| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2509000001045 |
| Дугаар | 2025/ДШМ/1322 |
| Огноо | 2025-11-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1322
2025 11 25 2025/ДШМ/1322
Л.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхзул,
шүүгдэгч Л.Д-, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,
нарийн бичгийн Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2076 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Д-, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Д-д холбогдох эрүүгийн 2509000001045 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д-,
Улаанбаатар хотын Сүхбаатар районы ардын шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б, мөн хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1986 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хорих ялыг 3 жил болгон өөрчилж, 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сүхбаатар дүүргийн ардын шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1 жил 7 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 155 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 267 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2 жил 3 сар 23 хоногийн хорих ялаас өвчний учир чөлөөлсөн,
Чингэлтэй дүүргийн 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдсан;
Шүүгдэгч Л.Д- нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.Л-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Оросын Холбооны улсаас малын тэжээл оруулж ирж зарна, мөнгө зээлээч” гэж 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6.500.000 төгрөгийг,
“ажил явдал гарчихлаа, ач хүүхэд осолд ороод эмнэлэгт байна, мөнгө зээлээч” гэж 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөгийг,
“2 хүүхдийг чинь Солонгос руу явуулна, виз гаргаж өгнө, тийзний мөнгө хэрэгтэй” гэж 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөгийг,
2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3.800.000 төгрөгийг,
2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 300.000 төгрөгийг,
2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 600.000 төгрөгийг,
“нөөцийн мах авна” гэж 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөгийг,
2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500.000, 250.000 төгрөгийг,
“үнэмлэх гаргаж өгнө” гэж 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500.000 төгрөгийг,
“визний мөнгө” гэж 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1.200.000 төгрөгийг,
“машин мөргөсөн” гэж 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100.000 төгрөгийг, нийт 19.050.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д-г “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах" гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-гээс 14.350.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Л-т олгож, хохирогч М.Л-ын охин Э.Я-, түүний нөхөр М.Б- нарын ажилгүй байсан хугацааны 02 сарын цалин, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр зэргийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Л.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулна. Биеийн эрүүл мэндийн хувьд маш муу элэгний хатуурал, цирроз, устаж байдаг ээнэгшилтэй, уушгины болон зүрхний архаг үрэвсэлтэй бөгөөд байнгын эмнэлгийн тусламж авдаг аргагүй байдлыг минь харгалзан үзэж 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.Д-гийн өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Л.Д- нь урьд шүүхээс 4 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3 жилийн хорих ял шийтгүүлж байсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Л.Д- нь өмнө хорих ял эдэлж суллагдсан цагаасаа хойш гэр бүлтэй болох гэж хамтран амьдрагчтай болсон, санхүүгийн асуудлаа шийдэх гэж суудлын автомашин худалдан авч такси үйлчилгээнд хувиараа явах болсон, орон байртай болох зорилго тавин ажиллаж, амьдарч байсан. Эрүүл мэндийн хувьд “элэгний ээнэгшлийн үе” оноштой, уушги зүрхний архаг үрэвсэлтэй бөгөөд эртнээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан зэргийг шүүх харгалзан үзнэ үү. Тэрээр 2024 оны 10 дугаар сараас эхлэн 11 удаагийн гүйлгээгээр нийт 19.050.000 төгрөгийг хохирогч Л-аас шилжүүлэн авсан гэм буруутай үйлдлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс хүлээн зөвшөөрдөг. Хохирлоос 4.700.000 төгрөгийг барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж заасан. Шүүгдэгч Л.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж 4.700.000 төгрөгийг барагдуулсан, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Энхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой буюу урьд ял шийтгүүлж байсантай холбоотойгоор ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулсан гэх агуулгаар давж заалдах гомдлыг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж тодорхой дурдсан. Түүнчлэн шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй нөхцөл байдлыг үнэлсэн болохоос түүнийг урьд 4 удаа ял шийтгүүлж байсантай холбоотой дүгнэлтийг хийж ял оногдуулаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Шүүгдэгчийн хувьд өөрийгөө такси үйлчилгээнд явдаг гэж тайлбарладаг. Гэмт хэргийн үйлдлийг харахад 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сүүлийн үйлдэл төгссөн. Шийтгэх тогтоол 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гарсан. Даруй 10 сарын хугацаанд нийт 19.000.000 гаруй төгрөгийн хохирлоос 4.700.000 төгрөгийг төлсөн, хохирол, төлбөр төлөх идэвхтэй үйлдэл гаргаагүй. Тиймээс хохирол, төлбөрийг төлөх боломжтой гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хэд хэдэн төрлийн сонгох санкцтай талаар тайлбарлаж байна. Гэтэл нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 дээш насны хүнд оногдуулахыг хориглосон. Шүүгдэгчийн хувьд өнөөдрийн байдлаар 60 нас, 8 сартай. Тиймээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй. Торгох ялын тухайд өнөөдрийг хүртэл хохирол, төлбөрийг төлөөгүй байгаа учраас оногдуулах боломжгүй. Зорчих эрх хязгаарлах ялын тухайд шүүгдэгчийн гэрийн хаяг нь түүний албан ёсны гэрийн хаяг биш. Нийтийн байр түрээсэлж байгаа бөгөөд энэ талаараа анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Л.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Л.Д- болон түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Л.Д- нь үргэлжилсэн үйлдлээр, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд “Орос улсаас малын тэжээл оруулж ирж зарна, мөнгө зээлээч”, “ажил явдал гарчихлаа, манай ач хүүхэд осолд ороод эмнэлэгт байна, мөнгө зээлээч”, “Хоёр хүүхдийг чинь Солонгос руу явуулна, виз гаргаж өгнө, тийзний мөнгө хэрэгтэй”, “нөөцийн мах авна”, “үнэмлэх гаргаж өгнө” гэж хохирогч М.Л-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны ***** тоот дансаар нийт 19.050.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч М.Л-ын “...би Л.Д- гэх хүнтэй 2024 оны 09 дүгээр сард найз нөхдийн хүрээллээс танилцаж байсан. ... 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Д- “би Улаан-Үдээс малын тэжээл оруулж ирэх гээд мөнгө дутаад 10.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би хүүгээсээ 3.000.000 төгрөг зээлж, өөрөөсөө 3.500.000 төгрөг гарган нийт 6.500.000 төгрөгийг шилжүүлсэн. 10 дугаар сарын 23-ны өдөр “ажил явдал гарчихлаа манай хүүхдийн хүүхэд /ач/ осолд ороод эмнэлэгт байна, мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь би 300.000 төгрөгийг шилжүүлсэн. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “гааль дээр тэжээл буугаад гаалийн татвар төлөх хэрэгтэй байна” гэхээр нь 1.000.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард “би Солонгос хүмүүстэй ажиллаж байгаа, танай 2 хүүхдийг /Я-, Б-/ гэр бүлээр нь Солонгос явуулаад өгье, 2 хүн явуулах боломж гарчихлаа” гэж хэлээд нэг хүний 1.900.000 төгрөг гээд надаас 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3.800.000 төгрөг, 11 дүгээр сарын 10-ны үед “авсан малын тэжээлээ Баянчандмань сум руу зарах гэж байна мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд нийт 4.900.000 төгрөгийг өгсөн. ...2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 19.050.000 төгрөгийг авсан. ...” /хх 47/,
гэрч Э.Я-ын “...2024 оны 11 дүгээр сарын эхээр манай ээж Л- “манай нэг найз Солонгосоос хүмүүс авч ирсэн байгаа тэр Солонгос хүмүүс нь Монголоос гэрээний бус 10 хүн авч явна, 3 сараар виз гаргаж байгаа гэсэн нөхрийнхөө бичиг баримтыг өөрийнхөө бичиг баримттай цуг авчраад өгчих” гэж хэлээд би нөхрийнхөө болон өөрийн гадаад паспорт ...нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаа аваачиж өгсөн. ...манай ээж Л-аас тэр хүн хоёр хүний гээд 3.800.000 төгрөгийг авчихсан байсан. ...” /хх 50/,
гэрч М.Б-ы “...эхнэр бид хоёр 11 дүгээр сарын 05-ны өдөр хадам ээжид гадаад паспорт, нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн лавлагаа зэргээ өгсөн. ...Хадам ээжээс 2.000.000 төгрөг авсан байсан. Дараа нь дахиад “виз нь 3 жилээр гарах боломжтой болсон нэмээд 1.200.000 төгрөг өгчих” гэж хэлээд ээжээс мөнгө авсан байсан. ...” /хх 52/,
Л.Д-гийн яллагдагчаар өгсөн “...би тухайн мөнгийг өөрийн хэрэгцээнд эм тариа болон өртэй хүмүүстээ өрөө төлсөн. ...Гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 9/ гэсэн мэдүүлгүүд, М.Л-ын Л.Д-гийн Хаан банкны ***** тоот данс руу мөнгө шилжүүлсэн баримт /хх 24-34/, Л.Д-гийн Хаан банкны ***** тоот дансны хуулга /хх 54-73/, М.Л- Л.Д- нарын харилцсан зурвасууд /хх 35-40/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Л.Д-г хохирогч М.Л-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 19.050.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Л.Д- болон түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нар “гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм.
Шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзана.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Л.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жилийн хорих ял болгон багасгах боломжтой гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Л.Д- болон түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын “хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Л.Д- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 84 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2076 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...шүүгдэгч Л.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 84 /наян дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН