Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/81

 

 

 

 

  2025             11              27                                                           2025/ДШМ/81 

 

Б.Г, Б.П нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Шүүгдэгч Б.Г, Б.П,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Н,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Г, Б.П нарт холбогдох эрүүгийн 2534000000315 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Т.... аймаг, Э.......суманд 1998 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт У........... хот Н....... дүүрэг, .......дүгээр хороо, ................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Т. аймаг, Э..... сум, Ч ............. дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т.. овогт Б...........Г........., /РД:................/.

2. Монгол Улсын иргэн, У......... хот, Н........ дүүрэгт 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, 2 хүүхдийн хамт У......... хот, Н..........дүүрэг, ....дүгээр хороо ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б....... овогт .......... П.........., /РД:.............../.

3. Шүүгдэгч Б.Г, Б.П нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг “Сүм” нэртэй гэх газарт 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн орчимд хууль бусаар зохих зөвшөөрөлгүй 2 метр куб хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, тээвэрлэсний улмаас ойн санд 535,414 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

4. Төв аймгийн прокурорын газраас Б.Г, Б.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

5. Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тэпүү овогт Батсүмбэрийн Ганбат, Боржигин овогт Бат-Эрдэнийн Пүрэвдорж  нарт холбогдох эрүүгийн 2534000000315 дугаартай хэргээс шүүгдэгч Б.Пид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэж гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Гад холбогдох эрүүгийн 2534000000315 дугаартай хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүдэгч Т овогт Б-ийн Г-ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овогт Б-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан есөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Т овогт Б-ийн Г-ыг шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Цагаан өнгийн Портер маркийн 54-68 НАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэ болох 2,611,500 төгрөгийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Ганбаярт хариуцуулсан, тус сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэн хадгалагдаж байгаа гэх 2 метр куб модыг хурааж тус тус улсын орлогод оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бензин моторт хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн 2534000000315 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагаатгагдсан этгээд Боржигин овогт Бат-Эрдэнийн Пүрэвдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Т овогт Б-ийн Г-ыг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            6. Прокурор Б.Лувсанцэрэнгийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бичсэн 32 тоот эсэргүүцэлд: “...Хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.П холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй" гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Б.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 1.2-т "Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн" заасан үндэслэлд тус тус хамаарч байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх бөгөөд тус үйлдлийн улмаас хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан байна. Гэмт хэргийн шинжийн объектив талын шинжүүдийг төрөл болон тодорхой гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид хэрхэн хуульчлан тогтоосноос шалтгаалан ангилдаг. Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай тодорхой гэмт үйлдлийн шинжийг гол шинж болох объектив талын үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийг хуульчилдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн бүтцийг материаллаг, хэлбэрийн гэж хуваадаг. Материаллаг шинжийн хувьд үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо заавал байх үндсэн шинжид хамаардаг бол хэлбэрийн шинжтэй гэмт хэргийн тухайд гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэн тооцогддог бөгөөд заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Хууль тогтоогчоос хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйлдлийг хуульчлахдаа гэмт хэрэгт тооцох хамгийн чухал шалгуур болох нийгмийн хор аюулыг харгалзан үзэхийг чухалчилсан. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбаярын мэдүүлэг, гэрч Б.Ганзул, А.Ганбилэг нарын мэдүүлэг, “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 13/055 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г, Б.П хууль бусаар зохих зөвшөөрөлгүй 2 метр куб хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлийн улмаас байгаль орчинд 535,414 төгрөгийн хохирол учирсан үйл баримт бүрэн бодитой тогтоогдсон.

Гэтэл шүүхээс шүүгдэгч Б.Пийг бусадтай бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тус үйлдлийн улмаас хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Мөн шүүгдэгч Б.Г, Б.П нар нь бүлэглэж, хууль бусаар зохих зөвшөөрөлгүй 2 метр куб хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, тухайн гэмт хэргийн хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг байхад шүүхээс дээрх дүгнэлтийг хийж, шүүгдэгч Б.Пид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан. Тодруулбал санаатай гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд өөрийн үйлдэл өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж хүсэж хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан "Хууль бусаар мод бэлтгэх" гэмт хэргийн объект буюу хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хууль тогтоогчийн зүгээс Монгол улсын ойн нөөц, ой мод, мод, модон материал болоод ургамал, амьтан, бичил биетэн хоорондын шүтэлцэн орших байгалийн тэнцвэрт халдашгүй байдал гэж тогтоож өгсөн.

Тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Г, Б.П нарын ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь ургамал, амьтан, бичил биетэн хоорондын шүтэлцэн орших байгалийн тэнцвэрт байдалд хохирол, хор уршиг учирна гэдгийг урьдаас мэдсээр байж байгаль орчинд халдаж мод бэлтгэн, тээвэрлэж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрт бүрэн хамаарч байна. Нөгөөтөйгүүр Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г, Б.П нарын хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрийг дүгнэхдээ шүүгдэгч Б.Пийн мод хууль бусаар бэлтгэсэн буюу Эрүүгийн хууль болон Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан төрийн нийтийн өмч болох ой, ойн мод, модон материалд халдсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдээгүй байна гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Б.Гын хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж зөрүүтэй дүгнэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна. Дээрх шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэснийг зөрчсөн.

3. Шүүгдэгч Б.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн буюу Б.Г нь бусадтай бүлэглэж үйлдсэн шинжийг хангаагүй гэж дүгнэн шийдвэрлэсэн шийдвэрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд "Бүлэглэн гүйцэтгэх”-ийг "Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ" гэж хуульчилсан байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох гэрч Б.Ганзул, А.Ганбилэг, яллагдагч Б.Г, Б.П нарын мэдүүлэг болоод хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэргээр шүүгдэгч Б.П нь Хьюндай портер маркийн 54-68 НАА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шохой цагаан булаг нэртэй газар шүүгдэгч Б.Гынд ирсэн бөгөөд түүнтэй санаа зорилгоороо нэгдэж бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Сүм" нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 2 куб метр хуурай шинэс модыг бэлтгэж, тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогддог.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Г, Б.П нарын бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр 2 куб метр хуурай шинэс модыг бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл буюу үйлдлээрээ санаатай нэгдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэсэн гэсэн ойлголтод бүрэн хамаарч байна. Гэтэл шүүгдэгч Б.Г, Б.П нарын үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн хууль бусаар зохих зөвшөөрөлгүй 2 метр куб хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, тээвэрлэсний улмаас ойн санд 535,414 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг зөвхөн Б.Г ганцаараа зохих зөвшөөрөлгүйгээр 2 куб метр хуурай шинэс модыг бэлтгэж, тээвэрлэсэн гэж дүгнэсэн нь 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

7. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Б.Пийн хувьд субьектив талын шинж тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлыг тогтоох замаар гэмт хэргийн объектив тал болох гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн арга, газар, цаг хугацаа, сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нь заавал тогтоогдсон байх ёстой. Энэ хэрэг Төв аймгийн Эрдэнэ сумын “Сүм” гэх газарт зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн эсэх асуудлаар шалгагдсан. Гэтэл прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулаад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа улсын тусгай хамгаалалттай газар мод бэлтгэсэн гэж хүндрүүлсэн. Харин хавтаст хэргийн 103 дугаар хуудас дээр газрын солилцлын зурагт оруулан шалгаж үзэхэд Төв аймгийн Эрдэнэ сумын “Сүм” гэх газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй гэсэн 55 дугаар албан бичиг байдаг. Мөн иргэний нэхэмжлэгч Ганбаярын мэдүүлэгт “улсын тусгай хамгаалалттай газар биш” гэж дурдсан байдаг. Гэтэл 380 дугаар яллах дүгнэлт дээр улсын тусгай хамгаалалттай газар бэлтгэсэн гэсэн алтаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэж зүйлчилсэн. Яллах дүгнэлтийн 4 дүгээр нүүрэнд “улсын тусгай хамгаалалттай газар” гэж бичсэн байгаа. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд би тайлбарласан тул дахин давтах шаардлагагүй гэж үзэж байна. Б.Пийн хувьд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээ авах, тээвэрлэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг мэдсээр байж зорилготойгоор үйлдсэн гэх нөхцөл огт байхгүй.

Хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Ганбаярын мэдүүлэг болон 94 дүгээр хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд “хууль бусаар бэлтгэгдсэн гэх мод нь 2 метр куб шинэс төрлийн хуурай түлээний мод” болох нь тогтоогдсон. Энэ хэрэг яагаад гарах болсон бэ гэвэл 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Б.Гын эмээ хагалгаанаас гарч ирээд гэртээ ирсэн байсан. Б.Г эмээгийнхээ гэрт ирэхэд галын түлээ байхгүй байсан тул тухайн үед түүний төрсөн дүү Ганзултай уулзахаар ирсэн найз Б.Пийг нь туслуулахаар шийдсэн. Ганзул, Б.П хоёр нь үерхлийн буюу хайр сэтгэлийн холбоотой байсан. Б.П нь эмээ нь хагалгаанд орсон, түлээ модгүй зутруу байсан учраас мод авч ирэхийг зөвшөөрч, хамтдаа “Сүм” гэх газраас мод бэлтгэсэн байдаг. Хамгийн гол нь Б.Пийн хувьд энэ хэрэгт субьектив санаа зорилгогүй, гэмт хэрэг үйлдэх сэдэл байхгүй байсан. Энэ байдлыг анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Б.Гын хувьд ч мөн адил энэ хэрэг дээр маргадаггүй, санаатай гэх үйлдэл тогтоогдохгүй байна. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаартай прокурорын эсэргүүцэл нь хууль ёсны дагуу бичигдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрт “улсын яллагч, дээд шатны прокурор” эсэргүүцэл бичих эрхтэй. Гэтэл энэхүү эсэргүүцлийг улсын яллагч бичээгүй, прокурор бичсэн байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Мөн Прокурорын байгууллагын тухай хуулийн 30 дугаар зүйл, Ерөнхий прокурорын баталсан журмыг зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

8. Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор яагаад гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна. Өөр хэлэх зүйл байхгүй.” гэв.

9. Шүүгдэгч Б.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г, Б.П нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

2.Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.Г нь  2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “...түлээний модгүй болсон” гэх шалтгаанаар мод бэлтгэхэд хамт явахыг Б.Пид санал болгож, Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг “Сүм” нэртэй газар руу 54-68 НАА улсын дугаартай Портер маркийн машинаар явж, зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр куб хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, тээвэрлэсний улмаас ойн санд 535,414 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар тусгагджээ.

3.Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г, Б.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан буюу “бүлэглэж, зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Гэмт хэргийн нийгмийн аюул нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлын мөн чанар, үнэ цэнийг илэрхийлдэг ба гэмт хэрэг үйлдсэн арга, хэрэгсэл, сэдэлт, санаа зорилго, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэр зэргээр тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив шинж нь ой модыг ойн цэвэрлэгээ хийхээс бусад зорилгоор  мод бэлтгэх, зохих байгууллагын зөвшөөрөлгүй, эсхүл зөвшөөрөлд заасан хэмжээнээс  хэтрүүлж, өөр газар мод бэлтгэсэн идэвхитэй үйлдлээр илэрч, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх ба нийгмийн аюул нь хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учруулах үр дагаварт хүргэдэг.

5. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж,

шүүгдэгч Б.Пийн үйлдлийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж зааснаар шүүгдэгч Б.Пийн гэм буруутайг нотолж чадаагүй...” гэж дүгнэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

5.1.Тодруулбал, шүүх аливаа хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явагдана” гэсэн зарчмыг баримтлах учиртай.

Гэтэл шүүх “...шүүгдэгч Б.Г нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсэж хийсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой,...прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон” гэж дүгнэсэн атлаа ямар үндэслэлээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь ойлгомжгүй.  

Түүнчлэн прокурорын газраас шүүгдэгч Б.Г, Б.П нарыг “бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, шүүх хуралдаанд дүгнэлт гарган мэтгэлцсэн байхад анхан шатны шүүх “...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэж  шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальсан дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гыг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болов.

Үүнээс гадна анхан шатны шүүх “...шүүгдэгч Б.Г, Б.П нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн ...зохих зөвшөөрөлгүй 2 метр куб хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, тээвэрлэсний улмаас ойн санд 535,514 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн  судлав” гэж үйл баримтын талаар дүгнэсэн мөртлөө шүүгдэгч Б.Пид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт буюу “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж зөрүүтэй дүгнэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан заалтад нийцэхгүй байна.

6.Прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн “...шүүх шүүгдэгч Б.Г, Б.П нарыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй гэж үзсэн, Б.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг дээрх дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 7.Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан “хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

8.Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Б.Г, Б.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Г, Б.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  З.ТҮВШИНТӨГС

 

    ШҮҮГЧИД                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                      А.ЦЭРЭНХАНД