Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 216

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын

хяналтын прокурор Н.А-ийн

дүгнэлттэй, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн

хяналтын хэлтсийн боловсролын хяналтын

 улсын байцаагч Б.Н-д

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Б.Мөнхтуяа

Шүүгчид:                      Д.Мөнхтуяа

                                       Ч.Тунгалаг

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Прокурорын дүгнэлтэд: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Нямцэрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0066625 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0196 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 276 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Прокурор Ш.О,

Хариуцагч Б.Н,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч В.Э нар,

Прокурорын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0196 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А-ийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 276 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Алтантүлхүүрийн эсэргүүцлийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Алтантүлхүүр би, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 276 дугаартай магадлалыг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

4. Тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Нямцэрэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олонлог эгзэ” дунд сургуулийн дэд захирал И.Болд төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулсан гэх үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

5. Прокурор зөрчлийн хэргийг хянаад Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Нямцэрэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй гэж үзсэн. Учир нь: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд И.Болд оролцсон, ажиллагааны явцыг харуулсан гэрэл зураг, дуу дүрсний бичлэг хийгдсэн, ажиллагааны явцад оролцогч санал, хүсэлт гаргасан эсэх тодорхойгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг оролцогчид танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэлийг Улсын ерөнхий прокурорын баталсан маягт, загварын дагуу үйлдээгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 5, 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.7, 2, 4 дэх хэсгийг, Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх “Олонлог эгзэ” сургуулийн холбогдох албан тушаалтан нараас гэрчээр мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудыг гаргуулан аваагүй нь дээрх хуулийн 3.6 дугаар зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг, Эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогч И.Болдод зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогчид зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй энэ хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг, Хураан авсан баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргасан боловч шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэхгүй орхигдуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг,

6. Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулсан үйлдлийг бүрэн шалгаагүй, зөрчлийн хэрэгт авагдсан баримт бичиг, бусад баримтыг олж авсан эх сурвалж тодорхойгүй, шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0066625 дугаартай шийтгэлийн хуудсыг шийдвэрийг/ хүчингүй болгуулахаар 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 01 дугаартай прокурорын дүгнэлт бичиж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Прокурорын дүгнэлтийг хянан хэлэлцээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг тус тус баримтлан прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

8. Прокурор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаартай шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй, захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргах шийдвэрт хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийгээгүй, хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдсан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэн эс зөвшөөрч 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дараах үндэслэлээр Прокурорын эсэргүүцэл бичсэн. Үүнд:

9. Шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт...тус сургуулийн дэд захирал И.Болд хүлээн зөвшөөрсөн, мэдүүлэгтээ гарын үсэг зурсан... гэжээ.

10. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны шатанд И.Болд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр холбогдогчоор “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 191202/02 тоот албан бичиг хүргүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст хүсэлт хүргүүлсэн. Цаг хугацааны хувьд зарим шаардлагыг хийж гүйцэтгэж амжаагүй... туршлага дутсанаас болж бүх гүйцэтгэлийг 100 хувь болгосны дараа хариу хүргүүлнэ гээд арга хэмжээгээ үе шаттайгаар авч хэрэгжүүлж байсан...” гэж мэдүүлсэн бол,

11. “Олонлог эгзэ” сургууль 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 191122/02 дугаартай албан бичгээр “...тус сургууль 2019-2020 оны хичээлийн жилийн эхэнд удирдлагын бүтэц, орон тооны өөрчлөлтийг хийж.,.11 багшийг шинээр ажилд авч шинэ хамт олныг бүрдүүлэн...улсын байцаагчийн тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангах, үйл ажиллагаанд илэрсэн дутагдлыг арилгахад чиглэгдсэн арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа боловч удирдлага, орон тооны бүтцийн өөрчлөлтийн шалтгааны улмаас төлөвлөгдсөн ажил тасалдаж...даалгаврын биелэлтийн хариуг...хугацаанд хүргүүлж чадаагүй...” гэжээ.

12. Мөн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 191202/02 дугаартай албан бичгээр даалгаврын биелэлтийг хүргүүлсэн зөрчлийн хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Олонлог эгзэ” сургуулийн захирал Б.Э хавар шалгалт явуулаад, намар нь гүйцэтгэлийн биелэлтийг ирүүлэхээр шаардсан нь боломжгүй хугацаа байсан, зуны амралт таарсан талаар мэдүүлсэн мэдүүлэгт шүүх хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна.

13. Жишээ нь, Шүүх боловсролын хяналтын улсын байцаагч Б.Нямцэрэн хууль ёсны дагуу “Олонлог эгзэ” сургуулийн удирдах албан тушаалтан нараас 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 02-03-353/170 дугаартай хугацаатай албан шаардлагад дурдагдсан холбогдох мэдээ, мэдээллийг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хэрхэн шаардаж, албан шаардлагаар өгсөн, үүрэг даалгаврын биелэлтийг бүрэн хангуулах ямар арга хэмжээ авч ажилласан, тухайн албан шаардлага “Олонлог эгзэ” сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, шаардлагын хариуг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны дотор хүргүүлэх боломжтой байсан зэрэгт шүүх бодит дүгнэлтийг хийж чадаагүйгээс гадна эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоогоогүй.

14. Эрх бүхий албан тушаалтны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Идэшийн Болд...оролцсон болохыг тэмдэглэв...” гэсэн тэмдэглэлд холбогдогч И.Болд гарын үсэг зураагүй байдаг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт боловсролын хяналтын улсын байцаагч Б.Нямцэрэн дээрх ажиллагаанд И.Болдыг оролцоогүй талаар мэдүүлж, нотлох баримт цуглуулах талаар хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн нь нотлогдож байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй.

15. Шүүх шийдвэртээ тус сургуулийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал И.Болдыг тогтоосон, түүнд хэргийн материал танилцуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд удаа дараа залгасан талаар баримт үйлдэж хэрэгт хавсаргасан гэжээ.

16. Гэтэл эрх бүхий албан тушаалтны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлд “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 27 минутанд И.Болдтой холбогдож зөрчлийн хэргийн материалтай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр танилцаж гарын үсэг зурна уу гэхэд танилцахгүй гэсэн...” гэж тэмдэглэл үйлдсэнийг зөрчлийн хэргийг танилцуулах ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм.

17. Учир нь, боловсролын хяналтын улсын байцаагч Б.Нямцэрэний “Зөрчлийн хэргийн материалыг холбогдогчид танилцуулсан тухай” 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлд “...хэргийн материалыг танилцах ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 510 тоот өрөөнд 14 цаг 10 минутанд эхлэв...ажиллагаанд И.Болд оролцож...танилцаж 14 цаг 20 минутанд дуусгав...танилцсан холбогдогч И.Болд...” гэсэн тэмдэглэлд И.Болд гарын үсэг зураагүй нь нотлогдсон.

18. Түүнчлэн, шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцсон И.Болд зөрчлийн хэргийн материалтай танилцаагүй, эрх бүхий албан тушаалтан утсаар мэдэгдээгүй гэж мэдүүлдэг бөгөөд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангах эрхийг эдлүүлэхгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас бичсэн.

19. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласны улмаас “Олонлог эгзэ” сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байхад шүүх үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.

20. Шүүх зөрчлийн хэрэгт эд зүйл болон эх хувиараа нотлох баримтыг хурааж авсан зүйлгүй, хуулбарлаж авсан бичгэн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан гэж дүгнэсэн боловч Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан болон “Олонлог эгзэ” сургууль нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулаагүй. Эрх бүхий албан тушаалтан нотлох баримт гаргахдаа нотлох баримтын шаардлага хангаагүй, эх сурвалжаа зааж чадаагүй нотлох баримтыг цуглуулсан байхад шүүх хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдсан нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан.

21. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд боловсролын хяналтын улсын байцаагч Б.Нямцэрэн хуулбарлаж авсан бичгэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Хураан авсан...баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай” тэмдэглэл үйлдсэн боловч шийтгэлийн хуудаст хэрхэн шийдвэрлэх талаар орхигдуулсан байхад үүнийг шүүх хэрхэн үгүйсгэж, зөрчлийн хэрэгт үлдээх, оролцогчид буцаан олгох, нотлох баримтаас хасах талаар шийдвэрлээгүй.

22. Шүүхийн шийдвэрт дурдсан улсын байцаагч Б.Нямцэрэн нь тус зөрчлийн хэрэгт дээрх шийтгэлийг оногдуулахаас өмнө 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 0149490 тоот хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас үйлдэж, уг шийдвэрийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/93 дугаартай тушаалаар хүчингүй болгуулж, шийдвэрлэсэн шийдвэрээр тухайн үед “Олонлог эгзэ” сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхад шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийгээгүй үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичсэн.

23. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

24. Прокурор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч Прокурорын гомдол гаргаж байна. Учир нь:

25. 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Монгол Улсын хуулийн “хэсэг”-ийг орхигдуулж, хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн. Тухайлбал, Монгол улсын хууль “зүйл, хэсэг, заалт”-аас бүрддэг байтал шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан...шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-т заасан...шийтгэл оногдуулах үндэслэл бүрдсэн...” гэжээ.

26. Захиргааны хэргийн давж заалдах шатны болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцсон “Олонлог эгзэ” сургуулийн захирал Б.Э, И.Б, түүний өмгөөлөгч В.Э нар эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байхад шүүх оролцогч улсын байцаагч, анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрчээ гэж холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

27. Захиргааны хэргийн давж заалдах шатны болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийхдээ төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн байна. Жишээ нь, Эрх бүхий албан тушаалтан хууль ёсны дагуу хугацаатай албан шаардлагад дурдагдсан холбогдох мэдээ, мэдээллийг “Олонлог эгзэ” сургуулиас хугацаанд нь гаргаж өгөхийг хэрхэн шаардаж, албан шаардлагаар өгсөн, үүрэг даалгаврын биелэлтийг бүрэн хангуулах ямар арга хэмжээ авч ажилласнаар төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулсан нь тогтоогдоогүй.

28. Мөн улсын байцаагч Б.Нямцэрэн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчил шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл. эс үйлдэхүйг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр илрүүлж, МХ-341 дугаарт бүртгэн шалгаад 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн 1911001447 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байхад үүнээс өмнө,

29. Өөрөөр хэлбэл, төрийн хяналт шалгалтын явцад “Олонлог эгзэ” сургууль хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй үндэслэлээр уг мэдээллийг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хялбаршуулсан журмаар шалган 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шийтгэл оногдуулж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын А/93 дугаартай тушаалаар 0149490 дугаартай шийтгэлийн хуудас буюу шийдвэрээ хүчингүй болгуулснаар хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байдаг.

30. 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүх прокуророос...“Олонлог эгзэ” сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хууль бус албан шаардлага тавьсан гэсэн эсэргүүцэл нь...прокурорын хяналт тавих чиг үүрэгт үл нийцсэн гэжээ.

31. Гэтэл Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршдог бөгөөд прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн прокурорын хяналтыг хэрэгжүүлж ажилладаг.

32. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж, Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.3 дахь хэсэгт “Захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэхэд Прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох хуулийн заалтын дагуу чиг үүргээ хэрэгжүүлсэн байхад шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, дүгнэлт хийсэн байна.

33. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагчийн бичсэн албан шаардлага хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмыг бүрэн хангасан эсэхийг анхаарч үзээгүй.

34. Эрх бүхий албан тушаалтан дээр дурдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтаас гадна Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгийн 10.9.10-т “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих,...аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх...хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй”, 10.9.11-т “...улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”...үүрэгтэй.

35. Дээрх хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т “Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил, түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар өгсөн албан шаардлагын хүрээнд хийнэ”, 53.3-т “Гүйцэтгэлийн шалгалт хийхдээ шалгуулагч этгээдэд ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ...” гэж заасныг тус тус зөрчсөн.

36. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-т заасан “Шаардлагатай бол улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагааны явц болон илэрсэн зөрчлийг баримтжуулах /фото зураг, дүрс бичлэг/, шалгуулагч этгээд, түүний албан ёсны төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтан хяналтын үйл явц, улсын байцаагчийн үйлдэл, илрүүлсэн зөрчлийг баримтжуулахаар заасныг хэрэгжүүлж ажиллаагүй нь тогтоогдсон.

37. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байхад Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Нямцэрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0066625 дугаартай шийтгэлийн хуудсыг /шийдвэрийг/ хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 276 дугаартай магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

ХЯНАВАЛ:

38. Гуравдагч этгээдийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргасан боловч прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байх тул тэдний хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэх боломжгүй, энэ үндэслэлээр зөвхөн прокурорын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хэлэлцэв.

39. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 02-01/134 тоот удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Нямцэрэн болон бусад байцаагч нар  “Олонлог эгзэ” БСБ-ийн үйл ажиллагаанд холбогдох хууль, тогтоомж болон тэдгээрт нийцүүлсэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийсэн; хяналт шалгалтаар зөрчил илэрсэн тул 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” 02-03-353/170 дугаар албан шаардлагыг тус сургуулийн захиргаанд хүргүүлсэн; уг албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг бүрэн хангаж, хариуг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст ирүүлж, гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлгэхийг мэдэгдэж, улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, албан шаардлагын хариуг тогтоосон хугацаанд ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн хариуцлага тооцох талаар сануулсан; “Олонлог эгзэ” БСБ нь албан шаардлагад заасан хугацаанд хариу ирүүлээгүй бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 191122/02 тоот албан бичгээр албан шаардлагын хариуг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор багтаан хүргүүлэх тухай хүсэлт гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 191202/01 тоот “Даалгаврын биелэлтийг хүргүүлэх нь” албан бичгээр албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн хариуг хавсралтын хамт хүргүүлжээ.

40. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;” гэж; Зөрчлийн тухай хуулийн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй ... бол хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан, “Олонлог эгзэ” БСБ-ээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр албан шаардлагын хариуг хүргүүлсэн нь хариу хүргүүлэх хугацаа нэгэнт 2 сар 17 хоногоор хэтэрсэн тул дээрх хуулийн дагуу шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0066625 дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцсэн, энэ талаар шүүхүүд зөв дүгнэжээ.

41. Нэгэнт зөрчил үйлдсэн нь тодорхой буюу албан шаардлагад дурдсан хугацаанд хариу мэдээ хүргүүлээгүй, энэ талаар “Олонлог эгзэ” БСБ-ын үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал И.Болд холбогдогчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрсөн, мөн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаагүй байх тул прокурорын “...Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх Олонлог эгзэ сургуулийн холбогдох албан тушаалтан нараас гэрчээр мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудыг гаргуулан аваагүй..., зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй...” гэж хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдсан үндэслэл үгүйсгэгдэж байна.

42. Мөн холбогдогчийн төлөөлөгч И.Болдод хэргийн материалтай танилцуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд түүний 99195017 тоот утасны дугаар руу удаа дараа залгасан боловч хүрэлцэн ирээгүй, “...хэргийн материалтай танилцахгүй...” талаар хариу өгсөн талаар баримт хэрэгт авагдсан байх тул “...Эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогч И.Болдод зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогчид зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй...” гэх гомдол няцаагдах бөгөөд мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу гуравдагч этгээд энэ талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргаагүй.

43. Хэдийгээр гомдолд дурдсан “...зөрчлийн тэмдэглэлийг оролцогчид танилцуулж гарын үсэг зуруулаагүй, зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэлийг Улсын Ерөнхий Прокурорын баталсан маягт, загварын дагуу үйлдээгүй, хураан авсан баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргасан боловч шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэхгүй орхигдуулсан...” гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа ч энэ нь зөрчлийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл биш юм.

44. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд тохирох шийтгэл ногдуулах нь “шударга ёсны зарчим”-д нийцэх бөгөөд гуравдагч этгээдийн хувьд нэгэнт зөрчил үйлдсэн нь тогтоогдсон, шүүх нотлох зарчмын хүрээнд нэмж тодруулах үйл баримт, цуглуулах нотлох баримт шаардлагагүй энэ тохиолдолд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл тогтоогдохгүй, байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой биш зөрчлийг үндэслэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь хуулийн энэхүү зарчимд нийцэхгүй болно.

45. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэвэл зохих дээрх хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, прокурорын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0196 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 276 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                  М.БАТСУУРЬ