| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2506026440916 |
| Дугаар | 2025/ДШМ/1202 |
| Огноо | 2025-10-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/1202
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Ариунцэцэг /цахимаар/,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,
хохирогч Г.М-, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1919 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2506026440916 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М- овгийн Б-ын Б-, .........., /РД:......../.
Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Cinema Next”-ийн урд зам дээр хохирогч Г.М-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг газарт унагаан биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун эгэм ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М- овогт Б-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б- нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хохирогч Г.М- нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Б-ы хувьд гэмт хэрэгт холбогдож мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруутай үйлдэлдээ маргаагүй. Харин ял хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон. Гэтэл анхан шатны шүүхээс Б.Б-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн хүнд ял болох 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Учир нь, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1919 дүгээр шийтгэх тогтоолын 11 дэх талд, шүүгч тухайн өдөр болсон хэрэг учралын талаар буруу ойлгож дүгнэсэн, тухайн өдөр миний үйлчлүүлэгчийн өөдөөс эсрэг урсгалаас ирсэн автомашин өөрийнх нь явж байсан урсгал руу шахаж орж ирэхэд осол гаргахгүйгээр явган хүний зам руу шахаж зогссон үйл баримт болсон нь хэрэгт цугларсан гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогддог. Гэтэл шүүгч болсон үйл явдлын талаар “мөн болсон үйл баримтын тухайд, шүүгдэгч Б.Б- нь замын хөдөлгөөнд оролцохдоо авто зам дээр зорчиж байхдаа бусад тээврийн хэрэгслийн жолоочтой маргалдаж, улмаар урдуур нь шахаж орж зогсохдоо замын хажуугаар зорчиж байсан иргэнийг айлгаж цочоосны улмаас энэ гэмт хэргийг хийсэн” гэж буруутгасан. Шүүгч нэг урсгалтай зам дээр замаа булаацалдаж явсан гэж ойлгож дүгнээд, тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн хүнд ялыг оногдуулсан. Гэтэл зам дээр шахуулж зогсох нь Б.Б-ы буруутай үйл баримт байгаагүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны А182 дугаар тушаалын 2.1-д зааснаар Монгол Улсын иргэн “Б” ангиллын автомашиныг жолоодох эрхийг 18 наснаас эхэлж авдаг. Өмгөөлөгчийн зүгээс Б.Б-ыг 18 нас 3 сартай байхдаа тохиолдлын шинж чанартайгаар гэмт хэрэгт холбогдсон гэж үзсэн. Гэтэл шүүгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй гэсэн. Аливаа гэмт хэрэгт холбогдогчийн хувьд түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал Б.Б-д тохиолдсон. Жолооны үнэмлэх аваад 3 сар болж байсан тул энэ хугацаанд ямар нэгэн байдлаар ирж байгаа саад, тулгарах аюулыг даван туулах, самбаачлах хурд, жолоодох туршлага бүрэн сууж амжаагүй. Тиймээс осол гаргачих вий гэж айсандаа 2 дугаар сар буюу цас, мөс арилаагүй үед замын хажуу руу шахаж зогсохдоо хохирогчийг айлгаж цочоосон үйл баримт байдаг. Миний үйлчлүүлэгчийн анх удаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр байхгүй, гэм буруутай үйлдэлдээ маргаагүй байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж, анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид боломж олгож, ялаас чөлөөлж өгөөч гэдэг санал гаргасан. Энэ шүүх хуралдаанд ялаас чөлөөлөх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл нь сонгох санкцитай гэмт хэрэг тул ядаж 450.000 төгрөгөөр торгож өгөөч гэж хүсэж байна. Б.Б-ы хувьд Баянзүрх дүүрэгт амьдардаг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ........-ийн Хан-Уул дүүрэгт байрлах Авто инженерчлэлийн сургуульд оюутан болон элсэн суралцаж эхэлсэн ба сургууль нь Хан-Уул дүүрэгт байдаг учраас хичээл сургуульдаа явахад 2, 3 дүүрэг дамжих шаардлага үүсдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ байдлаа хэлж, хүсэлт гаргамаар байвч дүүргийг тэлж өгдөггүй. Тиймээс зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгож өгнө үү гэв. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч талаас зүйлчлэлийн талаар маргаан гаргаагүй, харин ял шийтгэлийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгуулахаар гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийг тодорхой орлогогүй, хохирогчоос уучлалт гуйгаагүй, хохирогчийн гомдолтой гэсэн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байх. Тийм учраас шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна...” гэв.
Хохирогч Г.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гомдолтой байна. Би Б.Б-аас ямар ч төлбөр мөнгө нэхээгүй, эмчилгээний зардлаа өөрөө гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч эсрэг урсгалаас автомашин сөрж орж ирсэн гэж байгаа боловч хоёр автомашин зэрэгцэж яваад хоорондоо шахалцаад, нэг нь явган хүний зам руу орж ирсэн. Тэгэхээр нь би шаардлага тавьсан. Анхан шатны шүүх хуралдаанд намайг өндөр настай, аав шигээ хүн гэж ярьсан. Үнэхээр аав шигээ хүнийг хүндэлж байсан бол тийм үйлдэл гаргахгүй байх байсан гэж бодож байна.” гэв.
Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй ба өнөөдрийн шүүх хуралдаанд гомдолтой талаараа хэлж байна. Гэвч хэн алиных нь буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан. Шүүхээс шүүгдэгчийг хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,
Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Cinema Next”-ийн урд зам дээр хохирогч Г.М-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг газарт унагаан биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун эгэм ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Г.М-ын “...Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед эхнэр болох Н-ийг ажлаас аваад “Синема Нэкст” орох гээд замын урд талаар явган хүний зам руу орох гэж байхад замын баруун талаасаа хоёр машин хоорондоо шахцалдаад .... УКК улсын дугаартай тээврийн хэрэгсэл замаас шарваж гараад бид хоёрын урд ирээд зогссон. Тэгээд би тэр машины жолоочийг “чи яаж яваад байгаа пизда вэ” гэхэд .... УКК улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьж явсан залуу машинаасаа бууж ирээд “чи юу гээд байгаа юм бэ?, Чи намайг мэдэх үү, намайг Б- гэдэг юм” гээд над руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би “чи эрүүл согтуу нь мэдэгдэхгүй яваад байна шүү дээ” гэхэд намайг заамдаад авсан. Би цагдаа дуудах гээд цааш эргээд явж байтал тэр залуу миний хойноос тэвэрч аваад намайг машины асфальт зам дээр өргөөд шидчихсэн. Тэгээд миний баруун талын мөр эвгүй болчихсон. ...Гэмтлийн эмнэлэгт очиж рентгэн зураг харуулахад миний баруун мөрний эгэмний яс хугарсан байсан. ...” /хх8-9/,
яллагдагчаар мэдүүлсэн Б.Б-ы “...2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн үед Батлан хамгаалах их сургуулийн уулзвараас приус-20 маркын автомашин шахаж орж ирээд би “Синема некст”-ийн урд талын замын брожур руу шахаад зогссон. Зам хөндлөн гарах гэж байсан үл таних эрэгтэй миний машин дээр ирээд орилоод машин цохиод авахаар нь би “яасан бэ” гээд буугаад уулзсан чинь нөгөө хүн эхнэрийнхээ хойноос миний зүүн хөлний бүдүүн гуя хэсэг рүү 1 удаа өшиглөөд, дайраад байхаар нь машинаа тойроод зугтаасан. Би биеэ хамгаалах зорилгоор өмднийх нь шуумаг хэсгээс бариад өргөөд түлхсэн чинь нөгөө хүн газар унаад, босож ирээд мөр мултарчихлаа гээд орилоод цагдаа дуудсан. ...” /хх22-23/,
гэрч Т.Т-гийн “...2025 оны 02 дугаар сарын 13-ны орой Улаанхуарангийн “Синема некст”-ийн урд найз Э-тэй хамт явж байсан чинь хоёр машин хоорондоо шахалцаад гудамж руу ордог зам дээр хар өнгийн “Соната-6” маркын машин, Приус 20 маркын машин зогсоод хүмүүс хэрэлдээд маргалдаад байхаар нь юу болсон юм бол гэж бодоод очсон чинь манай үеэл дүү Б-ыг намхан биетэй 30-40 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хэрэлдээд, маргалдаад эрэгтэй нь согтуу байх шиг байсан. Тэгээд Б-ы хөл рүү нь өшиглөөд байх шиг байсан, би сайн хараагүй, нөгөө хүнийг Б- түлхээд унагачих шиг болсон. Нөгөө хүн нь босож ирээд мөр мултарчихлаа гэж байсан. ...” /хх12/,
гэрч Ж.Н-ийн “...2025 оны 02 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед ажлаасаа тараад нөхөр М-тай кино үзэх гээд Улаанхуарангийн эцсийн “Синема Некст” орж кино үзэх гээд урд зам дээр хөндлөн гарах гэсэн чинь хар өнгөтэй машин өөр нэг машинтай шахалцаад, урд талын гудамж руу эргэдэг эргэлт дээр шарваад зогссон. Тэгээд манай нөхөр пизда минь яаж яваад байгаа юм гэж хэлсэн чинь, машин дотроос жолооч залуу бууж ирээд чамд ямар хамаатай юм пизда минь намайг Б- гэдэг, чи таних уу гээд, гадна талын савхин куртикээ тайлаад манай нөхөр М-тай заамдалцаж аваад, манай нөхрийн хөл рүү 2 удаа өшиглөөд авахаар нь нөхөр зөрүүлээд хөл рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд би салгаад нөхөр цагдаа дуудах гээд утсаа гаргасан чинь манай нөхрийг араас нь цээжээр нь тэвэрч аваад машин зам дээр баруун мөр талаар хажуу тийш харуулж шидэхээр нь би нөхрийн гар утсыг аваад цагдаа дуудсан. ...Тэр залуу архи уугаагүй эрүүл байсан, архи үнэртэхгүй байсан. ...Манай нөхөр тухайн үед нэг лааз 0,5 граммын пиво хэрэглэсэн байсан бараг эрүүл байсан. ...Манай нөхөр М-ыг хөл рүү нь 2 удаа өшиглөж, нүүр рүү нь 1 удаа цохисон, хувцаснаас нь зуураад татаад чангаагаад байсан. ...Манай нөхөр уг залуугийн хөл рүү нь нэг удаа өшиглөсөн, өөр цохиж зодсон зүйл байхгүй. ...” /хх11/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0725/3333 дугаартай “...Г.М-ын биед баруун эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх27-28/ гэх дүгнэлт,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх3/, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны хуудас /хх4/, хохирогч Г.М-ын дүрслэл оншилгооны хариу /хх29-30/, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх40/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч Б.Батсүрэн “...зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.
Тухайлбал, зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн хүнийг хорих ял шийтгүүлж нийгмээс бүрэн тусгаарлагдсантай адилтгах, мөн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, сурч боловсрох, хөдөлмөрлөхтэй холбоотой эрх нь бүрэн хязгаарлагдсан гэж үзэх боломжгүй бөгөөд зөвхөн чөлөөтэй зорчих эрх нь хязгаарлагдсан, тодорхой үүрэг хүлээсэн этгээд гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хамгийн хүнд ялын дээд хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна. Иймд, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн ........-ийн Хан-Уул дүүрэгт байрлах Авто инженерчлэлийн сургуульд элсэн орж, оюутан болсон зэрэг хувийн байдлыг харгалзан сурч боловсрох эрхийг нь хангах үүднээс анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг багасгаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б- нь ........-ийн Хан-Уул дүүрэгт байрлах “Авто инженерчлэлийн сургууль”-д суралцдаг болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ы зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүрэгт оршин суудаг байдлыг харгалзан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлахаар тогтоосныг Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахгүй байхаар зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчлөхөөр шийдвэрлэлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэнгийн гаргасан “... торгох шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
- 2 дахь заалтын “...1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж,
- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б- нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б- нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
Шүүгдэгч Б.Б- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 1 дүгээр курсийн оюутан байхаас гадна тухайн гэмт хэргийн улмаас бий болсон хохирол, хор уршгийг сайн дураар төлөх, арилгах арга хэмжээ авах боломжгүй, эцэг, эхийн асран хамгаалтад байгаа этгээд байх тул түүнд торгох шийтгэл оногдуулах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй, зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өөрт нь халдаах зарчим эрүүгийн эрх зүйд хэрэгждэг ба ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуулийн дагуу эрх чөлөөний хязгаарлалт тогтоох замаар цээрлэл үзүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой болно.