| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2429000230076 |
| Дугаар | 2025/ДШМ/59 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Э.Наранхүү |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/59
2025 оны 11 сарын 19 өдөр Дугаар 2025/ДШМ/59 Даланзадгад сум
Б.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Э.Наранхүү /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Болорчулуун /цахимаар/,
Хохирогчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал /цахимаар/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Болорчулуун, хохирогчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.*******т холбогдох 2429000230076 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах Модерн номадс ресторанд иргэн Б.*******ыг өргөж шидсэний улмаас эрүүл мэндэд биед зүүн чамархайгаас суурь яс руу үргэлжилсэн ясны хэлтэрхий үүсгэсэн нийлмэл хугарал, зүүн хөндийн цус хуралдалт, баруун чамархайн ялтаслаг хатуу бүрхүүл доорх цусан хураа, субархнойдал зайнд цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор нь Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч Тасбек овогт Баянжаргалын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 25,000,000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 25,294,500 төгрөг, замын зардал, буудлын зардал, цалин хөлсний зардалд нийт 12,050,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Б.*******т олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.*******ын өмгөөллийн хөлс 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ын хохиролд 5,902,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх”-ээр тодорхойлогдохыг хуульчлан заажээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-р зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүx ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан шүүгдэгч Б.*******т торгуулийн ял оногдуулсан нь хуулийн зорилго, зорилт болон шүүгдэгчийн хувийн байдалд нийцээгүй гэж үзэж байна
Үүнээс гадна Шүүгдэгч Б.*******ийн зүгээс хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан хохирол болон шүүх хуралдаанаас өмнө баримтаар нэхэмжлэх боломжгүй байсан эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч хохирол, төлбөрийг төлөx боломжтой эсэх талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Шүүгдэгчийн зүгээс хохирол, төлбөрийг нөхөн төлнө гэх боловч шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл хохирол, төлбөр төлөөгүй байна.
Хохирогч Б.******* нь эрүүл мэндийн хувьд тогтмол эмчилгээ хийлгэх шаардлага хэрэгцээтэй байгаа бөгөөд зүүн чихний сонсголоо бүрэн алдаж, баруун чихний сонсгол буурсан нөхцөл байдалтай өдрөөс өдөрт хөдөлмөрийн чадвараа алдах нь ихсэж цаашид хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалд ч хүрч болзошгүй байгаа болно.
Гэтэл шүүхээс шүүгдэгчийн хохирол, төлбөрийг нөхөн төлөх эдийн засгийн эх үүсвэр, нөөц бололцоог харгалзан үзэхгүйгээр торгуулийн ял оногдуулсан нь хохирогчийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх боломжийг хязгаарлаж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 09-р сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Болорчулуун давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шүүхээс Б.*******ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 25,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Сэтгэцэд учирсан хохирлыг 25,294,500 төгрөгөөр гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр дараах гомдлыг гаргаж байна.
Миний үйлчлүүлэгч Б.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хэмжээг 25,000 нэгж буюу 25,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь ойлгомжгүй өөрөөр хэлбэл хуульд заасан бүхий л хөнгөрүүлэх шинжийг дурдсан, мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн боловч торгох ялыг оногдуулахдаа өндөр хэмжээгээр оногдуулсан нь ойлгомжгүй байна гэж үзлээ.
Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд оролцохдоо хууль хэрэглээний тал дээр зүйлчлэл хөнгөрүүлэхээр мэтгэлцэж оролцсон. Учир нь гэмт хэрэг гарахад хохирогчоос бусдад агсан согтуу тавьсан, зүй бус үйлдэл гаргасныг Б.******* таслан зогсоохоор оролцох явцдаа хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон.
Б.*******ийн хувьд боловсрол мэргэжил байхгүй, автын засварчин ажилтай хувийн байдал талаас нь үзэхэд хууль, зүйн мэдлэггүй учраас хууль хэрэглээний хувьд болгоомжгүй гэмт хэрэг үү, санаатай гэмт хэрэг үү гэх шинжийг огт мэдэхгүй ээ.
Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж, хуульд заасан бүхий л боломжит хувилбараар хүсэлт гомдол гаргаж, эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжийг эрэлхийлсэн байдлыг Б.*******ийг гэм буруугийн тал дээр маргасан гэж эрхзүйн байдлын дордуулж болохгүй гэж үзэж байна.
Хэргийн үйл баримтын талаар хохирогчид учирсан гэмтлийг мөрдөн шалгах ажиллагааны үеэс маргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт ч энэ талаараа үнэн зөв мэдүүлсэн, хүлээн зөвшөөрч байгаа талаар хохирол төлбөрийг төлөх талаар мэдүүлсэн. Ер нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шалтгаан бол хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн бусдад аюул ч учруулж болох байсан гэдгийг дурдах нь зөв байхаа, манай үйлчлүүлэгчээс хохирогчид 5,902,000 төгрөг төлсөн, хохирогчийн цалин хөлстэй холбоотой зардлыг төлөхөө илэрхийлсэн, мөн сэтгэцэд учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн юм.
Шүүх хэдийгээр эрүүгийн хариуцлага оногдуулах эрх хэмжээ байгаа хэдий ч дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад дүгнэлт хийж багасгах боломжтой гэж үзэж байгаа тул оногдуулсан торгох ялыг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү.
Б.*******ийн хувийн байдлын хувьд бага насны 05 сараас 12 насны 5 хүүхэдтэй, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явдаг зэргийг харгалзаж хамгийн бага хэмжээгээр буюу 10,000 нэгжтэй торгох хэмжээгээр торгох ялыг багасгаж өгнө үү.
Шүүх хуралдаан дээр хохирогчийн зүгээс УБ хот, ХУД Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон магадалгааг гаргаж өгсөн. Энэ магадалгааны оношийг орос хэлээр бичсэн, ямар онош, ямар өвчний улмаас группэд орсныг мэдэх боломжгүй байна, өөрөөр хэлбэл энэ онош тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээс тогтоогдсон юм уу, өөр өвчний улмаас уу гэдгийг тогтоох шаардлагатай басан гэж үзэж байна. Шүүхээс уг магадалгааг үндэслэн сэтгэцэд учирсан хохирлыг хамгийн дээд буюу 45,99 хувиар бодож 25,294,500 төгрөгөөр гаргуулахаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэтэл Шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөр чадварын алдалтын хувийг шууд тогтоогоогүй эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэж дүгнэсэн байдлыг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хамгийн дээд дүнгээр тогтоосныг харгалзан үзэж өгнө үү.
Б.*******ийн хувьд 5,902,000 төгрөг төлсөн, ажилгүй байсан хугацааны зардлыг ойрын хугацаанд төлж барагдуулна. Иймд оногдуулсан торгох ялын хэмжээ болон сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тодорхой хэмжээгээр тус тус хөнгөрүүлж, багасгаж өгнө үү гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
Тухайн хэрэгт авагдаад байгаа баримтууд дунд Б.*******ийг ажил эрхэлдэг, түүний хөрөнгөтэй эсэх талаарх баримтууд авагдаагүй. Ийм байхад шүүхээс торгох ялыг оногдуулсан. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад анхан шатны шүүх дээр Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учраад байгаа хохирол төлбөрийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлнө гэдэг тайлбарыг илэрхийлээд байна. Торгох ял оногдууллаа гэхэд хохирогчийн хохирлоо авах эрх нь яаж хангагдах юм бэ. Ийм учраас анхан шатны шүүхийн оногдуулаад байгаа ял нь хэргийн бодит байдалтай нийцээгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн байр суурьтай байна.
Хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоогоод байгаа процесс нь эмнэлгийн хяналтын байгууллагаар тухайн гэмтлээсээ шалтгаалан үзүүлээд, эмнэлгийн байгууллагын хурлаар ороод тогтоогдсон шийдвэр байдаг. Тэрийг бид нар уншъя гээд монголоор бич гэдэг юм уу, ийм шаардлага тавих боломж байгаагүй. Угаасаа эмч нь өөрөө оношоо тавиад өгсөн.
Тухайн гэмт хэргийн улмаас хэсэг хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй. Одоо буцаад өмнө эрхэлж байсан ажлаа эрхэлж байгаа боловч тухайн гэмтлээсээ шалтгаалаад зүүн чихний сонсгол бүрмөсөн алдагдсан, баруун чихний сонсгол буурч байгаа. Энэ шалтгааны улмаас хохирогч цаашид тухайн ажил хөдөлмөрөө эрхэлж чадах уу, үгүй юу, дахин хөдөлмөрийн чадвар алдалт нь нэмэгдэж, бүүр хөдөлмөр эрхлэх боломжгүй хэмжээнд хүрэх үү, үгүй юу гэдэг нөхцөл байдал одоогоор тодорхойлогдох боломжгүй байдалтай яваад байна.
Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жил, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн. Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний 2-ны 1-ийг төлүүлэхгүйгээр эсвэл ялын доод хэмжээний 2-ны 1-ээс багагүй ял оногдуулна гээд заачихсан. Тухайн зүйл анги нь сонгох санкцтай. Өнөөдрийн нөхцөл байдал дээр сонгох санкц нь торгууль буюу хохирол, төлбөр төлөхтэй холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлэхтэй адилхан хэмжээний ялыг нь сонсох ёстой байдаг. Хохирол төлбөрөө төлөөгүй нөхцөл байдал байсаар байтал шүүхээс торгох ял оногдуулаад байгаа нь хохирогчийн эрхээ сэргээлгэх боломжийг нэг ёсондоо хязгаарлаж байна.
Бодит нөхцөл байдлаараа, практик дээр ч гэсэн хохирол төлөхөөс илүүтэйгээр ялаа эдлэх нь шүүгдэгчид ашигтай. Энэ нөхцөл байдлыг урьдчилж барина. Дээрээс нь ар гэртээ 5 хүүхэдтэй. Ганцаараа хөдөлмөр эрхэлдэг гээд хувийн байдал ярьдаг. Ганцаараа хөдөлмөр эрхлээд байгаа бол энэ хүнд өөр эд хөрөнгө байхгүй бол яаж хохирлоо цаашид төлөх юм бэ, яаж ялынхаа хариуцлагыг хүлээх вэ? Энэ нь өөрөө тухайн бодит байдалдаа нийцээгүй байна. Ийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаад байгаа гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Болорчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
Гомдол дээрээ нэмж хэлэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал нь анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хохирогчийн зүй бус харилцаанд нөлөөлсөн бодит хохирол, төлбөрт яллах дүгнэлтийн хавсралтаар нэхэмжилсэн 5,900,200 төгрөгийг төлсөн. Хохирогчийн цалин, хөлстэй холбоотой зардлыг цаашид төлөхөө илэрхийлсэн. Хувийн байдлын хувьд ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг. 5 сараас 12 насны 5 хүүхэдтэй. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар торгох ял шийтгэл болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн хэмжээг багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна.
Шүүх хараат бусаар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруу, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь дүгнэлт хийгээд эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Одоо хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор гаргаж байгаа гомдол нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчингүй болгох үндэслэлд огт хамаарахгүй гэж үзэж байна гэв.
Прокурор Э.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийдвэрээр торгох ял оногдуулсан нь үндэслэл бүхий гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Учир нь тухайн зүйл хэсэгт холбогдох гэмт хэрэг нь торгох болон хорих ялтай. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн ба хохирогчийн зүй бус, согтууруулах ундаа хэтрүүлсэн үйлдлүүддээ маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Эдгээр нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай харгалзан үзээд, хорих ял бус торгох ял оногдуулах нь үндэслэл бүхий, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн ял учраас торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар хуулийг ноцтой зөрчсөн гэдэг юм уу? тухайн зүйлд заасан 3 үндэслэлийн аль нэг нь тогтоогдохгүй байгаа учраас дахин хэлэлцүүлэх үндэслэл байхгүй.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн хувьд хэрэг 2023 оны 12 дугаар сард гарсан. Энэ өдрөөс хойш 2 жил 11 сар буюу 2 жил орчим болох гэж байна. Энэ хугацаанд эрүүл мэндээрээ хохирсон хохирогч эрүүл мэндийн эмчилгээ хийлгэж бүрэн дүүрэн эдгээгүй. Цаашид мөн эмчилгээ хийлгэх шаардлагатай зэрэг шинжээчийн дүгнэлтэд үндэслээд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 45,99%-аар тогтоосон нь үндэслэл бүхий байна. Торгох ялыг 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөх нөхцөл боломж нь цалин хөлс олох, ажил хөдөлмөр эрхлэх насан дээрээ яваа хүн үүнийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулах бодит боломж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хорих болон торгох гэсэн хоёрхон сонгох санкцтай. Энэ ялын хүрээнд шүүгдэгчийн хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас буюу согтууруулах ундаа хэрэглэсэн, тухайн үеийн камерын бичлэг дээр үйл баримтууд байгаа. Хүн амьтан цохиж унагаасан. Б.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Согтуурсан хохирогчийг зодоон хийж байхад нь салгах нөхцөл байдалд өргөөд доош нь шидээд энэ гэмт хэрэг үйлдэгдэж төгсдөг. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хорих ял бус торгох ял оногдуулах нь үндэслэл бүхий гэсэн улсын яллагчийн гэм буруугийн тайлбар дүгнэлт дээр үндэслээд шүүхээс торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтод нийцсэн учраас анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлага оногдуулсан үндэслэл бүхий байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Б.*******т 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан 25,000,000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Б.*******ээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 25,294,500 төгрөг, замын зардал, буудлын зардал, цалин хөлсний зардалд нийт 12,050,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Б.*******т олгож, хохирогч Б.*******ын өмгөөллийн хөлс 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ийг хохирогч Б.*******ын биед зүүн чамархайгаас суурь яс руу үргэлжилсэн ясны хэлтэрхий үүсгэсэн нийлмэл хугарал, зүүн хөндийн цус хуралдалт, баруун чамархайн ялтаслаг хатуу бүрхүүл доорх цусан хураа, субархнойдал зайнд цус харвалт бүхий гэмтэл учруулсан болохыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэн гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******т 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, дээрх торгуулийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, мөн хохирогч Б.*******ын хохирол төлбөрт 25,294,500 төгрөгийг гаргуулан олгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч Б.******* нь дээрх торгуулийн ялыг биелүүлэх, түүнчлэн хохирогчийн хохирлыг барагдуулах эдийн засгийн боломж нөхцөлтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар тогтоох ажиллагаа хийгээгүй байна гэж үзэв.
Иймд хохирогчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацралын “Тухайн хэрэгт авагдаад байгаа баримтуудад Б.*******ийг ажил эрхэлдэг эсэх талаарх баримтууд авагдаагүй. Ийм байхад шүүхээс торгох ялыг оногдуулсан. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учраад байгаа хохирол төлбөрийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлнө гэдэг тайлбарыг илэрхийлээд байна. Торгох ял оногдууллаа гэхэд хохирогчийн хохирлоо авах эрх нь яаж хангагдах юм бэ. Ийм учраас анхан шатны шүүхийн оногдуулаад байгаа ял нь хэргийн бодит байдалтай нийцээгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх тайлбар үндэслэлтэй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацралын гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацралын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” тухай давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.*******т холбогдох 2429000230076 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР