| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2411024871746 |
| Дугаар | 2025/ДШМ/1201 |
| Огноо | 2025-10-15 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/1201
М.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дашням,
шүүгдэгч М.Б- /цахимаар/, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, О.Батсүх, Л.Баасанжав,
хохирогч Р.С-ийн өмгөөлөгч С.Эрдэнэсайхан,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦ/1844 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.Б-д холбогдох эрүүгийн 2411024871746 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн М-ын Б-, ........., /РД:....../.
Шүүгдэгч М.Б- нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” пабын гадаа хохирогч Р.С-тэй тухайн үед үүссэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хэвлий хэсэгт нь хутгалж, “хэвлийн зүүн дээд хэсгээр, хэвлийн шулуун булчин, их сэмж, элгийг гэмтээсэн нэвт хатгаж зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Б-йн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт М-ын Б-йг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар М.Б-д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар М.Б-эс эрүүл мэндийн хохиролд 300.300 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 9.900.000 төгрөг буюу нийт 10.200.300 төгрөгийг гаргуулж хохирогч Р.С-т, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 1.628.360 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч Р.С- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар М.Б-эс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг хэргийг миний бие үйлдээгүй бөгөөд тухайн хэрэг явдал болсон орой согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээгүй. Өөрийн үг, үйлдлийг бүрэн хянах чадвартай байсан. 2024 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө “......” гэх уушын газарт хөгжмийн О-той цуг үйлчлүүлсэн. Уушын газрын лангуун дээр сууж байхад С- гэх зүс мэдэх хөгжимчин залуу ирж яриа өдсөн, эхэн үедээ ердийн зүйлс, тэр дундаа хөгжмийн талаар ярилцаж байсан боловч С- агсарч эхэлсэн. Надтай цуг явсан О- дүү рүү хэл амаар доромжлон хэд хэдэн удаа цохиод явсаны дараа би ахмад хүний хувиар боль, биднийг орхи гэж шаардлага тавьсан. Гэвч С- агсрах нь зогсоогүй. Иймд О- бид хоёр уушын газраас гарч явсан, уушын газарт байсан хүмүүс С-ийг хорьж бид хоёрт тэндээс гарах боломж олгосон. Гадаа гарч ирээд би цахилгаан дугуйгаа хашаанаас салгах гэж оролдож байх зуур С- уушын газраас гарч ирсэн. Тэнд байсан хүмүүс рүү орилж, хашгирч байсан бөгөөд О- бид хоёрыг хараад гуйвж дайван ирээд дахин агсарч эхэлсэн. Энэ үед уушын газрын үүдээр байх хүмүүс биднийг харж байсан боловч харанхуй учир яг юун хүмүүс байсныг мэдэхгүй байна. С- дахин орж доромж үгээр хашгирч байснаа цохиж өшиглөх гэж оролдсон. Энэ үед би өөрийн цахилгаан дугуйг урдаа хаалт маягаар барин зүүн гараараа С-ийн цохих өшиглөлтийг хааж байсан. Би түүний өөдөөс цохих зодолдох үйлдэл хийгээгүй, цуг явсан О- бас дугуйн ар талд орж С-ийн үйлдлээс зайлж байсан. Уушын газрын үүд хавиас “хөөш чи болиочээ, вовка ахаа хаяад яв яв” гэх дуу дуулдсан. Харанхуй учир хэн гэдгийг нь би хэлж чадахгүй. Ойролцоогоор 5 минут орчим энэ байдлаар байсан гэж бодож байна. Хэн нэг хүн ирээд С-ийг хориглож байсан, энэ завшааныг ашиглан О- бид хоёр тэндээс холдон явсан. С-ийг хорьсон хүн хэн болох, дараа нь юу болсон талаар мэдэхгүй. О- бид хоёр цааш алхаж CU дэлгүүрээс дахин шар айраг авч, түүнийгээ уусаар баруун дөрвөн зам хүртэл алхаад гэр, гэрийн зүг явсан. С- цагдаад хэлэхдээ вовка ах техникийн хүн тул кебаль таслах хутгатай явдаг байх гэжээ. Би үүнийг үгүйсгэж байна. Өнөө цагт дохио сигналын кабель залгуурыг хутга ашиглан таслах, залгах үйлдэл огт үгүй бөгөөд тусгайлан зориулсан багаж хэрэглэдэг. Мөн гэрч А-од үзүүлж байсан тонгрого хутга намайг энэ хэрэгт сэрдэх сэжим болж. Уг тонгрого хутгыг би машин дотроосоо авчирч А-од үзүүлсэн юм. Учир нь, бид хоёр ан агнуур хутганы төмөр хэрхэн сонгох зэрэг юмс ярьж байсан бөгөөд би хэрэглээний зөөлөн гантай ийм тонгрогоо сонгох нь зөв гэх мэтээр зөвөлгөө өгч байсан. Уг хутгыг би биедээ авч явдаггүй. Тухайн үед би маханд дурлагсад бүлгэмийн мах шарж идэх өдөрлөгт явах гэж машиндаа мөлжүүрийн хутга авч явсан юм. Хэрэг явдал болсон өдөр би ямар нэг хутга зэвсэг авч яваагүй, бас машингүй унадаг дугуй унаж явсан. Ер нь жирийн үедээ ч хутга авч явдаггүй. Мөн би С- гэж хөгжмийн залуутай ямар нэг хувийн харилцаа үгүй. Түүнтэй муудалцсан, гомдсон, гомдоосон тохиолдол үгүй. С- бас намайг хүнээр яриулж тохиролцох гэсэн гэж хэлжээ. Би хүнээр яриулаагүй, цагдаагаас хэрэг явдлыг дуулаад санаа зовсондоо өөрөө нэг удаа ярьсан, өөр бусад хөгжмийн салбарын хүмүүс ярьсан бол тэр нь надтай хамаагүй юм. Гэрч бас намайг ааш муутай гэж мэдүүлж ажил явагдаж байхад тайзан дээр тоглож буй хамтлаг бэлтгэл сургууль дутуу чанаргүй тоглолт үзүүлэх үед зарим хамтлаг артистуудыг загних үе байдаг. Энэ нь ямарч хувийн шалтгаангүй, цэвэр ажил мэргэжилтэй холбоотой юм. Хэрэг явдал ийм учир би гомдолтой байна. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Шийтгэх тогтоолын 12 дугаар хуудасны 3 дахь доголын төгсгөл хэсэгт “...М.Б- нь Р.С-ийг эмнэлэгт байхад түүнтэй мөнгө өгч тохиролцох талаар холбогдож ярьсан байна.” гэж дүгнэн бичжээ. Гэтэл энэ талаар хавтаст хэрэгт бичгийн ямар ч нотлох баримт байдаггүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр хохирогч Р.С-ийн энэ мэдүүлгийг шүүгдэгч М.Б- эрс үгүйсгэдэг. Энэ бол бусад баримтаар давхар нотлогдоогүй, хохирогчийн дан ганц мэдүүлэгт үндэслэсэн анхан шатны шүүхийн үндэслэлгүй дүгнэлт юм. Хохирогчийн мэдүүлэг бол өөртөө давуу, ашигтай байдал үүсгэх гэсэн ашиг сонирхолтой, хамгийн тогтворгүй нотлох баримт юм. Гэтэл энэ баримтыг бусад баримтаар нотлогдож, дэмжигдэж байгааг шалгалгүй, өөр баримт байхгүй байхад ийнхүү дүгнэсэн явдал нь хууль зөрчиж байгаа хэрэг юм. Шийтгэх тогтоолын 12 дугаар нүүрний 5 дахь догол мөрөнд “...мэдүүлэг авахын өмнө согтуурлын зэргийг шалгасан эсэх нь тодорхойгүй байх тул үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй...” хэмээн бичжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт согтуурсан этгээдээс мэдүүлэг авч болохгүй хэмээн хориглосон заалт нэг ч байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд согтуурсан этгээдээс мэдүүлэг авахыг хориглоогүй. Мэдүүлэг эхлүүлсэн, дууссан хугацааг тэмдэглэлд бичээгүй нь хэлбэрийн алдаа болохоос түүнийг баримтаар үнэлэхгүй байх хэмжээний ноцтой зөрчил биш. Мөн шийтгэх тогтоолын 12 дугаар нүүрний 4 дэх доголд хохирогч Р.С-ийн эхний мэдүүлгээс гадна бусад мэдүүлгийн талаар бичихдээ “...эхний мэдүүлгээс бусад мэдүүлэг авах ажиллагаанд хууль зөрчигдөөгүй байна.” гэжээ. Шүүхийн хууль зөрчигдөөгүй хэмээн дүгнээд байгаа бусад мэдүүлэгт жишээ нь хохирогчийн 2 дахь мэдүүлэгт мөрдөгчөөс Э.О-, М.Б- нарын хэн нь хутгалсан талаар асуухад хохирогч “мэдэхгүй” хэмээн хариулдаг /хх16/. Хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд хохирогч нь хэрэг гарснаас хойш 1 сарын дараа 3 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө эхэндээ юу болсныг санахгүй байна хэмээн өмнөх мэдүүлгүүдтэйгээ адилхан ярьдаг боловч мэдүүлгийн төгсгөл хэсэгт өмгөөлөгчийн хөтөлсөн асуултад хариулахдаа өөрийг нь М.Б- хутгалсан гэж бодож байна хэмээх бодол эргэцүүллээ хэлдэг. Гэтэл хуулиар хөтөлж асуулт тавихыг хориглосон төдийгүй ийм баримтыг нотлох баримтаар үнэлэх ёсгүй байдаг. Шийтгэх тогтоолын 13 дугаар нүүрний 1 дэх догол мөрөнд “...мэс засалд орсны дараа түүнтэй холбогдож асуудлаа хэрхэн шийдэх талаар ярьсныг, Р.С-т танил хүмүүсээр дамжуулан нөлөөлөхийг оролдсоныг тус тус нотолсон байна.” гэж дүгнэсэн байдаг. Өмгөөлөгч миний зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар нотлох баримт байгаа эсэхийг хохирогчоос асуухад хохирогч өөрт нь ямар ч баримт байхгүй гэж хариулсан. Хавтаст хэрэгт М.Б- хохирогчид нөлөөлөхөөр оролдсон тухай ямар ч баримт байхгүй байхад нотлогдсон гэж бичих нь хууль бус юм. Ийнхүү дан ганц хохирогчийн мэдүүлэгт үндэслэж шүүгдэгчид хорих ял өгөх нь дэндүү өрөөсгөл бөгөөд үндэслэлгүй хэмээн дүгнэж байна. Шүүгдэгч нь цагдаагаас дуудагдан очоод мөрдөгчид мэдүүлэг өгөх үедээ хамт явсан хүн нь хутгалуулсан болохыг мэдээд биеийг нь асууж утсаар залгах нь бусдыг хутгалсан гэдгийг нотлох шууд баримт хэмээн дүгнэх нь алдаатай шийдвэр юм. Тэгээд ч шүүгдэгчийн зүгээс тохиролцохоор оролдсон гэх хохирогчийн мэдүүлгийг шүүх хуралдаан дээр эрс үгүйсгэн няцааж байсан болно. Шийтгэх тогтоолын 13 дугаар нүүрний 2 дахь догол мөрөнд “...тэдний мэдүүлгээр зууралдаж байгаад салсан даруйд гэмтэл учирсныг мэдсэн гэх нөхцөл байдал сэргээн дүрслэгджээ.” гэжээ. Хэрэв хэрэг гарах мөчид 2 хүн байж байгаад салахад нэг нь гэмтсэн бол нөгөөхийг нь сэжиглэх хангалттай үндэслэл болно. Гэтэл хохирогч Р.С- гэмтэх үед түүнээс гадна 4 хүн байсан. Өөрөөр хэлбэл, хэргийн газарт 5 хүн байж байгаад салахад нэг нь гэмтсэн байдаг. Тэгээд эдгээр таван хүн тавуулаа хохирогчийг хэн хутгалсан болохыг хараагүй хэмээн мэдүүлдэг. Шийтгэх тогтоолын 13 дугаар нүүрний 3 дахь догол мөрөнд анхан шатны шүүхээс гэрч Э.О-ын мэдүүлгийг илтэд мушгин гуйвуулж үнэлсэн байдаг. Гэрч Э.О- нь хохирогч Р.С-ийг шүүгдэгч М.Б- нь хутгалаагүй хэмээн анхан шатны шүүх хуралдаан дээр шууд мэдүүлж байсан. Мөн гэрч Э.О- хэрэг гарах мөчид паб хаагаад гадаа гудамжинд хөл хөдөлгөөн ихтэй, тэр хавиар хүн маш их байсан, бас хохирогч Р.С- нь бид нарыг хутгалах гэж байгаад өөрөө өөрийгөө хутгалсан байх магадлалтай хэмээн мэдүүлдэг. Ямартай ч гэрч Э.О- шүүгдэгч М.Б- хохирогчийг хутгалсан гэж огт мэдүүлээгүй, гэтэл шүүхээс гэрч хутгалаагүйг хараагүй юм бол М.Б- хутгалсан байж таараа гэдэг таамагласан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Хэрэгт хураагдсан 2 ширхэг хутга нь хохирогч Р.С-ийн биед учирсан шархыг үүсгэсэн гэдгийг хөдөлбөргүй нотлон тогтоож чадаагүй байхад анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын 13 дугаар нүүрний 6 дахь догол мөрөнд “...Р.С-ийн хэвлий тус газарт учирсан шархын хэмжээтэй хутганы ажлын хэсгийн өргөний хэмжээ яв цав таарахгүй байх боломжтой юм.” гэжээ. Шүүх энэхүү дүгнэлтээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж няцаагаагүй, мөн дараагийн анхаарах зүйл бол шүүх “боломжтой” гэснээс биш, хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнээгүй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хураагдсан хоёр хутга хоёулаа уг шархыг учруулах боломжтой гэсэн байдаг /хх-195/. Хутгануудын аль нэг нь биш, хоёулаа шархыг учруулах боломжтой хэмээн дүгнэсэн. Үүнээс харахад гэмтэл учруулсан хутгыг нэг мөр тогтоож чадаагүй. Түүнчлэн хохирогчийн хэвлийн шархны хэмжээ 3 см гэсэн байхад хураагдсан хутгануудын ажлын хэсгийн өргөн нэг нь 2.5 см, нөгөөх нь 1.2 см хэмжээтэй байх жишээтэй. Энэ нь хэрэг гарсан өдрөөс хойш, олон хоногийн дараа мөрдөгч нь М.Б-эс 2 ширхэг хутгыг гаргуулан авсан нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй, хууль зөрчиж цуглуулсан баримт юм. Дээрх бүгдээс дүгнэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б-д цэвэр таамаглал дээр тулгуурлан шууд бус нотлох баримтуудыг үндэслэн хорих ял оногдуулсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн нотолсон байх ёстой буюу гэмт хэргийг хэн үйлдсэн байхыг гарцаагүй тогтоосон байх ёстой. Гэтэл нэг ч гэрч хэн хэнийгээ хутгалсан болохыг хараагүй, мэдээгүй. Хохирогч өөрөө 1 болон 2 дахь мэдүүлэгтээ хэнд хутгалуулснаа мэдэхгүй гэж хэлдэг. Хэрэг гарснаас хойш бүтэн 1 сарын дараа хохирогчоос 3 дахь мэдүүлэг авахдаа хохирогчоос хууль зөрчин хөтөлж асуух замаар М.Б- хутгалсан гэж бодож байна гэх мэдүүлгээр яллах нь шударга бус юм. Шүүгдэгч М.Б-йн гэм бурууг шууд нотлох баримтаар нотолж чадаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад заасан үндэслэлээр гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтад шүүгдэгчийг хохирогчийн биед гэмтэл учруулсан болохыг шууд нотолсон нотлох баримт байхгүй. Болсон нөхцөл байдлыг дандаа дамжмал байдлаар илэрхийлсэн баримтууд байдаг. Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгч нь хохирогчийг хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Р.С-, гэрч М.Т-, Э.Т-, Э.О-, Ц.М-, Б.А-о нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримт, эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ” гэж үндэслэлгүй, таамаглалд тулгуурласан дүгнэлт хийсэн. Шийтгэх тогтоолын үндэслэх нь хэсэгт “үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар, пабын харанхуй буланд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нөхцөлд хутга барьсан, хутгаар халдсан зэргийг хохирогч, гэрч нар заавал харсан байхыг шаардахгүй. Хутганы ажлын хэсэг нь биеийн хэвлий хэсэг рүү хэр хэмжээтэй нэвтэрсэн, хэрхэн ямар байрлал чиглэлээр орсон, гарсан, сугарсан зэргээс хамаарч Р.С-ийн хэвлийн тус газарт учирсан шархны хэмжээтэй хутганы ажлын хэсгийн өргөний хэмжээ яв цав таарахгүй байх боломжтой юм” гэж эргэлзээтэй нөхцөл байдлыг нотлох баримтаар бус хийсвэрлэн, таамаглах байдлаар тодруулж дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал буюу нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой атал миний үйлчлүүлэгч М.Б- хохирогч Р.С-ийн биед халдсан, түүний хэвлий хэсэгт хохирол учруулсан гэх үйл баримт гэрч, хохирогч нарын алиных нь ч мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлт, бусад баримтуудаар нотлогдоогүй, тухайн цаг үед М.Б- гартаа мэс барьж байсан эсэх нь ч нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчим, хууль ёсны зарчим, гэм буруугийн зарчим бүхэлд нь зөрчсөн үйлдэл болно. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримтууд нь М.Б-йг бусдын биед халдсан болохыг шууд нотлохгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийг илтэд зөрчсөн, хоорондоо харилцан зөрүүтэй, үнэлэх боломжгүй байх ба үүнийг нотлох баримт тус бүрээр нь дэлгэрэнгүй дурдвал, шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12476 дугаар дүгнэлт. Уг дүгнэлт нь мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолыг үндэслэн гарсан байдаг. Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор шинжээчид нийтдээ 9 асуулт тавьснаас 4 асуултад хариулсан, харин шинжээчид тавьсан “6. Өөрийгөө хутгалаад учирсан гэмтэл байх боломжтой эсэх, 7. Хохирогчийг баруун, зүүн аль гараар гэмтэл учруулсныг тогтоох боломжтой эсэх, хэрэв боломжтой бол аль гараар гэмтээсэн эсэх, 8. Учирсан гэмтэл нь тус бүрдээ болон нийлээд гэмтлийн ямар зэрэгт хамаарах” гэсэн асуултуудад шинжээч эмч огт хариулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зүйлийг тусгасан байна” гэж заасныг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-д “Шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл” гэж заасан шинжээчийн дүгнэлтийн агуулгад зайлшгүй тусгах зүйлийг тусгаагүй, шинжилгээг бүрэн дүүрэн хийгээгүй учир дээрх шинжээчийн 12476 дугаартай дүгнэлт нь нотлох баримт болох шинжээ алдсан. Нөгөө талаар уг шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн биеийн хэвлий хэсэгт хэр хэмжээний гүнзгий хатгагдсан шарх гэмтэл үүссэн, уг шарх гэмтлийн урт, өргөний талаар огт дурдаагүй байх ба гагцхүү хэвлийн зүүн дээд хэсэгт 3 см хэмжээтэй ташуу босоо байрлалтай мэс заслын оёдолтой шархтай болохыг дурдаж, мэс заслын явцад илэрсэн оношийг давтан бичсэн. Мөн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 514 дүгээр шинжээчийн дүгнэлтээр шинжээч нь мөрдөгчийн “хутга нь шинжилгээнд тэнцэх эсэх” гэх асуултад дүгнэлтийн 1-д “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, улаан өнгийн иштэй олон үйлдэлт хутга 1 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, шинжилгээний нэг төрлийн обьектод хоёр төрлийн шинжилгээ хийлгэхэд нэг шинжээч нь хутганд шинжилгээ хийдэггүй гэх, харин нөгөөх нь хутга шинжилгээнд тэнцэнэ гэж дүгнэлт гаргаад байгаа нь утга агуулгын хувьд ойлгомжгүй, зөрчилдөөнтэй байна. Түүнчлэн, Шүүх шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шинжилгээ хийлгэх шийдвэрийг шинжилгээний төрөл тус бүрээр гаргана” гэж заасныг мөрдөгчийн тогтоол зөрчсөн буюу тогтоолд ямар төрлийн шинжилгээ хийлгэх гэж байгаа нь тодорхойгүй. Уг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 514 дүгээр шинжээчийн дүгнэлтийг хүний их эмч Б.Даваасүрэн гаргасан байх ба “Р.С-ийн биед хохирлын зэрэг болон бусад асуудлыг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг нэмэлтээр хийв” гэж удиртгал хэсэгтээ бичсэнээс харахад хүний биед үзлэг хийсэн, биед учирсан хохирлыг тогтооход чиглэгдсэн шинжилгээг шинжээч хийсэн. Харин уг шинжээчийн дүгнэлт гаргуулах мөрдөгчийн тогтоолын зорилго нь криминалистикийн буюу шинжилгээнд хүргүүлсэн хоёр хутганы аль нь хохирогчийн биед гэмтэл учруулсан болохыг тогтооход оршиж байгаа болох нь шинжээчид тавьсан асуултуудаас тодорхой байна. Өөрөөр хэлбэл, мөрдөгчөөс криминалистикийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон байхад шинжээч нь хүний биед учирсан хохирлыг тогтоохоор хүний биед үзлэг хийж дүгнэлт гаргаж байгаа талаараа дүгнэлтээ дурдсан байхаас гадна криминалистикийн асуудлаар тусгай мэдлэг эзэмшээгүй хүний их эмч хүн дүгнэлт гаргасан байгаа зэргээр уг шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үнэлэх ямар ч боломжгүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Мөн 514 дүгээр шинжээчийн дүгнэлтийн 2-т “2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээч эмч С.Каделийн 12476 дугаар дүгнэлтэд хохирогчид учруулсан гэх шарх нь хэвлийн зүүн дээд хэсэгт 3 см хэмжээтэй ташуу босоо байрлалтай мэс заслын оёдол бүхий шарх байх ба дээрх хоёр ширхэг хутганы аль аль нь үүсгэх боломжтой байна” гэж дүгнэхдээ ямар учраас ийм дүгнэлт хийж байгаа нь тодорхойгүй, Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан хийх гэсэн зарчмыг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх нь хэсэгт “шинжээч уг хутгаар Р.С-ийн хэвлийн тус газарт учирсан гэмтлийг учруулах боломжтой гэж дүгнэсэн. Хутганы ажлын хэсэг нь биеийн хэвлий хэсэг рүү хэр хэмжээтэй нэвтэрсэн, хэрхэн ямар байрлал чиглэлээр орсон, гарсан, сугарсан зэргээс хамаарч Р.С-ийн хэвлийн тус газарт учирсан шархны хэмжээтэй хутганы ажлын хэсгийн өргөний хэмжээ яв цав таарахгүй байх боломжтой юм” гэж дүгнээд байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн шинжээч нарын дүгнэлтүүдийн алинд нь ч хэвлий хэсэг рүү хэр хэмжээтэй нэвтэрсэн, хэрхэн ямар байрлал чиглэлээр орсон, шархны хэмжээний талаар огт дүгнээгүй байхад шүүхээс хутга нь шархтай тохирохгүй байж болно гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах зарчмыг илтэд зөрчсөн. Хохирогч Р.С-ийн биед учирсан гэмтлийг тогтоосон 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээч эмч С.Каделийн 12476 дугаар дүгнэлтээр хохирогчийн биед хэдий хэмжээний урт өргөнтэй шарх үүссэн, хэр гүн үүссэн болох талаар ямар ч тодорхойлсон, дүгнэсэн дүгнэлт өгөөгүй, зөвхөн гадна мэс заслын оёдлын хэмжээг дурдсан дүгнэлтийг үндэслэн 514 дүгээр шинжээчийн дүгнэлтээр хоёр хутганы аль аль нь үүсгэх боломжтой гэж дүгнэх ямар ч боломжгүй. Эд мөрийн баримтыг миний үйлчлүүлэгчийг яллах баримт болгож ашигласан. Хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэлээр М.Б-эс хоёр ширхэг хутгыг авч эд мөрийн баримтаар тооцсон байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Эд мөрийн баримт нь хэргийн бодит байдалтай уялдаа холбоотой буюу батлах, эсхүл үгүйсгэх байдлаар нөлөөлж буй бол хэрэгт хамааралтай гэж үзнэ. Харин хэргийн талаар нотолбол зохих байдал буюу нотолгооны зүйлтэй шууд хамааралтай бол нотлох чадвараар нь хэрэгт ач холбогдолтой эд мөрийн баримтад тооцдог. Гэтэл хэрэгт холбоо хамааралтай эсэх, нотолгооны ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй байхад шууд эд мөрийн баримтаар тооцож байгаа нь хуульд заасан үндэслэл журмыг шууд зөрчсөн. Энэ талаар анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаах тухай захирамжийн үндэслэх хэсэгт “хоёр ширхэг хутгыг тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг шалгалгүйгээр эд мөрийн баримтаар тооцсон нь үндэслэлгүй. Үүгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ гэж тодорхой дүгнэж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Эд мөрийн баримтаар тооцсон тухайн хоёр ширхэг хутга нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эсэх нь тодорхойгүй буюу хэргийн газраас авагдаагүй, үйл явдал болоход байсан гэрч, хохирогч болон яллагдагчаас хэн нь ч уг хоёр ширхэг хутга тухайн үед байсан талаар мэдүүлээгүй, бүр тэр байтугай хэрэг учрал болох үед хутга байсан талаар нэг ч гэрч мэдүүлээгүй байхад зөвхөн мөрдөгч “эвхэгддэг авч явах боломжтой хутга байдаг уу, тэрийг аваад ир” гэсний дагуу М.Б- гэрт байсан хоёр ширхэг хутгыг мөрдөгчид авчирч үзүүлтэл мөрдөгч шууд эд зүйл хүлээн авсан тэмдэглэл үйлдэн, эд мөрийн баримтаар тооцож байгаа нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй, шинжлэн судлахгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Гэтэл анхан шатны шүүх эд мөрийн баримтыг М.Б-йг гэм буруутайд тооцох үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчихөд хүргэлээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ, уг гэмт хэрэг гарахаас 2 хоногийн өмнө М.Б- нь биедээ хутгатай явсныг гэрч Б.А-о харсан, М.Б-эс мөрдөгчид гаргаж өгсөн хутга нь гэрчийн харсан хутгатай тохирсон” гэж таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх 181-182/, гэрч Б.А-ын мэдүүлгийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон. Гэрч Б.А-оос 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд “Б- дундуураа нугалардаг аяллын тухайн үед би Векториноркс гэж хараад байсан” гэж мэдүүлсэн боловч 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд “иртэй хэсэг нь викторинокс зэрэг багажтай хутганаас бол нэлээн өргөн арай биетэй ажиглагдсан” гэж илт зөрүүтэй мэдүүлсэн. Гэрч Б.А-оос мэдүүлэг авах ажиллагаа, таньж олуулах ажиллагаа нь нэг дор явагдсан байх ба өмнөх мэдүүлгээс илт зөрүүтэй мэдүүлэг өгч, хутгыг таньж олуулах ажиллагаанд оролцсон нь сэжиг бүхий байна. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлээр 3 дугаартай хутгыг заасан боловч тэмдэглэлд гэрчээс ямар шинжээр нь таньж олсон талаар юу ч дурдагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэрч, хохирогч, яллагдагч нь түүнд харуулсан хүн, мал, амьтан, цогцос, эд зүйл, тодорхой газар, орон байрнаас аль нэгийг мөн гэж таньсан бол ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньсан тухай тайлбарлуулж, тэмдэглэлд тусгана” гэж заасныг зөрчсөн. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн таньж олуулах ажиллагаа, 514 дүгээр шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол нь дандаа урвуу хамааралтай явагдсан. Таньж олоод шинжилгээ хийж, эд мөрийн баримтаар тооцох ёстой байтал эсрэгээр нь буюу эхлээд эд мөрийн баримтаар тооцож, дүгнэлт гаргаад таньж олуулсан. Үүнийг өндөр хөгжилтэй оронд онолын хувьд зорилтот ажиллагаа гэж нэрлэнэ. Эхлээд эд мөрийн баримтаар тооцож гэмт хэрэг үйлдсэн зэвсэг гэж зааж, дараа нь уг зэвсэг нь гэмтэл учруулах боломжтой гээд сүүлд нь таньж олуулах ажиллагаа явуулсан. Иймээс анхнаасаа урвуу хамааралтай ажиллагаа явагдсан учраас анхнаасаа М.Б-йг гэмт хэрэг үйлдсэн хүн гэж дүгнэхээс аргагүй байдалд оруулсан. Гэрч, хохирогч нарын мэдүүлгийн талаар О.Анхбаяр өмгөөлөгч дурдсан ба хэрэгт хохирогч 3 удаа мэдүүлэг өгсөн, М.Б- гэх хүн тухайн цаг мөчид хутгатай байгаад хохирогчийн биед гэмтэл учруулсан талаар хэн ч хэлээгүй. М.Б-йн зүгээс Р.С-т нөлөөлөх, асуудлаа хэрхэн шийдэх талаар өөрөө эсхүл бусдаар дамжуулан ярьсан зүйл байхгүй. Хохирогч Р.С-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...манай хуурай ах А- гээд ах руу Б- нь юмуу, дүү нь юмуу нэг хүн яриад энэ асуудлыг гайгүй шийдүүлэхээр С-тэй яриад өгөөч гээд гуйгаад байсан. Ах нь юм яриагүй шүү гэж надад хэлсэн" гэж мэдүүлсэн боловч түүний уг мэдүүлэгт дурдсан үйл баримт үнэхээр болсон эсэх, А- гэх хүн рүү өөр бусад этгээд ярьсан эсэх нь тодорхойгүй, М.Б-йн нэрийг барьж өөр бусад этгээд ярьсан байх бүрэн боломжтой байхад анхан шатны шүүхээс М.Б-йн зүгээс түүнтэй холбогдож асуудлаа хэрхэн шийдэх, Р.С-т танил хүмүүсээр дамжуулан нөлөөлөхийг оролдсон нь нотлогдсон гэж дүгнэж байгаа нь өрөөсгөл юм. Харин гэрчүүд болох М.Т-, Э.Т-, Ц.М-, Э.О- нарын хэнийх нь ч мэдүүлэгт М.Б- хохирогчийг хутгалсан, хохирогчтой асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар ярьсан, танил хүмүүсээр дамжуулан нөлөөлөхийг оролдсон талаар огт дурдагдаагүй байхад анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа мэт дүгнэлт хийж, хэт яллах талын чиг үүргийг баримталсанд гомдолтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1844 дугаартай шийтгэх тогтоолыг нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, М.Б-йг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Б-йн өмгөөлөгч Л.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь талд хохирогчоос “Таныг хэн хутгалсан бэ” гэж асуухад “.....” гэх хамтлагийн бацаан байсан, би харвал танина, нэрийг нь мэдэхгүй” гээд шууд заасан нэг хүн байдаг. Тиймээс тус хамтлагийн 5 гишүүдийг авчраад таньж олуулах ажиллагаа явуулах ёстой байсан. Сүүлдээ “Б- бараг мөн дөө” гээд мэдүүлж эхэлсэн. Гэтэл хэрэгт миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Энэ хэрэг тэр чигээрээ эргэлзээ үүсгэдэг буюу хэн хутгалсан нь мэдэгддэггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.
Хохирогч Р.С-ийн өмгөөлөгч С.Эрдэнэсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирогч Р.С-ийн өгсөн 3 мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй гэсэн тайлбарыг гаргаж байна. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгээ өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй зүйл байдаггүй. Сүүлд өгсөн мэдүүлгийн үед өмгөөлөгчийн зүгээс “Таныг яг хэн хутгалсан гэж бодож байна вэ” гэх асуултыг асуухад “Б- гэж бодож байна” гэсэн хариулт өгсөн. Үүнийг мэдүүлгийн зөрүү гэж ойлгоод байх шиг байна. Гэвч энэ нь зөрүүтэй асуудал биш бөгөөд өмгөөлөгчийн зүгээс тухайн асуултыг хөтөлсөн байдлаар асуусан зүйл байхгүй. Хөтөлсөн гэдэг нь шууд тулгасан, нэр заах, эсхүл тэгсэн үү, ингэсэн үү гээд үйлдлийг нь тулгаж асуух үйлдэл. Тухайлбал, “Таныг Б- хутгалсан уу” гэж асуувал үүнийг нь хөтөлсөн гэж ойлгож болно. Ямар нэгэн байдлаар тухайн мөчид таныг хэн хутгалсан байх боломжтой вэ” гэдэг нь шууд гарах үр дагаврыг зориудаар бий болгож байгаа явдал огт биш. Өмгөөлөгч О.Анхбаяр гомдолдоо хутгалсан гэдэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй гэж байна. Гэтэл шүүгдэгчийн үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд, хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, дүгнэлтүүд, таньж олуулах ажиллагаа зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон. М.Б-йг тухайн хэрэг явдал болохоос 2 хоногийн өмнө хутгатай явж байсан талаар мэдүүлдэг. Мөн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Т-, Т- нар юу болсон талаар мэдүүлдэг бол М.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад огт мэдүүлэг өгөөгүй. Хэрэг явдал болсон газар их хөл хөдөлгөөнтэй, цох шиг бужигнаж байсан гэдэг. Гэтэл бодит байдал дээр хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрслэхэд баарны буланд О-, С-, Б- гурав хоорондоо муудалцаад, барьцалдаад зогсож байсан гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Тэнд 4-5, түүнээс олон хүн бужигналдсан байдалтай байгаагүй. Тухайн зайнаас М.Б- Р.С-ийг хутгалах боломжтой талаар гэрчүүд мэдүүлсэн. Өмгөөлөгч О.Батсүх гэмт хэргийг М.Б- үйлдсэн гэх шууд нотолсон баримт байхгүй гэж байгаа ч гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдсон төдийгүй нотлох баримтууд өөр хоорондоо уялдаатай, ач холбогдолтой. Хүний биед үзлэг хийсэн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, таньж олуулах ажиллагаа зэргийг хууль бус, хүчин төгөлдөр бусад тооцуулах ёстой гэж байгаа ч М.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа өмгөөлөгчтэй оролцсон. Шинжээч нар нь хүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэхэд шинжилгээ хийх ба шинжээч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хүлээсэн. Өөрөөр хэлбэл, шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй, эргэлзээгүйгээр хийгдсэн. Мөн талуудад дүгнэлтүүдийг тухай бүр танилцуулж санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад ямар нэгэн тайлбар, санал хүсэлт, зөвшөөрөхгүй, дахин шинжилгээ хийлгэх гэх зүйлсийг илэрхийлээгүй. Одоо давж заалдах шатны шүүхэд ярьж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн эд мөрийн баримттай холбоотойгоор хоёр ширхэг хутга, хутгыг таньж олуулах ажиллагааг хүчингүйд тооцох ёстой гэж байна. Энэ талаарх мөрдөгчийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, таньж олуулах ажиллагаа хууль бусаар явагдсан зүйл огт тогтоогдоогүй. Үүнийг анхан шатны шүүх хэлэлцэж, хууль ёсны дагуу явагдсан ажиллагаа гэж дүгнэсэн. Хүний биед болон эд зүйлд үзлэг хийсэн шинжилгээгээр тухайн хутга нь тэнцэнэ, тухайн хутгаар хүний биед гэмтэл учруулах боломжтой буюу М.Б- Р.С-ийн биед учирсан гэмтлийг үүсгэх боломжтой талаар дүгнэлт гарсан, үүнд ямар нэгэн эргэлзээ байхгүй. Өмгөөлөгч Л.Баасанжав хохирогчийг шууд заасан гэж байна. Энэ нь хохирогчийн хамгийн анх өгсөн мэдүүлэгт дурдагдсан бөгөөд тухайн үед хохирогч, шүүгдэгчийн хэн аль нь согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байдалтай байхад хохирогчоос шууд мэдүүлэг авсан /1хх 12-13/. Түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасны дараа мэдүүлэг авсан эсэх нь тодорхойгүй тул анх өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн. Шөнийн 03 цаг 21 минутад дуудлага өгсөн байхад 04 цаг 07 минутад мэдүүлгийг дуусгасан гэх нөхцөл байдлыг нотлох баримтаар үнэлээгүй. Тийм учраас хохирогчийн “.....” хамтлагийн бацаан хутгалчихлаа гэх мэдүүлгийг давж заалдах шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй учир гаргасан гомдлууд үндэслэлгүй. Хэргийн нотлогдвол зохих байдал буюу хэргийн бодит байдал хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, М.Б-йн Р.С-ийг хутгалж эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэл болон хохирол, хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
Прокурор Б.Дашням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжилгээ хийхтэй холбоотой өөр төрлийн шинжээч томилсон байхад өөр төрлийн шинжээчээр шинжилгээ хийлгэсэн гэж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасны дагуу обьектуудыг шинжилгээний байгууллагад хүргүүлж, шинжилгээний байгууллагаас тухайн төрлийг харгалзаж механизмын дагуу холбогдох шинжээчид дамжуулж, дүгнэлт гаргуулсан. Хутгатай холбоотой шинжилгээ хийх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байхад энэ талаарх шинжилгээг хийсэн гэдэг. Гэтэл энэ нь хоёр өөр төрлийн шинжилгээ буюу хутганд тухайн төрлийн шинжилгээг хийх боломжгүй гэсэн хариулт болохоос хутганд огт шинжилгээ хийж болохгүй, шинжилгээний объект болохгүй гэсэн ойлголт биш юм. Хэрэгт авагдсан 12476 дугаар дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон, харин 514 дүгээр дүгнэлт нь 12476 дугаар дүгнэлтээс иш татаж “Биед учирсан гэмтэл нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдэх боломжтой” гэсэн өөр төрлийн шинжилгээ юм. Эд мөрийн баримтаар тооцож, таньж олуулах ажиллагаа явуулсан гэдэг ч эхлээд зайлшгүй эд зүйлийг тодорхойлох, дараа нь таньж олуулах, эд мөрийн баримтаар тооцох ёстой гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дарааллын зарчим байхгүй. Тийм учраас тухайн ажиллагаануудыг хууль зөрчсөн, үндэслэлгүй нотлох баримтууд гэж үзэхгүй байна. Мөн анхан шатны шүүхээс эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг хутгаар хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэсэн дүгнэлт хийгээгүй. Зэвсэг, хэрэгсэл ашиглаж хохирол учруулсан гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл нь зүсэгдсэн шарх буюу цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээс үүсэх боломжтой хэмээн тогтоогдсон тул үүнд үндэслэж хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Шүүх хэрэг гарсан цаг хугацаа, орон зайн нөхцөл байдал болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл хангалттай тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэл бүхий болсон. 4-5 хүн байсан гэдэг ч маргаан үүсгэсэн хүмүүс нь О-, Б- нар байдаг. Бусад хүмүүс нь салгах гэж очсон ба салаад явахад хохирогчийн биед гэмтэл учирсан байсан нь тогтоогддог. Бусад гэрчийн мэдүүлэг болон эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэргээр М.Б- биедээ хутга авч явдаг болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож ял оногдуулж шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,
Шүүгдэгч М.Б- нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” пабын гадаа хохирогч Р.С-тэй тухайн үед үүссэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хэвлий хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Р.С-ийн “...2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр найзуудтайгаа ууж байсан. Тэгээд дүү нар орж ирсэн. Би харих гээд найзтайгаа явж байсан. Муудалцсан дүү нар орж ирээд түр тар хийгээд хэн нь хутгалсанг мэдэхгүй байна. ...Хамтлагийн дүү нар байдаг, хэний нь мэдэхгүй байна. Нэг мэдсэн цус асгарсан. ...B li....d гэх хамтлагийн бацаан байсан. Би харвал танина. Нэрийг нь мэдэхгүй байна. ...Дотор уушийн газар сууж байхад хутгалсан. ...Би гомдолтой байна. Зүгээр ууж байгаад хутаглуулна гэдэг гомдолтой байна. Юугаар хутгалсанг мэдэхгүй байна. ...” /1хх12-13/,
“... 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд найз Б-тэй Чингэлтэй дүүргийн 1-р хороо, ...... пабд орсон. Ороод бид хоёр хүний 4-с илүү пиво уусан. Тэгээд найз Б- унтчихсан. Би 1 давхар руу буугаад тек хэсэгт таньдаг хүмүүс сууж байхаар очоод мэндлээд цуг уугаад юм яриад сууж байгаад нэг мэдэхэд маргалдаж байсан. Би Б- ахтай, бас О-той хөгжим ярьж байгаад маргалдсан. Манай нэг дүү салгаад байх шиг байсан. Би араас нь гарч байснаа санаж байгаа юм. Гараад ......ийн гадна хашааны буланг маш сайн санаж байгаа юм. Хашааны тэнд юу болсонг санаж байгаа юм байхгүй. Би нэг мэдэхэд ...... дотор орчихсон зогсож байхад нэг дүү таны хэвлий хэсгээс цус гараад байна шдээ гэж хэлсэн. Тэгээд түргэн дуудаарай гээд түргэн ирээд эмнэлэгт хүргэгдсэн. ...Б-тэй цуг байсан хүний нэрийг нь О- гэдэг гэж сүүлд мэдсэн. ...Тэр хоёр хүний нэг л байх. Өөр хүн бол байхгүй. ...Түүнээс хойш шоконд ороод болсон асуудлыг сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь эмнэлгийн орон дээр миний шархыг цэвэрлэж боосон байдалтай байхад ухаан орсон бөгөөд тэр үед эмч нь “хутганы шарх орсон байна”, дотор эрхтэн рүү чинь орсон байж магадгүй заавал нээж үзэх шаардлагатай байдаг юм гэж хэлж байсан. Би энэ Б- гэж хүнийг хөгжмийн инженер ах болохоор мэнд устай явдаг, өмнө бидний дунд ямар нэг хэрүүл маргаан болж байгаагүй. Хамт явсан залууг нь бол нэг хамтлагт хөгжим тоглодог зүс мэдэх залуу л гэж мэдэхээс өөрөөр сайн танихгүй. Тэр хамт явсан залуутай дотор жаахан маргаан болсноос өөрөөр зодолдсон зүйл байхгүй. Б- ах өөрөө хөгжмийн техникч болохоор утас энэ тэр таслах гээд хутга, багаж авч явдаг гээд ах нар ярьж байсан. Түүнээс өөрөөр яг хутга энэ тэр авч явааг нь би хараагүй. ...Надтай ийм юм огт яриагүй. Харин Б- өөрөө “Бие нь зүгээр үү” яаж байна. Эмчилгээний төлбөр хэд болж байна. Мөнгө төгрөг явуулья гээд утсаар болон мессенжерээр холбогдсон. Тухайн үед бие маань хүнд байсан болохоор бие хүнд байна. Эмнэлэгт байна. Өмгөөлөгчтэйгөө ярьж байгаад шийдье гээд тасалсан. ...” /1хх19/,
гэрч И.Т-ийн “...2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2 давхраа хаагаад 1 давхар руу бууж ирэхэд текен дээр гурван хүн сууж байсан. Тэгээд тэр гурав муудалцаад нэг нэгэн рүүгээ дайрах гээд байхаар нь би дундуур нь ороод салгасан. Нэг нь манай байнгын үйлчлүүлэгч С- гээд залуу, нэг нь 30 гарчихсан жоохон махлаг, нөгөөдөх нь дөнгөж 20 гарсан болов уу эсвэл 25-тай ч юмуу туранхай залуу байсан. Тэгээд салгаад нөгөө хоёрыг нь гаргаад байж байтал С- гадаа гарч ирээд нэг нэгнийгээ өшиглөсөн байх, би голоор нь ороод салгасан. Нөгөө хоёр залууг тайвшруулаад явуулаад буцаад орсон чинь С- хэвлий хэсэгтээ цус болчихсон байсан. ...” /1хх21/,
гэрч Б.А-ын “... Би сүүлд 2024 оны 09 дүгээр сарын 21-ний хагас сайн өдөр Т- кино театр дээр С-, манай найз хүүхэн бид гурав хамт кино үзчихээд бид гурав Рефаблик пабад очсон. Тэр үед Б- бид хоёр уулзах ажил байсан болохоор над руу залгаад бид гурав дээр надтай уулзахаар ирсэн. Тэгээд бид нар ажил төрөл яриад сууцгаасан. Тэгэж ууж сууж байгаад С- харьлаа гээд гараад явсан бөгөөд Б-тэй ажлаа ярьж дуусгаад маазраад яриад сууж байх үед нэг нь ан энэ тэртэй холбоотой зүйл ярьж байхад Б- дундуураа нуглардаг аялалын тухайн үед би Векториноркс гэж хараад байсан, яг сайн санахгүй байна. Зүгээр мааз яриад сууж байхад баруун халааснаасаа тэр хутгаа гаргаж ирээд так гээд дэлгэхэд мөнгөлөг буюу цайвар төмөр хутганы иртэй хэсэг харагдаж байсан. Тэгээд тухайн үедээ цочиж инээлдээд тоглоом шоглоом болгоод өнгөрсөн. Тэгээд тэндээсээ бүгд тараад харьсан. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны орой 18 цаг өнгөрч байх үед надад юм хэвлэх ажил гараад Рефаблик орсон чинь тэнд С- зүс мэдэх хоёр залуутай хэвийн байдалтай сууж байсан бөгөөд намайг хамт суугаач гэж урихаар нь би маргааш өглөө нь эрт ажилтай байсан болохоор татгалзаад принтер нь болохгүй байсан тул гараад явсан. Тэгээд гэртээ унтаж амарч байтал 2024 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих үүрээр 6 цагийн үед Э- гээд манай найз залгаад “С- /С-/ хүнд хутгалуулчихлаа гэсэн. Хамт Б- /Вовка/ ах болон Л-ын бөмбөрчин /О- гэдэг гэсэн/ хоёртой хамт ууж муудалцсан гэж байна” гэсэн. Тэгээд би Рефабликийн ажилтан С- бидний таньдаг Б- рүү залгаад би загинаад юу болж байна. Яаж байгаа юм бэ? гэхэд ахаа би юу ч санахгүй байна. Намайг 2 давхарт байж байхад цагдаа аваад гарсан гэж хэлсэн. Ер нь миний сонссоноор С- нэг зүйлд бухимдаад авьяастай авьяасгүй талаар маргалдаад тэр зөөгч нарын нэг нь С-ийг тэвэрч аваад болиулаад Б-, О- хоёр гараад явсан бөгөөд тэр хоёрыг явчихлаа гэж бодоод С-ийг тавьсан чинь нөгөө хоёрын араас гараад явсан бөгөөд тэр үед нь нөгөө хоёр нь нэг камергүй мухарт зогсож байхад нь С- очоод дахин тэнд хэрүүл маргаан болсон гэсэн. Тэгэхээр нь тэндхийн зөөгч дүү нар очиж салгаад С-ийг дотогш оруулж ирэх үед замдаа С- “Миний бөгс нойт оргиод байна” гээд орж ирсэн бөгөөд гэдэсний хажуу талд дарсан гарны тэндээс цус гоожоод орж ирсэн гэсэн. Миний мэдэхээр С- бол хүн зодох цохих хүн бол биш уушигны өвчтэй бас өөрийн хүмүүжил ч тийм зодоон цохион хийх хүн биш уухаараа нэг тийм хорон үгтэй өөр илүү дутуу зүйл байхгүй. Б-йн хувьд ер нь шулуун шударга зантай хэлэх гэснээ хэлчихдэг. Ажилдаа хариуцлагатай. Хүмүүстэй жаахан хэг ёг хийдэг ч нэг сайн хүндээ сайн ханддаг зодоон цохион хийж байгааг нь би харж байгааүй. Б- нь 2024 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 4 цагийн үед фейсбүүкдээ нэг зураг оруулаад түүнийгээ цагдаа энэ тэр яригдаад ирэхдээ устгасан байсан гэж нэг найз маань зургийг нь явуулсан байгаа, тэр зургийг хэрэгт ач холбогдолтой бол энэ мэдүүлэгтэй хавсаргуулья. ...” /1хх23/,
гэрч Э.О-ын “...Б- ах бид хоёр Р- паб орсон, ганц ганц пиво уухаар 23 цагийн орчим санагдаж байна. Р- орж 1 дүгээр давхрын тек дээр хоёулаа суугаад пиво ууцгаасан, би 3 шил чингис, Б- ах бас 4 орчим чингис уусан санагдаж байна. Тэнд бид хоёр пиво уугаад юм яриад сууж байхад С- /С-/ бид хоёр дээр ирсэн. С- бид хоёр дээр ирэхдээ нилээн согтсон байдалтай байсан бөгөөд энэ нь яриа болон биеэ авч яваа байдлаас нь мэдэгдэж байсан. С- ирээд хөгжим сонин сайхан яриад эхэндээ дажгүй юм яриад сууж байгаад сүүлдээ С- бид хоёр руу дайрсан шинжтэй буюу надад бас манай хамтлаг руу дайрч доромжилсон байдлаар “ээ муу авьяасгүй бацаанууд” гэх байдлаар, Б- ах руу “та бол мөнгөний янхан, манай хамтлагийг та доош нь хийдэг. Та нар авьяасгүй хүмүүс, би бол авяастай, та нар хөгжим урлагийг ойлгоддоггүй” гэх байдлаар дайрч эхэлсэн. ...Тэгээд С- намайг сууж байхад миний дагз руу үсдсэн уу, цохисон юм уу сайн мэдэхгүй байна, хүчтэй хүрэхээр нь би босоод заамдаж аваад маргалдаад “яагаад чи намайг цохиж байгаа юм” гэдэг байдлаар хэлсэн. Тэр үед байсан ажилчид нь ч юм уу хүмүүс ирж бид хоёрыг салгасан бөгөөд яг цохилцож зодолдсон зүйл байхгүй. ...Б- ах цахилгаан дугуйныхаа түгжээг тайлаад дугуйгаа түрээд цаашаа явж байтал С- хойноос гарч ирээд бид хоёр руу орилоод байхаар нь бид хоёр буцаж ирээд би С-тэй хэрүүл маргаан болоод зайл энэ тэр гэсэн үг хэрэглээд маргалдсан. С-ийг гарч ирэхэд араас нь бас нэг залуу дагаж гарч ирсэн бөгөөд нөгөө залуу нь С-ийг болио гээд авч явах гээд байсан. Би тухайн үед С-т хүрээгүй С- ч бас надад хүрээгүй. Тухайн үед Б- яг хаана байсныг мэдэхгүй байна. С- бид хоёр урд урдаасаа хараад хэрүүл хийж байсан. С-тэй хэрэлдэхэд бүх анхаарал төвлөрсөн байсан болохоор энэ хоёр хүн хоорондоо барьцалдаж авсан эсэх, миний баруун зүүн аль талд байсныг би мэдэхгүй байна. 2 минут орчим би С-тэй хэрэлдсэн. Ер нь бол С- Б- ах бид хоёртой хоёулантай нь хэрэлдэж байсан. Би өөрийн С-тэй хэрүүл хийж байгаа дээр төвлөрч байсан болохоор энэ хоёр хүн хоорондоо ойртсон эсэхийг би анзаараагүй “одоо та хоёр явчих” гээд байсан. Тэр үед С- тэр залуугийн хойно зогсож байсан. Бид хоёр эргээд цааш явсан. Явах замдаа С-ийг яагаад бид хоёрыг хоргоогоод байгаа бид хоёр энэ хүнд ямар буруу юм хийсэн юм гэх агуулгатай зүйл яриад явсан. Тэгээд баруун 4 зам дээр ирээд би Нарны гүүр давж харихаар алхаад Б- чигээрээ хороолол руу гэртээ харихаар дугуйтайгаа явсан. Би гэртээ хариад утсанд чат ирэхээр нь харсан чинь Р- зөөгч билүү бартендер хийдэг Б-аас “Та хоёр С-ийг шилээр бүлсэн юм уу. Түргэн ирээд түрүүн аваад явлаа. Яасан юм юу болсон юм” гэж асуусан байхаар нь би “үгүй ээ яасан гэж хутгалах вэ. Наадах чинь өөрийгөө хутгалцан юм бишүү” гэж хэлсэн. Би унтаж байх үед утас дугархаар нь авсан чинь цагдаагаас залгаж байна гэхээр нь ирж мэдүүлэг өгсөн. Би Б- ахтай цагдаагийн газрын гадаа уулзаад “ийм зүйл болсон байна. Мэдүүлэг өг гэж дуудлаа” гэхэд “ах нь мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгнө гээд гараад ирлээ, бие муу байна” гэж байсан. Тэгэхдээ нүүр нь халцарсан байхаар нь би “юу болсон талаар түүнээс асуухад “харьж байх замдаа дугуйтайгаа бүдрээд ийм зүйл болчихлоо” гэж байсан. Надаас салаад явахдаа Б- ахын нүүр зүгээр байсан. ...Би хутга мэсний зүйл биедээ огт авч явдаггүй. Б- ахыг биедээ хутга мэс авч явдаг эсэхийг би мэдэхгүй байна. Хутга авч явж байхыг нь харж байгаагүй. ... Тэгээд энэ хүн араас гарч ирэхдээ өөрөө кармандаа хутга буюу ямар нэгэн зүйлтэй гарч ирээд өөрийгөө бүлсэн байх гэж бодож байна. Түүнээс биш энэ хүн бодитоор заналхийлж дайрч байснаас биш бид хоёр энэ хүнд заналхийлсэн зүйл байхгүй. ...” /1хх26-27, 35/,
гэрч Ц.М-ын “...Текен дээр үйлчлүүлж байсан хоёр залуу дээр манай байнгын үйлчлүүлэгч С- гэх залуу 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01 цаг 20 минут орчимд очиж 30-40 орчим минут цуг сууж байгаад нөгөө гурван хүн маргалдаад, тэгээд салгаад хоёр залуу гарч яваад С- гэх залуу үлдсэн. Тэгээд С- гээд залуу байж байгаад араас нь гараад 5 орчим минут болоод хэвлий хэсэгтээ цус болсон байдалтай орж ирсэн. Би хэвтүүлээд шархыг нь марлаар боогоод байж байхад үйлчлүүлж байсан нэг хүн түргэн дуудаад түргэн иртэл хэвтүүлсэн. Тэгээд түргэн ирэхээр нь Т- бид хоёр цуг яваад эмнэлэг дээр аваачиж өгөөд ар гэрийнхэн найзуудыг нь дуудаад ирэхээр нь зөрөөд ажил дээрээ ирээд байж байхад цагдаа нар ирсэн. ...” /1хх29/,
гэрч А.Б-ийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 19 цаг орчимд Р- пабд найз С-тэй уулзсан. Тэгээд уулзаад 3, 3 ширхэг пиво уучихаад Негрони гэх нэртэй паб руу яваад тэнд очоод хоёр хоёр негрони коктайл уучихаад буцаад Р- паб руу орсон. Тэгээд тэндээ зүс таних 3 залуу, С-, Хасбилэг би бид зургуулаа архи хувааж уусан. Тэгээд архиа уугаад би муудаад дээшээ гарч унтсан. Тэгээд намайг сэрэхэд цагдаа ирчихсэн камерын бичлэг шүүж байсан. ...В- ах гэж бид нар дууддаг Б- гэдэг билүү тиймэрхүү нэртэй 40 орчим насны sould engineer хувиараа хийдэг ах байна. Нөгөө зөлууг нь сайн танихгүй. ...Би утсаа асааж байгаад фэйсбүүкээр нь холбогдож чадах байх. Энд тэнд эвент дээр явж байгаад танилцаж байсан амьд хөгжмийн хамтлагуудын дугаралтыг хариуцаж хийдэг дууны инженер хүн. Өөр сайн мэдэхгүй. ...” /1хх31/,
гэрч М.Т-ий “...2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 22 цаг орчимд хоёр найзтайгаа Р- паб руу үйлчлүүлэх гээд ороход С- нэг давхарт ширээн дээр хоёр хүнтэй сууж байхаар нь очиж мэндлээд би хоёр давхар руу гараад суусан. Хоёр давхарт 30 орчим минут сууж байсан чинь С- доороос дээшээ гарч ирээд 2 өөр хүнтэй суусан. Надтай сууж байсан хоёр найз маань яваад ахиад хоёр найз маань гаднаас ирээд суугаад бид гуравтай сууж байгаад доошоо буугаад текен дээр сууж байсан В- гээд ах нэг залуугийн нэрийг нь сайн мэдэхгүй, хамт сууж байх үед текний орчимд С-, В- ах нөгөө залуу хоёр дээр очиж сууж байгаад сүүл рүүгээ дуун чангараад маргалдаад байх шиг байсан. Тухайн үед Р-ын ажилчид салгаж байгаа харагдаж байсан. Тэгээд тэнд муудалцаад зууралдаад байсан, цохисон эсэхийг нь бол мэдэхгүй. Ажилчид нь салгаад В- ах нөгөө залуу хоёр эхлээд гараад явсан. Тэгээд С- нилээн ууртай араас нь гүйгээд гарсан. Тэгээд би жоохон сууж байгаад муудалцаад зодолдоод байж магадгүй гэж бодоод гарсан. Гараад очиход ард кинотеатр руу эргэдэг гадна буттай хашааны булан хэсэгт бие биентэйгээ нилээн ойрхон зогсоод зууралдаад түлхэлцсэн байдалтай чи сая намайг өшиглөчихлөө гэсэн яриа сонсогдож байсан.В- ах нөгөө залуутай С- тэр 3 зогсож байсан. Тэгээд Т- бид хоёр очоод салгаад нөгөө хоёр хүнийг за асуудал үүсгээд байна явцгаа гээд явуулахад С- араас нь орилоод байсан, за дотогшоо ор, тайвшир гээд хэлтэл С- нөгөө булангийн тэнд зогсож байхдаа цамцаа сөхөөд өөрөө харахад нь цус алдаж байсан. Тэгээд шууд С-г оруулаад сандал дээр хэвтүүлээд шархыг нь М- боогоод би түргэн дуудаад түргэний машин иртэл бөөндөө хүлээгээд байж байсан. Тэгээд түргэн ирээд түргэний машинд суулгаж өгөөд би гэр рүүгээ харьсан. ...Өөр хүн огт байгаагүй. ...С- ертөнцийн зүгээр зүүн тийшээ харчихсан урдаас нь О- хараад зогсчихсон О-ын баруун гар талд В- ах зогсчихсон тэр гурав барилцаад авчихсан зогсож байсан. ...” /1хх41/,
гэрчээр М.Б-йн “...2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Р- паб руу О- гээд дүүтэйгээ орой харанхуй болсон байсан 21, 22 цаг орчимд орсон. Ороод текен дээр суусан, тэндээс хаашаа ч босоогүй текний яг урд талд би О-д хоёр пиво авч өгсөн, би нилээн олон пиво, коктэйл уусан. Тэгээд уугаад сууж байхад С- гээд залуу хажууд ирж суугаад О-той нилээн юм яриад надтай юм яриад байж байснаа дуу нь чангараад агсан тавиад орилоод байсан. ...С- надад чи Хүрлээгийн боовыг хөхөгч гэж хэлсэн, өөр олон л үг хэлж байсан, арай л хэтэрч байна гэж ойлгоод тэр хүүхэд миний хажууд О-той зууралдаад байсан байх, би өөрийгөө зууралдаагүй байх гэж бодож байна. Тэгээд О- бид хоёр гадаа гараад би гадаа дугуйныхаа гинжийг шифрийг нь гаргах гээд нилээн удаж байсан чинь авьяасгүй пизда нараа гээд л гудмаар нэг орилоод байсан. Бид хоёр ард кино театрын тийшээ явж байхад араас орилоод гүйгээд ирсэн, зууралдаад голоор нэг хүүхэд уучлалт гуйгаад салгаад байсан. ...” /1хх37/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12476 дугаартай “...Р.С-ийн биед хэвлийн зүүн дээд хэсгээр, хэвлийн шулуун булчин, их сэмж, элэгийг гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн цус хуралдалт /700 мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” /1хх 62-65/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 514 дугаартай “хэргийн газрын үзлэгт хэвлийн дээд хэсэгт 3 см хэмжээтэй ташуу босоо байрлалтай мэс заслын оёдол шархтай ... Хар өнгийн хутга ажлын хэсгийн урт 8 см, иш буюу бариул хэсгийн 12 см ажлын хэсгийн өргөн 2.5 см байх ба улаан өнгийн хутга ажлын хэсэг 6 см, иш буюу бариул хэсэг 9 см, ажлын хэсгийн өргөн 1,2 см байв. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээч эмч С.Каделийн 12476 дугаартай дүгнэлтэд хохирогчид учруулсан гэх шарх нь хэвлийн зүүн дээд хэсэгт 3 см хэмжээтэй ташуу босоо байрлалтай мэс заслын оёдол бүхий шарх байх ба дээрх 2 ширхэг хутганы аль аль нь үүсгэх боломжтой байна” /1хх 191-195/ гэх дүгнэлтүүд,
шүүгдэгч Б-йн фэйсбүүкдээ оруулсан зураг /1хх24/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2988 дугаартай дүгнэлт /1хх46-47/, шинжээчийн 2988 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1хх48-50/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5503 дугаартай дүгнэлт /1хх52-56/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх181-182/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0525/514 дугаартай дүгнэлт /1хх191-195/, шүүх шилжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0325/2445 дугаартай дүгнэлт /1хх203-204/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 912 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ” /1хх213-215/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, шүүгдэгч М.Б- нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.Б-йг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч М.Б- “...Би хилсээр хоригдож байгаа бөгөөд энэ гэмт хэргийг үйлдээгүй. ...” гэх,
түүний өмгөөлөгч О.Анхбаяр “...хохирогч Р.С- энэ хэрэгт 3 удаа мэдүүлэг өгсөн ба эдгээр нь хоорондоо эргэлзээтэй зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Хэргийн газар 5 хүн байсан бөгөөд 3 гэрчтэй. Тэдгээр нь Т-, О-, Т- нар бөгөөд гэрчүүд хэн хутгалсныг мэдэхгүй, хараагүй гэдэг. ...Миний зүгээс шүүх цэвэр таамгийн үндсэн дээр хохирогчийн эргэлзээтэй, хөтөлж хариулсан мэдүүлэгт үндэслэж ял шийтгэсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх,
түүний өмгөөлөгч О.Батсүх “...шүүгдэгчийг хохирогчийн биед гэмтэл учруулсан болохыг шууд нотолсон нотлох баримт байхгүй. Болсон нөхцөл байдлыг дандаа дамжмал байдлаар илэрхийлсэн баримтууд байдаг. М.Б- хохирогч Р.С-ийн биед халдсан, түүний хэвлий хэсэгт хохирол учруулсан гэх үйл баримт гэрч, хохирогч нарын алиных нь ч мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлт, бусад баримтуудаар нотлогдоогүй, тухайн цаг үед М.Б- гартаа мэс барьж байсан эсэх нь ч нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцож байгаа нь шударга ёсны зарчим, хууль ёсны зарчим, гэм буруугийн зарчимыг бүхэлд нь зөрчсөн. ...” гэх тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээс хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч Р.С-, гэрч О-, шүүгдэгч М.Б- нар байсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал үүссэн, энэ үйл баримтыг салгах гэж очсон гэрч нар шууд хараагүй боловч хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэх бүх нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай шалгаж, цогц байдлаар үнэлэхэд шүүгдэгч М.Б-йг гэм буруутай гэж үзэх дамжмал хамаарал бүхий нотлох баримтууд авагдсан байна.
Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг бөгөөд эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөн эсэх, үүнд хэн буруутай болохыг тогтоохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал, гэмт этгээдийн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гаргасан зан авир, үйлдлийн өрнөл зэрэг нь чухал ач холбогдолтой болно.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан хохирогч Р.С-ийн “...Би Б- ахтай бас О-той жоохон маргалдсан. ...Б- нөгөө дүүтэйгээ гараад явсан. Тэгээд гарахдаа намайг “гараад ир” гэх шиг болсон. Би араас нь гарахад Б- нөгөө залуутайгаа үүдэнд зогсож байсан. Яг очоод юу болсныг санахгүй байна. Би эргээд Р- руу орсон чинь тэр пабын зөөгч зүс таних дүү “Таны хэвлийнээс цус гараад байна ш дээ” гэж хэлсэн. ...Б- өөрөө “бие нь зүгээр үү, яаж байна. Эмчилгээний төлбөр хэд болж байна. Мөнгө төгрөг явуулья” гээд утсаар болон мессенжерээр холбогдсон. Тухайн үед бие маань хүнд байсан болохоор бие хүнд байна. Эмнэлэгт байна. Өмгөөлөгчтэйгөө ярьж байгаад шийдье гээд тасалсан. ...Манай хуурай ах А- гээд ах руу Б- нь юмуу дүү нь юм уу нэг хүн яриад “энэ асуудлыг гайгүй шийдүүлэхээр С-тэй яриад өгөөч” гээд гуйгаад байсан. Ах нь юм яриагүй шүү” гэж надад хэлж байсан. Өөр одоогоор над руу ярьсан зүйл байхгүй байна. ...Би Б- болон тэр хамт явсан залуу хоёрын аль нэг нь гэж бодож байна. ... /1хх19/, гэрч Ц.М-ын “...С- гээд залуу байж байгаад араас нь гараад 5 минут орчим болоод хэвлий хэсэгтээ цус болсон байдалтай орж ирсэн. ...”, гэрч М.Т-гийн “...С- В- ах нөгөө залуу 2 дээр очиж сууж байгаад сүүл рүүгээ дуу нь чангараад маргалдаад байх шиг байсан. Тухайн үед пабын ажилчид салгаж байгаа харагдсан. Тэгээд тэнд муудалцаад зодолдоод байж магадгүй гэж бодоод гараад очиход Ард кино театр руу эргэдэг гадна буттай хашааны булан хэсэгт бие биентэйгээ нэлээн ойрхон зогсоод зууралдаад түлхэлцсэн байдалтай, чи сая намайг өшиглөчихлөө гэсэн яриа сонсогдож байсан. Тэнд В- ах, нөгөө залуу, С- 3 зогсож байсан. Тэгээд Т- бид 2 очоод салгаад за дотогшоо ор, тайвшир гээд хэлтэл С- нөгөө булангийн тэнд зогсож байхдаа цамцаа сөхөөд өөрөө харахад нь цус алдаж байсан. ...”, гэрч Э.Т-ийн “... Тэгээд салгаад нөгөө хоёрыг нь гаргаад байж байтал С- гадаа гарч ирээд нэг нэгнийгээ өшиглөсөн байх, би голоор нь ороод салгасан. Нөгөө хоёр залууг тайвшруулаад явуулаад буцаад орсон чинь С- хэвлий хэсэгтээ цус болчихсон байсан. ...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч М.Б-, гэрч Э.О- нар нь хохирогч Р.С-тэй маргалдаж, зууралдаж байгаад салсан даруйд Р.С-ийн биед гэмтэл учирсан нөхцөл байдлыг тодорхой мэдүүлсэн, гэрч Э.О- тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй, харин шүүгдэгч М.Б-йн гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Р.С-, гэрч М.Т-, Э.Т-, Э.О-, Ц.М-, Б.А-о нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримт, эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, тодорхой цаг хугацаа, орон зайд болсон асуудлыг эрх зүйн ухамсар, дотоод итгэлд үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦ/1844 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч М.Б-йн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 78 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦ/1844 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-йн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 78 /далан найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА