Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/58 

 

Б.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: О.Батнасан

Шүүгдэгч: Б.******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.******* даргалж, шүүгч Б.Володя, шүүгч Б.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаагийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.******* нь Өмнөговь аймаг ******* сумын 5 дугаар баг, *******гийн 4-1 тоотод 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнийн 03 цагийн үед тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан М.*******ын нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж, тархины хатуу хальсан доорх цусан хураа бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол, гэмтэл санаатай учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

          Шүүгдэгч Б.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Болд-Эрдэнийг 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 107 /нэг зуун долоо/ хоног буюу 3 /гурав/ сар 17 /арван долоо/ хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн нийт биечлэн эдлэх хорих ялыг 07 /долоо/ жил 3 /гурав/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн цагдан хоригдсон 145 /зуун дөчин тав/ хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 07 /долоо/ жил 3 /гурав/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******эс 4,524,000 /дөрвөн сая таван зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******т, 10,802,918 /арван сая найман зуун хоёр мянга есөн зуун арван найм/ төгрөгийг гаргуулж “Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс’’-т тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******ийн нэхэмжлэлээс 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.******* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж заасан.

Гэтэл тус хэргийн гэрчүүд гэх *******, *******, ******* нар нь үйл явдал болох үед согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн болсон үйл явдлыг сайн санахгүй урд хойно нь оруулж мэдүүлсэн зэрэг нь ач холбогдол бүхий нөхцөлийг мэдэж байгаа гэрчүүд мөн үү гэсэн эргэлзээ төрүүлдэг.

Мөн *******, *******, *******, нар нь нэг гэр бүл нэг эхээс төрсөн ах дүү нар байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэсэн зарчим байдаг. Үйл явдал болох үед хамт байсан харсан гол гэрчүүд нь *******, , нар байдаг. ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдож хохирогчоор мэдүүлэг өгсөн боловч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ тэс зөрүүтэй /Оюун-Эрдэнийг танихгүй, *******тэй уулзаж байгаагүй тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл уугаагүй гэх мэтээр/ мэдүүлэг өгсөөр байхад шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй байна.

бол насанд хүрээгүй 10 настай хүүхэд юм.ын мэдүүлгийг шүүх гэрэлгүй гэрт харанхуй шөнө ороод хүүхэд байсан эсэхийг хараагүй гэсэн шалтгаанаар няцаасан нь болхи үндэслэлгүй болжээ.

Мөн М.*******ын хүнд зэргийн гэмтлийг тогтоосон Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 486 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарчээ хх-61-62.

Гэтэл шинжээч томилсон тогтоол нь 9 сарын 24-ний өдөр гарч ажлын 5 хоногийн дотор гаргахыг даалгасан байна. хх-72 хуудсанд авагдсан нас барсан шалтгааныг тогтоосон Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 171 дугаартай дүгнэлт мөн 2024 оны 11 сарын 11-ний өдөр гарчээ.

Тэгэхээр хохирогчийн хүнд зэргийн гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, нас барсан шалтгааныг тогтоосон дүгнэлтүүд нэг өдөр гарчээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 4-т Шинжээч тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, эсхүл тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, эсхүл худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ. 7 дахь хэсэгт Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж заажээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03 тоот тогтоолоор шүүхээс өмгөөлөгч миний гомдлыг хангаж Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Т.ын 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 486 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдлыг шүүх хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Гэтэл шүүх хурал хойшлогдсон хугацаанд мөрдөгч прокуророос хугацаа хэтэрсэн талаар үндэслэл бүхий баримтыг хэрэгт хавсаргаагүй байна.

Иймд шүүхээс 486 дүгнэлтийг нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчсөн гэж дүгнэсэн тогтоол шийдвэр хэвээр байгаа гэж үзнэ. Дээрхээр хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд нь зөрүүтэй, гэрчийн мэдүүлэг хангалтгүй, хүнд зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 486-р дугаартай шинжээчийн дүгнэлт нь нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчсөн байна.

Мөн гэрчүүдийн мэдүүлгүүдээр хохирогч ******* нь үргэлжилсэн олон хоног архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болох нь тогтоогддог ба шинжээч эмч Шүрцэцэг мэдүүлэгтээ “олон хоног архи уусан нь тухайн гэмтэлтэй шууд хамааралгүй, дээрх зүйл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэхдээ этилийн спирт нь судасны ханын нэвчимхий чанар болон цусны зуурамхай чанарт нөлөөлдөг” хх-82 хуудас, спирт нь судасны ханын нэвчимхий чанар болон цусны зуурамхай чанарт нөлөөлдөг.

Эдгээрийг энгийн үгээр тайлбарлавал судасны хана хэврэгшинэ, хэрэглэсэн даруйд цусыг шингэрүүлнэ, удаан хугацааны явцад өтгөрүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр цусан хураа үүсэхэд шууд бусаар нөлөөлөх боломжтой...Цусан хураа гэмтэл үүсэх үйл явц нь гэмтсэн судасны хэмжээ буюу диаметр, гэмтлийн хэмжээ буюу судас тасрах, судас язрах зэргээс хамаарч цусан хураа гэмтэл нь харилцан адилгүй хугацаанд тархи дарах хэмжээнд хүртэл нэмэгддэг.

Тархи дарагдах хугацаа нь хүн бүрд харилцан адилгүй хугацаанд явагдаж шинж тэмдэг нь илрэх бөгөөд тархи дарагдсаны улмаас ухаан алдах хэл яриа саатах, гар хөл саажих зэрэг зовуурь болон шинж тэмдэг илэрнэ. Тархи дарагдах хүртэл хүн хэвийн явах боломжтой... гэж мэдүүлжээ.

******* нь 2024 оны 09 сарын 17-ны өдөр согтуу байсан болох нь *******, *******, нарын мэдүүлгээр тогтоогддог ба 18-ны өдөр согтуу байсан болох нь

ы “...Тэгээд тэр өдрийн орой харуй болж байхад ******* ах Отгон ах нар ирсэн. ******* ах Отгон нар баруун гэрт архи ууцгаагаад байсан. Би баруун гэр лүү шагайж харахад *******, Отгон, ******* ах нар архи ууцгаагаад сууж байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд *******ын тархинд цусан хураа үүсч тархины хаван үхжил менингитээр хүндрэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь нөлөөлсөн байна. Тус шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь анхан шатны шүүх хурлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, нотлох баримтуудыг хэлэлцсэн байдал, талуудын мэтгэлцээн зэрэгт үндэслэж “...Амь хохирогчийн хувьд өмнө нь мотоциклоос унасан гэж байна. Толгойны гэмтэл хэзээ хойно илрэх боломжтой байдаг. Мотоциклоос унаж толгойдоо гэмтэл авсан үүнийгээ тухайн үед эмчид үзүүлээгүй байна. Шүүгдэгч амь хохирогчийг зодсон эсэх эргэлзээтэй, гэрч нарын мэдүүлэг хангалтгүй гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгч гэм буруугүй” гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Эрүүгийн хариуцлагын тухайд Шүүхээс оногдуулсан 7 жилийн хорих ял нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн зүй бус үйлдэл, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал зэргийг авч үзвэл *******д хүндэдсэн ял болжээ.

Мөн Б.******* нь урьд оногдуулсан ялыг эдэлж дууссан байхад шүүхэд элдээгүй үлдсэн 107 хоног буюу 3 сар 17 хоног гэж тооцон нэмж тооцсон нь ойлгомжгүй байна. Хавтаст хэргийн хоёрдугаар хавтаст Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Бат- Эрдэнийн ******* нь ялын үлдэгдэлгүй байна гэсэн албан тоотыг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн нь хавсаргагджээ. Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамжаар 9 сар 28 хоногийн хугацааны өмнө суллаж хяналт тогтоогдсон бөгөөд тус хяналтын хугацаа нь 2025 оны 06 сарын 25-ны өдөр дууссан байна.

Иймд-*******д нэмж нэгтгэн оногдуулсан 107 хоног буюу 3 сар 17 хоногийн ял нь үндэслэлгүй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хяналтын прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын 5 дугаар багийн *******гийн 4-1 тоотод 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөр шилжих шөнө 03 цагийн үед хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан н.*******ын нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, тархины хатуу хэсэгт цусан хураа, эрүүл мэндэд нь хүнд хохирол, гэмтэл санаатай учруулж, гэмтлийн улмаас хохирогч 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүйгээр нотлогдсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Нотлох баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой хамааралтай гэж үнэлж прокуророос хэлэлцүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дурдах юм бол хохирогч, иргэний нэхэмжлэгч н.*******ийн мэдүүлэг хавтаст хэргийн 19, 20 дугаар хуудас, гэрч н.*******ын мэдүүлэг хавтаст хэргийн 28-аас 29 дүгээр хуудас, н.*******ийн гэрчийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 32 дугаар хуудас, насанд хүрээгүй гэрч н.ы мэдүүлэг хавтаст хэргийн 42-оос 43 дугаар хуудас, гэрч н.Буян-Өлзийгийн мэдүүлэг хавтаст хэргийн 45-аас 46 дугаар хуудас, гэрч н.Отгонжаргалын мэдүүлэг хавтаст хэргийн 51-ээс 52 дугаар хуудас зэрэг нотлох баримтууд тухайн үйл баримтыг хөдөлбөргүй тогтоосон бөгөөд шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг гэх нотлох баримтууд нь дээрх баримтыг давхар нотолсон. Тухайлбал Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 486 дугаартай шинжээчийн дүгнэлт. Мөн тухайн газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтыг судлуулах, нотлох баримтын эх сурвалжийг гаргах аргаар нотлох баримтыг шалгана гэж хуульчилсны дагуу үнэлж, дүгнэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэм буруугүйд тооцуулах дүгнэлтийг үгүйсгэсэн талаараа тодорхой хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. Мөн хуулийн 2 дахь хэсэгт гэрч, шүүх, прокурор дуудсанаар ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан. Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралд гэрч н.Нармандах, н.*******, насанд хүрээгүй гэрч н. нарыг оролцуулан мэдүүлэг, тайлбарыг авсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний  үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж хуульчилсан. Шүүх хуралдаан болон мөрдөн байцаагчийн шатанд хууль сануулж үнэн зөв мэдүүлэг өгөхдөө мэдүүлэх, хууль эдэлж, баталгаа гаргасны дараа өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдохгүй байх ба насанд хүрээгүй гэрч н.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг нь харьцангуй тогтвортой, зөрүүгүй байдлаар мэдүүлсэн байх тул шүүх насанд хүрээгүй гэрч н.ы мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, энэ талаараа тодорхой дурдаж шүүхийн тогтоолд тайлбарласан. Шүүгч гэрч н.Наранмандахын мэдүүлгийг ямар ч шалтгаанаар нотлох баримтаар тооцоогүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгийг үгүйсгэх гэж байгаа талаараа шийтгэх тогтоолд мөн тодорхой тайлбарласан байдаг. Мөн шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээний байгууллагын хийх эрхгүй этгээд уг шийдвэрийг хийж дүгнэлт гаргасан байх тул уг дүгнэлтийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн байдаг. Иймд Б.Болд-Эрдэнийн өмгөөлөгч Б.Дугармаагаас гаргасан гомдол дээрх үйл баримтаар тус тус няцаагдаж байгаа. Шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн гэм бурууг шийдвэрлэхэд хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон түүнийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгч Б.Болд-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсны үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Б.******* бол тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор гарсан тэнсэнгийн хянан харгалзах хугацаа нь дуусаагүй байсныг үндэслэн шүүх дээрх эдлээгүй үлдсэн ялыг эрх хэмжээний хүрээнд нэмж оногдуулсан. Энэ нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэв.

 

   Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гомдлыг илтгэгч шүүгчээс дэлгэрэнгүй уншиж танилцууллаа. Товчхон байдлаар хэлэхэд хэрэг болох үед миний үйлчлүүлэгч өөрийнхөө төрсөн ээжтэй хамт хэргийн газар очсон. Төрсөн ээж нь, н.Нармандах, Б.******* нар нь эрүүл, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хэрэг болсон айлд байсан хүмүүс, талийгаач болон талийгаачийн ах н.*******, н.******* нар согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн нотлох баримтуудаар тогтоогддог. Мөн н.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадваргүй болох нь тогтоогдсон учраас асуултаа асуухыг шүүх хуралдааны явцад зогсоосон. Учир нь огт танихгүй, мэдэхгүй, болоогүй зүйлийг илэрхий ярьж хэлдэг. Мэдэхгүй гэсэн хариултуудыг өгдөг. Хүнд гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг шүүхээс нотлох баримт бэхжүүлэх, цуглуулах журмыг зөрчсөн гэдгийг тогтоосон шийдвэр нь хэвээр байгаа. Мөн хохирогч нь хэрэг болохоос өмнө болон хэрэг болсны дараа олон хоногийн хугацаанд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн шинжээч эмчийн мэдүүлгээр тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэдгийг хэлж мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хариуцлагын тухайд миний үйлчлүүлэгч өмнө нь ялаа эдэлж дууссан гэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 08 дугаар сарын 21-ний өдрийн албан тоот ирсээр байхад 3 сар 17 хоног буюу 107 хоногийн эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэсэн байгаа нь хууль зөрчсөн, үндэслэлгүй асуудал болсон гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Давж заалдах гомдол гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаагийн гомдлын хувьд гэрч нарын мэдүүлгүүд хангалтгүй, зөрүүтэй авагдсан гэдэг байдлаар гомдол гаргасан байдаг. Гэрч н.*******, насанд хүрээгүй гэрч н., гэрч н.Нармандах нарын хувьд шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлтээр шүүх хуралдаанд мэдүүлэг өгч байсан. Гэрч н.*******, насанд хүрээгүй гэрч н.ы хувьд болсон зүйлийг харсан гэрч нар байдаг. Эдгээр гэрч нарын хувьд мөрдөн байцаалтын шат болоод шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлгээ тогтвортой өгдөг. Ямар нэгэн мэдүүлгийн зөрүү байдаггүй. Мөн гэрч н.*******, н.Буян-Өлзий нарын мэдүүлэг авагдсан байдаг. Эдгээр гэрчүүдийн хувьд болсон зүйлийг хараагүй ч гэсэн дамжин байдлаар Б.Болд-Эрдэнийн ярьсан зүйлийг гэрчилж мэдүүлдэг. Гэрч н.Буян-Өлзийд шүүгдэгч Б.******* нь бүгдийг нь зодчихоод  ирлээ. Өнөөдөр очиж зодно гэсэн зүйлийг хэлж мэдүүлсэн мэдүүлгийг дамжмал байдлаар н.Буян-Өлзий нотолдог. Тухайн цаг хугацаанд н.*******, н.******* хоёрын биед гэмтэл учирсан боловч н.*******өд нь гэмтлийн зэрэг тогтоогдоогүй нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэрч н.*******ын мэдүүлэг хавтаст хэргийн 48, 49 дүгээр хуудсанд авагдсан. Маргааныг хараагүй ч гэсэн Б.******* намайг машинд суулгачхаад буцаж баруун гэрт ороод 10 минут болоод орж ирсэн гэж, машинд хэр удаан хугацаанд суусан, хэн хэн хаашаа орсон гэдгийг нотолдог. Ийм учраас гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй авагдаагүй. Б.******* нь хэргийн зүйлчлэлийн хувьд ийм зүйлийг хийгээгүй гэж ярьдаг учраас эдгээр гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлон тогтоогдсон гэж харагддаг. Шинжээчийн дүгнэлтийн хувьд хуульд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, шаардлага хангаагүй, журам зөрчсөн гэх зүйлийг ярьдаг. Хавтаст хэргийн 72 дугаар талд шинжээч эмч н.ын мэдүүлэг авагдсан байдаг. Энэ дээр н.Баярболд нь ухаангүй, үзлэг хийх боломжгүй учраас хугацаа алдсан гэдэг зүйлийг мэдүүлж хэлсэн байдаг. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзэж байна. Ийм учраас энэ хэргийн хүрээнд анхан шатны шүүх үнэн зөв дүгнэлт гаргаж, энэ асуудал нь хавтаст хэрэгт хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар няцаагддаг учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаагийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Б.Болд-Эрдэнийг Өмнөговь аймаг ******* сумын 5 дугаар багийн *******гийн 4-1 тоотод 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнийн 03 цагийн үед тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан М.*******ын нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж, тархины хатуу хальсан доорх цусан хураа бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол, гэмтэл санаатай учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Б.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 107 хоног буюу 3 сар 17 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн нийт биечлэн эдлэх хорих ялыг 07 жил 3 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож, цагдан хоригдсон 145 хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг зөв тогтоох нь” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго болохыг тодорхойлжээ.

Энэ зорилгын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

Анхан шатны шүүх “Шүүгдэгч Б.******* урьд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамжаар 9 сар 28 хоногийн хугацааны өмнө суллаж, хяналт тогтоогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 107 хоног буюу 3 сар 17 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн нийт биечлэн эдлэх хорих ялыг 07 жил 3 сар 17  хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.

 Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж заажээ.

Шүүгдэгч Б.******* нь Өмнөговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамжаар 09 сар 28 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэсэн ба 20 хоногийн дараа буюу 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө энэхүү гэмт хэрэгт холбогдсон байна.

Анхан шатны шүүх Б.*******д өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 107 хоног буюу 3 сар 17 хоногийг эдлэх ялд нэмж тооцсон талаарх дүгнэлтийг шийтгэх тогтоолд дурдаагүй, хэрхэн тооцож 3 сар 17 хоног гэж үзсэн нь ойлгомжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийлгүй, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэгэн нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргээс ялган зүйлчлэхийн тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдлээрээ болон хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэх учиртай.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

3. Шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                                ШҮҮГЧИД                                         Т.ДЭЛГЭРМАА

                                                                                                              Л.УГТАХБАЯР