Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 181/2016/01180/и |
Дугаар | 001/ХТ2017/00428 |
Огноо | 2017-04-13 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2017/00428
Пи Жи Кью ХХК-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01429 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 267 дугаар магадлал,
Нэхэмжлэгч : Пи Жи Кью ХХК,
Хариуцагч : Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд : Капитрон банк,
Нэхэмжлэлийн шаардлага: Анхны албадан дуудлага худалдаа болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016.9.19-ний өдрийн 10/275 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Нагашыбайгийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэржав, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүгчийн 2015 оны 7118 дугаар захирамжаар 401.446.509 төгрөг, мөн 2015 оны 6430 дугаар захирамжаар 94.719.492 төгрөг, нийт 496.166.001 төгрөгийг Капитрон банкинд төлөх болсон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөрт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы А гудамжны 003 хаягт байрлах өмчлөх эрхтэй, 972 м.кв хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах өмчлөх эрхтэй 488,2 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаанд оруулах болж, үнийн санал ирүүлэхийг 2016.4.25-ны өдөр 3/15011 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Үнийн саналаа 2.050.000.000 төгрөгөөр хүргүүлсэн. Үүнийг төлбөр авагч зөвшөөрөөгүй бөгөөд 2016.5.02-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилуулан үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан байсныг надад танилцуулаагүй, сая олж мэдсэн. 2016.5.10-ны өдөр компанийн зүгээс 488,2 м.кв өмчлөх эрхтэй газрын үнийг 350.000.000 төгрөг, 972 м.кв хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын үнийг 1 тэрбум төгрөг буюу Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт зааснаар саналаа өгсөн. Өөрөөр хэлбэл 1.350.000.000 төгрөг гэдэг үнэ нь Иргэний хуульд зааснаар 70 хувийн шаардлага хангасан саналыг өгсөн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 1.350.000.000 төгрөгөөс 70 хувиар тооцож албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл ирүүлсэн. Анх өгсөн унийн саналаа 1.928.500.000 төгрөг болгож бууруулсныг манайхаас бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талууд санаатайгаар төлбөр авагчид ашигтай, төөрөгдүүлсэн байдлаар бууруулж шийдвэрлэн 70 хувьд тооцож өгсөн 1.350.000.000 төгрөгийн үнийн саналыг илт бууруулан тооцож анхны албадан дуудлага худалдаанд оруулж, хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2016.9.30-ны өдрийн 10 цагт оруулах гэж байна. Мөн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах товыг зарлан нэхэмжлэгчид эрх бүхий байгууллагад гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа олгохгүй тулгаж гардуулсан. Иймд Нийслэлийн шийдвзр гүйцэтгэх албаны анхны болон хоёр дахь дуудлага худалдааны 2016.8.19-ний өдрийн 9/294 тогтоол, 3/26350 дугаар мэдэгдэл 2016.9.19-ний өдрийн 10/275 дугаар тогтоол, 3/29615 дугаар мэдэгдэл /хх 1-3, 79/-г тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Пи Жи Кью ХХК-д төлбөрөө сайн дураар төлөх мэдэгдлийг удаа дараа өгч, мэдэгдэж байсан боловч төлбөрөө төлөөгүй тул Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы А гудамжны 003 тоот хаягт байрлах 972 м.кв хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 488.2 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрын хамт битүүмжлэн хурааж, үнийн санал авч, анхны албадан дуудлага худалдаанд 2016.9.02-ны өдөр оруулах тогтоолыг 2016.8.19-ний өдрийн 9/294 тогтоол, мөн өдрийн 3/26305 дугаартай мэдэгдлийн хамт төлбөр төлөгч Пи Жи Кью ХХК-ийн захирал Д.Гантөмөрт мөн өдөр мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ буюу Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо 003 тоотын хөрөнгийг 850.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 425.000.000 төгрөгөөр, мөн хаягт байрлах газрыг 350.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 175.000.000 төгрөгөөр, нийт 1.200.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 600.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтсон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016.9.30-ны өдрийн 10 цагт болох үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах 2016.9.16-ны өдрийн 10/275 тогтоол, 2016.9.19-ний өдрийн 3/29615 мэдэгдлүүдийг төлбөр төлөгч компанийн захирал Д.Гантөмөрт мөн өдөр мэдэгдэж, хувийг гардуулан өгч гарын үсэг зуруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны мэдэгдэх хуудас, тогтоолын хувийг хуульд заасны дагуу гардуулан өгч гарын үсэг зуруулж, эрх үүргийг эдлүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаа хэтрүүлж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн татгалзлыг дэмжиж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаа хуульд нийцсэн. Нэхэмжлэгч нь албадан дуудлага худалдааны үнэтэй холбоотой нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл болоод нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөн байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01429 дүгээр шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.9.02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа болон 2016.9.16-ны өдрийн 10/275 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн Пи Жи Кью ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 267 дугаар магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01429 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 13.30 цагийн 3 дахь шүүх хуралд орж давхцсан тул холбогдох нотлох баримтыг гарган өгч, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч эзгүйд хянан шийдвэрлэж, шийдвэр гаргасан. Энэ нь Үндсэн хуулийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.3, 6.4, 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хавтас хэргийн 83 дугаар хуудсанд 2016.4.12-ны өдөр үйлдсэн гэх "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх, үүрэг тайлбарласан тухай баримт"-анд төлбөр төлөгчийн гарын үсэг байхгүй. Учир нь 2016.11.08-ны өдөр хувийн хэрэгтэй танилцах үед нөхөж гарын үсэг зуруулж авсан. Яагаад гэхэд ШШГЕГ-ийн дарга солигдсонтой холбоотойгоор манайд иж бүрэн шалгалт ирж байгаа хувийн хэрэгт ийм баримт байвал зөрчилд тооцогдоно гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, процессийн ажиллагаа зөрчсөн. Хэрэв шүүхэд үүнтэй адил нөхцөл байдал үүсвэл шүүх тухайн ажиллагааг хүчингүйд тооцдог. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.8.10-ны өдрийн 3/25342 дугаартай мэдэгдэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.8.19-ний өдрийн 3/26305 дугаартай мэдэгдэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.8.19-ний өдрийн 9/294 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тухай" тогтоол зэрэгт гарын үсэг зурсан албан тушаалтаны гарын үсэг өөр өөр байдаг. Үүнийг шалгуулах, шийдвэр гүйцэтгэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33.1.3 дах хэсгийг зөрчсөн гэж гомдлыг 2016.11.11-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргахад хариу /Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.12.26-ны өдрийн 3/738 дугаартай хариу мэдэгдэх хуудас/-г 2016.12.06-ны өдөр шүүх хуралдааны өмнө төлбөр төлөгч Пи Жи Кью ХХК-ийн захиралд гардуулаад шийдвэр гүйцэтгэгч шүүх хуралдаанд орсон байдаг. Энэ үед н.Гантөмөр нь тухайн бичгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч надад өгөх гээд Захиргааны хэргийн шүүхэд намайг хүлээгээд сууж байдаг. Энэ ажиллагаа хурдан хугацаанд ямар хамаагүй байдлаар хангагдвал шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч Капитрон банкнаас урамшуулал авна. Өөр нэг ядарсан иргэний шийдвэр гүйцэтгэл багадаа 3 жил болдог. Боломжтойд үйлчилдэг, төрийн албан хаагчийн нэрээр таалагдсан хүндээ хурдан шуурхай үйлчилдэгийн жишээ /хх 101-104/. Хх-13 дугаар хуудас "Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол"-д н.Гантөмөр гэдэг гарын үсэг зурсан, харин хамтран өмчлөгчийн гарын үсэг байхгүй, мөн хх-14 дүгээр хуудсанд "Эд хөрөнгө хураах тогтоол"-д дээрхи зөрчил давтагдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн байхад шүүх "...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөв явагдсан байна гэж дүгнэсэн..." Иргэний хуулийн 177.1 дэх хэсэг "...дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн унийн 70 хувиар тоодон тогтооно..."-т гээд маш тодорхой заасан, төлбөр төлөгч 2016.5.10-ны өдрийн "Үнийн санал гаргах тухай" албан бичигтээ "... 1.ЧД-ийн 8-р хороо, баруун тасганы А гудамжны 003 тоот 488.20 мкв газрыг 350.0000.000 төгрөг, 2.ЧД-ийн 8-р хороо, баруун тасганы А гудамжны 003 тоот хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй 972 мкв барилгыг нэг тэрбум төгрөгөөр тус тус үнэлгээг Иргэний хуулийн 177.1-т зааснаар өгч байна..." гэжээ. Энэ чинь төлбөр төлөгч маань дуудлага худалдааны үнийн саналаа хуулийн шаардлагад нийцүүлж 70 хувьд өгөөд байтал шийдвэр гүйцэтгэгч маань түүнээс доош 70 хувьд тооцож дуудлага худалдаанд оруулсан. Энэ шударга явдал уу? Иргэний эд хөрөнгийг үнэгүйдүүлж авах гээд байгаа юм биш үү. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр гараад 3 хонож байтал шийдвэр гүйцэтгэгч нь танайх давж заалдах журмаар гомдол гаргах уу? Гаргахгүй гэвэл би дуудлага худалдаанд оруулмаар байна гээд утгаар залгах юм. Үгүй энэ чинь шүүхийн шийдвэр хуульд зааснаар хэзээ хүчин төгөлдөр болдог билээ /ярианы бичлэг бий/. Бас нэг зүйл дээрхи дуудлага худалдаануудыг явуулахдаа мэдэгдэх хуудас, тогтоол зэрэг албан ёсны баримт бичгийг гардуулаагүй, шуудангаар явуулдаг, эсвэл гомдол гаргах хугацааг дуусах уед нь тулгаж гардуулдаг. Энэ мэтээр явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчсөн, шийдвэр гүйцэтгэгч хууль бус ажиллагаа явуулсан гэдгийг мэтгэлцээний зарчмаар нотлох баримттай шийдэх байтал ялихгүй зүйлээр шалтаглаж шийдсэнд үнэхээр гомдолтой байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Пи Жи Кью ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж “....анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9/294, хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 10/275 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгох...”-г шаардсан байна. /хх1-3, 79/
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
Шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Пи Жи Кью ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ ойлгомжгүй бичсэнийг шүүх шийдвэр, магадлалдаа зөв тодорхойлсон байгааг дурдах шаардлагатай гэж үзлээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “...2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 3/26305 дугаар мэдэгдэлтэй, 9/294 дугаар тогтоол болон 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 3/29615 дугаар мэдэгдэлтэй, 10/275 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж, шаардлагаа нэмэгдүүлж байна...” гэсэн /хх 79/ боловч энэ нь нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээс /хх 1-3/ агуулгын хувьд ялгаагүй байна. Пи Жи Кью ХХК нь “...мэдэгдэлийг хүчингүй болгох...” нэмэгдүүлсэн шаардлага гаргасан мэт боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлага бус, харин нэхэмжлэлийн үндэслэлд хамаарна. Иймд шүүх Пи Жи Кью ХХК нь “...анхны албадан дуудлага худалдаа болон 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 10/275 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах...” нэхэмжлэл гаргасан гэж үзсэн нь зөв байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхино. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Пи Жи Кью ХХК нь 94.404.506 төгрөг болон 400.366.618 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлөх талаар Капитрон банктай эвлэрснийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2015 онд баталж, 6430, 4957 дугаар захирамжуудыг гаргасан бөгөөд төлбөр төлөгдөөгүй тул 2015 онд 39374, 39204 дугаартай албадан гүйцэтгэх захирамж, 4957, 4914 дугаартай гүйцэтгэх хуудас /хх 22-28/ бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ.
Шүүгчийн 2015 оны 6430, 4957 дугаар захирамжуудыг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хариуцагч Чингэлтэй дүүргийн 8-р хороо, Баруун тасганы А гудамж, 003 тоот, Д.Гантөмөрийн нэр дээр бүртгэлтэй, 972 кв.м хувийн сууц, үйлчилгэний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, Ч.Пүрэвжал, Д.Гантөмөр нарын нэр дээр бүртгэлтэй 488.20 м.кв талбай бүхий газрыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 9/294, 10/275 дугаар тогтоолыг 2016 оны 8, 9 сард гаргасан нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчөөгүй байна.
“...анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй...” гэх гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх тухай шүүх С.Нагашыбайд мэдэгдсэн нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн баримтаар /хх93/ тогтоогджээ. Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх тухай мэдэгдлийг С.Нагашыбай 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр авсан баримт нь Пи Жи Кью ХХК-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах нөхцөл болохгүй. Өөрөөр хэлбэл, Пи Жи Кью ХХК-н нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх тухай шүүх С.Нагашыбайд мэдэгдсэнээр “...шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх...”- ийг хангасан гэж үзэхээр байна.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01429 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 267 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Пи Жи Кью ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай-н гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ