Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 709

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: Ц.Даш, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, /0092/

хохирогч: Ж.Бурмаа, түүний өмгөөлөгч Д.Чинзориг /2677/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашт холбогдох эрүүгийн 1805 0178 50434 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 383 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг хойшлуулсан, Даш.

 

Шүүгдэгч Ц.Даш нь 2018 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн  1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны 49 дүгээр тоотод хамтран амьдрагч Ж.Бурмааыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11  дүгээр сард Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны 49 тоотод хамтран амьдрагч Ж.Бурмааын эд зүйлсийг устган, 727 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.Даш мэдүүлэхдээ:

Би Бурмаатай 2016 оны 8 дугаар сард танилцан, 2017 оны 11 сараас эхэлж Билэгсайхан эгчийн дүү Баярсайханы байрыг түрээслэн хамт амьдарсан. Билэгсайхан эгч бас хажуу өрөөнд нь амьдардаг байсан. Үүнээс өмнө 3 сар манай ээжийн гэрт хамт амьдарсан. Хэргийн материалтай танилцахад бүх юм миний эсрэг байна. Манай ээжийн гэрт амьдарч байхдаа Бурмаа өөрөө зүй бус байдал гаргадаг байсан. 2018 оны 3 дугаар сарын 16-ны 20 цагт Бурмаа руу найз Болороо нь утсаар яриад дуудсан ба би найзынх нь гэрийн арын зам дээр түүнийг  буулгаж өгсөн. Би халтуур хийж явж байгаад 23 цаг өнгөрч байхад Бурмаа руу залгаад “би одоо харих гэж байна, замаараа чамайг авах уу” гэхэд “чи очоод байж бай” гэхээр нь гэртээ харьсан. Гэртээ харьтал хөлсөлдөг өрөөний гэрлийн ламп шатсан байхаар нь Бурмаад “замаараа дэлгүүр таарвал ламп аваад ирээрэй” гэж хэлсэн. Бурмаа “найзынхаасаа гараад явж байна, дэлгүүр олдохгүй байна” гэхээр нь би өөрөө ламп авахаар гарсан. Болороо Бурмааыг хүргэж ирэхэд Бурмаа халамцуу байсан. Найз нь надтай мэндлээд “уучлаарай жоохон уулгачихсан шүү” гэхээр нь “за яах вэ” гээд салсан. Бурмаа бид хоёр гэртээ ороод маргалдсан. Бид хоёрын маргалдах шалтгаан нь урд өдөр намайг хамаатны эмэгтэйтэй фэйсбүүкээр чаталсан байхыг хараад хардаж, уурласан. Хэрэг гардаг орой энэ асуудлаас болж маргалдсан тул шөнө 02 цаг өнгөрч байхад гэрээс гарч, машиндаа орж унтсан. Тэгэхдээ Бурмааын цүнхийг нь авч явсан боловч  цүнхнээс нь мөнгө аваагүй. 2018 оны 3 дугаар сарын 17-нд би юмаа авахаар түрээсэлж байсан гэртээ очихдоо Болороотой гадаа тааралдахад цүнхээ аваад явж байсан. Тэгэхээр нь “наашаа өгчих би Бурмаатай ярилцъя” гээд цүнхээ аваад орсон. Намайг ороход хажуу айлын хүү хөргөгч гаргах гэж байна гээд зогсож байсан. Тэгээд Бурмаа бид хоёр маргалдаад нэг нэг рүүгээ юм авч шидсэн. Бурмаа намайг ч гэсэн маажсан. Хувцас аваад гарахад араас дагз руу аяга шидсэн. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд гэмтлийн зэрэг гараагүй.

Би Бурмааын хувцасыг урсан үйлдэл гаргаагүй. Бурмаа намайг цэнхэр өнгийн пиджакаар ороолгоод байхаар нь татаж авсан. Тэрний улмаас тэр пиджакны суга нь урагдсан. Цахилгаан хэрэгсэл эвдлээгүй. Тухайн үед будаа агшаагч газар байсан ба бид хоёрын хэн хэн нь дээгүүр нь алхаж байсан. Хэний хөлөөр эвдэгдсэн болохыг мэдэхгүй. Бид хоёр хамт амьдрахаар мөнгөө нийлүүлж  авсан байсан. Би тэндээс өөрийн хувцсыг аваад гарахад араас 2 цагдаа ирсэн. Тэгээд “тань дээр дуудлага ирсэн, хэсэг дээр очих хэрэгтэй байна” гэхээр нь хамт явсан. Хэлтэс дээр очоод “таныг согтуугаар агсам тавьсан” гэсэн дуудлага ирсэн гээд согтолт хэмждэг багажаар намайг шалгасан. Тэгээд эрүүл байсан болохоор эрүүлжүүлэхэд хийлгүй явуулсан. Би гараад гэртээ орсон. Тэрнээс биш Бурмааыг зодоод, өшиглөөд байсан зүйл байхгүй. Миний баруун гарын дунд хуруу тухайн үед хугараад гипстэй байсан. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс над руу цагдаагийн хэлтсээс утсаар яриад энэ хэрэгт холбогдсон талаар хэлсэн.

Харин урьд Бурмааын хувцас урсан асуудал байгаагүй.  Гэрч Билэгсайхан 2017 оны 11 дүгээр сард бид хоёрыг байхад манай өрөө рүү орж ирж байгаагүй. Тэгж маргалдаад Бурмаа 2-3 хоног ирэхгүй байхад нь Билэгсайхан эгч утсаар бариад “Бурмаа чамтай яръя гэж байна” гээд орж ирсэн. Гэрч Билэгсайханыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Гэм буруутай эсэх асуудлыг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байгаа учраас хохирол төлөх боломжгүй. Хэрвээ шүүхээс гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэж хохирлыг гаргуулбал хохирол төлнө гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ж.Бурмаа мэдүүлэхдээ:

Даш болсон асуудлын талаар худлаа ярьж байна. Даш надад гар хүрсэн учраас би өөрийгөө хамгаалж эсэрүүцэж маажсан уу гэхээс түүнд хохирол учруулаагүй. Би Даш рүү аяга шидэж хохироогоогүй. Болороогийн аав нь надад “чи ханиадтай байна нэрмэл архинд шар тос хийгээд өгье” гэхээр нь “миний нойр булчирхай өвддөг болохоор би уухгүй” гэж хэлсэн. Тэгтэл “чи найр болж байгаа юм чинь Соёрхол архинаас 100 грамм уучих, ханиад чинь зүгээр болно” гэхээр нь уусан. Гэтэл Даш намайг согтуу байсан гэж худал хэлж байна. Би гэртээ салат авч очсон. Гэтэл гэрт ороод маргалдахдаа “чиний авчирсан салат цайны газрынх байна, ийм гэрийн салат байдаггүй юм” гээд миний толгой дээрээс асгасан. Тэгээд бид хоёр маргалдаж, хэрэлдэхэд намайг үсдэж зодсон. Сүүлдээ миний цүнхийг шүүрч аваад гараад явсан. Гарч яваад миний түрийвчинд байсан 60 000 төгрөгөөр архи уугаад, 10 000 төгрөг үлдээсэн байсан ба дараа нь дахиад гарахдаа цүнх булааж аваад гарсан. Тэр шөнөжин бид хоёр маргалдаж Даш агсам тавьсан. Даш манай найзыг ирсэн байхад согтуу хүн шиг жүжиглэж агсам тавьж байснаа цагдаа дуудаад шалгуулахад юу ч илрээгүй. Даш намайг үсдэж зодоод баруун хавирга руу цохиж, гэмтэл учруулсан.

2017 оны 11 дүгээр сарын 20-нд бид хоёр маргалдсан ба намайг гадагш гарчихаад ирэхэд ноолууран цамц, цув зэрэг хувцсыг маань юу ч үгүй жиргээд устгасан байсан. Үүнээс гадна дотуур хувцас, тирко зэргийг хайчилсан байхаар нь тэр болгоныг хэлээд  яах вэ гэж бодоод шатаасан. Би эдгээр зүйлсийг шатаана гээд байлгаж байсан. Бид хоёр дахиад маргалдахаар нь байгаа зүйлс дээрээ үндэслээд цагдаад өгсөн. Миний эд зүйлийг устгаснаар надад 727 000 төгрөгийн, цахилгаан барааны 98 000 төгрөгийн хохирол учирсан. Дашээс болж би өөрийн эрхийг хамгаалж 500 000 төгрөгөөр өмгөөлөгч авсан ба нийт 1 318 800 төгрөг нэхэмжилж байна. Одоо миний биеийн байдал гайгүй байгаа. Би тухайн үед бүх биеийн бариа хийлгэсэн ба баримт хүсэхэд хувь хүн учраас баримт гаргаж өгч чадахгүй байсан. Билэгсайхан гэх хүн Даш бид хоёрыг маргалдаж байхад салгаж байсан “чи болиоч наад хүүхнээ аллаа шүү дээ” гээд хаалга нүдэхэд Даш “танд хамаагүй” гээд хаалга онгойлгож байсан. Болормаа бид хоёр миний юмнуудыг аваад манай найз миний чемонданыг аваад бууж байтал Даш урдаас гарч ирээд чемоданыг лифт рүү оруулаад намайг түлхэж оруулаад хамт дээшээ гарсан. Буцаад гэрт ороход хажуу айлын хүн үүдэнд ирчихсэн байсан. Тэгээд гэрт ороход Даш миний индүү, нөмөрч байсан дэвсгэр, гудас, зургийн альбом зэргийг ураад цонхоор гаргаад шидээд байсан. Манай найз доороос “чи болиоч би цагдаа дуудлаа шүү” гэж удаа дараа орилж байсан. Би Дашт “чи болиоч ээ” гэж хэлэхэд хажуу айлын хүүхэд “та цаашаа байж бай таныг зодох гээд байна” гээд байсан. Тэр үед Даш “чи цаашаа бай” гээд намайг үсдээд миний хавирга руу цохисон. Хажуу айлын хүү салгаад “та гараад явж бай” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би чемоданаа аваад гарахдаа “наадахаа наанаа аргалаад байлгаж бай цагдаа одоо ирнэ” гэж хэлсэн. Намайг цүнхээ аваад доор буусан байхад Даш тортой хувцсаа аваад зугтаасан. Манай найз Болормаа араас нь такси бариад Дашийг дагасаар байгаад түүнийг цагдаа барьсан. 2017 оны 11 дүгээр сард намайг байхгүйд миний хувцасыг ураад миний чемодантай хувцас руу нэг кг гурил хийсэн байсан. Би гомдолтой, хохирлоо төлүүлнэ гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Болормаа мэдүүлэхдээ:

2018 оны 3 дугаар сарын 17-ны оройн 19 цагийн үед Бурмаатай утсаар яриад “гэрт ирээд, салад хийгээд өгөөч” гэж ярьсан. Тухайн үед Бурмаа “за за” гэж хэлээд Даш манай гэрийн гадаа Бурмааыг хүргэж өгсөн байсан. 22 цагийн үед Бурмааыг гэрт нь хүргэж өгөхөд Даш байрны гадаа Бурмааыг хүлээгээд байж байсан. Би “сайн байна уу” гэж мэндлээд явсан. Гэтэл тэр шөнө Бурмааыг зодсон байсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 3 дугаар сарын 18-ны өглөөний 09 цагийн үед Бурмаа утсаар залгаад “Даш намайг зодсон, намайг ирээд аваач” гэж ярьсан. Би машинтай авахаар очоод Бурмааын хувцасыг гадаа гаргаж байтал Даш согтуу ирсэн. Тэгээд “чи яахаараа миний цүнхийг авдаг юм” гэж хэлээд дээшээ лифтээр орсон ба би түүний араас ортол хаалгаа хаагаад Бурмааыг зодоод, индүү гэх мэтчилэн зүйл гаргаж хаяад байсан. Би шууд цагдаа дуудсан гэжээ.  (хавтаст хэргийн 42 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Билэгсайхан мэдүүлэхдээ:

2017 оны 11 сард Бурмаа, Даш хоёр хажуу өрөө түрээслэн амьдарсан. Миний мэдэж байгаагаар 2 удаа архи уусан үедээ гар хүрч зодсон. Би Дашийн ээжид “Бурмааыг зодоод байх юм, нүүр нүдийг нь сохолчихвий дээ” гэж хэлэхэд “тэр хүүхэн байдаг юм уу” гэж байсан. Бурмаа ажлаа хийгээд л явж байдаг. Харин Даш нь ажил хийдэггүй, байнга л архи уух гээд байдаг юм. 2017 оны 11 сард Даш Бурмааыг зодож байхад би орж салгаж байсан. Даш Бурмааыг зодохдоо эд зүйлээ маш их шидэж эвддэг юм байна лээ. Би нэг удаа гэрт нь ороход эд зүйлээ тараасан байсан гэжээ.  (хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас)

 

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3806 дугаар дүгнэлтэд:

1. Ж.Бурмааын биед баруун бугалга, шуу, далны доод хэсэг, зүүн бугалга, далны доод хэсэг, баруун гуя, шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдээс баруун бугалга, шууны цус хуралт, зүүн шилбэний зулгаралт нь 2-3 хоногийн өмнө, бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  (хэргийн 22 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 727 000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 86-87 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ц.Даш Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 383 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг хойшлуулсан гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ц.Даш нь 2018 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны 49 дүгээр тоотод хамтран амьдрагч Ж.Бурмааыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун бугалга, шуу, далны доод хэсэг, зүүн бугалга, далны доод хэсэг, баруун гуя, шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны 49 тоотод хамтран амьдрагч Ж.Бурмааын  ноолууран цамц, пиджак, цув, цамц зэргийг урж, гар утсыг гэмтээснээс 727 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Бурмаа, гэрч Б.Болормаа, Т.Билэгсайхан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3806 дугаар дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Дашийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч Ж.Бурмаа нь гэмт хэргийн улмаас 1 318 800 төгрөгийн хохирол гаргуулахыг хүссэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар түүнд 727 000 төгрөгийн хохирол учирсныг Ц.Дашээс гаргуулж, цахилгаан бараа эвдсэн гэж 98 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн гэж 500 000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн ноолууран цамц 2 ширхэг, “Zara” загварын хар өнгийн пиджак 1 ширхэг, Esprit загварын цагаан өнгийн цув 1 ширхэг, Timberland загварын цагаан өнгийн цув 1 ширхэг, загвар тодорхойгүй цагаан өнгийн толботой цамц 1 ширхэг, загвар тодорхойгүй хар өнгийн цамц 1 ширхэг, загвар тодорхойгүй улаан өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Luna загварын гар утас 1 ширхэг зэргийг Дашт олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Дашийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Дашийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Дашт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  500 000  төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500   нэгжтэй тэнцэх хэмжээний  500 000  төгрөгөөр торгох ялыг нэмж, нэгтгэн, Ц.Дашийн биечлэн эдлэх ялыг нийт  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний  1 000 000  төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Даш нь торгох ялыг 2 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Даш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар Ц.Дашээс 727 000 төгрөг гаргуулж, Ж.Бурмаад олгож, хохирогчийн хохирлоос 591 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн ноолууран цамц 2 ширхэг, “Zara” загварын хар өнгийн пиджак 1 ширхэг, Esprit загварын цагаан өнгийн цув 1 ширхэг, Timberland загварын цагаан өнгийн цув 1 ширхэг, загвар тодорхойгүй цагаан өнгийн толботой цамц 1 ширхэг, загвар тодорхойгүй хар өнгийн цамц 1 ширхэг, загвар тодорхойгүй улаан өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэгийг устгаж,

“Luna” загварын гар утас 1 ширхэгийг Ц.Дашт олгосугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

           9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Дашт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН