Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1288

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

          Улсын яллагч О.Багшбаяр,

          Насанд хүрээгүй хохирогч Д.Ундрам, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Майжаргал,

          Шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал /ҮД:0722/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Хд холбогдох 1806 06054 1403 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Орхон аймагт 1997 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Их дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 5, хойд эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 55 дугаар байрны 206 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх Боржигон овогт Сайнтөгсийн Хулан /РД:ФБ97072721/,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          С.Х нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны орой Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 55 дугаар байрны гадаа насанд хүрээгүй иргэн Д.Ундрамыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Д.Ундрамын өгсөн: “Тухайн өдөр Баянмөнх бид хоёр 11 цагийн үед “Тэнүүн Шарга” гэх дэлгүүрээс дээшээ өгсөж байсан. Урдаас Санчир, Номин, Хулан, Отгондаваа, Заяа, Хаш-Эрдэнэ, Гэрэлтуяа гэх хүүхдүүд пиво уучихсан дээрээс ирж байсан. Ээж намайг гэртээ хурдан орж ир гэж мессеж бичсэн болохоор би өөрийн эгч Номинг ээж дуудаж байна гэртээ оръё гээд орилоход Хулан намайг яасан гэнээ гээд хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь чи юу гээд байгаа юм бэ гэж хэлчихээд Баянмөнтэй цуг цаашаа 55 дугаар байр орчихоод буцаж ирэхэд Хулан, Номин, Санчир, Отгондаваа, Заяа, Хаш-Эрдэнэ, Гэрэлтуяа нар нь “Их Өвөр” гэдэг дэлгүүрийн гадна байсан. Би очоод Номинг одоо гэртээ оръё гэхэд Гэрэлтуяа нь за за гэртээ ор гэсэн. Гэтэл Отгондаваа, Хулан хоёр намайг тойроод яваад байсан. Тэгээд Хулан намайг чи аятайхан биеэ үнэлээрэй гэхээр нь би чи юу гээд байгаа юм бэ гээд Хулан бид хоёр барьцалдсан. Тухайн үед барьцалдаж байхад миний нүүрийг маажсан. Одоо эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардалд нийт 375,000 төгрөг нэхэмжилж байна. Дахин Хулан болон Хулангийн ээжид хэл амаар доромжлуулмааргүй байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Д.Ундрамын хууль ёсны төлөөлөгч Б.Даваанямын өгсөн: “Тухайн хэрэг гардаг өдөр би Хулангийнд очоод Хулангийн ээжтэй уулзах гэсэн боловч надад гэрийнхээ хаалгыг тайлж өгөөгүй. Тэгээд би хүүхдээ аваад эмнэлэг явж байгаад Хулантай таарсан. Би Хуланг чи яаж байгаа юм бэ гэхэд хохь нь авгай минь явдаг газраар нь яваарай гэсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй. Хичээл сургууль орох гэж байгаа болохоор би саяхан цалингийн зээл авч эмчилгээ хийлгэж Ундрамын сорвийг багасгасан. Мөн манай гэрийн хажууд байдаг “Тэнүүн Шарга” гэдэг дэлгүүрийн хажууд байдаг эмийн сангаас эм худалдаж авсан. Хулан нь манай том охины найз болохоор уучлаарай гээд ороод ирэх болов уу гэж бодсон боловч уучлалт гуйж ирээгүй. Одоо Д.Ундрамын нүүрний сорвийг гүйцэт арилгуулмаар байна” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Д.Ундрамын өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дугаар хороо, гэрийн хажууд байрлах Тэнүүн шарга дэлгүүрээс дээш өгсөж байхад манай ээж над руу мессеж бичээд гэрт ор гэхээр нь алхаж байхад өөдөөс манай төрсөн эгч Номин, түүний найз Хулан, Гэрэлээ, Отгондаваа, Санчир, Заяа нар ирж байхаар нь би Номин аниа гэж орилсон. Хулан эгч өөдөөс яасан гичий минь гэж орилохоор нь би өөдөөс нь чи юу гээд байгаа юм бэ? гэж хэлсэн. Хулан эгч намайг чи одоо ямар сүртэй юм бэ? гэж хэлсэн. Хулан эгч намайг чи биеэ аятайхан үнэлээрэй гэхээр нь би Хулан эгчийг түрүүнээс хойш юу гээд байгаа юм бэ? гээд үсэдсэн... Энэ үед миний нүүрийг маажчихсан. Миний баруун талын хацар дээр сорви гарсан...” гэх мэдүүлэг /хх.6/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8743 дугаартай дүгнэлтэд:

          “1. Д.Ундрамын биед баруун хацар, шанаа, баруун нүдний зовхи, эрүү, баруун шуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.8/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Номингийн өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би найзуудтайгаа байрны гадаа пиво ууцгаасан. Тэгээд байж байхад манай дүү Ундрам явж байгаад намайг дуудахад Хулан юу гээд байгаа гичий вэ? гэж хэлсэн. Хулан Ундрамыг чи зүгээр биеэ аятайхан үнэлээд яв гичий минь гэж хэлэхэд Ундрам чи одоо юу гээд байгаа юм бэ? гээд тэр 2 маргалдаж үсдэлцсэн. Тэгээд Гэрэлээ, Санчир бид 3 салгахад Ундрамын нүүрийг Хулан маажсан байсан...”

гэх мэдүүлэг /хх.16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ё.Гэрэлтуяагийн өгсөн: “... Ундрам Хуланг чи наад ам хэлээ мэдээрэй гэхэд Хулан Ундрамыг биеэ аятайхан үнэлээрэй гэж хэлсэн чинь Ундрам Хулангийн үснээс зулгаасан. Тэгэхээр нь би Ундрамын бүсэлхий хэсгээс нь бариад салгасан. Хулан тухайн үед гелэн хумстай байсан. Уг хумс нь унасан байсан...” гэх мэдүүлэг /хх.22/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд С.Хгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.20-21/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          С.Х нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны орой Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 55 дугаар байрны гадаа насанд хүрээгүй иргэн Д.Ундрамыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Д.Ундрамын өгсөн: “... Хулан эгч намайг чи биеэ аятайхан үнэлээрэй гэхээр нь би Хулан эгчийг түрүүнээс хойш юу гээд байгаа юм бэ? гээд үсэдсэн... Энэ үед миний нүүрийг маажчихсан. Миний баруун талын хацар дээр сорви гарсан...” гэх мэдүүлэг /хх.6/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Номингийн өгсөн: “... Хулан Ундрамыг чи зүгээр биеэ аятайхан үнэлээд яв гичий минь гэж хэлэхэд Ундрам чи одоо юу гээд байгаа юм бэ? гээд тэр 2 маргалдаж үсдэлцсэн. Тэгээд Гэрэлээ, Санчир бид 3 салгахад Ундрамын нүүрийг Хулан маажсан байсан...” гэх мэдүүлэг /хх.16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ё.Гэрэлтуяагийн өгсөн: “... Ундрам Хуланг чи наад ам хэлээ мэдээрэй гэхэд Хулан Ундрамыг биеэ аятайхан үнэлээрэй гэж хэлсэн чинь Ундрам Хулангийн үснээс зулгаасан. Тэгэхээр нь би Ундрамын бүсэлхий хэсгээс нь бариад салгасан. Хулан тухайн үед гелэн хумстай байсан. Уг хумс нь унасан байсан...” гэх мэдүүлэг /хх.22/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8743 дугаартай дүгнэлт /хх.8/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд С.Хгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.20-21/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Д.Ундрамын өгсөн мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          С.Хгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Хг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Насанд хүрээгүй хохирогч Д.Ундрам нь хохиролд 372,000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт хангалтгүй учир хацрын сорив арилгах 300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, эмчилгээний зардал 72,000 төгрөгийг шүүгдэгч С.Хгаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

          Насанд хүрээгүй хохирогч Д.Ундрам нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Хгаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          С.Хгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Хгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          С.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч С.Хд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          С.Хгийн 2018 оны 09 дүгээр сарын 06-наас энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоног тус бүрийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож 90 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90,000 төгрөгийг эдлэх ялаас хасч, түүнд урьд нь авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Боржигон овогт Сайнтөгсийн Хуланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Хд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, С.Хгийн 2018 оны 09 дүгээр сарын 06-наас энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоног тус бүрийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож 90 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90,000 төгрөгийг эдлэх ялаас хасч тооцсугай.

          6. С.Хд урьд нь авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч С.Хгаас 72,000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Д.Ундрамд олгосугай.  

          9. Насанд хүрээгүй хохирогч Д.Ундрам нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Хгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР