Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 229

 

Б.Ад холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай                                                                       

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1 дүгээр магадлалтай, Б.Ад холбогдох 1913002100120 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хар бүргэд овогт Бын А нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 165 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

шүүгдэгч Б.Аын Голомт банк дахь 5805007969 тоот данснаас 300.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.От олгуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Аын 15 ямааг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “8” гэснийг “8 жилийн” гэж, тогтоох хэсгийн 7 дахь заалтын “450.00” гэснийг “450.000 /дөрвөн зуун тавин мянга/” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон нийт 267 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Би Р.Нийн амь насыг санаатайгаар бусниулах гэмт хэргийг үйлдээгүй юм. Талийгаач Р.Н нь мотоциклээс унасан, эсвэл түүнийг миний төрсөн ах Б.А санаатайгаар алсан болохыг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан шалгаагүй, хэргийг зөвхөн нэг талыг барьж шалган намайг буруутгаж байгаа явдалд туйлын их гомдолтой байна.

Дараах нөхцөл байдлуудыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Талийгаач Р.Нийг хөдөө байдаг гэрээс Б.А бараг хүчээр шахам дагуулан гарч Буянт сумын төв орсон ба тэд сумын төвд 3 өдөр архидах хооронд олон удаа зодолдон улмаар талийгаачийн мотоциклийг Б.А жолоодон талийгаач Р.Нийг ардаа сундлан хөдөө явсан юм. Хэргийн 113 дугаар талд авагдсан гэрч Х.Мын мэдүүлэгт “А нь талийгаачийг байнга дарамталдаг байсан. Талийгаач манайхтай айл байх үед “А намайг зодож дарамталдаг, айлган гэр орноос нь хөөгөөд байна” гэж надад хэлдэг байсан. Тэгээд дарамтлаад байдаг байсан асуудлаас нь болоод талийгаач өөрөө надад “Манайхыг нүүлгээд аваадхаач” гэж хэлэхээр нь би гэртээ нүүлгэж авсан юм. Талийгаач эхнэртэйгээ хамт 2 жилийн өмнө манай гэрт ирэхдээ хөдөө А мал хөрөнгийг зарцуулсан бүгдийг зарж дуусгалаа”, хэргийн 129 дугаар талд авагдсан гэрч Нгийн мэдүүлэгт Б.Агийн хувийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байдал, хэргийн 133 дугаар талд авагдсан гэрч А нь урьд талийгаачтай маргалдаж зодолдож байсан гэх мэдүүлэг, гэрч Б.Ций мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Яг хэзээ, хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан талийгаач Н болон манай хүү А хоёулаа манай гэрт үдийн цайны үед орж ирсэн. Тэгээд орой нь хүү А болон талийгаач хоёр согтуу манай гэрт хүрээд ирсэн. Тэр үед талийгаач нь толгойгоо цоолж авсан, цус гарсан байдалтай ирэхээр нь би талийгаачаас “Толгой чинь яасан бэ” гэж асуухад талийгаач “мотоциклийн хойноос савж унасан” гэж хариулсан. Тэгээд А болон талийгаач манайд ирээд унтсаны дараа хүү А гэрт ирээд амарсан. Тэр үед бид нар унтчихсан. Тэгээд маргааш өглөө нь А ажилдаа яваад өгсөн байсан. Харин А талийгаач хоёр 11 цаг гэж босоод миний хийж өгсөн хоолыг идээд гараад явсан. Тэр өглөө талийгаач босох үед нүүр нь нэлээн хавдчихсан байсан. Тэгээд тэр хоёр гарч яваад орой бас согтуу орж ирээд А агсам тавихаар нь охин бид хоёр Чимгээ гэх үзмэрчийн гэр лүү очоод буцаж ирэхэд А халуун савыг гэрээс гаргаж шидчихсэн байсан. Тэгээд удалгүй А ажлаасаа хүрээд ирсэн ба А дахин агсам тавиад А тэр хоёр хоорондоо муудалцаж, нэг нэгнээ хэд хэдэн удаа цохиж авсан. Тэр үед талийгаач гэрийн гадна сууж байсан, би Аыг салгаж аваад өөр тийш нь явуулсан” /хх-120/, гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “Орой нь 19 цаг болж байхад А, талийгаач хоёр согтуу орж ирээд А ах агсам тавьж, гэрт байсан халуун савыг гаргаж шидэхээр нь ээж бид хоёр Чимгээ гэх үзмэрчийн гэр рүү очоод цаг гаруй сууж байгаад буцаж гэр лүү ирэхэд гэрт А ах, талийгаач болон А нар сууж байсан. Бид нарыг ирсний дараа А ах дахиад агсам тавьсан. Тэгээд тэр өдөр манай гэрт А ах, талийгаач хоёр дахиж хоноод 12 цаг гэж бүгдээрээ амарсан” /хх-118/ гэсэн байдал, хэргийн 246 дугаар талд авагдсан яллагдагч Б.Аын мэдүүлэгт: “...А надад ингэж хэлсэн “Хэргийн газарт очвол чулуун дор дарсан 00 цаас байна, өөр бас тэнд мод байгаа, цагдаа нар очно. Чамаас байцаалт авна, тэр үед “Би цохисон” гэж хэлээрэй” гэж хэлжээ. Асуулт: Та яагаад Агийн үгэнд орж ингэж худлаа хэлсэн вэ? Хариулт: Би уг нь үнэн зөвөөр тайлбарлая гэж бодож байсан. Тэр шөнө цагдаад анх удаа баригдахад айж сандраад тэгж худлаа хэлсэн. Асуулт: Та айж сандраад өөр дээрээ хэрэг хүлээсэн биш үү? Хариулт: Тийм” гэж тус тус мэдүүлсэн байдаг юм. Гэтэл улсын яллагчийн яллах дүгнэлтэд дээр дурдсан гэрч нарын хэргийн бодит нөхцөл байдлын талаар ярьсан үнэн зөв мэдүүлгийг яллах дүгнэлтэд тусгаагүй явдал нь зөвхөн намайг буруутгах талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг нотлож байна.

Дээрх гэрчүүдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг дэлгэрэнгүй судлан үзэхэд талийгаач Р.Нийг хүргэн ах болох Б.А нь олон жилийн турш дарамталж айлгаж ирсэн, түүнийг байнга оршин сууж байсан газраас хөөж байсан, мал, хөрөнгөгүй болгож байсан, түүнтэй байнга дарамталж харьцдаг, талийгаач сумын төв орох өдөр түүний мотоциклийг хүчээр авч сумын төв яваад хүчээр дагуулж ирсэн, Б.А нь түүнийг мотоциклээс унасан гэж мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг шүүх үнэн зөв үнэлээгүй явдалд гомдолтой байна. Ялангуяа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Р мөрдөн байцаалт болон анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ ...Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр миний хүүхдээс мотоцикль гуйхаар очсон байна. Тэр үед талийгаач болсон миний хүү “мотоциклийг өгч чадахгүй” гэж хэлсэн байна. Тэгээд Б.А тэгвэл хамт яваад ирье гэж хэлсний дагуу үдээс хойш хамт явсан байдаг. Сумын төв орж 2 хоног хоносон. 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэрт ирэхдээ талийгаач хүүг маань мотоциклийн араас уналаа гэж худлаа хэлж дагуулж ирсэн байдаг... Урьд Б.А нь архи ууж ирээд байнга агсам тавьдаг байсан. Надад 2 хүүхдийн чинь нэгээс заавал салгана гэж заналхийлж байсан. Б.А миний хүргэн болдог. Тухайн өдөр сумын төвөөс ирэхэд нүүр нь хавдартай байсан. Миний талийгаач хүү болон Б.А хоёр хамт ирсэн” гэж хэлж байсан.

Ингэхээр талийгаач нь чухам мотоциклээс унаад толгойдоо гэмтэл авсан эсэх, түүнтэй хамт 5 хоногийн турш тасралтгүй архидсан Б.Агийн санаатай үйлдэл байсныг дахин шалган тогтоох ёстой гэж үзэж байна. Ялангуяа Б.Агийн хувийн байдал, бусдад дэрэлхүү, харгис хэрцгий харьцдаг хандлага, сүүлийн жилүүдэд талийгаач Р.Нид үзүүлж байсан олон төрлийн дарамт шахалтууд, хохирогчийн эцэг Р гуайд нэг бус удаа “Танай 2 хүүхдийн нэгийг заавал салгана” гэж сүрдүүлж байсан мэдүүлэг, давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А миний давж заалдах гомдлоо тайлбарлан өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/, талийгаач амь нас алдахаас өмнө Б.Атай 5 өдөр хамт байж архидан согтуурсан байдал зэргийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

Шүүгдэгч Б.А намайг мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээсэн гэснээр буруутгаж байгааг зөвшөөрөхгүй болно. Учир нь би Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын урьдчилан цагдан хорих байранд цагдан хоригдож байхад Баян-Өлгий аймгийн прокурор Т.Батсүх гэдэг манай Буянт сумын уугуул хүн хоёр ч удаа очоод “Та одоо өнгөрсөн, хэргээ хүлээгээд явах хэрэгтэй, Цаашид илүү дутуу зүйл ярьж болохгүй” гэж хэлсний дагуу би үйлдээгүй гэмт хэргийг үйлдсэн гэж худлаа хүлээсэн юм. Т.Батсүх прокурор нь талийгаач Р.Нтай хамаатан садан хүн гэж дуулсан. Энэхүү эрүүгийн хэрэгт аймгийн прокурор Т.Батсүх нь хувийн ашиг сонирхлын үүднээс оролцсон гэж үзэж байна. Энэ тухай давж заалдах шатны шүүх хуралдааны үед миний өмгөөлөгч нар маш олон зүйл ярьсныг давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс уншин танилцахыг хүсэж байна. Би маш их гомдолтой байна. Би ах Б.Агийн үйлдсэн хэргийг өөртөө үүрч яваад маш их бухимдаж байна. Энэ хэргийн бодит үнэн мөнийг тогтоох нь чухал байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар прокурорт буцааж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

Нэг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй тухайд:

Эрүүгийн 1913002100120 дугаар хэрэгт Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ботакөз хяналт тавьж ажилласан бөгөөд тэрээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн бодит байдалд тулгуурлан дотоод итгэл үнэмшлээр яллагдагч Б.Аыг бусдын биед хүнд хохирол учруулсны улмаас амь хохирогч нас барсан гэж үзэж 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 5/18 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж, улмаар тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 248 дугаар захирамжаар “Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй” гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Гэтэл Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Турдыбек нь уг шүүгчийн захирамжийг буруугаар дүгнэж буюу шүүхээс яллагдагч Б.Аын холбогдсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой гэсэн чиглэл өгсөн мэтээр ойлгож маргаан бүхий тогтоолыг гаргасан байна.

Өөрөөр хэлбэл ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Турдыбек нь маргаан бүхий тогтоолыг гаргахдаа ямар ч хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хийсвэрээр “шүүгчийн захирамжийг прокурор хүлээн авсан” гэсэн дүгнэлт хийж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсныг прокурор холбогдох хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалтай танилцаж үзэхэд үйлчлүүлэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, түүний үйлдэл холбогдол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэгдэх ёстой гэж үзэж байна. Учир нь:

а.Эмчийн үзлэгийн тэмдэглэлд: “...V.23. Орой 22:30 цаг. Р.Н 32н эр, цээж бүтнэ, бачимдана, унтаж чадахгүй байна, ирж үзэж өгнө үү гэсэн дуудлага аав нь өгсөн. Очиход өвчтөний б/б дунд онцын зовиур үгүй. АО 130/100-120/90, 2 хөлийн шилбэ, ууц нуруу, гэдэс хэвлий хавангүй, (засвартай) амьсгал 1-23 удаа, нүүр шалбарсан шархтай б/в. Өөрийн хэлснээр явж байсан мотоциклийн араас өнхөрч унасан гэнэ. Өөрөө эмнэлэгт явахгүй гэрээр ажигламаар б/на гэсэн...” гэснээр, /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/

б.Гэрч Б.Агийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд бид 2 хамт талийгаачийн мотоцикльтой 13 цаг өнгөрч байхад гараад замдаа мотоцикль доголдоод явахгүй нэлээд удаан саатаж явсан. Замд мотоциклийн дугуй бас хагарч нэлээд саатсан. Дугуйг нь нөхөөсөөр цавуудаж нөхөөд цааш явсаар гэрт харуй бүрий болж байхад ирсэн. Манай гэр Буянт сумын 2-р баг, Цагаан салаа гэдэг газарт байдаг ба сумын төвөөс 25 гаруй км байдаг юм. Замд бид 2 дугуй нөхөж байх үедээ талийгаач надад “Хоёулаа гэрт очоод мотоциклоос ийм болчихсон гэмтсэн гэж хэлнэ шүү” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Тэгье" гэж хэлсэн. Тэгээд гэрт очиход гэрийнхэн яасан гэхэд бид 2 хамт явж байгаад мотоциклоос уначихсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/

в.Хохирогч Х.Оийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би нөхрөөсөө юу болсон талаар асуухад хүргэн дүү А надад "миний хойно мотоцикльд сундлан ирж байх замдаа уначихсан" гэж хэлсэн. Харин нөхөр маань надад юм хэлээгүй ба хадам аавдаа мотоциклоос унасан гэж хэлсэн байна.” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас/

г.Гэрч Б.Оийн 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд орой нь билүү, шөнө билүү сайн санахгүй байна, ямар ч байсан А ах болон талийгаач хоёр согтуу манай гэрт хүрээд ирсэн. Тэр үед талийгаачийн толгойных нь зүүн тал нь байх, толгойноос нь цус гарч байсан. Тэр үед манай ээж Ц талийгаачаас “толгой чинь яасан бэ" гэж асуухад талийгаач “мотоциклийн хойноос савж унаад ийм боллоо, танайд хонохоор ирлээ" гэж хариулсан. ...Цагийг нь санахгүй байна, ямар ч байсан нилээн орой болж байхад тэр хоёр орж ирсэн ба талийгаачийн толгойн зүүн хэсгээс цус гарсан, толгой нь цоорчихсон байсан. Тэр үед ээж загнаад “та нар дандаа согтуу ирдэг, наад толгойгоо яасан бэ" гэж асуухад талийгаач мотоциклоос унасан талаар хэлж байсан” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/

д.Гэрч Б.Ций 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд орой нь хүү А болон талийгаач хоёр согтуу манай гэрт хүрээд ирсэн. Тэр үед талийгаач нь толгойгоо цоолж авсан, цус гарсан байдалтай ирэхээр нь би талийгаачаас “толгой чинь яасан бэ” гэж асуухад талийгаач “мотоциклийн хойноос савж унасан” гэж хариулсан. ...Нилээн орой болж байхад, цагийг санахгүй байна, тэр хоёр орж ирсэн ба талийгаачийн толгойн зүүн хэсгээс цус гарсан, толгой нь цоорчихсон байсан. Тэр үед би загнаад “та нар дандаа согтуу ирдэг, наад толгойгоо яасан бэ” гэж асуухад талийгаач мотоциклоос унасан талаар хэлж байсан” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 120- 121 дүгээр хуудас/

е.Гэрч Б.Ргийн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн үед би талийгаачаас юу болсон талаар асуухад талийгаач нь надад “мотоциклоос унаад ийм асуудал болсон” гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 122-124 дүгээр хуудас/

ё.Гэрч С.Бгийн 2019 оны 7 дугаар сарын 9 ба 19-ний өдрүүдэд мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд би чиний бие яагаад ийм болчихсон юм гэхэд “би суманд хоёр хоног архи уугаад ирсэн, мотоциклоор явахаар хөл, гар хавагнаад байдаг болчихсон” гэж өөрөө хэлсэн. Би хаван хөөлгөх тариа хийж өгчихөөд “чи эмнэлэгт очоод их эмчид үзүүлж оношлогоо хийлгэвэл дээр байх” гэж хэлэхэд “надад эрүүл мэндийн дэвтэр байхгүй, паспорт байхгүй, мөнгөний боломж байхгүй, юутай ч энэ тариаг ажиглаад үзье" гэсэн юм ...Асуулт: Та Р.Нийн байдал муу байхад эмчийн үүргээ биелүүлээгүй юм биш үү? Хариулт: Би тухайн үед эмчийн үүргээ биелүүлж тусламж хүргэсэн. Тэгээд эмнэлгээр явж онош тогтоолго гэхэд мөнгөний боломжгүй, эрүүлийн мэндийн даатгал төлөөгүй, паспорт байхгүй эмнэлгээр явмааргүй байна гэсэн ...Асуулт: Та амь хохирогч Нид эмнэлгийн тусламж үзүүлэхдээ амь хохирогчид хүнд өвчний шинж тэмдэг илэрсэн үү, хэрэв илэрсэн бол тухайн үед яагаад холбогдох дээд шатны байгууллагын эмнэлгээс тусламж авч нарийн мэргэжлийн эмч дуудаж, арга хэмжээ авсан уу? Хариулт: Тухайн үед өвчтөн Нийн хөлний шилбэнүүд нь хавантай, мөн ууцны хэсэгт нь хавантай, нүүр нь шалбарсан, толгой хэсэг цоорчихсон. Тэр хэсэгтээ хавантай байсан бөгөөд юу болсон талаар асуухад талийгаач надад мотоциклоор ирж байх замдаа унаад ийм болчихсон гэж хэлсэн. ...Би талийгаачид сумын төвд орж эмчид үзүүлэн оношоо тодруулаарай гэж хэлэхэд талийгаач надад “би одоогоор сумын төв явах боломжгүй, надад даатгалын дэвтэр, мөнгө төгрөг байхгүй байна, хэд хоног гэрээр ажиглая” гэж хэлэхээр нь “тэгвэл маргааш хүртэл ажиглаад болохгүй бол дахин холбогдоорой” гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 125-126, 128 дугаар хуудас/

ж.Шинжээчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд: “...Энэ гэмтлийн улмаас хэрэв тухайн үед хурдан оношлогдож, яаралтай тусламж үзүүлж, аймгийн төвд ирж, эмчилгээ хийгдсэн байвал талийгаачийн амь насыг нь аврах боломжтой байсан...” гэснээр /хавтаст хэргийн 210-211 дүгээр хуудас/ амь хохирогч Р.Н нь эрүүл мэндээ анхааралгүй, эмчилгээ авах боломжтой нөхцөл байдал байсаар байхад дээрх байдлаар “мотоциклийн хойноос савж унаад ийм боллоо” гэж худал хэлж хэт хайнга хандаж цаг хугацаа /2-3 өдөр/ алдсанаас болж нас барсан байдаг.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5/ нь хүнийг алах гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл/-ээс гэмт хэрэгтэй объектив талын шинж болох хохирол, субъектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субъектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай. Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулдаг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан байдаг.

Шүүхийн практикаас үзэхэд хуучин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд тухайлбал 2015 оноос өмнө буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2 дахь хэсгийн аль тохирох зүйл заалтаар зүйлчилж шийдвэрлэж байсан байна. Дараа нь хууль тогтоогчоос дээр дурдсанчлан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүнийг алах гэмт хэргээс объектив талын шинж болох хохирол, субъектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субъектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай хэмээн үзэж 2015 оны Эрүүгийн хуулийг батлахдаа “Хүнийг алах” болон “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэж ялгаж хуульчилж өгсөн байна.

Гэтэл шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ “...хохирогчийн өөрийн эрүүл мэндийг анхааралгүй, эмчилгээ авах боломжтой нөхцөл байдлыг удаашруулж цаг хугацаа алдсан нь нөлөөлсөн байна" гэж дүгнэсэн атлаа дээрх байдлаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Хоёр.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд:

Шүүх Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааныг 2 удаа хийж, 2 удаа гэм буруутайд тооцсон. Өмгөөлөгчийн зүгээс шүүхэд энэ талаар тайлбар, санал хэлсэн боловч хүлээж аваагүй. Ингэснээр шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Б.Атай анх 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр уулзаж өмгөөллийн гэрээ байгуулах үед гэмт хэрэг үйлдээгүйгээ, тодруулбал төрсөн ах нь болох Б.Агийн захиж хэлсэн ёсоор мэдүүлэг өгсөн болохоо, мөрдөгчид болоогүй үйл баримтыг яагаад болсон мэтээр хэлж тайлбарласнаа, Б.Агийн оронд хэрэг үүрч цагдан хоригдож байгаагаа хэлж байсан. Гэтэл Б.А анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэг, тайлбар өгөхдөө гэнэт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Уг шүүх хуралдааны дараа миний бие Б.Атай биечлэн уулзаж энэ тухай асуухад санаа алдаж хариулахгүй байсан. Дараа нь Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож анхан шатны шүүх хуралдаанд чухам яагаад, ямар үндэслэлээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг, өөрөөр хэлбэл аймгийн Ерөнхий прокуророос үйлчлүүлэгч Б.Аын хоригдож байсан цагдан хорих байранд очиж “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, энэ нь ашигтай” гэх байдлаар ятгаж нөлөөлж байсныг тайлбарласан. Үүнээс үзэхэд Б.А нь хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн эсэх нь маш их эргэлзээтэй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлал тус тус хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүгдэгчийн эрхийг зөрчөөгүй ба шалгавал зохих асуудлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын төв дээр төрсөн ах Б.А, худ Р.Н нартай хамт согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хувийн таарамжгүй харьцааны улмаас Р.Нтой маргалдан түүнийг унины хугархай мод хэрэглэн зодож, биед нь гавал тархины хүнд хавсарсан гэмтлүүд учруулсны улмаас Р.Н нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Аын гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Аыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах, хяналтын шатны шүүхэд гаргаж буй гомдлууд нь ижил утга агуулгатай бөгөөд давж заалдах шатны шүүхээс дээрх гомдолд үндэслэлтэй дүгнэлт өгчээ.

Шүүх хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Б.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч Б.А нь амь хохирогч Р.Нийг зодож алсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх, шүүгдэгчээс өөр хүн амь хохирогчийг алсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Түүнчлэн хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг хяналтын шатны шүүх хуралдаанаар өөрчлөн дүгнэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Б.Аын “...Би ах Б.Агийн үйлдсэн хэргийг өөртөө үүрч яваад маш их бухимдаж байна. Энэ хэргийн бодит үнэнийг тогтоолгох”, түүний өмгөөлөгч А.Серикжаны “...Б.А нь хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн эсэх нь маш их эргэлзээтэй байна... Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй тул хүчингүй болгож өгнө үү” гэсэн  гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН