Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/00469

 

Н.Отгонбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1507 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

         Н.Отгонбаатарын нэхэмжлэлтэй,

         М.Төртогтоход холбогдох          

         Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүүнд 2.000.000 төгрөг, алдангид 5.0000.000 төгрөг нийт 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагч М.Төртогтох, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, Б.Баярмагнай нарын гаргасан тайлбарт: “2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг М.Төртогтоход 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн 10.000.000 төгрөгийг Б.Баярмагнайгийн данснаас шилжүүлсэн, түүний хөрөнгө юм. Гэрээг өөрийн нэрээр байгуулсан шалтгаан нь М.Төртогтохыг сайн таньдаг бөгөөд мөнгө зээлэх хүн олж өгч туслаач гэсэн болохоор би дүү Баярмагнайд хэлж өгсөн.  М.Төртогтох нь гэрээнд заасны дагуу мөнгөө төлж чадахгүй байсан тул гэрээг дахин сунгаж нийт 3.000.000 төгрөгийн хүү төлсөн. Иймд үндсэн зээлийн төлбөр 10.000.000 төгрөг зээлийн хүү 2.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг нийт 17.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Н.Отгонбаатараас 10.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Зээлийн хүүнд нийт 4.000.000 төгрөг төлсөн. Н.Отгонбаатар нь надаас 800.000 төгрөгийн үнэ бүхий зуурмагийн машин түр хугацаагаар хэрэглэхээр аваад буцаан өгөөгүй зуурмагийн машины үнэ 500.000 төгрөг, хүүнд 4.000.000 төгрөг нийт хүүнд 5.300.000 төгрөгийг төлсөн. Иймд хүүг бүрэн төлж барагдуулсан бөгөөд үндсэн төлбөр 10.000.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сараас эхлэн хэсэгчлэн төлөх саналтай байна. Алданги төлөхгүй.” гэжээ.

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1507 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар М.Төртогтохоос үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 15.933.324 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Отгонбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.066.676 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Отгонбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Төртогтохоос улсын тэмдэгтийн хураамжид 237.617 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал хангаагүй буюу шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчдыг зөв тодорхойлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй хэт нэг талыг барьсан шийдвэр магадлал гаргасан гэж үзэж байгаа дараах үндэслэлүүд байна. Энэ хэргийн нэхэмжлэгч гэх Н.Отгонбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хавтаст хэргийн 7 дахь талд авагдсан хүсэлтэндээ: “Зээлийн 10.000.000 төгрөг нь иргэн Б.Баярмагнайгийн данснаас шилжигдсэн түүний хөрөнгө юм. Би өөрийн нэрээр хийх болсон шалтгаан нь М.Төртогтохыг сайн таньдаг. Тэгээд М.Төртогтох нь мөнгө зээлдэг хүн олж өгч туслаач гэсэн тул би дүү Б.Баярмагнайд хэлж өгсөн. Б.Баярмагнай нь би Дарханд очих боломжгүй байна, таны таньдаг найдвартай хүн юм бол та өөрийн нэрээрээ гэрээг зохих журмын дагуу хийгээд бэлэн болгочих, түүний дараа би мөнгөө өөрийн данснаасаа шилжүүлж өгье” гэсний дагуу гэрээ хийх талууд болон бид бүгд зөвшөөрч энэхүү гэрээг хийсэн юм. М.Төртогтоход зээлүүлсэн мөнгө нь миний мөнгө биш гэдгийг М.Төртогтох ч өөрөө сайн мэдэж байгаа зээлийн хүүг Б.Баярмагнайгийн дансанд хийж гэрээг сунгах талаар энэ хоёр хүн ярилцаж байсан. Би зөвхөн гэрээг байгуулж гэрээн дээр гарын үсэг зурах л үүрэг гүйцэтгэсэн юм. Өөр ямар ч эрх үүрэггүй. Энэ 2 жилийн хугацаанд мөнгө өгсөн, мөнгө авсан хоёр тал л хоорондоо харьцаж байсан. Иймд энэ зээлийн гэрээний төлбөр, хүү, алдангийг Б.Баярмагнайд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байхад анхан шатны шүүх хүсэлтийг шийдвэрлэлгүй орхиж, Н.Отгонбаатар нь нэхэмжлэгч биш этгээд болох нь өөрийнх нь тайлбар, хүсэлт мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байхад хэргийн оролцогчдыг зөв тодорхойлолгүй нэхэмжлэгч биш этгээдэд хариуцагчаас төлбөр гаргуулан шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 26.2, 28.1, 28.2, 28.4 дэх заалтыг зөрчсөнөөс гадна анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Түүнээс гадна анхан шатны шүүх хавтаст хэргийн 5 дахь талд авагдсан зээлийн гэрээний нэмэлтийг үнэлэхдээ анх зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээний хугацаа 2014 оны 11 сарын 03-ны өдөр дууссан байхад зээлийн гэрээний нэмэлтээр гэрээг 2014 оны 11 сарын 23-ны өдөр сунгасан буюу урдах зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 20 хоног өнгөрсний дараа сунгалт хийсэн байгааг анхааралгүй зээлийн гэрээг сунгасан гэж үзсэн нь хуулинд нийцэхгүй байна гэж үзэж байна. Мөн хариуцагч М.Төртогтох нь \хх-ийн 36 дахь талд\ өмгөөлөгчөө солих хүсэлт гаргасныг хангаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засахын оронд магадлалын “Хянавал” хэсэгтээ: “ Нэхэмжлэгч Н.Отгонбаатар хариуцагч М.Төртогтоход 2014 оны 09 сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлж, бичгээр гэрээ байгуулж, 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээг 2014 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 38 хоногоор сунгасан болох нь хэргийн 4, 5 дугаар талд авагдсан баримтуудаар, нэхэмжлэгч Иргэний хуулийн 281.1 зааснаар зээлдэгчийн өмчлөлд 10.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэргийн 32 талд авагдсан Хаан банкны дипозит дансны хуулга зэрэг баримтуудаар тус тус нотлогдоно” гэж дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буюу хэргийн оролцогчийг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

          Нэхэмжлэгч Н.Отгонбаатар нь хариуцагч М.Төртогтоход холбогдуулан зээлийн гэрээний үүргийн үндсэн төлбөрт 10.000.000 төгрөг, хүү 2.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч хүүг бүрэн төлж дууссан тул хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

        Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Отгонбаатар хариуцагч М.Төртогтох нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, нэхэмжлэгч дээрх 10 000 000 төгрөгийг Б.Баярмагнайгаас авч М.Төртогтоход өгсөн талаарх үйл баримтын тухайд талууд маргаагүй байна.

         Зээлдэгч М.Төртогтох зээлийн хүүд нийт 4.000.000 төгрөг төлсөн тухай хэргийн 33-35 дугаар талд авагдсан Хаан банкны дипозит дансны хуулгаас үзэхэд энэ данс нь нэхэмжлэгчийнх бус харин Б.Баярмагнайгийнх байна.  

          Нэхэмжлэгч Н.Отгонбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хавтаст хэргийн 7 дахь талд авагдсан хүсэлтэд: “Зээлийн 10.000.000 төгрөг нь иргэн Б.Баярмагнайгийн хөрөнгө юм. Би зөвхөн гэрээг байгуулж гэрээн дээр гарын үсэг зурах л үүрэг гүйцэтгэсэн юм. Өөр ямар ч эрх үүрэггүй. Энэ 2 жилийн хугацаанд мөнгө өгсөн, мөнгө авсан хоёр тал хоорондоо харьцаж байсан. Иймд энэ зээлийн гэрээний төлбөр, хүү, алдангийг Б.Баярмагнайд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.Төртогтохоос 15.933.324 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Отгонбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.066.676 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч Н.Отгонбаатар нь хариуцагч М.Төртогтоход холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн этгээд өөрөө биш, зээлийн гэрээний үүрэг, хүү, алдангийг Б.Баярмагнайд олгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, нэхэмжлэгч шаардаж буй мөнгийг өөрт нь биш харин Б.Баярмагнайд өгөхийг хүссэн бөгөөд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй байхад шүүх хариуцагчид мөнгө зээлүүлээгүй Н.Отгонбаатарт мөнгө олгуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэнгүй.

Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийх, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:       

         1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1507 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч М.Төртогтохын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.620 /хоёр зуун гучин долоон мянга зургаан зуун хорин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                             ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН