| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2302 00030 0069 |
| Дугаар | 2025/ДШМ/1182 |
| Огноо | 2025-10-07 |
| Зүйл хэсэг | 22.1.3., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ, Ч.Батзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/1182
З.Э-, Б.Э- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Эрдэнэ, Ч.Батзориг,
яллагдагч Б.Э-гийн өмгөөлөгч Д.Батсүх,
яллагдагч З.Э-, түүний өмгөөлөгч Д.Алтансүх,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/5038 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батзориг, Б.Энх-Эрдэнэ нарын хамтран бичсэн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 81 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.Э-, З.Э- нарт холбогдох эрүүгийн 2302 00030 0069 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн Б-гийн Э-, ........., /РД:......./,
2. Ш овгийн З-гийн Э-, ........., /РД:......./.
1. Б.Э- нь МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Э-той гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож түүний хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү З.Х-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг, мөн эхнэр Т.Б-н төрсөн дүү Т.Б-ийн нягтлан бодогчоор нь ажиллаж байсан “.....” ХХК, мөн түүний эхнэр Т.Б-н төрсөн дүү Т.Б-, төрсөн дүү З.Х-ын эхнэр В.А-гийн төрсөн дүү В.Г- нарын үүсгэн байгуулж хувьцаа эзэмшдэг “.......” ХХК-иудын Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт байрлах “..........” рүү нүүрс тээвэр хийх ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн хуулийн этгээдэд давуу байдал бий болгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтад заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр хэсгийн 7.1.6 дахь заалтад заасан “ил тод байх” гэснийг, 7.1.7 дахь заалтад заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 дэх заалтад заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэх, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2 дахь заалтад заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 дахь заалтад заасан “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...” гэснийг, Авто замын тухай хуулийн 4.1.28 дахь хэсэгт заасан “улсын чанартай авто зам" гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Тээвэрчдийн гудамжинд байрлах Зам, тээвэр хөгжлийн яаманд байрлах ажлын байрандаа 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 134 дугаар “Авто замын ангилал шилжүүлэх тухай” тушаал гаргаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлж, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 227 дугаар “Эзэмших эрх олгох тухай” тушаал гарган, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км улсын чанартай авто замыг түр хугацаагаар эзэмших эрхийг “.......” ХХК-д олгож, “.....” ХХК болон “.......” ХХК-иудад давуу байдал бий болгосон,
2. З.Э- нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү З.Х-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг, мөн эхнэр Т.Б-н төрсөн дүү Т.Б-ийн нягтлан бодогчоор нь ажиллаж байсан “.....” ХХК, эхнэр Т.Б-н төрсөн дүү Т.Б-, төрсөн дүү З.Х-ын эхнэр В.А-гийн төрсөн дүү В.Г- нарын үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшдэг “.......” ХХК-иудын Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт байрлах “..........” рүү нүүрс тээвэр хийх ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн хуулийн этгээдэд давуу байдал бий болгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтад заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр хэсгийн 7.1.6 дахь заалтад заасан “ил тод байх" гэснийг, 7.1.7 дахь заалтад заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 дэх заалтад заасан “МУ-ын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэх, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2 дахь заалтад заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 дахь заалтад заасан “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...” гэснийг тус тус зөрчиж, өөрийн улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Б.Э-тай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, түүнийг албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 134 дугаар “Авто замын ангилал шилжүүлэх тухай” тушаал гаргаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлж, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 227 дугаар “Эзэмших эрх олгох тухай” тушаал гарган, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км улсын чанартай авто замыг түр хугацаагаар эзэмших эрхийг “.......” ХХК-д олгож, “.....” ХХК болон “.......” ХХК-иудад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
З.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ДШМ/495 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус магадлалд дурдсан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж, дараах ажиллагааг хийх шаардлагатай байна гэж үзлээ.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрч нар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт эрс зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгсөн байх тул тухайн гэрч нарын мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримт дээр тулгуурлан мэдүүлгийн зөрүүг гаргах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байна.
Үүнд: Гэрч Д.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Тухайн үед Энх- Амгалан сайд “Энэ компанийн тээвэрлэлт зогсоод хэцүү байгаа, тээврийг хуулийн дагуу явуулах ямар гарц байна, Э- ярьсан” гэж надад хэлж байсан...” гэж мэдүүлсэн бол шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед сошиалаар З.Э- даргын хамаарал бүхий компани гэж яригдсан учир өөрийнхөө бодлыг байцаагчид хэлсэн. ...Э- яриад байгаа гэж хэлээгүй...” гэж, гэрч С.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Улсын чанартай замын ангилалд шилжүүлэх тушаалын төсөлд санал авах хуудас над дээр орж ирсэн. Энэ санал дээр би дэмжихгүй гээд гарын үсэг зураагүй. Учир нь, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “Улсын чанартай” авто зам гэж “Нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг” хэлнэ гэж заасан заалттай зөрчилдөж байна, мөн хуулийн 15.4-т “Нэг ангиллаас нөгөө ангилалд шилжүүлэхдээ тухайн орон нутгийн Засаг даргатай зөвшилцөнө” гэсэн хоёр шаардлагыг хангахгүй байсан учраас зөвшөөрч гарын үсэг зураагүй....” гэж, мөн дахин өгсөн мэдүүлэгтээ “...Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Э- 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 227 дугаартай “Эзэмших 4 эрх олгох тухай” тушаал гаргахад цаана нь хэн нэгэн төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн нөлөө бүхий хүн шахалт үзүүлээд байгаа юм болов уу гэж ойлгосон. ...Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уг замын талаар ярихдаа “....." ХХК нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Э-ын хамааралтай компани гэж яриад байсан...” гэж мэдүүлсэн бол анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...Авто замын тухай хуульд замыг 6 ангилсан байгаа. Төрийн захиргааны төв байгууллагад эрх нь байгаа ...Тухайн тушаалыг мэргэжилтэн Э- боловсруулж ирэхэд “бичиг явсан байгаа. Зөвшилцсөн бичгийг аваад ир. Тэгж байж болно, түүнээс боломжгүй байна гэхэд “ийм бичиг яваагүй, хариу ирээгүй” гээд надад оруулж ирээгүй. Сарын өмнө “юмаа ухаад үзлээ” гэхэд Дундговь болон Говьсүмбэр аймгаас ирсэн албан бичгийг надад файлаар гаргаж ирсэн. Тухайн тушаал явж байхад би энэ бичгийг нэхсэн ч яваагүй гэж хэлсэн учир би эсэргүүцсэн. Миний хэлсэн асуудал улсын чанартай авто зам гэж ямар замыг хэлэх талаарх тодорхойлолт. ...Эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлыг нь харж байж нэг ангиллаас нөгөө ангилал руу шилжүүлэх асуудлыг шийдэж байгаа. ...3 аймаг зөвшөөрсөн байна. Зөвшилцсөн тохиолдолд сайд ийм шийдвэр гаргах эрх хуулиараа байгаа...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн. Мөн хэрэгт авагдсан гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 5 дугаар сарын дундуур санагдаж байна. Зам, тээврийн сайд Х- “......” ХК дээр ажиллах үедээ надтай уулзахдаа “Б- даргаа нэг яриа байна, “.....” ХХК-ийн зүгээс хувийн хэвшлийг хавчиж байна, адилхан 2 компани байхад төрийн компанийг шороон замаар тээвэр хийлгэх мөртлөө манайхыг хийлгэхгүй дарамтлаад байна” гэж хэлж байсан. Би тухайн үед ойлгохдоо зориуд энэ асуудлаар уулзсан учраас надтай ойлголцоод ир гэсэн тодорхой даалгавартай ирсэн байна гэж ойлгосон. Тухайн үед би компанийн хамаарал бүхий этгээд нь Э- гэж ойлгосон учраас Х- сайд энэ хүний нөлөөгөөр надтай тухайн замын талаар ярьсан байх гэж бодож байна...” /20хх85-87/ гэх мэдүүлэг, гэрч Л.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...би Цогтцэций сумын Засаг дарга Б-тай уулзаж байсан сараа санахгүй байна. Гэхдээ энэ хүнтэй 2 удаа уулзаж байсан. 1 дэх уулзалтаар Өмнөговь чиглэлийн Шар тээгийн уулзвараас Цогтцэций чиглэсэн концессоор баригдсан хатуу хучилттай авто зам баригдаж байх үед тус замын трасс дээр байсан малчин айл газраа чөлөөлөхгүй ажил саатаад байна гээд тэр айлд Б- даргын хамт орж уулзсан. Дараа нь Зам тээврийн сайд болсон байх үедээ Цогтцэций дээр ажлаар явж байх үедээ Б- даргатай уулзаж байсан. Энэ үедээ ямар нэгэн асуудал яриагүй, мэндлээд өнгөрсөн. Тэгэхээр 2 уулзалтын үеэр “.....” ХХК-ийн тээврийн асуудлаар болон тухайн асуудлаар намайг хэн нэгэн дарамталсан гэх утга бүхий зүйл яриагүй...” /20хх97-98/ гэх мэдүүлэг, гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Д- ...Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай замыг Авто замын тухай хуулийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу эзэмших эрхийг “.......” ХХК-д шилжүүлэх тушаалын төсөл боловсруулах үүрэг өгсөн. “.......” ХХК-д шилжүүл гэдэг үүрэг өгөх үед нь замын ангилал шилжүүлсэн тушаал нь энэ компанийн захиалгатай, энэ компанид замыг эзэмшүүлэх зорилгоор буюу захиалгаар хийсэн юм биш үү гэж хар төрсөн. Мөн “.......” ХХК нь 3 аймаг, 5 сумаас зөвшөөрөл авахаас тойрох маягаар ийм шийдвэр гаргуулж байгаа юм байна даа гэж бодож байсан. Ингээд хар төрсөн учраас Б.Д- даргад “энэ асуудал нь улсын чанартай замын асуудал байна, миний ажлын чиг үүрэг бол тусгай зориулалтын авто зам болон концессын гэрээгээр хэрэгжих төслүүдийг хариуцдагт хамаарахгүй асуудал байна, энэ асуудлыг улсын чанартай авто замын ашиглалт, засварын ажлыг хариуцдаг хэлтэст нь өгвөл яасан юм бэ” гэж дургүйлхэх маягтай хэлсэн. Гэтэл Д.Д- дарга “чи хийх ажлаа сонгож хийдэг болчихсон юм уу?, надад яаж ажиллахыг зааж байгаа юм уу? гээд уурлаж, “чи удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж чадахгүй байгаа юм бол өргөдлөө өгөөд зайлаарай” гэж уурлаж, загнасан. Ингээд улсын чанартай замыг хувийн компанид түр эзэмшүүлж байсан тохиолдол байгаа эсэхийг судалж үзэхэд энэ төрлийн тушаал огт гарч байгаагүй юм байна лээ. Ингээд өөрөө судалж байгаад тушаалын төсөл боловсруулж, Д.Д- даргад хянуулахаар орох үед өрөөнд нь үл таних эмэгтэй хүн сууж байсан. Тухайн үед тэр хүний хажууд Д.Д- дарга “Тушаалыг ингэж боловсруулдаг юм уу?, ийм юм барьж орж ирлээ” гэж уурлаж, гадны хүний дэргэд намайг загнаж, засвар оруулаад тушаалын төслийг над руу шидсэн. Хийсэн засварынх нь дагуу тушаал боловсруулаад танилцуулсан...” /15хх44-47/ гэх мэдүүлэг, гэрч Д.Д- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...“.....” ХХК-ийн зүгээс хатуу хучилттай замаар нүүрс тээврийн үйл ажиллагааг явуулах талаар албан бичиг ирүүлсний дагуу “Стандарт, норм, дүрмийг мөрдөөд хатуу хучилттай замаар тээвэрлэлтээ явуулж болох талаар албан бичгийг мэргэжилтэн Ц.Э-оор төлөвлүүлэн, сайдын гарын үсэгтэй бичиг явуулж байсан. Тухайн үед Ц.Э- нь албан бичиг төлөвлөхдөө тээврийн хэрэгслийн даацыг тодорхойлж бичээгүй байсан учраас загнаад, бичгийг урдаас нь шидээд, дахин засуулсан байгаа...” /17хх131-134/ гэх мэдүүлгүүд өгчээ.
Дээрх гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгасны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль шатанд худал мэдүүлэг өгсөн эсэх асуудалд Прокуророос хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх асуудалд дүгнэлт хийвэл зохино.
2. Яллах дүгнэлт нь хэргийн үйл баримтыг хэт ерөнхий байдлаар бичсэн, хэргийн үйл баримт, зүйлчлэл хоорондоо тохироогүй байгааг анхаарч яллах дүгнэлтэд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 134 дүгээр “Авто замын ангилал шилжүүлэх тухай” тушаал гаргаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлснээрээ, мөн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 227 дугаар “Эзэмших эрх олгох тухай” тушаал гаргаж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын чиглэлийн 407 км улсын чанартай авто замыг түр хугацаагаар эзэмших эрхийг “.......” ХХК-д эзэмшүүлснээрээ тус тус ямар эрх зүйн үр дагавруудыг үүсгэсэн, энэ нь нийгэмд аюултай гэм буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүй болох, бусдад ямар давуу байдал олгосон талаар тодорхой дүгнэж, эдгээр үйлдлүүд нь нэг гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, эсхүл үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн эсэх талаар тодорхой дүгнэж шүүхэд хэргийг ирүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд Б.Э-г “нийтийн албан тушаалтан эсхүл улс төрд нөлөө бүхий этгээд”-ийн аль нь болохыг тодорхой болгох шаардлагатай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолж, яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцүүлэн үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай. Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн тогтолцоонд эрүүгийн процесс нь мөрдөн байцаалтын, шүүн таслах ажиллагааны гэсэн ялгаа зааг бүхий үе шаттай бөгөөд хэргийн бодит байдал нь бүрэн дүүрэн хийгдсэн мөрдөн байцаалт, прокурорын хяналтын үр дүнгээс шууд хамаарч, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг болно. Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэх, яллах дүгнэлтийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн үйлдэх ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Ч.Батзориг, Б.Энх-Эрдэнэ нар хамтран бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй, захирамжид дурдсан ажиллагааг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой буюу шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүхээс хууль зүйн дүгнэлт хийн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦ/5038 дугаар захирамжид “...гэрч Д.Д-, С.Б-, О.Б-, Л.Х-, Ц.Э- нар харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мэдүүлгийн зөрүүг арилгасны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль шатанд худал мэдүүлэг өгсөн эсэх асуудалд Прокуророос хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх асуудал дүгнэлт хийвэл зохино...” гэж дүгнэн, хэргийг прокурорт буцаах захирамжийн нэг заалт болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Нотолбол зохих байдал”-ыг хуульчилсан ба мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шүүх хуралдааны явцад нотолж болох талаар тусгаж өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид заагдсан гэрчүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн бөгөөд шүүх гэрчийн мэдүүлгийг зөрүүтэй гэж үзсэн тохиолдолд шүүх хуралдаанд гэрчийг оролцуулан дахин мэдүүлэг авах бүрэн боломжтой буюу шүүх хуралдааны явцад гүйцэтгэх боломжтой ажиллагаа байна. Харин шүүх гэрчийн аль нэг шатанд өгсөн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон бол нөгөө мэдүүлгийг хэрхэн, ямар үндэслэлээр нотлох баримтаар тооцож, шийдвэрийн үндэслэл болгоогүй талаар хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэртээ тусгах нь зүйтэй юм.
Дээрх хууль зүйн дүгнэлт хийх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг” гэсэнд тусгахаар хуульчилсан болно. Анхан шатны шүүхээс захирамжид дурдсан гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад эсхүл шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийн аль нэгийг шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа гэрч нараас худал мэдүүлэг өгсөн эсэх асуудлыг тусад нь шийдвэрлэх бүрэн боломжтой буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж заасан ба шүүхээс гэрч нарын аль шатанд өгсөн мэдүүлгийг хэрхэн үнэлж, шийдвэр гаргахыг урьдчилан таамаглах боломжгүй тул шүүгчийн захирамжид дурдсан “...худал мэдүүлэг өгсөн эсэх асуудалд прокуророос хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх асуудал дүгнэлт хийвэл зохино...” гэсэн ажиллагааг хийх боломжгүй байна.
2. Шүүгчийн захирамжид “...яллах дүгнэлт нь хэргийн үйл баримтыг хэт ерөнхий байдлаар бичсэн, хэргийн үйл баримт, зүйлчлэл хоорондоо тохироогүй, Б.Э-г нийтийн албан тушаалтан эсхүл улс төрд нөлөө бүхий этгээдийн аль нь болохыг тодорхой болгох шаардлагатай...” гэж дүгнэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд прокурорын яллах дүгнэлтийн бүрдэл хэсэг, бүрдэлд тусгах зүйлийг хуульчилсан бөгөөд прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж хуульчилсан ба шүүхээс хэргийн үйл баримт, зүйлчлэл хоорондоо тохироогүй гэж үзсэн тохиолдолд хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх эрх хэмжээг хуулиар олгосон, хэргийг прокурорт буцааж, хэргийн зүйлчлэлийн хэрхэн өөрчлүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ДШМ/495 дугаартай магадлалд дурдсан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй...” гэж дүгнэсэн. Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ДШМ/495 дугаартай магадлалд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны талаар огт дурдаагүй ба Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ДШМ/1096 дугаартай магадлалд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгээгүй, зөвтгөөгүй гэж дүгнэсэн байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ДШМ/1096 дугаартай магадлалд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглээгүй...”, “...шүүгдэгч Б.Э-, З.Э- нарыг урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгч, хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ тэдгээрийн үйлдэл, тус бүрийн оролцоо, хамтран оролцсон хэлбэрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй...” гэж тусгасан ба тухайн зөрчлийг анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа зөвтгөх бүрэн боломжтой ажиллагаа байна.
4. Эрүүгийн 2302000300069 дугаартай Б.Э-, З.Э- нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хэргийн оролцогч нараас шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг зарлуулах тухай хүсэлт гаргасны дагуу хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ДШМ/1096 дугаартай, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ДШМ/495 дугаартай магадлалуудаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгоогүй ба анхан шатны шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шийдвэр хүчинтэй буюу шүүхийн шатанд байгаа хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг зарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хуулийн заалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байна. Шүүхээс шүүгдэгч Б.Э-, З.Э- нарт холбогдох хэрэгт хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Иймд шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хоёр үндэслэлийг дурдаж хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжид заасан хоёр үндэслэлийг прокуроруудын зүгээс 4 үндэслэлээр няцааж эсэргүүцлээ бичсэн. Үүнд, нэгдүгээрт, анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан 5 гэрчийн мэдүүлгийг өөр хоорондоо зөрүүтэй байна, үүний зөрүүг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоож прокуророос хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэсэн. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг хуульчилсан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад нотолж болох талаар 6 үндэслэлийг тусгасан. Үүнд, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг зааж өгсөн. Ийм учраас шүүгчийн захирамжид заагдсан гэрчүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн бөгөөд шүүх гэрчийн аль мэдүүлгийг шүүхийн нотлох баримтын үндэслэл болгох эсэхээ шийдвэртээ тусгаж, дүгнэх байдлаар шийдвэрлэх боломжтой байсан. Заавал прокурорт буцааж гэрч нараас дахин мэдүүлэг авах, эсхүл хэний өгсөн мэдүүлэг үнэн, худал болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолдоо дээрх 5 гэрчийн мэдүүлгийг тусган дүгнэх боломжтой буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэх боломжтой талаар хуульчилсан. Анхан шатны шүүхээс захирамжид дурдсан гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийн аль нэгийг шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа бусад үнэлээгүй мэдүүлэг нь худал гэсэн агуулгаар тусад нь шалгуулах хууль зүйн үндэслэл бүрдэнэ. Хоёрдугаарт, яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг хэт ерөнхий байдлаар бичсэн, зүйлчлэл тохироогүй, Б.Э- нийтийн албан тушаалтан, эсхүл улс төрд нөлөө бүхий этгээдийн аль нь болохыг тодорхой болгох шаардлагатай гэсэн. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд прокурорын яллах дүгнэлтийн бүрдэлд тусгах зүйлийг хуульчилсан бөгөөд энэхүү хэрэгт үйлдсэн яллах дүгнэлт нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болохоор заасан ба шүүхээс хэргийн үйл баримт, зүйлчлэл хоорондоо тохироогүй гэж үзсэн тохиолдолд хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх эрх хэмжээг хуулиар олгосон атал хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Хэргийн зүйлчлэлийг хэрхэн өөрчлүүлэх гэсэн нь тодорхойгүй буюу шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх хуулийн заалтыг зөрчсөн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 495 дугаар магадлалд заасны дагуу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дурдсан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны талаар огт дурдаагүй. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1096 дугаар магадлалд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгээгүй, зөвтгөөгүй байна гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн байдаг. 1096 дугаар магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоож, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр үгүйсгэснээ няцааж, зааж дурдаагүй, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, мөн шүүгдэгч Б.Э-, З.Э- нарыг урьдчилан үгсэн тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ тэдгээрийн үйлдэл, тус бүрийн оролцоо, хамтран оролцооны хэлбэр зэрэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж тусгасан ба тухайн зөрчлийг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөвтгөх бүрэн боломжтой ажиллагаа байна гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, Б.Э-, З.Э- нарт холбогдох хэргийг анх 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээж аваад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, нийт хуульд заасан 7 үндэслэл бүхий заалтад мэтгэлцээн өрнүүлж, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаан руу шилжүүлсэн. Энэхүү шүүгчийн захирамж одоо хүртэл хэрэгт авагдсан, хүчин төгөлдөр байгаа. Шүүгчийн захирамжийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1096 дугаар магадлалаар хүчингүй болгоогүй. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 495 дугаар магадлалаар хүчингүй болгоогүй буюу хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн захирамж хүчин төгөлдөр байсаар байтал шүүх хүсэлтийг хүлээж аваад дахин урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэргийг буцаахгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ч.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Яллагдагч Б.Э-гийн өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хууль дээдлэх зарчмын хувьд дэмжиж байна. 2017 онд шинэчлэн найруулж баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн агуулгаас эрс өөр байдлаар зохицуулсан. Тодруулбал, шүүх хэргийн байдлыг тогтоохдоо яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох тул уг зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Шүүх прокурорын гаргасан алдааг засдаг газар биш. Дээрх зарчмын хүрээнд оруулж ирсэн яллах дүгнэлтийг алдаатай, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бол шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд шилжсэн байхад шүүх үүнийг зөрчиж захирамж гаргасан. Хэргийг прокурорт буцааж цагаатгах талын нотлох баримт цуглуулах гэхчлэн олон ажиллагаа хийлгүүлэх санал, хүсэлт байдаг ч шүүх хуульд захирагдаж хэргийг шийдвэрлэх зарчмын хүрээнд прокурорын эсэргүүцлийг дэмжихээс өөр аргагүй байна. 2022 онд орсон өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэгэнт шүүхэд шилжсэн бол яаж шийдвэрлэх вэ гэдэг зохицуулалт байна. Энэ хоёрын хооронд зарчмын том ялгаа бий. Нэг нь хугацаа заасан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар буцаавал хугацаа хязгааргүй байдлаар мөрдөн байцаалтад буцна. Цаг хугацаа, нөхцөл байдлын хувьд яллагдагч нарт эрс хохиролтой зүйл тул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна. Прокурорын эсэргүүцлийн нэг үндэслэл нь гэрчийн мэдүүлэг байх ба шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулж мэдүүлгийн зөрүүг арилгах бүрэн боломжтой. Хэргийг прокурорт буцааж гэрчүүдийг дахин асуухад өмгөөлөх талын асуултууд асуугддаггүй. Зөвхөн яллах талын асуултууд явж, мэдүүлэг авагддаг бөгөөд уг мэдүүлгийг шүүх хуралдаанд үнэлэх болдог. Харин шүүх хуралдаанд оролцуулбал яллах, өмгөөлөх тал эрх тэгш мэтгэлцэх, зөрсөн асуултуудаа асуух, ингэснээр хэргийн бодит байдлыг тогтооход нэн чухал ач холбогдолтой. Тийм учраас шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүдийг оролцуулж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой тул эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч З.Э-ын өмгөөлөгч Д.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасан. Энэхүү хэргийг давж заалдах шатны шүүхээс хоёр удаа анхан шатны шүүх рүү буцаасан. Гэтэл анхан шатны шүүх санаачилгаараа урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн хэргийг прокурорт буцааж гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16, 17 дугаар бүлэгт заасан нотлох баримтыг үнэлэх эрх хэмжээ нь шүүхэд байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч З.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуроруудын саналыг дэмжиж байна. Шүүхээр хэргийг шийдвэрлүүлж дуусгах саналтай байгаа ч одоо мөрдөн байцаалтад буцвал дахин хэдэн жил болох байх. Энэ хэрэг Авлигатай тэмцэх газарт хэвлэлийн бага хурлаар эхэлж 2 сарын дараа 3 дахь жилдээ хүрэх гэж байна. 2023 оны 03 дугаар сард нүүрсний хэрэг болж дууссан. Гэтэл нүүрсний хэрэгт нэр нь байхгүй Б.Э- сайдыг оруулж ирээд “Замын” гэдэг шинэ нэр үүсгэсэн нь одоо хүртэл явж байна. Улсын Их Хурлаас баталдаг удаа дараагийн хуулиудад шүүх рүү хэрэг шилжсэн бол шүүх дээрээ буруутай эсэхээ шийдвэрлүүлж дуусдаг. Мөрдөн байцаалтад буцааж, эцэс төгсгөлгүй олон арван жилээр үргэлжилсэн байдлыг зогсоосон. Тэр утгаараа хоёр прокурорын эсэргүүцэл болон өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Э-, З.Э- нарт холбогдох эрүүгийн 2302 00030 0069 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Б.Энх-Эрдэнэ, Ч.Батзориг нарын хамтран бичсэн эсэргүүцэлд хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан баримтуудад үндэслэж хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/5038 дугаар шүүгчийн захирамжаар Б.Э-, З.Э- нарт холбогдох хэргийг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах тодорхой ажиллагааг хийх шаардлагатай” гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Эрдэнэ, Ч.Батзориг нар нь анхан шатны шүүхийн 2025/ШЗ/5038 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хамтран эсэргүүцэл бичсэн ба давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн 2025/ШЗ/5038 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаах эсхүл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлуудыг шийдвэрлэх учиртай бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/2918 дугаартай захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн байна.
Гэтэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дахин урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох тухай захирамжийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргаж, 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/5038 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй.” гэж заасан хуулийн заалтад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасны дагуу анхан шатны шүүх магадлал болон шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийлгэхээр хэргийг 60 хүртэл хоногоор хойшлуулах боломжтой ба шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулсан тохиолдолд тодорхой ажиллагаа хийхийг прокурорт даалгах нь мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасанд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд, прокурорын хамтран бичсэн эсэргүүцлийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн” гэсэн хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Э-, З.Э- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/5038 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурорын хамтран бичсэн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 81 дүгээр эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч Б.Э-, З.Э- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА