуцах нь тодорхойгүй. Энэ нь шүүхийн шийдвэрийг дахин давж заалдахад хүргэж болзошгүй тул анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй байна.

 Мөн яллагдагч Д.Лг хахууль өгсөн, техник худалдаж авч өгсөн гэсэн байдлаар бичигддэг. Гэхдээ хэргийн зүйлчлэл техник худалдаж авсан үйлдэлтэй холбогддоггүй. Харин Л.Пүрэвсүрэн гэх хүнээс техник хэрэгсэл худалдаж аваад, төлбөрөө хийсэн байдаг. Л.Пүрэвсүрэнд давуу байдал бий болгосон гэж яриад байгаа бол хэргийн ямар оролцогч юм бэ. Гэтэл Л.Пүрэвсүрэн нь зүгээр л машин зарах гэж зар тавьсан. Энэ талаар ямар ч дүгнэлт хийдэггүй. Техник худалдаж авах шалтгаан нөхцөл нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр байсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ямар шийдвэр гарсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй нь хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүйд хүрсэн. Дутуу байгаа мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэснээр шүүх хэргийг шийдвэрлэнэ. Яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

15. Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагч Г.Цэрэндагвын өмгөөлөгч М.Билгүтэй гаргасан саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдах ёстой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх аргачлалыг тодорхой тусгасан. Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх биш мөрдөгч, прокурор цуглуулж, хавтаст хэрэгт хавсаргах ёстой. Энэ нь шүүгчийн захирамжид заасан эхний алдаа.

Хэргийг нэгтгэсэн тогтоолын тухайд хуулбар нотлох баримтыг хавтаст хэрэгт оруулсан бол нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх эсэх асуудал яригдана. Энэ нь процессын алдаа бөгөөд шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Мөн Заамар сумын хөгжлийн сангаас гаргасан зөрчил нь энэ хэрэгт шууд хамааралгүй, энэ зөрчлийг шалгаад хаасан гэсэн байдлаар прокурор эсэргүүцэл бичсэн. Яллагдагч Л.А тухайн сангаас ямар давуу байдлыг бий болгосон нь хэргийн хүрээнд нотлогдоогүй. Техникийн шинжтэй алдаа буюу 3,000,000 төгрөгийн асуудлыг прокурорын үзэж байгаагаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн байна. Үүнийг урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан дээр засаж залруулах боломжтой.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу тоног төхөөрөмжийг худалдаж авсан бөгөөд хэн, ямар шийдвэр гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан. Хурлаас ямар шийдвэр гарсан эсэх, н.Самбуу нь ямар эрх үүрэгтэй хүн зэргийг зайлшгүй асууж тодруулах шаардлагатай. Хэргийн хүрээнд Л.А албан тушаалаа урвуулан ашиглан тоног төхөөрөмжийг авсан эсэх талаар хууль эрх зүйн хувьд нотолсон ажиллагаа бүрэн хийгдээгүй.

 Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг н.Цэрэндагва нь 7,000,000 төгрөгийг н.Гүндсамбуугаар дамжуулан Л.Ат өгсөн гэж яллах дүгнэлтэд дурдсан. Гэтэл н.Гүндсамбуу, н.Цэрэндагва нарын хувийн байдал, сум дахь үйл ажиллагаа, кадастрын мэдээлэл, тоног төхөөрөмжийн байршил зэрэг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан зар тавьсан хоёр хүнийг гэмт хэргийн хамтран оролцогч биш гэж үзээд байгаа. Прокурорын яллах дүгнэлт болон яллагдагчаар татсан тогтоолд дурдсанаар тухайн хоёр хүн зар тавьсных нь дагуу тоног төхөөрөмжийг нь худалдаж авснаараа хэнд давуу байдал бий болгоод байгаа юм бэ. Хэрвээ прокурор тухайн зар тавьсан хоёр хүнд давуу байдал олгосон гэж үзээд байгаа юм бол тэр хоёр энэ хэргийн ямар оролцогч юм бэ. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэл бүхий байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

16. Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагч Э.Бийн гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

17. Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагч Д.Л гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Л.А, Э.Б, Д.Л, Г.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Н.Энхтөрийн бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагчийн гэм буруутай эсэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

2. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Л.Аыг Төв аймгийн Заамар сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-7.1.7-т заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1, 37.1.2,  39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2, 39.1.4-т гэж заасныг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-6.5-т заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах тус сумын Засаг даргын тамгын газрын ажлын байрандаа байхдаа сумын Засаг даргын нэр нөлөө буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Заамар сумын Засаг даргын тамгын газарт Автогрейдер хэрэгтэй байгаа тул нийгмийн хариуцлагын хүрээнд тус суманд авч өгөх талаар саналыг "Гурван тамга" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лд тавьж, улмаар иргэн Л.Пүрэвсүрэнгээс 2010 онд үйлдвэрлэсэн SG166AA300207 арлын дугаартай, 12-88УР улсын дугаартай Автогрейдерийг худалдан авахыг санал болгож, техникийн үнэ болох 130,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагaa явуулдаг "Гурван тамга" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лгээр төлүүлж, тээврийн хэрэгслээ худалдан борлуулах нөхцөлийг бүрдүүлж Л.Пүрэвсүрэнд эдийн засгийн давуу байдал бий болгосон.

мөн үргэлжилсэн үйлдлээр Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах тус сумын Засаг даргын тамгын газрын ажлын байрандаа байхдаа сумын Засаг даргын нэр нөлөө буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Заамар сумын засаг даргын тамгын газарт автозам индүүдэгч хэрэгтэй байгаа тул нийгмийн хариуцлагын хүрээнд авч өгөх талаар саналыг "Ирмүүн босго" ХХК-ийн захирал Х.Цогоод тавьж, улмаар иргэн Ч.Цогтсайханаас 2013 онд үйлдвэрлэгдсэн, 90X0018130335 арлын дугаартай 30-31УН улсын дугаартай зам индүүдэгч механизмыг худалдан авахыг санал болгож, техникийн үнэ болох 90,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Ирмүүн босго" ХХК-ийн захирал Х.Цогоогоор төлүүлж, тээврийн хэрэгслээ худалдан борлуулах нөхцөлийг бүрдүүлж Ч.Цогтсайханд эдийн засгийн давуу байдал бий болгосон,

мөн Төв аймгийн Заамар сумын нутагт "Баян заамар майнинг" ХХК, "Чимэд сайн үйлс" нөхөрлөлийн нэрээр уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Э.Бийн Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа саадгүй явуулах гэсэн ашиг сонирхлыг ашиглан Э.Бээс тээврийн хэрэгслийн засварын мөнгө, сургуулийн багш нарт мөнгө өгөх нэрийдлээр хахууль өгөхийг шаардаж, сумын Засаг даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байхдаа С.Цэндсүрэнгийн Хаан банканд эзэмшдэг 5007370615 тоот дансаар дамжуулан 2,500,000 төгрөгийн,

Төв аймгийн Заамар сумын нутагт алтны бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Зэумар Жалбо" нөхөрлөлийн эрхлэгч Г.Цэрэндагвын Төв аймгийн Заамар сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа саадгүй явуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс мөнгө өгөхийг шаардаж сумын Засаг даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байхдаа өөрийн найз Г.Гүндсамбуугийн Хаан банканд эзэмшдэг 5739059539 тоот дансаар дамжуулан 7,000,000 төгрөгийн,

Төв аймгийн Заамар сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Гурван тамга" ХХК-ийн захирал Д.Лгийн Төв аймгийн Заамар сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа саадгүй явуулах гэсэн ашиг сонирхлыг ашиглан Д.Лгээс Төв аймгийн Заамар сумын Ардчилсан намын гишүүд гадаад улсад сургалтад явахад мөнгө хэрэгтэй гэх нэрийдлээр хахууль өгөхийг шаардаж, сумын Засаг даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байхдаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Болормаагийн Хаан банканд эзэмшдэг 5752006931 тоот дансаар дамжуулан 3,000,000 төгрөгийн хахууль тус тус авсан буюу нийт үргэлжилсэн үйлдлээр 15,500,000 төгрөгийг хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Яллагдагч Э.Бийг "Баян заамар майнинг" ХХК-ийн захирал болон “Чимэд сайн үйлс” нөхөрлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа хэвийн явуулж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сумын Засаг дарга Л.Аын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний шаардсаны дагуу 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт байхдаа өөрийн Хаан банканд эзэмшдэг 5752117756 тоот данснаас Цэндсүрэнгийн Хаан банканд эзэмшдэг 5007370615 тоот дансанд 2,500,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Яллагдагч Д.Лг "Гурван тамга" ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа хэвийн явуулж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сумын Засаг дарга Л.Аын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний шаардсаны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 8032888887 тоот данснаас Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Болормаагийн эзэмшлийн Хаан банкны 5752006931 тоот дансанд "тийз 99110052" гэх гүйлгээний утгаар 3,000,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Яллагдагч Г.Цэрэндагвыг алтны бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Зэумар Жалбо" нөхөрлөлийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа хэвийн явуулж, өөртөө  давуу байдал бий болгох зорилгоор тус сумын Засаг дарга Л.Аын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний шаардсаны дагуу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5027814844 тоот данснаас Г.Гүндсамбуугийн эзэмшлийн Хаан банкны 5739059539 тоот дансанд 7,000,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх яллагдагч Л.А, Э.Б, Д.Л, Г.Ц нарт холбогдох эрүүгийн 2201000410051 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгдэгч Л.Аын өмгөөлөгч Э.Уянгын гаргасан хүсэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулан 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2028/ШЗ/1015 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

4. Шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/1015 дугаар захирамжид дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар хянан шийдвэрлэх боломжтой.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн нотлох баримтын хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч нарын гэм буруутай эсэхийг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зарчмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Түүнчлэн шүүх хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн нэг үндэслэлийг “Заамар хөгжил” ОНӨААТҮГ тус хэрэгт хамааралтай, хамааралгүй болохыг, худалдан авсан гэх техникийн эзэмшил, өмчлөл хууль ёсоор хэний өмчлөл, эзэмшилд байгаа, тус этгээд нь уг хэрэгт ямар хамааралтай, хамааралгүй болох, техникүүд биет байдлаар хаана байгаа, ашиглах боломжтой эсэх болон бусад иргэн, хуулийн этгээдийн үйлдэл оролцоо бий эсэхийг тогтоогоогүй байна” гэж дүгнэсэн байх бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1015 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэхэд энэ талаар талуудыг мэтгэлцүүлээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний  үндсэн дээр тогтооно” гэж заасантай нийцээгүй байна.

6. Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор  шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг дурдах нь зүйтэй.

Иймд яллагдагч Л.А, Э.Б, Д.Л, Г.Ц нарт холбогдох хэрэгт дээрх үндэслэлээр прокурор Н.Энхтөрийн бичсэн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/1015 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

7.Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Л.А, Э.Б, Д.Л, Г.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/1015 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.Энхтөрийн бичсэн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаар эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Л.А, Э.Б, Д.Л, Г.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

                     ШҮҮГЧИД                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                А.ЦЭРЭНХАНД