Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2018/0460

 

“Э Ю Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч З.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0382 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч татварын улсын байцаагч З.Ц, Б.Х нарын давж заалдах гомдлоор, “Э Ю Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Б.Х нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0382 дугаар шийдвэрээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Э Ю Э Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, З.Ц нарын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 250021359 дүгээр актыг бүхэлд нь хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

 

Хариуцагч татварын улсын байцаагч З.Ц, Б.Х нар давж заалдах гомдолдоо: ““Э Ю Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 0382 дугаартай шийдвэр гарган шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “маргаан бүхий актыг бичсэн зорилго нь өршөөлд хамрагдсан этгээдийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэгдсэн байх бөгөөд харин шинээр зөрчил буюу “ногдуулж төлөөгүй татвар”-ыг илрүүлж нөхөн татвар ногдуулаагүй байна” гэж дүгнэсэн нь Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалтыг буруу хэрэглэсэн байна.

Сүхбаатар дүүргийн 924 дугаартай прокурорын тогтоолд “Э Ю Э Д” ХХК нь “С с” ХХК-иас бараа материал худалдан аваагүй атлаа нийт 7 удаагийн худалдан авалтаар 185739363.45 төгрөгийн бараа материал авсан мэтээр 18573936.35 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн, үнийн дүн, утгыг зориуд өөрчлөн бичсэн энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг бичсэн байна. Шүүхийн шийдвэрт “С с” ХХК борлуулалтаа тайлагнасан байх тул буруутай гэж үзэх боломжгүй талаар дүгнэсэн нь буруу бөгөөд хий бичилттэй падаан зардаг газрууд татварын албанд борлуулалт хийсэн мэтээр тайлангаа өгч их хэмжээний өр төлбөр үүсгэдэг. Борлуулалт хийсэн гэх “С с” ХХК-ийн захирал бодитой борлуулалт хийгээгүй болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгснийг прокурорын тогтоолд бичсэн байтал шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2-д хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “төсвийн байгууллагын нэхэмжлэл”, 41.4-д “төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл” чөлөөлөгдөх талаар заасан ба төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагддаггүй болно. Иймд хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0382 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 250021359 дүгээр актаар “Э Ю Э Д” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, хуурамчаар үйлдсэн падааныг ашиглан 2012, 2013 онуудад “С с” ХХК-иас нийт 185739363.45 төгрөгийн бараа, материал худалдан авсан хэмээн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаж татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчилд 18573936.35 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс уг актыг эс зөвшөөрч, “С с” ХХК нь 185739363.45 үнийн дүн бүхий бараа, материалыг худалдан борлуулсан талаараа борлуулалтын тайландаа тусгасан, нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулан ногдуулах үндэслэлгүй гэж маргасан, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 924 дүгээр тогтоолоор яллагдагч Э.Г /“Э Ю Э Д” ХХК-ийн захирал/, Э.Г /“Э Ю Э Д” ХХК-ийн нягтлан бодогч/ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан “Татвар ногдох их хэмжээний орлогыг бууруулах замаар татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэрэг, яллагдагч Ц.Т-ыг мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглаж аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 129 дүгээр дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, яллагдагч нар тухайн гэмт хэргийг үйлдсэн болохоо тус тус хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгч “Э Ю Э Д” ХХК нь “С с”” ХХК-иас 185739363.45 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг огт худалдан аваагүй, тухайн компанитай эрх зүйн харилцаа үүсгээгүй, 18573936.35 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг “С с” ХХК-д төлөөгүй атлаа хуурамчаар үйлдсэн падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь дээрх прокурорын тогтоолоор тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс нэгэнт нотлогдсон үйл баримтыг үгүйсгэж, нэхэмжлэгч компанийг “С с” ХХК-иас бодитой худалдан авалт хийсэн гэж хуульд нийцээгүй дүгнэлт хийжээ.

Мөн “С с” ХХК нь нэхэмжлэгчээс нэмэгдсэн өртгийн албан татварыг хүлээн авсан гэж өөрийн борлуулалтын тайландаа тусгасан, анхан шатны шүүхээс “...“С с” ХХК нь борлуулсан бараа, материалын үнийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн борлуулалт хэсэгт тусгасан байх тул нэхэмжлэгч “Э Ю Э Д” ХХК-ийг бодиттойгоор худалдан авалт хийсэн гэж үзнэ” гэж дүгнэснийг хариуцагчаас нараас “....хий бичилттэй падаан зардаг газрууд татварын албанд борлуулалт хийсэн мэтээр тайлангаа өгч их хэмжээний өр төлбөр үүсгэдэг. Борлуулалт хийсэн гэх “С с” ХХК-ийн захирал бодитой борлуулалт хийгээгүй болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгснийг прокурорын тогтоолд бичсэн” гэх гомдол үндэслэлтэй.

Учир нь нэгэнт прокурорын тогтоолоор “С с” ХХК, “Э Ю Э Д” ХХК нарын хооронд бодитой худалдан авалт хийгдээгүй болохыг тогтоосон, нэхэмжлэгч компанийн захирал Э.Г, нягтлан бодогч Э.Г нар нь татвар ногдох орлогоо бууруулснаа, Ц.Т нь хуурамч бичиг баримт үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт  үндэслэлгүй юм.

Хэдийгээр нэхэмжлэгч “Э Ю Э Д” ХХК нь нэхэмжлэлд дурдсан бүтээн байгуулалтыг хийхээр бараа, материал худалдан авсныг үгүйсгэхгүй боловч “С с” ХХК-иас худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварыг оролцуулан үнийг төлсөн болох нь нотлогдохгүй байх төдийгүй нэхэмжлэгч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх зарчмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж заасныг зөрчиж, худалдан авалтын санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэн зөв бүрдүүлээгүй байх тул энэ үндэслэлээр татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд төлбөр төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн актыг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 924 дүгээр тогтоолыг үгүйсгэж, гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаагүй гэж тайлбарлах боловч энэ үндэслэлээрээ прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, тухайн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна. Нэгэнт тухайн үедээ үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр өршөөлд хамрагдан эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болгуулж шийдвэрлүүлсэн атлаа одоо ийнхүү маргаж байгаа нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0382 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Ю Э Д” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Б.Х нарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, З.Ц нарын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 250021359 дүгээр актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН