Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 1

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Ч.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*******;

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга;

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ч.Ц*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, Т.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ч.Ц******* нь 2009 онд Дорноговь аймагт Улсын бүртгэлийн хэлтэс байгуулагдахад даргаар нь томилогдсон ба энэ үеэс эхлэн улсын бүртгэлийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж ирсэн.

Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр газрынхаа бүх ажилтнуудын хамт ажлаас халагдсанаа албан бусаар мэдэж, маргааш нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Содхүү тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнуудыг буцаан томилсон бөгөөд ганц Ч.Ц*******г хэлтсийн даргаар томилоогүй бөгөөд Ч.Ц******* нь тус хэлтсийн даргаар үргэлжлэн ажиллана гэдгээ Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Б.Бадамцэцэгт мэдэгдсэн ч тус хэлтсийн даргаар иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд цагаатгалын асуудал хариуцаж байсан Ц.Тэгшжаргалыг Төрийн албаны тухай хуулийн олон заалтыг зөрчин томилсон байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Содхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Ч.Ц*******г ажлаас чөлөөлсөн Б/36 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталснаас үзвэл Ч.Ц*******г бусад ажилтнуудын хамт бөөнөөр нь халах асуудлыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтын дагуу шийдвэрлэх ёстой байжээ.

Мөн тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан нь буруу байгаагаас гадна уг заалтыг ямар нэг байдлаар ажил хэрэг болгоогүй байна.

Ч.Ц******* нь төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ алба хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдах ёсгүй юм.

Түүнчлэн маргаан бүхий тушаалын 1 дэх заалттай холбон байгууллагыг нь өөрчлөн байгуулагдсан гэж үзвэл түүнийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу Дорноговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байсан. Гэвч тус байгууллага өөрчлөн байгуулагдаагүй нь тус аймаг дахь Улсын бүртгэл, статистикийн газраас статистикийн алба л салж явснаас өөр бүтэц, орон тооны ямар ч өөрчлөлт ороогүйгээр нотлогдоно.

Ийнхүү Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Содхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн олон заалтыг зөрчин Ч.Ц*******г ямар ч үндэслэлгүй халсан байх тул дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, Т.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучнаар/ Засгийн газрын 2015 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажилпагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай А/304 дүгээр тушаалын дагуу бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж Үндэсний статистикийн хороотой нэгдэн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болж бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн.

Дээрх эрх зүйн актуудын хүрээнд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаар тушаалаар Аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан тушаалын орон тоо, ангилал зэрэглэлийг баталсан. 

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/90 дүгээр тушаалын наймдугаар хавсралтаар Дорноговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны албан хаагчид, тэдгээрийн цалин нэмэгдлийг баталсан байх бөгөөд Ч.Ц******* нь тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна. 2016 оны 06 сарын 22-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/225 тушаалаар тус газрын даргаар тус тус томилогдсон байна.

Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай“ 04 дүгээр тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайдын “Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2016 оны А/16 дугаар тушаалын дагуу дахин бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон зохион байгуулагдсан болно.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4. “төрийн байгууллага татан буугдсан, өөр байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь хэлтсийн зохион байгуулалтад орж газрын даргын орон тоо нь хасагдсан байна. Иймд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Нэхэмжлэгч дээрх тушаалаар Дорноговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын үүрэгт ажлаас хуулийн дагуу чөлөөлөгдсөн.

Ч.Ц*******г үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө газрын даргын албан тушаалын орон тоо хасагдсан тухай урьдчилан мэдэгдэж хуулийн дагуу өөр ажлын байрны санал болгоход хүлээн зөвшөөрөөгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу албан тушаалын 6 сарын цалинтай тэмцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон болно.

Иймд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ч.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*******ас гаргасан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ч.Ц*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолын хавсралт буюу “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсгийн Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “7.Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “6.Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж өөрчилжээ.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/68 дугаар тушаалаар аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан тушаалын орон тоо, ангилал, зэрэглэлийг баталснаас үзвэл Дорноговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь газрын дарга, Улсын бүртгэл болон Статистикийн хэлтэстэй, хэлтэс тус бүр даргатай байхаар бүтэц орон тоог зохион байгуулсан байна. 

Мөн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/90 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Чүлтэмдоржийн Ц*******г ТЗ-10 зэрэглэлд хамаарах Дорноговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Шаравын Туяагэрэлийг ТЗ-9 зэрэглэлд хамаарах Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон байна. 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталсан бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсгийн Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар байгуулжээ. 

Улсын бүртгэл, статистикийн газарт хийгдэж буй бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бадамцэцэг нэхэмжлэгч Ч.Ц*******гийн саналыг утсаар сонссон нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1., 27 дугаар зүйлийн 27.4.4.-т заасантай нийцсэн байна. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Ч.Ц*******г Дорноговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/37 дугаар тушаалаар аймгуудад Улсын бүртгэлийн хэлтэс ажиллахаар бүтцийг өөрчлөн зохион байгуулж, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэвэл Дорноговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болж өөрчлөгдөн, газрын даргын орон тоо хасагдсан тул нэхэмжлэгчид улсын бүртгэгчийн ажил санал болгосныг хүлээн аваагүй учир Ч.Ц*******г ажлаас чөлөөлж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/111 дүгээр тушаалаар тэтгэлэг олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4.-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;” гэж заасныг зөрчөөгүй байна.

Мөн Дорноговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ш.Туяагэрэл бүтцийн өөрчлөлтөөр Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчаар томилогдсоныг дурдах нь зүйтэй.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.-т зааснаар орон тоо цөөрсөн бол албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг сонгон авах; хэрэв албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол үргэлжлүүлэн ажиллуулах бөгөөд энэ тохиолдолд газрын даргын орон тоо хасагдсан гэж үзэх тул хуулийн энэхүү зохицуулалт хамаарахгүй юм. 

Иймд нэхэмжлэгч Ч.Ц*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Ц*******гийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ч.Ц*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 51 дүгээр зүйлийн 51.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ДАМДИНСҮРЭН