| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2509000000626 |
| Дугаар | 2025/ДШМ/1325 |
| Огноо | 2025-11-25 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1325
2025 11 25 2025/ДШМ/1325
Ц.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхзул,
яллагдагч Ц.Б-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/6571 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Энхзулын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар эсэргүүцлээр Ц.Б-д холбогдох эрүүгийн 2509000000626 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Ц-ын Б-, ........, /РД:......./;
Ц.Б- нь Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...........” ХХК-д ерөнхий менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 11 хохирогчийн ........... нарын хооронд Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг тус тус хуурамчаар үйлдэж, өөрийн ......... болон иргэдийн дансаар дамжуулан шилжүүлэн авч, албан тушаалын байдлаа ашиглаж, өмчлөгчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр авч, завшин нийт 202.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүх хэргийн материалтай танилцаад өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан зарласан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн тайлбар, яллагдагч, түүний өмгөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзлээ. “...........” ХХК нь үйлчлүүлэгчдийн нэр дээрх үүрэн холбооны утасны дугаарыг барьцаалж зээл олгодог үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд яллагдагч нь тухайн байгууллагын ... ажилтнаар ажиллаж байхдаа 8 хүний нэр дээр зохиомол утасны дугаарыг барьцаалан хуурамч зээлийн гэрээ байгуулж өөрөө гарын үсэг зурж зээл авч завшсан, 3 үйлчлүүлэгчийн зээл төлөлтийг өөрийн дансаар авч завшсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Хэрэгт зээлийн гэрээ, барьцааны гэрээ, дансны хуулга итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн боловч барьцаалж зээл авах үндэслэл болсон утасны дугаарууд нь хэний эзэмшил ашиглалтад байсан эсэхийг, зохиомол дугаар уу, зээл авсан үйлчлүүлэгчийн дугаар уу гэдгийг шалгаагүй. Барьцааны гэрээн дээрх болон зээлийн гэрээн дээрх нэр бүхий хүмүүсийг хэрэгт гэрчээр асуусан байх бөгөөд эдгээр хүмүүс байгууллагаас мөнгө шилжүүлэн авсан данс нь өөрийнх нь мөн, харин гэрээ хийгээгүй, миний гарын үсэг биш гэж мэдүүлсэн байхад дээрх гэрээнүүд дээрх гарын үсэг хуурамч эсэхийг шалгаагүй. Түүнчлэн зохиомол гэх дугааруудыг захиран зарцуулах эрх олгож буй итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан байх бөгөөд итгэмжлэл дээр итгэмжлэл олгож буй этгээд буюу зээл авч байгаа хүн бичиг баримттайгаа өөрийн биеэр ирж итгэмжлэл өгч гарын үсэг зурсан гэдэг. Энэ үйл баримт хууль ёсны дагуу хийгдсэн тухай нотариатч нар мэдүүлсэн байх ба харин гэрчүүд гэрээ хийгдсэн, зээл гарсан талаар мэдээгүй нэг өдөр утсаар залгаад дансаар чинь мөнгө шилжүүлж авъя гэхээр нь дансаа хэлсэн гэж мэдүүлсэн мэдүүлгүүдтэй зөрүүтэй байна. Тэгвэл нотариат дээр хийгдэж буй ажиллагаа хууль ёсны байсан эсэхийг шалгаагүй. Дансаараа мөнгө шилжүүлүүлж Б-д өгсөн гэх гэрчүүд нь энэ үйлдлийг хэд хэдэн удаа хийсэн талаараа мэдүүлсэн байдаг. Зарим гэрчүүд энэ үйлдлийн хариуд Б-гээс мөнгөн шагнал авсан талаараа ч мэдүүлсэн байна. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг зайлшгүй шалгаж тогтоох нь гэмт хэрэг хэзээ, хаана гарсан, хэн ямар гэмт хэрэг үйлдсэн, гэрчүүд гэх хүмүүсийн үйлдэл оролцоо байсан эсэх, сэдэлт, санаа зорилго тодорхойлогдох, хуурамч гэрээ бичиж гарын үсэг хуурамчаар зурж, зохиомол дугаар барьцаалсан гэрээ хийсэн бол яллагдагчийн эдгээр үйлдэл нь хуурамч бичиг баримт үйлдсэн, байгууллагыг залилсан, байгууллагын хөрөнгө завшсан гэмт хэргүүдийн алинд холбогдох зэргийг тогтоох, хэргийг үнэн зөв эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна. Иймээс дээрх шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, яллагдагч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор С.Энхзул бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжид “...Зээл авах үндэслэл болсон утасны дугаарууд нь хэний эзэмшил ашиглалтад байсан эсэхийг, зохиомол дугаар уу, зээл авсан үйлчлүүлэгчийн дугаар уу гэдгийг шалгаагүй... Барьцааны гэрээн дээрх болон зээлийн гэрээн дэх хүмүүс мөнгө шилжүүлэн авсан данс нь өөрийнх нь мөн, харин гэрээ хийгээгүй, миний гарын үсэг биш гэж мэдүүлсэн байхад дээрх гэрээнүүд дээрх гарын үсэг хуурамч эсэхийг шалгаагүй...” гэжээ. Хэрэгт цугларсан гэрч Ц.Т-, Г.Ш-, Б.Т-, Э.П-, Б.Ж-, иргэний хариуцагч Б.О- болон яллагдагч Ц.Б- нарын мэдүүлгээр NN5, NN10, NN8, NN14, NN16, NN23, NN28, NN26 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг тус гэрээнд нэр дурдагдсан зээлдэгч нар нь хийгээгүй болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Түүнчлэн, дээрх зээлийн болон барьцааны гэрээг Ц.Б-д олгосон итгэмжлэлийг үндэслэн байгуулсан бөгөөд тухайн гэрээг дээрх дурдсан нэр бүхий иргэд биечлэн ирж байгуулаагүй тул тус гэрээнд байх гарын үсэг нь гэрч, иргэний хариуцагч нарынх байх боломжгүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Иймд гэрээнд дурдагдсан барьцааны эд хөрөнгө болох үүрэн телефоны дугааруудыг бусад этгээд эзэмшдэг байсан эсхүл огт ашиглалтад байдаггүй дугаар эсэх, зээлийн гэрээнд дээрх гарын үсгийг хуурамч эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь хэргийн зүйлчлэл болон бусад байдалд ноцтой нөлөө үзүүлэхгүй юм. Түүнчлэн, итгэмжлэл дээр гарын үсэг зурснаар итгэмжлэлээр төлөөлөгч итгэмжлүүлэгчийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийх эрхтэй болдог учир зээлийн болон барьцааны гэрээнүүд дээрх гарын үсэг хуурамч эсэх нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ.
2. Мөн захирамжид “...Зохиомол гэх дугааруудыг захиран зарцуулах эрх олгож буй итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан байх бөгөөд итгэмжлэл дээр итгэмжлэл олгож буй этгээд буюу зээл авч байгаа хүн бичиг баримттайгаа өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан гэдэг. Энэ үйл баримт хууль ёсны дагуу хийгдсэн тухай нотариатч нар мэдүүлсэн байх ба харин гэрчүүд гэрээ хийгдсэн, зээл гарсан талаар мэдээгүй нэг өдөр утсаар залгаад дансаар чинь мөнгө шилжүүлж авъя гэхээр нь дансаа хэлсэн гэж мэдүүлсэн мэдүүлгүүдтэй зөрүүтэй байна. Тэгвэл нотариат дээр хийгдэж буй ажиллагаа хууль ёсны байсан эсэхийг шалгаагүй...” гэж дүгнэсэн байна. Итгэмжлэл болон зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийгдсэн нь цаг хугацаа, орон зайн хувьд тусдаа үйл явдал юм. Гэрчийн мэдүүлгүүдэд дурдсанаар итгэмжлэл олгож буй этгээд өөрийн биеэр ирж итгэмжлэлд гарын үсэг зурсан ба энэ үйл баримт хууль ёсны дагуу хийгдсэн тухай нотариатч нар мэдүүлсэн. Харин энэ итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь итгэмжлэл олгосны дараа болсон үйл явдал тул гэрч нар нь тус гэрээг түүний нэрийн өмнөөс байгуулагдсан эсэхийг мэдэх боломжгүй бөгөөд энэ талаар гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримттай зөрүүгүй буюу хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
3. “...Хуурамч гэрээ бичиж гарын үсэг хуурамчаар зурж, зохиомол дугаар барьцаалж гэрээ хийсэн бол яллагдагчийн эдгээр үйлдэл нь хуурамч бичиг баримт үйлдсэн, байгууллагыг залилсан, байгууллагын хөрөнгө завшсан гэмт хэргүүдийн алинд холбогдох зэргийг тогтоох...” гэжээ. Нотариатч нь зөвхөн төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Иймд итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулан зохиомол дугаар барьцаалсан гэрээ хийсэн нь яллагдагч Ц.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга бөгөөд яллагдагч нь “.....” барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д ерөнхий менежер албан тушаалын тодорхойлолтод зааснаар зээл олгох боломжтой эсэхийг ажил үүргийн хувьд шалгаж тогтоох үүрэгтэй байна. Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаартай тогтоолоор “...хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогдох бол дээрх үүргийг хүлээгээгүй этгээд өөрийн албаны эрх мэдэл, тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг ашиглан өөрт нь хариуцуулан өгөөгүй бусдын эд хөрөнгийг өөрийн ба бусдын мэдэлд шилжүүлснээс гадна түүнийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авсан тохиолдолд залилах гэмт хэрэг гэж үзнэ...” гэж тайлбарласнаар албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд яллагдагч Ц.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд энэ талаарх холбогдох мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн гэж үзэж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд нь яллагдагч Ц.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/6571 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамжийг үндэслэл бүхий гэж үздэг. Өөрөөр хэлбэл, миний урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг ханган шийдвэрлэсэн. Дээрх ажиллагаануудыг тодруулахад буруудахгүй. Эргэлзээтэй, тодорхой биш, шууд дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэж байгаа. Мөн хохирлыг бодитоор тогтоох өмгөөлөгчийн санал байсан. Тухайн аж ахуйн нэгжид гэм хор учруулаагүй мэт харагдуулах гэж, тухайн зээлийн хүүг буцаагаад төлөлт хийгээд бүтэн харагдуулаад л яваад байдаг. Өөрөөс нь хулгайлсан мөнгөөрөө буцаагаад төлөлт хийгээд орлогодоод яваад байсан дансны тооцооллыг авъя, хэдийг нь буцааж аж ахуйд өгсөн, хэдийг нь бодитойгоор учруулчихсан гэдгийг үнэн зөв тогтоолгох хүсэлтийг гаргасан. Үүнтэй холбоотой нэмэлт ажиллагаанууд хийх шаардлагатай. 8811-тэй дугааруудыг шилжүүлэхэд Юнивишн компани ямар оролцоотой байсан талаар шалгасан нотлох баримт байхгүй байна гэх 2 үндэслэл тавьсан.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүхээс “...барьцаалж зээл авах үндэслэл болсон утасны дугаарууд нь хэний эзэмшил ашиглалтад байсан эсэхийг, зохиомол дугаар уу, зээл авсан үйлчлүүлэгчийн дугаар уу гэдгийг..., ...гэрээнүүд дээрх гарын үсэг хуурамч эсэхийг..., нотариат дээр хийгдэж буй ажиллагаа хууль ёсны байсан эсэхийг тус тус шалгаагүй. Дээрх нөхцөл байдлуудыг зайлшгүй шалгаж тогтоох нь гэмт хэрэг хэзээ, хаана гарсан, хэн ямар гэмт хэрэг үйлдсэн, гэрчүүд гэх хүмүүсийн үйлдэл оролцоо байсан эсэх, сэдэлт, санаа зорилго тодорхойлогдох, хуурамч гэрээ бичиж гарын үсэг хуурамчаар зурж, зохиомол дугаар барьцаалсан гэрээ хийсэн бол яллагдагчийн эдгээр үйлдэл нь хуурамч бичиг баримт үйлдсэн, байгууллагыг залилсан, байгууллагын хөрөнгө завшсан гэмт хэргүүдийн алинд холбогдох зэргийг тогтоох, хэргийг үнэн зөв эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. ...” зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг бүрэн гүйцэд шалгах шаардлагатай” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ц.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон ба шүүгчийн захирамжид заасан ажиллагааг дахин мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах шаардлагагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэх боломжтой байна.
Мөн прокурор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал тооцоолох хэрэгтэй. Мөн яллагдагч Ц.Б- нь гэрээний дагуу төлсөн мөнгөө хохирлоос хасуулж тооцуулах талаараа нотлох баримтаа бүрдүүлэн анхан шатны шүүхэд гаргаж өгөх нь нээлттэй байна.
Шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан зохицуулалтын хүрээнд заавал хэргийн прокурорт буцаахгүйгээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх боломжтой юм.
Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/6571 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор С.Энхзулын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Мөн яллагдагч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/6571 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Яллагдагч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ