| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0694/Э |
| Дугаар | 1283 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 1283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ч.Алтансүх,
хохирогч Д.Н
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б холбогдох эрүүгийн 1806 0234 00824 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч.Б , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ч.Б нь согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 35 гудамж, 17 тоот хашаанд байрлах нийтийн байрны 15 тоотод 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.Н маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ залуу бол манайд сар гаран амьдарсан. Манай эхнэр хувцасыг нь хүртэл угаагаад байдаг байсан. Хааяа архи уудаг байсан. Тэгээд тэр өдөр гэнэт намайг хавтэж байхад шууд дээр гарч ирж суугаад шууд нүдээд эхэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг ороход 4 хавирга хугарсан байна гэсэн. Тэгээд дараа нь надтай нэг тааралдахад худлаа яриад дансны дугаар аваад л байхгүй болсон. Би үнэхээр гомдолтой байна. Эмчилгээ хийлгэсэн мөнгө нь 300.000 төгрөг болсон гэв.
Хохирогч Д.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэртэйгээ орон дээрээ зурагт үзээд хэвтэж байсан. Нөгөө талын орон дээр Мандаа зурагт үзээд хэвтэж байгаад Мандаа надаар архи авахууллаа гэж хашхираад болдоггүй. Тэр үед би “юун сүртэй юм, баяр болж байхад 2 шил архи аваа л биз” гэж хэлэхэд Мандаа орон дээрээсээ босож ирээд миний гэдсэн дээр сууж байгаад миний толгой, тархи, цээж рүү гараараа цохиж эхэлсэн. Мандаа намайг нилээн зодсон. Миний уруул язарч хавдсан, оёдол тавиулсан. Би Баасанцэрэнгийн жинхэнэ нэрийг мэддэггүй байсан, Мандаа гэж дууддаг байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-9, 30 дугаар хуудас/,
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Архи ууж байгаад Мандаа болон миний нөхөр Наранбат хоёр хоорондоо маргалдсан. Маргалдаж байхад Мандаа нь миний нөхөр Н хандаж “би чамд архи авч өгсөн, мөнгө үрүүллээ” гэж хэлсэн. Түүнээс болж маргаан ширүүсээд байж байхад Мандаа гэнэт босож ирээд Наранбатын дээр гарч сууж байгаад Наранбатыг цохисон бас өшиглөсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 10, 31 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹3548 дүгнэлтэд “Д.Н ын биед зүүн талын 7, 8, 10-р хавирганы хугарал, баруун хацар, зүүн гуя, зүүн хөлийн хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, баруун гуянд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. …хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/,
Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хэргийн 33 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 21 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ч.Б нь согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 35 гудамж, 17 тоот хашаанд байрлах нийтийн байрны 15 тоотод 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.Н маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ч.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Ч.Б д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт 300.000 төгрөгний хохирлыг нэхэмжилж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын талаар ямар нэгэн нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Гэвч шинжээчийн дүгнэлтийн 2018 оны 03 дугаар сарын 10-ны Цээжний КТГ зургийг уншуулахад: “зүүн 7,8 дугаар хавирганууд суганы урд шугамаар хугарч зөрсөн” гэсэн байх тул цээжний КТГ зураг 120.000 төгрөгөөр авхуулсан гэх нь үндэстэй гэж үзэн, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 8000 төгрөг, нийт 128,000 төгрөгнөөс шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид гаргаж өгсөн 40.000 төгрөгийг хасч тооцон 88.000 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.