Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Ч.Алтансүх,

шүүгдэгч М.П түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.П д холбогдох эрүүгийн 1806 0209 10640 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.П , /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.П нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр 1000 оюутны байрны хажууд байрлах зочид буудлын 5 дугаартай өрөөнд нэвтрэн орж иргэн Б.М ЛЖ маркийн гар утсыг нь хулгайлан авч 239.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч М.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өрөөнд нэг эрэгтэй хүн унтаж байсан. Би дуудсан. Дуудсан чинь сэрэхгүй байсан. Орон дээр хар өнгөтэй гар утас байсан. Гар утсыг авч гараад Асайт худалдааны төвийн урд талын автобусын буудлын ТҮЦ-нд 30.000 төгрөгт тавьсан. Тэгээд буцаад буудал руугаа орсон. Утас хулгай хийсэн талаараа цуг буудалд байсан хүмүүст хэлээгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 24-25, 36-39 дүгээр хуудас/,

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний ширээн дээр тавьсан байсан 200.000 төгрөгний үнэ бүхий LG K12 маркийн гар утас алдагдсан байхаар нь би уг буудлын хяналтын камерыг шүүсэн чинь хажуу талын өрөөнд байсан нэг залуу орж ирээд миний гар утсыг аваад гарч байгаа бичлэг нь үлдсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-10, 27 дугаар хуудас/,

Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...10 цагийн орчим 5 номерийн залуу өрөөнөөсөө утсаа алдчихлаа гэсэн. Камер шүүгээд үзэхэд гар утсыг авч байгаа бичлэг нь байсан. Нойлын дэргэд, өрөөнөөс авсан утсаа оролдож байгаа нь харагдаж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-29 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 21 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.П нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр 1000 оюутны байрны хажууд байрлах зочид буудлын 5 дугаартай өрөөнд нэвтрэн орж иргэн Б.М ЛЖ маркийн гар утсыг нь хулгайлан авч 239.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.П прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч М.П эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Хохирогч Б.М нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Тэр залуугаас утсаа авчихсан учраас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” /хэргийн 10 хуудас/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч М.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч,гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой байна гэж дүгнэлээ,

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.П цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.