Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1018

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвсүрэн, нэхэмжлэгч Ц.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А******* нарыг оролцуулан Ц.Э*******ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Ц******* Э*******

 

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл м******* даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-д заасан шаардлагыг хангуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой Э******* миний бие 1998 оноос эхлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажилд орж, тус яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газарт захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан болно.

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай” хуулийн дагуу Хууль зүйн яам нь Хууль зүй, дотоод хэргийн яам болж өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан тус яамны бүтэц орон тоог шинэчлэн баталсан.

Үүнтэй холбогдуулан Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б*******ийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/4 тоот тушаалаар яамны аппаратын нийт албан хаагчдыг ажлаас чөлөөлж, улмаар Төрийн захиргааны газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ү******* “Төрийн албаны тухай” хуулийн 27.2.3 болон 27.2.4 дэх заалтуудыг удирдлага болгон 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 тоот тушаалаараа шинэчилсэн бүтцээр эргүүлэн томилсон байна.

Яамны ажилчдыг буцаан томилохдоо намайг буцаан томилолгүй орхигдуулан ажлаас чөлөөлж, ямар ч хуульд байхгүй “яамны аппаратын нөөцөд” бүртгэж авах, ажлын байраар хангах үүрэг өгсөн тушаал гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэж байна.

Тухайлбал: Төрийн албаны тухай хуулиар Төрийн жинхэнэ албан хаагч нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар тэгэхдээ “орон тоо хасагдсан” эсхүл “орон тоо цөөрүүлэх” тухай заалтаар л ажлаас чөлөөлөгдөх ёстой ба энэ тохиолдолд л уг хуулийн дагуу цалин хөлсөө бууруулахгүйгээр адил ажил албан тушаалд томилогдох ёстой юм.

Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолын 15.1.2-т “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж заасан байна.

Миний ажлын байрны үндсэн чиг үүрэг нь Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны А/12 дугаар тушаалын хавсралтаар баталсан ажлын байрны

тодорхойлолтод захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг улсын бүртгэлд бүртгэх, улсын нэгдсэн санг хөтлөх, өөрчлөлт хөдөлгөөнийг тухай бүр шийдвэрийн нэгдсэн болон цахим санд оруулах, дутууг нөхөн шивэх, лавлагаа, мэдээллээр үйлчлэх зэрэг юм.

Мөн Улсын Дээд шүүхийн тайлбарт “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасан байдаг.

Миний ажлын чиг үүрэг хэвээрээ ба орон тоо хасагдаагүй, уг албан тушаалд өөр хүн авч ажиллуулж байгаа тул намайг Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 болон 27.2.4-д заасан “орон тоо хасагдсан”, “орон тоо цөөрүүлэх” тухай заалтаар ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу бүртгэлийн ажил нь Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын үндсэн чиг үүргийн нэг бөгөөд үүний дагуу Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоолын “д”-ийн 1-д “Хууль зүйн бодлогын газар /захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэс/-тэй байна” хэмээн яамны бүтцэд миний хариуцаж байгаа ажлын чиг үүргийг шинээр хэлтэс болгон өргөтгөн баталж өгсөн байна.

Засгийн газрын дээрх тогтоолын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ү*******ын “Яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталж, албан хаагчдыг томилж, чөлөөлөх” тухай 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 тоот тушаалд миний хариуцаж байгаа ажлын чиг үүрэг хэвээрээ, орон тоо хасагдаагүй ба бүр хэлтэс болон өргөжсөн бөгөөд уг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх ажлыг надаас өөр мэргэжилтэн хариуцан ажилладаггүй байхад буцаан томилолгүй орхигдуулж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний ажиллаж байсан албан тушаал дээр хуульд заасан сонгон шалгаруулалт зарлалгүйгээр өөр хүн авч ажиллуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасны дагуу миний бие хуучин албан тушаал дээрээ буцаан томилогдох ёстой гэж үзэж байна.

Миний бие улсад 22 жил, үүнээс тус яаманд 18 дахь жилдээ ажиллаж байгаа ба ямар нэгэн намын харьяалалгүй, хэн нэгний дэмжлэгээр ажилд ороогүй, хариуцлага алдаж арга хэмжээ авагдаж байгаагүй, үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэхэд тогтмол “А” үнэлгээ авч, Засгийн газрын болон яамны шагналуудаар шагнуулж байсан. Хамгийн сүүлд ажлаас халагдахаас сарын өмнө буюу 2016 оны 7 дугаар сард “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнуулсан бөгөөд ийнхүү хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж, өдий хүртэл улсад ажилласан хөдөлмөрийн үр дүн нэр төрөө хууль бус захиргааны актаар алдаж байгаадаа гомдолтой байна.

Миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн хэмээн үзэж буй тул 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд ажилд эргүүлэн томилуулах тухай хүсэлтээ гаргаж өгсөн ба надад Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 болон 94.4-д заасны дагуу ямар нэг хариу өгөөгүй болно.

Хууль зүй, дотоод хэргийн яам нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1-4/502 тоот албан бичгээр Хууль зүйн үндэсний хүрээлэнд ажилд томилуулахаар шилжүүлсэн албан бичиг хүргүүлсэн бөгөөд хувийг надад өгсөн.

Уг албан бичгийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Э******* нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр надруу ярьж “...Яамнаас чиний анкетыг өгч, ажилд ав гэсэн. Манайд орон тоо байхгүй байгаа. Яам шахаад байвал хэн нэг хүнийг халж байж л чамайг ажилд авна. Би хүн халмааргүй байна...” гэж хэлсэн.

Миний бие өөрөө бага насны 3 хүүхэдтэй эх хүн. Бусдын тавагтай хоолыг булааж халбагадах дээрээ тултал ёс суртахууны ялзралд ороогүй байна. Иймд заавал Хууль зүйн үндэсний хүрээлэнд ажилд орохын тулд өөр хэн нэгнийг хууль бусаар ажил албагүй болгох гэж зүтгэхгүй.

Мөн намайг ажилд томилох тухай энэхүү тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажилд томилж болох тухай дээр дурдсан хуулийг зөрчсөн захиргааны хууль бус акт гэж үзэж байна.

Ийм маягаар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар халж, орон тоо байхгүй өөр албан газарт ажилд томилуулах бичиг илгээх замаар дунд нь завсардуулж, тэтгэвэр тэтгэмж ч үгүй хаяж, оронд нь “...Улсын Их Хурлын тогтоол хаанаас ирдэг юм бэ?...” гэж оройн цагаар ажлаас халагдсан хүнээсээ асуухдаа тулсан хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр ажилд авч байгаа нь Монгол Улсад төр засаг, хууль дүрэм байдаг гэхэд эргэлзээ төрүүлж байна. Тэр тусмаа хууль хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй Хууль зүйн яам нь өөрөө ийм ажил хийж байгаа нь харамсалтай байна.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 тоот “Яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталж, албан хаагчдыг томилж, чөлөөлөх тухай” тушаалын “нэхэмжлэгч Ц.Э*******т” холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хуул зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэст захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалинг урьд нь авч байсан цалин болох нийгмийн даатгалаар баталгаажсан дунджаар бодсон цалин болон, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, мөн хугацаан дахь нийгмийн болон эрүүл м******* даатгалыг бөглүүлж, захиргааны ерөнхий хуулийн 105.3 дахь заалтыг хангуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус дүүргийн шүүхэд хянагдаж байгаа нэхэмжлэгч Ц.Э*******ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдох нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн яамны бүтэц шинэчлэн батлагдсан. Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталж, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Энэ тушаалын гуравдугаар хавсралтаар зарим албан хаагчдыг төрийн албаны нөөцөд байгаад тооцож ажлын байраар хангахыг Төрийн захиргааны удирдлагын газрын даргад даалгасан. Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1-4/502 тоот албан бичгээр Ц.Э*******ийг ажилд томилуулах тухай албан бичгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Э*******т хүргүүлсэн. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Э******* Ц.Э******* рүү удаа дараа ярьсан боловч, ажилд орох эсэхээ эргэж мэдэгдээгүй, сүүлдээ утсаа авахгүй, хариу өгөөгүй байна.

2. Ц.Э******* нь тус яаманд захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санг хариуцан ажилладаг байсан бөгөөд түүний хариуцдаг байсан ажлын зарим чиг үүрэг Хууль зүйн үндэсний хүрээлэн рүү шилжсэн тул бүтцийн өөрчлөлтөөр Ц.Э*******ийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасны дагуу ажлын байраар хангахаар санал болгосон” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу Хууль зүйн яам нь Хууль зүй, дотоод хэргийн яам болж, үүний дагуу тус яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ. Ийнхүү Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар яамны нийт ажилтан, албан хаагчдыг ажлаас чөлөөлж, улмаар 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар эгүүлэн ажилд нь томилжээ. 

Ингэхдээ тус яаманд Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санг хариуцсан мэргэжилтэн Ц.Э*******ийг эгүүлэн ажилд нь томилолгүй, нөөцөд бүртгэж, өөр ажлын байраар хангахаар шийдвэрлэжээ. Ийнхүү шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Ц.Э*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндлөө хэмээн үзэж шүүхээр маргаж байна.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, бодит нөхцөл байдлыг хянан үзээд “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл м******* даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-д заасан шаардлагыг хангуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Ц.Э*******ийг ажилд эгүүлэн томилоогүй шалтгаанаа дурдаж, “...Ц.Э*******ийг ажилд томилуулах албан бичгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Э*******т хүргүүлсэн. Ц.Э*******ийн хариуцдаг байсан ажлын зарим чиг үүрэг Хууль зүйн үндэсний хүрээлэн рүү шилжсэн” гэсэн байна. Хууль зүйн яамны Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн нэгдсэн сан болон хууль зүйн яамны цахим сан хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт нь Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/10 дугаар тушаалаар шинэчлэгдэн батлагдсан бөгөөд ийнхүү шинэчлэн батлагдахдаа ажлын байрны зорилго, гүйцэтгэх ажил үүргийн хувьд төдийлөн өөрчлөгдөөгүй байгааг шүүх анхаарч үзэв.

Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны А/12 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтын дагуу Ц.Э******* нь хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн нэгдсэн санг бүрдүүлэх, лавлагаа, мэдээллээр олон нийтийг хангах, Хууль зүйн яамны цахим санг хөтлөх ажил үүргийг эрхлэн гүйцэтгэж байсан бөгөөд шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтоор мөн энэ л ажил үүргийг гүйцэтгэхээр байна. Иймд хариуцагчийн тайлбарт дурдагдсанчлан ажлын байрны тодорхой чиг үүрэг Хууль зүйн үндэсний хүрээлэнд шилжсэн гэх үндэслэл үгүйсгэгдэж байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасны дагуу Төрийн нарийн бичгийн дарга Ц.Э*******ийг эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилох нь зүйтэй байжээ. 

Нэхэмжлэгч Ц.Э******* нь ажил үүргээ хангалттай гүйцэтгэж байсан болох нь 2014, 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн байдлаас тодорхой харагдаж байна. Олон жил тус ажлын байранд тогтвортой, сайн ажилласан Ц.Э*******ийг ажлаас чөлөөлж шинээр албан хаагч авч ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг зөрчиж байна. 

“...ажилгүй байсан хугацааны цалин болон улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл м******* даатгалын шимтгэлийг төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх … олговрыг олгоно” заасны дагуу нэхэмжлэгч Ц.Э*******ийн нэг сарын үндсэн болон нэмэгдэл цалинг 976,037.00 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүртэлх 4 сар 5 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 4,134,343.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, Эрүүл м******* даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3, 15 дугаар зүйлийн 1-д заасны дагуу нөхөн олговроос эрүүл м******* болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, Ц.Э*******ийн төлөгдөөгүй завсардсан хугацааны нийгмийн болон эрүүл м******* даатгалын шимтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн яам бүрэн төлөх нь зүйтэй байна. 

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

“Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-д заасан шаардлагыг хангуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-д “Албан тушаалтан хууль зөрчиж гаргасан захиргааны актаа хүчингүй болгосон тохиолдолд тухайн акт хувь хүнд чиглэсэн бол ганцаарчилсан уучлалт, харин хэд хэдэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны актыг хүчингүй болгосон тохиолдолд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэлээс аль нэгийг оногдуулахаас гадна энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тэднээс уучлалт хүснэ” гэж заасан байх бөгөөд энэхүү зохицуулалтыг гагцхүү албан тушаалтан захиргааны актаа өөрөө хүчингүй болгосон харилцаанд л хэрэглэхээр байна гэж шүүх үзэж дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э*******ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, “Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-д заасан шаардлагыг хангуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Эрүүл м******* даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3, 15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Э*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,134,343.00 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл м******* шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДОЛГОРСҮРЭН