Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 312/ШШ2025/02159

 

 

 

 

2025     10         30                                             312/ШШ2025/02159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:**************, утас:***************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, ******** хотхон ********** байр ********* тоотод оршин суух, ****** овогт ******* ******* /РД:*********, утас:************/,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, ********* хотхон ******** байр ********* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:***********, утас:**********/ нарт холбогдох,

 

“2023 оны 07 сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 101,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х., Р., хариуцагч Г.*******, Э.*******, хариуцагч Э.*******ын  өмгөөлөгч Н.*******, Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие С.******* нь өөрийн хүү Г.*******ыг өрх тусгаарлаж, өөрийн гэсэн орон байртай болох хүсэлтийг хүлээн авч, 101,000,000 төгрөг бэлэглэсэн. Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2а хороолол, Эрх чөлөөний өргөн чөлөө гудамж 10-5 байр 705 тоот орон сууцыг авахад нь эхлээд 10,000,000 төгрөгийг 2023.06.19-ний өдөр тэтгэврийн зээл авч өгсөн. Дараа нь өөрийн орон сууцаа зарж 80,000,000 төгрөгийг 2023.07.18-ны өдөр хүү Г.*******ы данс руу хийсэн. Ингээд хүү Г.*******, Э.******* нар 2023.08.23-ны өдөр орон сууцтай болсон. Үүнээс өмнө хүү Г.*******ыг гэрлээгүй байхаас эхлэн орон байртай болгох санаатай Уурхайчин 2 хороололд 11,000,000 төгрөгийн урьдчилгааг мөн өгч байсан, байр баригдаагүй учраас мөнгийг буцаан Г.*******д хожим өгөхөд Г.*******, Э.******* нар автомашин авсан. Г.*******, Э.******* нар гэр бүлийн баталгаатай, амьдрал тогтвортой, үр хүүхдүүд нь элэг бүтэн сайхан амьдраг гэж өөрийн орон байраа зарж, өөрийн орон гэргүй болж, тэдэнд орон сууц бий болоход нь хувь нэмэр болж, мөнгийг бэлэглэсэн байтал, Э.******* нь өдөр шөнөгүй шахуу намайг дарамталж, элдвээр хараан зүхэж, үхээч гэж хэлж, сүүлдээ нойргүйдэж, сэтгэл санаа тогтворгүй болж, ялихгүй зүйлээс хүртэл цочирдож, айдаг, байнгын зүрх өвдөж салгалдаг, байнга уйлж хямарсаар байгаад сүүлдээ сэтгэцийн эмгэгтэй болсон байна гэх оноштойгоор эмнэлэгт хэвтээд гарлаа. Учир нь Э.******* нь байнга хүүхдийг чинь шоронд хатаана, амьдралыг нь там болгоно гэж хэлэхээс гадна байнга доромжилж элдэвлэх болсон ба хүүг маань цагдаад өгчихдөг. Шалтгаан нь хүү Г.******* нь сайхан амьдруулахгүй, чөлөөтэй байлгахгүй, найз нөхөдтэй дураараа явах боломжгүй байлгаж байна, найз нөхөдтэйгээ шоудаад ирэхээр хэрүүл болгоод байна, хэрүүл хийхээр намайг зодож байна, хутга барьсан, надад гар хүрсэн, цагдаад өгч арга хэмжээ авхуулна гэх болсон. Олон удаа цагдаад дуудлага өгч бариулсан, тэр болгон нь худлаа байдаг. Тэдний бие биенээ чадах гэсэн янз бүрийн арга нь намайг огт тайван байлгахгүй болсон. Байнгын гөлгийг чинь цагдаад өгсөн, очиж авна биз, гэрээс хүүг чинь хөөгөөд явуулчихлаа ирж авна биз, ирж авахгүй бол цагдаад өглөө, шоронд явуулж байж санаа амарна, гөлгөөс чинь сална гэх зэргээр хэлдэг. Элдвээр намайг хэлэхдээ бузар авгай, балай авгай, чи ийм болохоор хүүхэд чинь ийм эргүү гөлөг, тэнэг мангар байгаа юм гэх зэргээр харааж зүхэхдээ шөнө дунд, өглөө үүрээр дуртай цагтаа утсаар залгаж, мессэж бичдэг. Шөнөөр утасдаад одоо хүүхдийг чинь шоронд явуулж байна гэх зэргээр орилж чарлаж, ярих тохиолдол байнга байх бөгөөд орой болгон шахуу мессеж бичиж дарамталдаг. Арга бараад хүүхэдтэйгээ ярихаар эхнэр шоудаад хоногоор шөнө дундуур, өглөөгүүр орж ирэх юм, хүүхдүүдийг эзэнгүй орхисон байх юм тэгээд хэлэхээр шууд цагдаад дуудаж өгөөд зодсон гээд гүтгэчих юм, би ингэж амьдарч чадахгүй, хадам ээж энэ бүгдийг мэдэж байгаа, хадам ээж охиндоо шаардлага тавихаар бид хоёрыг хоёуланг нь цагдаад өгчих юм арга бараад байна. Машин согтуу жолоодоод, эрэгтэй залуучуудтай наргиад явчих юм, боль гэхээр нөгөө залуучуудаараа хүртэл дарамтлуулах юм, тухайн залуучууд нь чи зайлчихвал би эхнэрийг чинь хайрлаад амьдарна гэх зэргээр элдвээр хэлж дарамтлаад байна гэдэг. Энэ байдлыг удаан хугацаанд би тэвчих боломжгүй миний эрүүл мэндэд асар их сөргөөр нөлөөлж, сүүлдээ эмнэлгийн тусламж авахад хүрч, байнгын нойрны эм хэрэглэдэг болсонд маш их гомдож байх тул хүү Г.*******тай байгуулсан 2023.07.20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, байранд зориулж өгсөн, нийт 101,000,000 төгрөгийг хүү Г.*******, Э.******* нараас гаргуулах хүсэлтэй байна...” гэжээ.

 

1.1. Нэхэмжлэгч С.******* шүүхэд шүүх хуралдаанд: “... хариуцагч Г.*******, Э.******* хоёрыг айл гэр болоход нь сайхан амьдраарай гээд 101,000,000 төгрөг өгсөн. Гэвч сүүлийн үед байнга гэр бүлийн хэрүүл маргаан үүсгэж, нэгнийгээ цагдаад өгөх болсон. Г.*******ыг Э.*******тай суухаас өмнө Уурхайчин хороололд захиалга өгсөн боловч тухайн байр баригдаагүй буцаан олголт орж ирсэн. Буцаан олголтын 19,000,000 төгрөгийг хариуцагч Э.*******, Г.******* нар машин авахдаа зарцуулсан. Э.*******, Г.******* нар намайг маш их гомдоож байна. Сүүлдээ намайг нийлж цохиж, зодож байгаа. Шөнийн 3 цагт хүүхдээ хүлээж аваарай гээд л залгадаг. Г.******* 2024 оны 04 дүгээр сараас эхлэн гэртээ амьдраагүй, гадуур дотуур тэнээд байгаа. Сүүлийн үед дандаа мөнгө нэхэж залгаж байгаа бөгөөд энэ асуудлаас болоод миний хувьд амар тайван байж чадахгүй байна. Сэтгэцийн эмнэлэгт хэвтээд эрүүл мэнд минь дээрдэж байсан ч буцаад л хэцүү байдалтай, нойрны асуудалтай болсон. Эмч биеийн байдал чинь хүндэрлээ эмнэлэгт хэвт гэсэн боловч шүүх хурлын дараа болъё гэж бодоод эм уугаад явж байна. Хүүхдүүдийг нь хараад сууж байх хооронд Э.******* миний машиныг үзүүртэй зүйлээр зурсан байсан. Камерын бичлэгт Э.******* харагдаж байгаа. Цагдаагаас залгаад Э.*******ыг яллагдагчаар татах гэж байна гэхэд Г.******* яагаад цагдаагаар яваад байгаа юм, гомдолгүй гэж хэл гээд намайг дарамталсан. Э.*******, Г.******* хоёр 7 хоногийн баривчилгаанд явсан. Үүний дараагаар Э.*******ын ээж залгаад Э.******* танаас гуйгаад өгөөч гээд байна. Тухайн үед нь гомдолгүй гэж хэлээд, машинаа дахин үнэлүүлж үнэлгээг нь багасгуулж, засуулсан. 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зүрхний эмч над руу залгаад оочиртой аппаратад 2 цагийн оочир авчихлаа. Та маргааш очоод үзүүлчхээд ир гэж хэлсэн. Хот руу явах гэсэн чинь хамт явах хүн олдохгүй. Г.*******ыг ажлаасаа бууж ирэхийг нь хүлээсээр байгаад 11 цаг болчихсон. 2 цагаас өмнө яагаад ч хотод очиж амжихгүй болчхоод байж байтал Г.******* надад ээж Э.*******ыг аваад 2 хүүхэдтэйгээ хот явчихаад ирье. Хотод сайн үздэг лам байдаг гэнэ. Үзүүлж харуулбал ааш зан нь засарчих байх гэхээр нь хамт явсан. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ламд үзүүлчхээд Эрдэнэт рүү буцах гээд уулын замаар явж байхад Э.******* цагдаа дуудъя гээд орилоод байсан. Г.******* бид хоёр ганц ч үг дуугарах эрхгүй Э.*******ын эрхшээлд орчихсон явж байсан. Утсаа гаргаад янз бүрийн юм яриад бичлэг хийгээд байсан. Яагаад байгааг нь би сайн ойлгоогүй. Г.******* маргааш өглөө нь ажилтай байсан тул чимээгүй аргадаад л явсан. 61-ийн гарам дээр ирсэн чинь цагдаа дууд, цагдаа дууд гээд замд яваа машиныг зогсоох гээд машины урдуур гүйж ороод байсан. Лайв хийгээд байхаар нь Г.******* утсыг нь булааж авсан чинь нүүр нүдгүй өшиглөөд утас өг, намайг зодсон гээд орилоод байсан. Миний толгой руу алгадаад, хүн дуудах гэсэн чинь миний гарыг хазсан. Нотлох баримтуудаа хавсарган өгсөн. Намайг балай авгай чи үхээч, үхэх гэж байгаа гэсэн биз дээ, гэртээ хэвтэж байгаад үхээч гэж орилоод байсан. Сүүлийн үед Г.******* надад маш муухай ааш гаргадаг болсон. Ээжийгээ гэж бодохгүй, хүний хүн шиг зан гаргаж байгаа. Өнөр хорооллын байранд байхад Э.*******, Г.******* хоёр надтай хамт амьдардаг байсан. Том хүүгийн хүүхдийг гэртээ авч ирье гэхээр Э.*******аас зөвшөөрөл авах шаардлагатай болдог байсан. Наад хүүхдээ жижиг өрөөнөөс гаргаж болохгүй шүү гэж дарамталдаг байсан. Г.******* ойрын үед байнга мөнгө нэхэж залгадаг болсон. Хоол хийх гээд буцалж буй халуун шөлийг Э.******* аваад л цацаж байсан. Ийм л айдас дунд амьдардаг байсан. Миний хувьд түрээсийн байранд амьдарч байгаа тул өгсөн мөнгөө буцаан авч, орох оронтой болъё гэж бодож байна. Машинд нь оруулсан 11,000,000 төгрөг, байр авахад нь оруулсан 90,000,000 төгрөг нийт 101,000,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Г.******* нь намайг гомдоосон, надтай муухай харьцдаг болсон, байнга мөнгө нэхдэг, эхнэртэйгээ таарамжгүй байдаг...” гэв.

 

2. Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Э.******* миний бие хадам ээж С.*******гийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Хадам ээж нөхөр бид хоёрыг гэр бүл болоод амьдрал эхлэхэд тус дэм болоод өөрийн байр орон сууцаа зарж хүүдээ мөнгө бэлэглэсэн нь үнэн. Тухайн үед хадам ээж өөрөө энэ шийдвэрээ гаргаж хүүдээ бэлэглэсэн. Үүний дараа ******* бид хоёр тусдаа гараад амьдарч байх хугацаанд хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж маргаж муудсан зүйлүүд болсон. Гэсэн хэдий ч бид бага насны хоёр хүүхэдтэй учир үр хүүхдээ бодоод ч тэр хоорондоо харилцан ярилцаж эвлэрэх талаар ярилцаж байгаа. Нөхөр ******* “би амьдралаа өөрөө мэднэ, намайг дагаад яваач" гэж надад хэлсэн тул би одоогоор гэр бүлээ элэг бүтэн авч үлдэе гэж бодож байгаа. Хадам ээж бид нарын хувьд үл ойлголцол үүсэн хэдий ч миний зүгээс байнга дарамтлах, заналхийлэх үйлдэл гаргаж байгаагүй. Гэтэл нэхэмжлэл дээр намайг өдөр шөнөгүй дарамталж, элдвээр хараан зүхэж, үхээч гэж хэлдэг гэж бичсэн байна, би сүүлд хадам ээжтэйгээ 2024 оны 08 сард л таарсан. Тэрнээс хойш уулзаагүй, холбоогүй байгаа бөгөөд дарамталж заналхийлсэн үйлдэл гаргаагүй. Хэрвээ намайг харааж зүхэж байнга дарамталдаг гэж байгаа бол Мобиком болон холбогдох газраас нь лавлагаа гаргаж шалгуулж болно, би татгалзах зүйлгүй. Мөн ******* руу шилжүүлсэн энэ 100 гаруй сая төгрөгийн талаар би сайн мэдэхгүй байна, яагаад гэвэл би тухайн үед бага хүүхдээ олоод эхэс ховхрох гээд цус алдаад байсан тул эмнэлэгт хүүхэд тоггоолгох эмчилгээ хийлгээд cap гаруй хугацаанд хэвтэн эмчлүүлж байсан. Тэр үед ******* өөрөө банкны асуудлыг хөөцөлдөж байсан. ******* надад хэлэхдээ 100 гаруй сая төгрөг биш, 74,000,000 төгрөгийг ээжээс авсан гэж хэлсэн. Хэрвээ тийм их хэмжээний мөнгө авсан бол нарийн ширийн асуудлыг би мэдэхгүй байна, надад энэ талаар ярьж хэлээгүй, өөрсдөө л хоорондоо өгөлцөж авалцаад байсан. Ийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

 

2.2. Хариуцагч Э.******* шүүх хуралдаанд: “…Хадам ээж С.******* нь 101,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Бэлэглэлийн гэрээгээр 101,000,000 төгрөг биш 74,000,000 төгрөг өгсөн байсан. Хадам ээжийн Г.*******д өгсөн 80,000,000 төгрөгөөс Гранд гарден 10-5-705 тоот тухайн байрыг авахад 59,600,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр өгсөн. Хадам ээжийн яриад байгаа 80,000,000 төгрөгөөс Г.******* 13,000,000 төгрөгөөр нь цалингийн зээлээ хаасан. Ямар учиртай цалингийн зээл вэ? гэвэл 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хадам ээж С.*******д Сувд хотхонд байрны урьдчилгаа төлбөр хийж өгсөн. Үүнээс харахад Г.*******аас авсан мөнгөө буцааж өгч байгаа хэр нь нэхэмжлэлийн шаардлагадаа дахин энэ мөнгийг нэмж оруулж ирж байгаа нь үндэслэлгүй байна. Г.******* бид хоёрын хувьд айл гэр болоод 5 жил болж байна. Бид хоёрын хооронд муудаж сайндах асуудал зөндөө байдаг. Бэлэглэлийн гэрээтэй холбоотойгоор хадам ээж С.*******г гомдоосон үйлдэл огт гаргаагүй гэж үзэж байна. Сэтгэл хөдлөлийн хувьд гомдоосон гэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болно гэж бодохгүй байна. Хэрэгт авагдсан Цагдаагийн газраас нотлох баримтаар гаргуулан авсан зөрчлийн хэргийн материалууд нь зөвхөн бид хоёрын гэр бүлийн хоорондын харилцаа. Бид хоёрт таагүй зүйл байсан ч сайн сайхан зүйлс бас байсан. Бэлэглэлийн гэрээг хүчинтэй хэвээр нь үлдээж нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Хадам ээжийн ярьж байгаагаар бидний маргаан 2 жилийн өмнөөс эхлэлтэй гэж ярьж байна. Угтаа энэ маргаан 2024 оны 08 дугаар сараас эхэлсэн бөгөөд Г.******* гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Хадам ээжийг том хүү болон том бэр хоёр нь гомдоосон. Таныг хэн халамжилдаг байсан юм бэ? Г.******* бид хоёр л халамжилдаг байсан. Хадам ээж 2 жилийн өмнөөс сэтгэл зүй нь тогтворгүй болсон байдлаа зөвхөн бид хоёртой хамааралтай мэтээр тайлбарлаж байна. Бидний энэ хэрүүл маргаан Г.*******ы архи дарс уудаг, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг байсан асуудлаас үүдэлтэй. Улаанбаатар хот руу ээжийг эмчлүүлэх гээд явсан тухайн үед хүүхэд маань зулбаад 2,3 хонож байсан. Доошоо цус алдаад, чихээр хатгаад машин барих ямар ч боломж байгаагүй тул буцах замдаа Г.*******ыг машин бариад өгөөч гэхэд барьж өгөөгүй. Урд суудалд суучихсан хүүхдээ ч авахгүй, хадам ээж хоёр хүүхдийг тэврээд сууж байсан. Яармагийн зам руу орох гэж байгаад түгжрэлтэй зам руу орчихсон чинь Г.******* намайг ямар арчаагүй юм бэ? машинаа ч барьж чадахгүй гэж хэлсэн. Миний чих шуугиад, доошоо цус гараад машинаа бариад явж байхад намайг дарамтлаад байсан тул чи өөрөө машинаа барь, би нэг хүүхдээ аваад ээжийг амраая гээд Төв аймгийн зам руу зогссон чинь машинаа барихгүй байсан. Машин барьж явсан надад бичлэг хийх, лайв хийх боломж байгаагүй. Машинаа барь гээд зогссон чинь машинаа барьсангүй, өөдөөс олон юм ярилаа гээд замын хажуугийн жалга руу намайг чирч оруулсан. Хадам ээж тухайн үед хараад зогсож байсан хэр нь Г.*******ыг болиулаагүй. Хоёулаа нийлээд над руу дайраад байсан, намайг яаж зоддогийг хадам ээж маш сайн харсан. Бичлэг гаргаж өгөхдөө миний орилж байсан хэсгийг л таслаад өгчихсөн байсан. Намайг ингэж их гомдоож байхад нь салах байсан бол аль хэдийн салах өргөдлөө өгөөд салчих байсан. Г.*******д нэг сайн чанар байдаг нь надад хайргүй ч 2 охиноо хайрладаг. Би ч гэсэн 2 охиноо хайрладаг тул хүүхдүүдийнхээ төлөө энэ бүх зүйлийг тэвчиж байгаа тул салах бодолгүй байгаа. 2 охиноо бодоод эргээд нийлэхийг маш их хүсэж байгаа. Өчигдөр ажилтай байсан өнөөдөр өглөө бууж ирсэн. Найзындаа амьдарч байгаа гэдэг нь худлаа. Бид хоёр нэг гэрт хамт амьдарч байгаа. Өнөр хотхонд хамт амьдарч байхдаа дарамталсан гэж яриад байна. Тийм зүйл байхгүй, бид маш эвтэй найртай амьдардаг байсан. Тийм учраас би хүүхдэд нь гомдоод харьцахгүй байхад 2024 оны 10 дугаар сард над руу би та гурвыг санаад байна, хүрээд ирээч, эсвэл би очъё гэж байсан. Нэхэмжлэлдээ үхээч гэж дарамталдаг, өдөр шөнөгүй хараадаг мэтээр бичсэн байсан боловч бүгд худлаа. Үхээч гэж харааж байсан бол бүх зүйлийг бичлэг хийж баримтжуулдаг хүмүүс аль хэдийн бичлэг хийгээд баримтжуулах байсан байх. Өнөөдөр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг хэлэлцэж байгаа. Нэхэмжлэлийг нь уншихаар зөвхөн надад гомдсон мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Г.******* ээжийгээ яаж гомдоосон юм гэдэг нь тодорхойгүй байна. Г.*******ы хувьд ээжийгээ гомдоох нь битгий хэл ээждээ маш их хайртай. Харин ч чи ээжийг минь гомдоовол би чамайг ална шүү гэж хэлдэг. Ийм хүн ээжийгээ яг яаж гомдоосон нь ойлгомжгүй байна...” гэв.

 

3. Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд: “...Миний бие эхнэр болох Э.*******тай 2022 оноос гэр бүл болон амьдарч, 2 хүүхдийн ээж аав болсон. Анхны хүүхдээ төрсөн цагаас эхлэн бид гурав манай ээжийн гэрт амьдарч эхэлсэн ба 2024 оны 08 сараас 2а хороолол Grand garden хотхонд 53м.кв байр худалдан авч тусдаа гаран амьдарсан. Энэхүү байрыг худалдан авахад ээжийн Өнөр хотхоны байрыг зарж бэлэглэлийн гэрээний дагуу урьдчилгаа төлбөр өгсөн. Эхнэр Э.******* болон миний хооронд хэрүүл маргаан байнга болж энэ бүхэндээ ээжийгээ дуудан оролцуулж цагдаа, шүүх болж их гомдоосондоо харамсаж байна. Тиймээс энэхүү гаргасан нэхэмжлэлийн дагуу байр, машинд оруулсан мөнгийг тухайн эд хөрөнгүүдээ худалдан борлуулж буцаан өгөхийг зөвшөөрч байна... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад хүлээн зөвшөөрч байгаа вэ? гэвэл ээжийн ярьж байгаа бүх зүйл үнэн. Шүүх танхимд ээжийгээ уйлуулаад сууж байгаадаа гэмшиж байна...” гэжээ.  

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0333 дугаартай бэлэглэлийн гэрээ, Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 202247220179 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, дансны хуулга, 001149368 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1634 дугаартай С.*******, Н.Энхсайхан нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай “Прогресс цамхаг” ХХК, Г.******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ЭТ-327 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ, С.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, С.*******гийн Хаан бакны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, сди бичлэг, Оюут багийн хамтарсан багийн илтгэх хуудсууд, ярилцлагын тэмдэглэлүүд, нэхэмжлэгчийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалалын газарт гаргасан өргөдөл, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, фото зураг,  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тодорхойлолт, эмийн жорууд  зэрэг баримтуудыг,

Хариуцагч Э.*******аас Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тодорхойлолт, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, чатны хуулбар, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ЗШ/1583 дугаартай шийтгэвэр, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/1625 дугаартай шийтгэвэр, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, амбультороор эмчлүүлэгсдын картын хуулбар, сэтгэцийн эмчийн үзлэг, эмийн жор, фото зураг, 2025 оны 09 сарын 15-ны өдрийн шийтгэлийн хуудас, 2024 оны 08 сарын 05-ны өдрийн шийтгэлийн хуудас, 2024 оны 07 сарын 31-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 08 сарын 05-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 08 сарын 05-ны өдрийн зөрчлийн холбогдогчоос мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 08 сарын 07-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 09 сарын 18-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 09 сарын 16-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 09 сарын 19-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Сди бичлэг, гар утаснаас татсан мессэжүүд, зээлийн дансны хуулга, түргэн тусламжийн дуудлагын хуудас, Э.*******ын дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагч Г.*******аас Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, сди зэрэг нотлох баримтуудыг  тус тус гаргаж өгсөн.

Шүүх зохигчын хүсэлтээр Г.*******ы Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн С.*******гийн өвчний түүх, Орхон аймгийн Прокурорын газрын 2024 оны 12 сарын 23-ны өдрийн прокурорын тогтоол, Орхон аймгийн Цагдаагийн газрын Э.*******, Г.******* нарын цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл, Г.*******ы 99366597 утасны дугаараар ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас, С.*******гийн авто машиныг гэмтээсэн талаар гаргасан гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол, Орхон аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Б.******* Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга, Орхон аймгийн Цагдаагийн газраас дуудлагын лавлагааны хуудас, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, фэйсбүүк чатанд үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас ирүүлсэн баримтууд 1хх240-250х, 2хх1-30х, Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн баримтууд 2хх42-73х, тээврийн хэрэгслийн лавлагаа, автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Э.*******, Г.******* нарт холбогдуулан “2023 оны 07 сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 101,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 07 сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох гэж өөрчилсөн.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... өөрийн хүү Г.*******ыг өрх тусгаарлаж, өөрийн гэсэн орон байртай болох хүсэлтийг нь хүлээн авч, 101,000,000 төгрөг бэлэглэсэн. Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2а хороолол, Эрх чөлөөний өргөн чөлөө гудамж 10-5 байр 705 тоот орон сууцыг авахад нь эхлээд 10,000,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар 19-ний өдөр тэтгэврийн зээл авч өгсөн, дараа нь өөрийн орон сууцаа зарж 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүү Г.*******ы данс руу 80,000,000 төгрөгийг хийсэн. Ингээд хүү Г.*******, Э.******* нар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр орон сууцтай болсон. Мөн үүнээс өмнө хүү Г.*******ыг гэрлээгүй байхаас эхлэн орон байртай болгох санаатай Уурхайчин 2 хороололд 11,000,000 төгрөгийн урьдчилгааг өгч байсан, байр баригдаагүй учраас мөнгийг буцаан Г.*******д хожим өгөхөд Г.*******, Э.******* нар автомашин авсан. Г.*******, Э.******* нар гэр бүлийн баталгаатай, амьдрал нь тогтвортой, үр хүүхдүүд нь элэг бүтэн сайхан амьдраг гэж өөрийн орон байраа зарж, тэдэнд орон сууцтай болоход нь хувь нэмэр болж, мөнгийг бэлэглэсэн байтал, Э.******* нь өдөр шөнөгүй шахуу намайг дарамталж, элдвээр хараан зүхэж, үхээч гэж хэлж, сүүлдээ нойргүйдэж, сэтгэл санаа тогтворгүй болж, ялихгүй зүйлээс хүртэл цочирдож, айдаг, байнгын зүрх өвдөж салгалдаг, гарыг минь хазсан... . Г.******* нь намайг гомдоосон, надтай муухай харьцдаг болсон, байнга мөнгө нэхдэг, эхнэртэйгээ таарамжгүй байдаг...” гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч “...эхнэр Э.******* болон миний хооронд хэрүүл маргаан байнга болж энэ бүхэндээ ээжийгээ дуудан оролцуулж цагдаа, шүүх болж их гомдоосондоо харамсаж байна. Тиймээс энэхүү гаргасан нэхэмжлэлийн дагуу байр, машинд оруулсан мөнгийг тухайн эд хөрөнгүүдээ худалдан борлуулж буцаан өгөхийг зөвшөөрч байна. Ээжийн хэлсэн бүгд үнэн...” гэсэн тайлбарыг гаргасан.

 

4. Хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Бэлэглэлийн гэрээгээр 101,000,000 төгрөг биш 74,000,000 төгрөг өгсөн байсан. Хадам ээжийн Г.*******д өгсөн 80,000,000 төгрөгөөс Гранд гарден 10-5-705 тоот тухайн байрыг авахад 59,600,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр өгсөн. Хадам ээжийн яриад байгаа 80,000,000 төгрөгөөс Г.******* 13,000,000 төгрөгөөр нь цалингийн зээлээ хаасан. Уг цалингийн зээл нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хадам ээж С.*******д Сувд хотхонд байрны урьдчилгаа төлбөрт хийхэд зээлсэн зээл.  Г.*******аас авсан мөнгөө буцааж өгч байгаа хэр нь нэхэмжлэлийн шаардлагадаа дахин энэ мөнгийг нэмж оруулж ирж байгаа нь үндэслэлгүй байна. Г.******* бид хоёрын хувьд айл гэр болоод 5 жил болж байна. Бид хоёрын хооронд муудаж сайндах асуудал зөндөө байдаг. Бэлэглэлийн гэрээтэй холбоотойгоор хадам ээж С.*******г гомдоосон үйлдэл огт гаргаагүй. Би хазаж цохьсон зүйл байхгүй. Хадам ээжийг том хүү болон том бэр хоёр нь гомдоосон. Хадам ээж 2 жилийн өмнөөс сэтгэл зүй нь тогтворгүй болсон байдлаа зөвхөн бид хоёртой хамааралтай мэтээр тайлбарлаж байна. Бидний энэ хэрүүл маргаан Г.*******ы архи дарс уудаг, 2024 оны 08 сард гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн асуудлаас үүдэлтэй...” гэсэн тайлбарыг гаргаж маргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

6. Хариуцагч Г.*******, Э.******* нар нь 2022 онд танилцаж, 2022 оны 08 сарын 22-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж хамт амьдарсан, тэдний дундаас 2022 оны 09 сарын 16-ны өдөр охин Б.Энхлэн, 2024 оны 02 сарын 16-ны өдөр охин Энгүүн нар төрсөн, 2024 оны 08 сараас таарамжгүй байдал бий болж, байнгын хэрүүл маргаантай болсон болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, цагдаагийн дуудлага лавлагааны хуудас, зөрчлийн хэрэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

7. Нэхэмжлэгч С.Сумьяасүрэн нь хүү Г.*******г өрх тусгаарлаж, банкны зээлд хамрагдаж орон сууцтай болгох зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банкнаас 10,271,000 төгрөгийн тэтгэвэрийн зээл авч орон сууцны урьдчилгаа төлбөрт 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч тухайн орон сууц баригдаагүй учраас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с 2023 оны 11 сарын 16-ны өдөр 19,972,349 төгрөгийг Г.*******д буцааж өгсөн, /1хх7-10х, 203х/

мөн өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 13 дугаар баг Баянцагаан Өнөр-Эрдэнэт 104 дүгээр байрны 38 тоот 47.7 м.кв орон сууцыг 103,000,000 төгрөгөөр худалдаж, 2023 оны 07 сарын 18-ны өдөр 80,000,000 төгрөгийг, 2023 оны 06 сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг буюу нийт 101,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /1хх11-12, 14, 18, 25х, 58/

 

7.1. Хариуцагч Г.******* нь Прогресс цамхаг групп ХХК-тай 2023 оны 06 сарын 19-ний өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2А хороолол Гранд Гарден хотхоны 5 дугаар блок 7 давхар 705 тоот 53 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 169,600,000 төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр Г.*******, Э.******* нар бүртгэгдэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. /1хх-13, 15-18х/

 

7.2. Дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад нэхэмжлэгч С.*******гээс 2023 оны 06 сарын 19-ний өдөр урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг, 2023 оны 07 сарын 18-ны өдөр 80,000,000 төгрөг шилжүүлснээс 2023 оны 07 сарын 18-ны өдөр 59,600,000 төгрөгийг, 2023 оны 07 сарын 25-ны өдөр 4,500,000 төгрөгийг, Г.*******аас 500,000 төгрөгийг, үлдэгдэл 95,000,000 төгрөгийг Г.******* нь 2023 оны 09 сарын 07-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас жилийн 6% хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, зээлж төлбөрийг тус тус төлсөн байна. /1хх15-18, 58-64х, 2хх50-54х/

 

8. Нэхэмжлэгч С.******* нь 2023 оны 06 сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг Прогресс цамхаг групп ХХК-нд урьчилгаанд өгч, 2023 оны 07 сарын 18-ны өдөр 80,000,000 төгрөгийг хүү Г.*******д шилжүүлж өгсний дараа Г.*******тай 2023 оны 07 сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээг байгуулжээ. /1хх5х/

 

8.1. Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Г.******* нарын хооронд байгуулсан 2023 оны 07 сарын 18-ны өдрийн 0333 бүртгэлийн дугаартай бэлэглэлийн гэрээнд ...бэлэглэх болсон үндэслэл: С.******* нь өөрийн сайн дурын хүсэлтээр, өөрийн төрсөн хүү Г.*******г өрх тусгаарлаж, банкны зээлд хамрагдаж орон сууц худалдан авахад нь буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж банкны орон сууцны зээлийн болон орон сууцны урьдчилгаа бүрдүүлэхэд нь зориулж гэж, гэрээний зүйл: 74,000,000 төгрөг гэж, гэрээний 4.2-т ...бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн эсхүл бэлэглэгч, түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэгч гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй гэж, гэрээний 4.3-т бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэг хүлээн авагч тал гэрээний зүйлийг бэлэглэгчид эсхүл түүний өвлөгчид буцаан олгох үүрэгтэй гэж, мөн гэрээний 4.4-т бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэгч гэрээг хүчингүй болгохыг шаардах эрхгүй... гэжээ.

 

8.2. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хариуцагч Г.*******ы Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэрэг баримтуудаас үзэхэд Г.******* нь 2023 оны 05 сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгний зээл авч, 2023 оны 05 сарын 03-ны өдөр 19,754,100 төгрөгийг ээж болох нэхэмжлэгч С.*******д байр захиалахад нь урьдчилгаа болгож Андуудын мөрөөдөл констракшн ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд С.*******гээс шилжүүлсэн 80,000,000 төгрөгнөөс 13,000,000 төгрөгийг зээлийн төлөлт хийсэн ба байрны төлбөрт 2023 оны 07 сарын 18-ны өдөр 59,600,000 төгрөг, 2023 оны 07 сарын 25-ны өдөр 4,500,000 төгрөг нийт 64,100,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд талууд уг 64,100,000 төгрөг дээр 2023 оны 06 сарын 19-ний өдөр Прогресс цамхаг групп ХХК-нд байрны урьчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг нэмж нийт 74,000,000 төгрөгөд бэлэглэлийн гэрээг байгуулсан байна гэж үзэхээр байна.

 

9. Талууд дээрх гэрээний дагуу бэлэглэлийн гэрээний зүйл буюу 74,000,000 төгрөгийг бэлэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлсэн байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ”, 276.2-т “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

10. Хариуцагч Г.*******, Э.******* нар нь бэлэглэлийн гэрээний зүйл болох 74,000,000 төгрөгийг байрны урьдчилгаанд төлж, Э.*******аас 500,000 төгрөг гарч үлдэгдэл 95,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулан зээлийн хөрөнгөөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2А хороолол Гранд Гарден хотхоны 5 дугаар блок 7 давхар 705 тоот 53 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авч, уг орон сууцны өмчлөгч нар болсон, нэхэмжлэгч С.Сумьяасүрэн нь хүү Г.*******г өрх тусгаарлаж, банкны зээлд хамрагдаж орон сууцтай болгох зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээ биелэгдсэн байна.

 

11. Хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбараар 2024 оны 08 сараас хариуцагч Г.*******, Э.******* нарын хооронд таарамжгүй харилцаа бий болж, байнгын хэрүүл маргаантай байх болсон, тэд хэрүүл маргаан хийхээрээ бие биенийгээ цагдаагийн байгууллагад мэдээлэх, зөрчлийн хэргээр арга хэмжээ авахуулах, гэр бүлийнхнийгээ уг маргаандаа оролцуулдаг болсон байх бөгөөд С.******* нь шүүхэд 2024 оны 12 сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байх ба энэ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэж заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахыг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

12.  Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн,  бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан нөхцөлд, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй гэж заажээ.

 

13. Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Г.*******, Э.******* хоёрыг айл гэр болоход нь сайхан амьдраарай гээд 101,000,000 төгрөг өгсөн. Гэвч сүүлийн үед байнга гэр бүлийн хэрүүл маргаан үүсгэж, нэгнийгээ цагдаад өгөх болсон... Э.******* нь өдөр шөнөгүй шахуу намайг дарамталж, элдвээр хараан зүхэж,  сүүлдээ нойргүйдэж, сэтгэл санаа тогтворгүй болж, ялихгүй зүйлээс хүртэл цочирдож, айдаг, байнгын зүрх өвдөж салгалдаг болсон, гарыг минь хазсан, Г.******* нь намайг гомдоосон, надтай муухай харьцдаг болсон, байнга мөнгө нэхдэг, эхнэртэйгээ таарамжгүй байдаг” гэж тайлбарласан.

 

13.1. Хуульд заасны дагуу бэлэглэгчийг гомдооно гэдэг нь агуулгын хувьд тухайн этгээдийн нэр төр, алдар хүнд, нийгэмд болон гэр бүлийн хүрээнд эзлэх байр суурьт сөргөөр нөлөөлөхөөр үйлдэл гаргасан байхыг ойлгоно. Улмаар ноцтой гэдэгт дээрх гомдоосон гэх үйлдэл нь бэлэглэгчид болон түүний ойр дотны хүнд сэтгэл зүйн хувьд хүчтэй нөлөөлөхөөр байх юм.

13.2. Нэхэмжлэгч С.******* нь бэлэглэлийн гэрээг хариуцагч Э.*******тай байгуулаагүй, хариуцагч Г.*******тай байгуулсан, дээрх мөнгөнүүдийг Г.*******д өгч байсан бөгөөд талууд төрсөн эх, хүүгийн холбоотой гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байх ба хариуцагч буюу бэлэг хүлээн авагч Г.******* нь нэхэмжлэгч С.*******г буюу бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагч нарын байнгын хэрүүлтэй таарамжгүй харилцаатай байгаа үйлдэлд нэхэмжлэгч гомдсоныг үгүйсгэхгүй хэдий ч Г.******* нь бэлэглэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн ноцтой үйлдэл хийсэн гэж үзэхээргүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

14. Иймд нэхэмжлэгч С.*******гийн хариуцагч Э.*******, Г.******* нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, 101,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 662,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1-т зааснаар шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.*******гийн хариуцагч Э.*******, Г.******* нарт холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, 101,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 662,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.НАРМАНДАХ