Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/1326

 

2025             11          25                                                                             2025/ДШМ/1326

 

Л.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сэлэнгэ /цахимаар/,

шүүгдэгч Л.Э- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл /цахимаар/,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Э-т холбогдох эрүүгийн 2507002660153 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш- овгийн Л-ийн Э-, ........., урьд:

- Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 1999 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 610 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2003 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сар 9 хоногийн хорих ялаар дүйцүүлэн суллагдсан. /РД:......../;

Л.Э- нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, ........ 14-579а тоотод А.А-той маргалдаж, “архи уулаа, хашааны хаалга эвдлээ” гэх шалтгаанаар хохирогч А.А-ыг гараар цохиж, мөн хэвлий хэсэгт хутгалж, түүний биед “хэвлийн зүүн хажуу хэсгээс хэвлийн хөндийг нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн баруун хажуу хэсгээс хэвлийн хөндийг нэвтэрч бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун чихний зүсэгдсэн шарх, баруун шилбэний зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Л.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ш- овогт Л-ийн Э-ыг “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-т оногдуулсан 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгч Л.Э-т холбогдох хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа хэргийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, хэргийг үйлдсэн иргэний урьд өмнө авч байсан шийтгэлүүдийг үндэслэж 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, тухайн гэмт хэрэг үйлдсэн цагаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд хохирогчоос нэхэмжилж байсан бүхий л төлбөрийг бүрэн төлж барагдуулж шүүх хуралдаанд оролцсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д заасан хууль зүйн шаардлагыг бүрэн хангаж орж ирсэн боловч шүүх тухайн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангаагүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж ял шийтгэл оногдуулсан гэж дүгнэхээр байна. Хэргийн материалд авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгүүдэд хохирогчийн зүй бус үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдсоор байтал тухайн зүйлчилсэн хэрэгт тус нөхцөл байдлыг тодотгож, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг бүрэн дүгнээгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан заалтын хүрээнд 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахаар хуульд тусгагдсан. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулах боломжтой байсан бөгөөд хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр хорих ялын доод хэмжээний 2/3-оос хэтрүүлэхгүй хэмжээгээр буюу 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахаар Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Л.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний эрүүл мэндийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Прокурор М.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Шүүгдэгчийн хувьд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, удаа дараа уг үйлдлээрээ ял шийтгүүлсэн байдал, мөн түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан нөхцөл байдал бүрэн хангасан гэж дүгнэж, анхан шатны шүүхээс талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Л.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

2. Шүүгдэгч Л.Э- нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, ........ 14-579а тоотод А.А-той маргалдаж, “архи уулаа, хашааны хаалга эвдлээ” гэх шалтгаанаар хохирогч А.А-ыг гараар цохиж, мөн хэвлий хэсэгт хутгалж, түүний биед “хэвлийн зүүн хажуу хэсгээс хэвлийн хөндийг нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн баруун хажуу хэсгээс хэвлийн хөндийг нэвтэрч бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун чихний зүсэгдсэн шарх, баруун шилбэний зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх03-07/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0725/6306 дугаартай шинжээчийн “А.А-ын биед хэвлийн зүүн хажуу хэсгээс хэвлийн хөндийг нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн баруун хажуу хэсгээс хэвлийн хөндийг нэвтэрч бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун чихний зүсэгдсэн шарх, баруун шилбэний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх57-58/,

хохирогч А.А-ын “...Би 2025 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө өөрийн найз болох Б-, мөн Б-ийн ах гэх хүмүүстэй бид гурав 2,5 литрийн сэнгүр пиво 2 ширхгийг уугаад сууж байх үед ... хажуу талын гэрт манай ээжтэй хамтран амьдардаг Э- гэх залуу гарч ирчихсэн, п..нууд гэх зэргээр хараагаад орилоод ээжийг минь доромжлоод байхаар нь “та одоо юу гээд байгаа юм” гэж хэлээд очсон чинь гартаа барьж байсан сүхээрээ над руу далайхаар нь сүхийг нь булааж аваад шидсэн. Миний чихний ар хэсэг рүү нэг удаа, баруун шилбэ хэсэг рүү 1 удаа цохисон. Би цаашаа гараад будаа авчихаад хашааны хаалгаар орсон чинь манай эгч рүү Э- дайраад байхаар нь би гүйж очоод дундуур нь орсон чинь хутгатай, би мэдээгүй байсан чинь миний баруун хэвлий болон зүүн доод хэсэгт 2 удаа хутгалж, нэг гэдэс хавьд зүсээд авсан. Би айсандаа хамаг хувцсаа тайлсан чинь цус годогдож гараад би бага зэрэг орилоод ухаан алдаад уначихсан, маргааш эмнэлэгт хагалгаанд орсон байдалтай сэрсэн. ...” /хх23-24/,

гэрч А.Н-ийн “...2025 оны 04 дүгээр сарын 29-ны орой гадаа үүдэнд манай дүү А- нь Э-тай маргалдаад дуу нь өндөрсөөд байхаар нь би гараад очсон чинь тэр хоёр хоорондоо хэрэлдээд Э- газраас сүх аваад А- руу далайгаад чих хэсэг рүү нь цохиод авахаар нь би гүйж очиж салгасан чинь Э-ыг манай ээж гарч ирээд гэр рүүгээ авч орсон. Тэр үед би дүүгийн хамтаар хашааны хаалганы гадаа зогсож байх үед Э- дахин гарч ирээд А-той маргалдаад байхаар нь би салгах гэтэл Э- над руу дайраад гараа далайсан чинь манай дүү миний урдуур орох үед Э- хаанаас ч юм хутга гаргаж ирээд А-ын гэдэс хэсэг рүү 2 удаа хутгалчихсан. ...” /хх27-28/,

гэрч Ц.Н-ын “...Би тухайн өдөр гэртээ хамтран амьдрагч болох Э-ын хамтаар байж байх үед орой 22 цагийн үед манай хашааны хаалганы гадаа шуугилдаад байхаар нь хаалганы завсраар харсан чинь манай хүү А- нэг хүнтэй муудалцаад зодолдоод байж байхаар нь би хүүгээ согтуу байна гэж бодсон. Хэсэг хормын дараа би Э-ын хамт гэрийн гадаа жаахан харж зогсож байсан чинь Э- манай хүүд хандаж “хаалга үүд эвдэллээ” гэж хэлсэн чинь “хөөе чи наашаа хүрээд ир, гөлөг минь” гээд орилж ирээд Э-ыг А- барьж аваад зодоод эхэлсэн. Би охин болох А.Н-ийн хамтаар арай гэж салгаад Э-ын хамтаар гэртээ буцаж орсон. Би тэр үед халаад хайгаад эргээд харсан чинь Э- байхгүй байхаар нь гараад амбаарын хажуу талд Э- дээр очсон чинь гартаа хутга барьчихсан, би хүн хутгалчихлаа гэж надад хэлэхээр нь би айж сандраад гараас нь хутгыг нь салгаж аваад Э-ыг дагуулаад гэр дотор ороод хутгыг нь би шүүгээн дотор хийсэн. Тэр үед манай хажуу айлын эмэгтэй орж ирээд “гадаа хүн хэвтээд байна” гэж хэлэхээр гараад очсон чинь манай хүү болох А- хэвтэж байсан. Манай охин эмнэлэг болон цагдаа дуудсан, тэгээд удалгүй 4 цагдаагийн алба хаагч нар ирсэн. ...” /хх31-32/,

яллагдагчаар Л.Э-ын “...би тухайн өдөр А-ын биед ямар нэгэн байдлаар халдаж цохиж зодсон зүйл огт байхгүй. Харин А- миний биед халдаж өмсөж байсан куртикээр толгой ороогоод барьчихсан байсан болохоор би ямар нэгэн хөдөлгөөн хийх чадваргүй байсан. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Би тухайн цаг үед хутга авч гарснаа огт санахгүй байгаа. Гэртээ куртикээ тайлаад сууж байх үед А- нь “алнаа та нарыг” гэх дуу сонсогдсон. Би тэр үед дотроо амжиж гарч зугтаах талаар бодож байгаад ил тавьсан байсан хар иштэй хутгыг шүүрч аваад гарч зугтаах гэж байсан байх гэж бодож байна. Би А-ыг хутгалсан талаар санахгүй байгаа. Би А-т одоогийн байдлаар 3 сая төгрөг өгсөн байгаа. Үлдэгдэл нэхэмжилж байгаа мөнгийг төлж барагдуулна. ...” /хх119-120/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Л.Э-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 7 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Л.Э-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

          ШҮҮГЧ                                                                  Т.ШИНЭБАЯР

          ШҮҮГЧ                                                                  Б.АРИУНХИШИГ