| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2206003222857 |
| Дугаар | 2025/ДШМ/56 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.2., 17.7.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/56
А.*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: З.Өлзийхүү /цахим/
Шүүгдэгч: А.******* /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус ерөнхий шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор З.Өлзийхүүгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч А.*******д холбогдох 2206003222857 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.******* нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн үед ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” комплексын урд хохирогч Г.*******ийг хүч хэрэглэн зодож, түүний Хуавей 10 эс загварын гар утсыг авч дээрэмдэх,
мөн 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо, 50 дугаар байрны гадна байрлуулсан байсан иргэн П.*******ийн эзэмшлийн ******* УНП улсын дугаартай Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч яван авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах,
мөн 2023 оны 07 дугаар сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх нэртэй зочид буудлын өрөөнөөс хохирогч Г.гийн эзэмшлийн Самсунг Зи-Фолд-З маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүү нь А.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.*******ийг цагаатгаж, хэрэг бүртгэлтэд буцааж,
Шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй буюу автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 сарын хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч А.*******ийн биечлэн эдлэх нийт хорих ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийн сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, яллагдагч шүүгдэгчээр цагдан хоригдсон 429 хоног нийт 431 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож,
Шүүгдэгч А.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор З.Өлзийхүү давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.*******ийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэлүүд нотлогдон тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч А.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.*******ийг цагаатгаж, хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүх шүүгдэгч А.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, холбогдох хэргийг цагаатгахдаа “ ...Эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.*******ийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэлүүд нотлогдон тогтоогдоогүй байна” гэсэн ганц өгүүлбэр бичсэн байх ба цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тус тус огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх- ийн 3-р хуудас/,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5, 14-р хуудас/,
3. Хохирогч Г.*******ийн мэдүүлэг/1-р хх-ийн 9-10-р хуудас/,
4. Гэрч Л.ийн мэдүүлэг/1-р хх-ийн 87-р хуудас/,
5. Хөрөнгийн үнэлгээний "" ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №БЗД2-22- 1018 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 -р хх-ийн 24-25-р хуудас/,
6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 44-47-р хуудас/, мөн шүүхэд нэмэлтээр гаргаж өгсөн нотлох баримтуудаар А.******* нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн үед ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” комплексын урд хохирогч Г.*******ийг хүч хэрэглэн зодож, түүний Хуавей 10 эс загварын гар утсыг авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон байдаг.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг билээ.
Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь хүч хэрэглээгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.
Хэргийн үйл баримтыг дүгнэхэд дээрх хуульд заасан бүхий л гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шийтгэх тогтоолд тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг дүгнэхдээ тодорхойгүй, үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Иймд ******* аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр прокурорын эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: Шүүгдэгч А.*******д холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газраас харьяаллын дагуу ******* аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байдаг бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаар ******* аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайг томилж оролцуулсан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүхийн шийдвэрт давж заалдах ...улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй" гэж заасан. Дээрх заалтаас харахад шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор, эсхүл дээд шатны прокурор давж заалдах эсэргүүцэл бичих эрхтэй болох нь тодорхой байна.
Дээд шатны прокурор гэдэг нь ******* аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор гэж ойлгоно. Бусдаар шүүх хуралдаанд оролцоогүй, өөр Прокурорын газрын прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хяналт тавьж байсан прокурор эсэргүүцэл бичих эрхгүй. Шүүхийн шийдвэрийг гардаж авсан улсын яллагч нь давж заалдах эсэргүүцэл бичих эрхтэй байна. Өөрөөр хэлбэл прокурор болгон давж заалдах гомдол гаргах эрхгүй юм.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д "...эсэргүүцэл гаргах нь давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл гаргах эрх бүхий хүн, хуулийн этгээд биш” гэх үндэслэлээр тухайн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор З.Өлзийхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 102 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Харин прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүч хэрэглэж дээрэмдэх гэмт үйлдсэн үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдсэн.
Тэгэхээр анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хянан хэлэлцэж, улсын яллагч, хохирогч, гэрч, иргэдийн төлөөлөгч зэрэг шүүх хуралдаанд оролцогчдын саналыг сонсох, улсын яллагчийн гаргаж буй хууль зүйн дүгнэлт, шинжлэн судалсан баримтын хүрээнд шийдвэрийг гаргахаар хуульчилсан байдаг.
Гэтэл анхан шатны шүүх зөвхөн дээрх хоёр үйл баримтад дүгнэлт хийсэн мөртлөө дээрэмдэх гэмт хэрэгт дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
Шийтгэх тогтоолын цагаатгасан, хэрэгсэхгүй болсон үндэслэлдээ А.*******ийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэлүүд нотлогдон тогтоогдоогүй гэж ганцхан өгүүлбэрээр дүгнээд байгаа нь үндэслэл бүхий болоогүй гэж үзээд байна. Яагаад няцаах, ямар үндэслэлээр тогтоогдоогүй, ямар үндэслэлээр цагаатгаад байгаагаа анхан шатны шүүх дурдах ёстой гэж үзэж байна. Гэтэл няцаасан дүгнэлт хийгээгүй. Энэ баримтууд нь тухайн дээрэмдэх гэмт хэргийг хэрхэн яаж нотолж байгаа талаар дурдаагүй гэж үзэж байгаа.
Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн агуулгаар эсэргүүцлээ бичсэн.
Хоёрдугаарт өмгөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулж тайлбар хэлээд улсын яллагчаар оролцож болохгүй үндэслэл буюу тухайн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон Прокурорын газрын прокурор эсэргүүцэл бичнэ. Эсвэл тухайн Прокурорын газрын дээд шатны прокурор эсэргүүцэл бичнэ гэдэг агуулгаар өмгөөлөгч тайлбар гаргасан байна. Гэтэл Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлд прокурорын байгууллага нь нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг энэ шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч хүмүүст гардуулж өгнө гэж байгаа. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг чинь улсын яллагч гэж байгаа нь тухайн шүүх хуралдаанд оролцсон, эсвэл тухайн Прокурорын газрын улсын яллагч бичнэ гэсэн агуулга биш. Орон зай, нутаг дэвсгэрийн хувьд ******* аймагт сүүлийн гэмт хэрэг үйлдэгдсэн.
Өөрөөр хэлбэл гар утас хулгайлсан үйлдэл дээр яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн. Ингээд Прокурорын байгууллага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу, тухайн гэмт хэрэгтний сүүлийн гэмт хэрэг үйлдэгдсэн газар шүүхийн харьяаллаараа хэргийг шилжүүлж, ******* аймагт энэ гэмт хэргийн шүүх хуралдаан болсон. Тэгэхээр өмгөөлөгчийн гаргаад байгаа тайлбар нь дахин хэлэлцүүлэхгүй байх тухай буюу өөр Прокурорын газрын прокуророор шүүлгэчихсэн гэдэг агуулгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд үндэслэл бүхий дүгнэлт, тайлбар биш байна. Анх яллах дүгнэлт үйлдсэн Прокурорын газар нь ******* дүүргийн Прокурорын газар, нутаг дэвсгэрээс хамаараад улсын яллагч, прокурор энэ шүүх хуралд нь орох боломжгүй учраас томилолтоор ******* аймгийн Ханбогд сумын сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай оролцсон. Энэ агуулгаараа прокурорын албан бичиг нь хуулиараа нээлттэй байна . Улсын яллагч хийж байгаа учраас огт хэрэгт хамааралгүй, яллах дүгнэлт үйлдээгүй Прокурорын газраас эсэргүүцэл бичээд байгаа агуулга биш гэж хэлэх нь зүйтэй.
Ийм учраас өмгөөлөгчөөс гаргасан тайлбарыг давж заалдах шатны шүүх хэлэлцэхгүй байх нь зүйтэй гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай гаргасан эсэргүүцлийг хүлээн авна уу гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Бусдын эд хөрөнгийг дээрдэх буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг А.******* нь үйлдээгүй байна. Энэ талаар хангалттай нотлох баримт тогтоогдоогүй гэж гэсэн дүгнэлт хийж энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Тухайн дээрэмдэх гэмт хэргийн талаарх нотлох баримт хангалттай байхгүй гэдэг үндэслэлээр нэмэлт ажиллагаа, шинжилгээ хийлгэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, хэргийг буцаасан байдаг. Гэтэл энэ талаар нэмэлт ажиллагаа хийсэн зүйл бараг байхгүй буцаж ирсэн. Тийм учраас хангалттай нотлох баримт байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
Хохирогч н.******* нь намайг 4-өөс 5 хүн бүлэглэн зодож, миний гар утсыг дээрэмдэж авсан гэж мэдүүлдэг. Сүүлд мөрдөгч нь хүчээр тулган шаардаж, эрүү шүүлт болгож байгаад ийм мэдүүлэг өгсөн гэдэг гомдол гаргасан. Мөрдөгчтэй холбоотой асуудлыг тусад нь шалгуулахаар өгсөн учраас шалгагдаад явж байгаа. Мөн хэрэгт авагдсан баримтаар гэрч н.Нарангэрэл гэж хүний мэдүүлэг байдаг. Тухайн гар утсыг ******* суманд байхдаа архины оронд н.Ганболд гэдэг хүнээс авсан. Төлбөрийнхөө оронд утсаа орхичхоод явсан. Маргааш нь ирж авна гэсэн боловч аваагүй гэсэн ийм зүйл ярьдаг. Тэгээд н.Ганболд гэдэг хүнийг асуугаад энэ талаар мэдүүлэг авч өгнө үү гээд хүсэлт гаргахаар энэ талаар огт ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүх рүү шилжүүлээд байдаг. Тийм учраас хангалттай нотлон тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл зааж эсэргүүцэл бичсэн. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл заалтыг нь зөрчсөн юм бэ? Энэ талаар тодорхой дурдсан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтдээ 10 үндэслэл заасан байдаг. Энэ 10 үндэслэл зөрчигдсөн зүйл байхгүй. Энэ 10 үндэслэлийн алийг нь зөрчөөд байгаа нь эсэргүүцэлд тодорхой дурдаагүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2022 оноос хойш Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу дээрмийн зүйл ангид сэжиглэгдэж, гүтгүүлж, 2025 он хүртэл явж байна. Тэгээд хамгийн анх энэ утсыг би н.Ганболд гэдэг хүүхдээс Тахилтад явж байгаад 2 пивоор барьцаанд авсан. Энэ утсыг барьцаанд авч Улаанбаатар хотод очиж зарсан.
Тэгээд би тэр хүүхдүүдийг н.Банзрагч гэдэг байцаагчид олж өгсөн. Би тухайн утсыг барьцаанд тавьсан хүүхдээ олчихлоо. Та энэ хүнээ яах вэ гэж би өчнөөн хэлсэн. Тэгэхэд ердөөсөө тоогоогүй. Тэгээд 2025 он хүртэл буюу өнөөдрийг хүртэл намайг гүтгэсээр явж байна.
Манай ээж, аав н.Банзрагч гэдэг хүнийг Авлигатай тэмцэх газар өгсөн. Шалгуулаад явж байгаа. Ямар ч үндэслэлгүй хэрэг дээр энэ олон жил намайг гүтгээд байгааг би үнэхээр ойлгохгүй байна. Хэрэгт авагдсан си ди дээр н.Ганболд гэдэг хүүхэд нь би энэ ахад утсаа барьцаанд тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
2021 оны хэрэг болдог өдөр намайг хотод биш ******* суманд байсан гэдгийг манай төрсөн дүүгийн багш нь нотолж байгаа. Тэгээд бичлэг байгаа гэж хэлсэн учраас би н.Банзрагч гэдэг байцаагчаас танд нотлох баримт байгаа юм уу? Намайг дээрэмдсэн гэдэг бичлэгээ үзье гэхээр бичлэг байхгүй. Таньж олуулах ажиллагаа нь дээр дээрэмдсэн гэдэг хохирогчийг авчирсан. Энэ хүн мөн үү гээд надад тулгасан. Тэгээд хохирогч нь 5 залуу дээрэмдсэн. Би гэхдээ алийг нь гэдгийг мэдэхгүй байна гэж өнөөдрийг хүртэл мэдүүлж явсан. 2022 оноос хойш энэ байцаалт дээр ямар ч ажиллагаа явагдаагүй мөртлөө гүтгээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор З.Өлзийхүүгийн бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч А.******* 2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн үед ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” комплексын урд хохирогч Г.*******ийг хүч хэрэглэн зодож, түүний Хуавей 10 эс загварын гар утсыг авч дээрэмдэх,
мөн 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо, 50 дугаар байрны гадна байрлуулсан байсан иргэн П.*******ийн эзэмшлийн ******* УНП улсын дугаартай Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч яван авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах,
мөн 2023 оны 07 дугаар сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх нэртэй зочид буудлын өрөөнөөс хохирогч Г.гийн эзэмшлийн Самсунг Зи-Фолд-З маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх А.*******ийг Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.*******ийг цагаатгаж, хэрэг бүртгэлтэд буцааж, түүнийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах, “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор З.Өлзийхүү нь “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.
Анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.*******ийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэлүүд нотлогдон тогтоогдоогүй байна гэх дүгнэлтийг хийхдээ ямар нотлох баримтаар шүүгдэгчид холбогдох дээрэмдэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах болсон үндэслэл тодорхойгүй, дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлж цуглуулсан нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талаар болон, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр А.*******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хяналтын прокурор З.Өлзийхүүгийн эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхээр тогтов.
Давж заалдах шатны шүүх А.*******д холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул А.*******д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хяналтын прокурор З.Өлзийхүүгийн бичсэн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хангасугай.
2. Шүүгдэгч А.*******д холбогдох 2206003222857 дугаартай эрүүгийн хэргийг ******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА