| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2406058671210 |
| Дугаар | 2025/ДШМ/1323 |
| Огноо | 2025-11-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1323
2025 11 25 2025/ДШМ/1323
Ц.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Ундармаа,
шүүгдэгч Ц.Т-, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,
нарийн бичгийн Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2310 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Т-, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Т-т холбогдох эрүүгийн 2406058671210 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т-,
Шүүгдэгч Ц.Т- нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ***тоотод хохирогч Ц.Н-ын цүнхнээс 1800 еврог хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 6.662.880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т-ийг бусдын, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Т-ээс 6.662.880 төгрөг гаргуулан Ц.Н- /РД:ПЭ71030700/-т олгож, шүүгдэгч Ц.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анх удаа гэмт хэрэг үйлдэж, ийм алдаа гаргасандаа маш их харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хайртай, дотны хүмүүсийнхээ итгэлийг алдсандаа үнэхээр их харамсаж, хохирогч болох нагац эгчээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдэж, шүүх хуралд орохдоо маш их айж, сандарсны улмаас өөрийгөө бүрэн ойлгуулж чадаагүй. Шүүхээс надад хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгвөл би цаашид гэмт хэрэг үйлдэхгүй, шударгаар ажиллаж амьдарч, эмээ болон гэр бүлийнхэндээ тус дэм болон амьдарна гэдгээ амлаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Т-ийн өмгөөлөгч П.Учралгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Т- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулж, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн баримтыг ирүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.
Ц.Т- нь дээрх хуульд заасан нөхцөлийг хангаж байгаа тул, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гаргасан алдаанаасаа сургамж авч, амьдралаа зөв чиглэлд залруулан, нийгэмд дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээр төлөвших боломжийг олгох нь гэмт этгээдийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны зарчимд бүрэн нийцнэ гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Т-ийг ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Т-т холбогдох хэргийг хянан үзээд түүнд 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Т-ийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч хохирлоо нөхөн төлөөгүй байсан. Тиймээс энэ нөхцөл байдлыг нь харгалзан үзээд түүнд анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Ц.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Ц.Т-, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц.Т- нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ***тоотод хамт амьдарч байсан нагац эгч болох хохирогч Ц.Н-ын цүнхнээс 1800 еврог хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 6.662.880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Н-ын “...унтлагын өрөөнд байсан ачаа тээшний чемоданы 2 цахилгааныг сэтэлж дотор нь байсан 1800 еврог миний дүү болох Ц.Т- авсан байсан ба Т-ийн **** дугаар луу залгаж асуух гэхээр утсаа авахгүй байсан. ...” /хх 16-17/,
Ц.Т-ийн яллагдагчаар өгсөн “...би ээжийн төрсөн эгч Ц.Н-т хэлэхгүй, зөвшөөрөлгүй 1800 еврог чемоданаас нь авсан. Би эгч Ц.Н-аас мөнгө зээлэх гээд хоёр хоног залгасан боловч утас нь холбогдохгүй байсан болохоор өөрөө дур мэдээд авсан. ...” /хх 51-52/ гэсэн мэдүүлгүүд,
Монгол банкны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №Б-10/425 албан тоот, хавсралт “...Монгол банкнаас зарласан валютын ханш /ЕUR/ Огноо 2024-08-05, 3,701.60” /хх 16-17/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.Т-ийн хохирогч Ц.Н-ын цүнхнээс 1800 еврог хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ц.Т- болон түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нар “гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин хорих ялыг тэнсэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх” талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Харин шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзана.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Т-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн “гомдол саналгүй, хорих ялыг өөрчилж өгнө үү” гэх санал, хүсэлт зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Т- нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 49 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон /49х8=392/ эдлэх ялаас хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг 108 /нэг зуун найм/ цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгч Ц.Т- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ц.Т-ийг нэн даруй суллаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Т- нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Ц.Н-т 6.662.880 төгрөгийг төлсөн талаарх баримтыг хохирогч нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ХБНГУ-д суугаа элчин сайдын яамаар дамжуулан ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2310 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...шүүгдэгч Ц.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,
шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.”,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /49х8=392/ эдлэх ялаас хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг 108 /нэг зуун найм/ цагаар тогтоосугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ц.Т-ийг нэн даруй сулласугай.
3. Шүүгдэгч Ц.Т- нь хохирогч Ц.Н-т 6.662.880 /зургаан сая зургаан зуун жаран хоёр мянга найман зуун наян мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН