Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 700

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч: С.Бат, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батд холбогдох эрүүгийн 1805 0205 20539 тоот дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 545 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар, Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 112 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 6 сарын ял дээр 1 жил 6 сарыг нэмж, бүгд 2 жил хорих ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 672 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 4 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж, нэгтгэн 4 жил хорих ял шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дүгээр  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн,

Дархан-Уул аймгийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2008 оны 2 дугаар сард хугацаа дуусч суллагдсан, Бат.

 

Шүүгдэгч С.Бат нь 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номин” худалдааны төвийн лангуунаас 22 ширхэг хос мөнгөн ээмэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Бат мэдүүлэхдээ:

2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номин” худалдааны төвд ганцаараа явж байгаад лангуун дээр нь хүн байхгүй байсан тул 22 ширхэг хос ээмгийг хулгайлж авсан. Хулгайлсан ээмгээ хүнд зарсан. Гэхдээ хэдэн төгрөгөөр, хэнд зарснаа одоо тодорхой санахгүй байна. Ээмэгний үнэлгээтэй маргах зүйл байхгүй. Хохирогчид учруулсан хохирлоо төлөөгүй байгаа. Ажил хийгээд хохирлоо төлөх боломжтой. Би 11 настай өөрийн хүүхэд, 21 настай дагавар охин, түүний хүүхэд нарын хамт дөрвүүлээ амьдардаг юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Саяхан эхнэр маань өвчнөөр нас барсан. Иймд үр хүүхдийг минь бодоод хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би ажил хийгээд хохирлоо төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Шиөанэн мэдүүлэхдээ:

Би 2015 оноос хойш Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны Номин худалдааны төвд үнэт эдлэл гоёл чимэглэлийн тасагт лангуу ажиллуулдаг. Манайх лангуун дээрээ Отгонтуяа гэж худалдагчийг ажиллуулдаг. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний 20 цагийн орчим манай худалдагч Отгонтуяа над руу залгаад “бараагаа алдчихлаа, би камерийн бичлэг шүүгээд явж байна. Цагдаад дуудлага өгчихлөө” гэсэн. 22 хос мөнгөн ээмэг алдсан байсан. Би уг ээмэгнүүдийг 2017 оны сүүлээр Бээжингээс багцлаад авчихсан. Ер нь байнга тэгээд багцлаад хямдруулаад авчихдаг болохоор яг хэдэн төгрөг болсон гэдгийг сайн санахгүй байна. (хэргийн 6-7 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Отгон мэдүүлэхдээ:

Би 2018 оны 4 дүгээр сарын 06-ны орой 19 цагийн үед ажил дээрээ сууж байсан юм. Тэгээд би хоолонд орох гээд хажуу цэцэгний лангууны худалдагч Ундраатай хамт гадагшаа гараад замын хойд талд байдаг “Золбоо” цайны газар руу орж, хоол идээд 30-40 минут болсон. Тэгээд лангуун дээр ирэхэд лангуун дээр байсан жижиг хоёр ширхэг шилэн тавиуртай жижиг мөнгөн ээмэгнүүдийн 1 ширхэг шилэн тавиуртай 22 хос ээмэг буюу 44 ширхэг мөнгөн ээмэг алга болсон байсан. Тэгээд камерын бичлэг шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн аваад гарч байгаа бичлэг байсан. Уг ээмэгнүүдийн 1 хос нь 30 000-35 000 төгрөгийн үнэтэй байсан гэжээ ( хэргийн 10 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 550 000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 545 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар, Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 112 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 6 сарын ял дээр 1 жил 6 сарыг нэмж бүгд 2 жил хорих ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 672 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 4 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж, нэгтгэн 4 жил хорих ял шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн,

Дархан-Уул аймгийн шүүхийн 5 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

             Шүүгдэгч С.Бат нь 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Номин” худалдааны төвийн лангуунаас 22 ширхэг хос мөнгөн ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Э.Шиөанэнд 550 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Шиөанэн, гэрч А.Отгон нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгажээ. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Бат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлнө гэж илэрхийлж байгааг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

 

Шүүгдэгч нь  гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлж байх тул түүнээс 550 000 төгрөг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэлээ.

 

С.Батын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 9 хоногийг нийтэд тустай ажлын 8 цагаар тооцож, 72 цагийг түүний эдлэх ялаас хассах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Батыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Батыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Бат нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баттулгын 2018 оны 9 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 9 хоногийг нийтэд тустай ажлын 8 цагаар тооцож, түүний эдлэх ялаас 72 цагийг хассугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Батас 550 000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Шиөанэнд олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Батд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН