| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2429002790102 |
| Дугаар | 2025/ДШМ/57 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Наранхүү |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/57
2025 оны 11 сарын 12 өдөр Дугаар 2025/ДШМ/57 Даланзадгад сум
Ж.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Э.Наранхүү,
Шүүгдэгч Ж.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг /цахимаар/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.*******д холбогдох 2429002790102 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* караоке баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******тай үл ялих зүйлээс маргалдан улмаар зодож бие эрх чөлөөнд нь халдаж, зүүн нүдний торлог бүрхэвч болон доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү нь Ж.*******ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч Улаан даавуу овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******г 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.******* нь хохирогч Б.*******т 3,930,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь сэтгэл санааны хохирол гаргуулахгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шийтгэх тогтоолоор намайг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Учир нь: Миний бие 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн *******-ийн баяжуулах үйлдвэрийн засварын хэлтэст засварын дадлагажигч албан тушаалд 1 жилийн хугацаагаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа.
Миний хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэх байршил нь Оюутолгой уурхайн талбар юм. Өөрөөр хэлбэл би ажлаа хийхийн тулд Ханбогд сумаас Оюутолгой уурхайд, ирэх очих зайлшгүй шаардлага гардаг. Гэтэл шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийх ёстой юм байна.
Иймээс дээрх ялыг эдлэхийн тулд миний бие ажил хөдөлмөр эрхлэх, цалин орлоготой байх боломжгүй хүнд нөхцөл байдал, эрсдэлд орох аюултай байна. Хэрэгт хохирогч Б.******* нь надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл сэтгэл санааны хохирол гаргуулахгүй гэсэн боловч шүүгдэгч миний бие сайн дураараа хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 3,930,000 төгрөг төлж барагдуулсан.
Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.******* надад оногдуулсан анхан шатны шүүхийн 125 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн 125 дугаартай шийтгэх тогтоолд: Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл дээрх зүйл ангид торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах гэсэн гурван төрлийн ял ногдуулахаар заасан бөгөөд, шүүхээс чухам ямар үндэслэлээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон авч хэрэглэх болсон талаарх үндэслэлээ бичээгүй байдаг. .
Гомдлын үндэслэлийн тухайд: Миний үйлчлүүлэгч Ж.******* нь “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 сарын 18-ны өдрийн Б/2554 тоот тушаалаар Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтэст Засварын дадлагажигч албан тушаалд 2025 оны 08 сарын 18-ны өдрөөс 2026 оны 08 сарын 18-ны өдөр хүртэл ажиллуулах тухай тушаал гарч, дагалдангаар ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулжээ, ЭХХШТХ-39,4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ял хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгсөн болно.
Хөдөлмөрийн гэрээний 5-д “...ажилтны ажил, амралтын хуваарь, өдөр, цаг нь Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу байна...” гэж заасан ба, ажлын байрны тодорхойлолтын 1.9- д ажил амралтын хуваарь 14/14 ( ажлын өдөр/ажлын бус өдөр), 1.11-д ажил үүрэг гүйцэтгэх байршил Оюу Толгой уурхайн тайлбар.., байхаар заасан. Ж.******* нь үндсэн “Оюу Толгой” ХХК-ийн дадлагажигч ажилтан болох нь гүйцэтгэх захирлын ажилд авсан тушаал болон хөдөлмөрийн гэрээгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Энэхүү ажил олгогч, ажилтан нарын дунд байгуулагдсан хөдөлмөрийн харилцаагаар ажилтан гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийж гүйцэтгэхийн тулд заавал “Оюу толгой” ХХК-ийн уурхайн ажлын талбарт очиж ажиллах гарцаагүй шаардлага үүсэж байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч үзнэ үү...
Харин анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ..., 2 дахь хэсэгт ..уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтооно... гэж хуульчилсан. Хуулиас харахад, шүүгдэгч дээрх ял шийтгэлийг эдлэхийн тулд өөрийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрт, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийх үүрэгтэй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй ... гэж зааснаас үзэхэд, Ж.******* нь хэдийгээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн боловч, шүүхээс оногдуулж буй хариуцлага нь шүүгдэгчийн жам ёсны хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахад хүргэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ... гэж заасан.
Хавтаст хэргийн хүрээнд хохирогч Б.******* нь хохирлын баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд, Ж.*******ны зүгээс өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж, сайн дураараа хохирогчид 3.930.100 төгрөгийг төлсөн, хохирогч сэтгэл санааны хохирлын зэрэглэлийг гаргуулахгүй гэсэн ба, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Хувийн байдлын тухайд: Ж.******* нь 21 настай, ажил хөдөлмөрийн гараагаа “Оюу Толгой” ХХК-д ажилд орсноор эхлүүлж яваа, гэр бүлийн тогтвортой харилцааг үүсгэн Ц.*******тай гэр бүл болж /хараахан гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй/, 2025 оны 06 сарын 19-ний өдөр хүү С.*******ийн эцэг эх болцгоосон. Залуухан гэр бүл юм. Аливаа хүн ажил хөдөлмөр эрхэлж, цалин орлоготой байж, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, тэднийхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох орчныг бүрдүүлэхийн тулд санхүүгийн эх үүсвэр маш чухал байдаг.
Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэхэд, дээр дурдсан хөнгөрүүлэх талын нөхцөл байдлуудыг харгалзан Ж.*******д хөдөлмөрлөх боломжийг олгож, анхан шатны шүүхийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Прокурор Н.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолд заасан Ж.*******нд холбогдох хэрэгт Ж.*******ныг гэм буруутай тооцсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Ж.******* нь тухайн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрөө мэдүүлдэг. “Оюу толгой” ХХК-д ажилд орохоор хөөцөлдөж байгаа. Хараахан ажилд орох гэрээ байгуулаагүй. Энэ талаар гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэдэг байдлаар шүүх хуралдаан оролцож мэтгэлцсэн. Ийм учраас ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа шүүгдэгчийн хувийн байдалтай нь тохируулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэр, үйлдэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан хохирол, хор уршгаа төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Энэ ял өөрөө эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, ялын үр нөлөөтэй байх бодлогод нийцсэн, үндэслэл бүхий ял гэж прокурорын зүгээс үзэж байна гэв.
Шүүгдэгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс намайг 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгэсэн. Би “Оюу толгой” ХХК-ийн үндсэн компани баяжуулах үйлдвэрийн засварын хэлтэст засварчнаар ажилд орсон. Тэгээд 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг. Нийтэд тустай ажлыг Ханбогд суманд өдрийн 8 цагаар өдөр болгон хийх шаардлагатай болсон. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагаар хийхээр компани маань намайг ажлаас халах шаардлагатай болоод байгаа. Одоо би 22 настай. Дөнгөж гэр бүл зохиогоод ажил, амьдралын гараагаа эхэлж байна. Хүүхэд маань одоо 4 сартай. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагаар цалингүй Ханбогд суманд хийх болохоор орлогогүй болно. Тэгэхээр гэр бүлээ тэжээх боломжгүй болоод байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөнгөн торгуулиар сольж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх талаар заадаг. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж ял шийтгэлийг оногдуулахаар хуульчилсан. Энэ нөхцөл байдлын үүднээс миний үйлчлүүлэгчийн хувьд хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “Оюу толгой” ХХК-ийн ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр энэ хүн үндсэн “Оюу толгой” ХХК-д ажилтнаар орсон болох нь нотлогдон тогтоогдож байгаа. Мөн миний үйлчлүүлэгч нь дөнгөж 22 настай. Дөнгөж гэр бүлтэй болсон. Хүүхэд нь 4 сартай. Ийм учраас дээрх нотлох баримтуудын хүрээнд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.******* болон өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг бид нарын гаргасан ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Ж.*******гийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: шүүгдэгч Ж.*******ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэснийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нар эс зөвшөөрч нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* караоке баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******тай үл ялих зүйлээс маргалдан улмаар зодож бие эрх чөлөөнд нь халдаж, зүүн нүдний торлог бүрхэвч болон доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23, 26-27 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 462 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмчилгээний баримтууд /хавтаст хэргийн 44-46 дахь тал/,
Шүүгдэгч Ж.*******гийн хохирогч Б.*******ын биед хөнгөн хохирол санаатай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь шүүгдэгчийн хувийн байдлын тухайд “Ж.******* нь 21 настай, ажил хөдөлмөрийн гараагаа “Оюу Толгой” ХХК-д ажилд орсноор эхлүүлж яваа, гэр бүлийн харилцаа үүсгэн эхнэр, хүүтэй болсон. Хэдийгээр хохирогч Б.******* нь хохирлын баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч Ж.*******гийн зүгээс өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж, сайн дураараа хохирогчид 3.930.100 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгож анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нь торгох ялаар сольж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно.” гэж заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд хавсаргаж ирүүлсэн “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 18-нд Б/2554 дугаартай “*******гийн *******г ажилд авах тухай” тушаал, мөн өдрийн “Оюутолгой” ХХК, Ж.******* нарын хооронд байгуулсан “Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ” болон албан тушаалын тодорхойлолт болох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.******* нь ажил хөдөлмөр эрхлэн торгох ялыг биелүүлэх эдийн засгийн боломж нөхцөл бүрдсэн байх тул түүнд торгох ял оногдуулж ял хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Давж заалдах шатны шүүхэд хуулиар олгосон “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Ж.*******ны хувийн байдал, ял хөнгөрүүлэхтэй холбоотой баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар сольж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолын
2 дахь заалтын “...шүүгдэгч Ж.*******г 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэснийг “...шүүгдэгч Ж.*******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР