2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2026/01340

 

 

 

 

 

 

 

 

      2026           01               29                                            192/ШШ2026/01340

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ............. даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1-р хороо, Д.Нацагдоржийн гудамж ............ хаягт байрлах, ............ХХК /......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 22-р хороо, Зайсан, өөрийн байранд байрлах ............... /........../-д холбогдох,

Хариуцагч байгууллагын гал тогооны засвар үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө оруулалтын зардлаас үлдсэн 33,013,900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ..........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч .............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ........... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: “...Манай........... нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн гал тогоог 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл буюу нийт 4 жилийн хугацаанд түрээслэн ажиллуулж байгаа. 2023 оны 2 дугаар сарын үед ...............-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захиралтай уулзах явцдаа манай хоолны газарт хоол идэх үедээ ...............-ийн гал тогоог ажиллуулах талаар санал тавьж, ирж уулзаач гэсний дагуу 2023 оны 3 дугаар сард ...............-ийн санхүү хариуцсан захирал н.................. болон холбогдох ажил хариуцсан хүмүүстэй...........-ийн захирал ...........уулзаж, өмнө нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд гал тогоо түрээслэхэд Төрийн өмчийн хороо болон сургуультай гурван талт гэрээ байгуулж байсан. Гэрээгээ баталгаажуулъя гэхэд тэр болно, бага зэрэг хугацаа шаардана. Гэхдээ танайх яаралтай гал тогооны засварыг хийгээд, үйл ажиллагаагаа эхэлж багш, ажилчдад халуун хоол цайгаар үйлчилж байгаач гээд аминчилж гуйсан. Тэгээд бид сургуулийн захирал болон шийдвэр гаргах хүмүүс нь ийм байр суурьтай байгаа тул итгээд засварын ажлыг 2023 оны 3 дугаар сарын эхээр эхлүүлж 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дууссан. Улмаар тус оны 4 сараас 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу 2 сар ажиллуулсан. Ингээд 2023 оны 8 дугаар сард ...............-ийн захиргаатай уулзаж гэрээ хэлэлцээрээ хийх талаар тодруулахад сонгон шалгаруулалт зарлана, сонгон шалгаруулалтаар танайх шалгарвал гэрээ байгуулна гэсэн байр суурьтай болсон байсан. Сонгон шалгаруулалт 2023 оны 9 дүгээр сард болсон бөгөөд уг сонгон шалгаруулалтад манай компани шалгарсан тул гэрээ байгуулах процесс эхэлсэн. Манай талаас гэрээнд гарын үсэг зурж ...............-ийн талд хүлээлгэн өгсөн. Гэвч ...............-ийн тал Төрийн өмчийн хороонд гэрээг баталгаажуулахаар явуулна гэж хэлсэн боловч 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 01/31 дугаартай мэдэгдлээр төрийн өмчийн байрыг суллаж өг гээд манай компанийг гэрээ хийхгүйгээр төрийн өмчийг ашиглаж байгаа мэтээр худал зүйл бичсэн албан мэдэгдэл өгсөн. Манай компани 2023 оны 3 болон 9 дүгээр саруудад гэрээнд гарын үсэг зурж, ...............-д хүргүүлсэн боловч хүлээлгийн байдалтай байсан. Энэ талаарх шалтгааныг нь тодруулахад ...............-ийн санхүү төлөвлөлтийн газрын захирал ........ гэх хүн шинээр томилогдоод, хуучин надтай харилцаад гуйж байсан захирлууд нь байхгүй болсон байсан. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 01/42 дугаартай “Цайны газар түрээслэх, ашиглах, засвар хийх зөвшөөрлийн баримт бичиг ирүүлэх тухай” гэх албан бичгийг ирүүлж өөрсдөд нь байх ёстой албан бичгийг манай компаниас шаардан дарамталсан. ...............-ийн архив, бичиг хэргийн асуудлыг манай компани хариуцдаггүй байхад зөвшөөрлийн бичиг ирүүл гэх шаардлага ямар учиртай болохыг бид ойлгохгүй байсан. Төрийн өмчийн их сургуулиудын захирал гэх хүмүүс байнга солигдож, солигдсон захирал нэртэй хүмүүс нь ийм байдлаар түрээслэгч аж ахуйн нэгжүүдийг дарамтлан, ойлгомжгүй байдал үүсгэн үйл ажиллагааг нь явуулах боломжгүй болгодог арга барилтай гэдгийг сүүлд л ухаарч ойлгосон. Манай компанид ирүүлсэн албан бичиг бүрт бид өөрсдийн нөхцөл байдал болон бодит хариуг өгч байсан. Дараа нь ...............-ийн захирлаар томилогдож ирсэн ............ захирал болон санхүү төлөвлөлтийн газрын захирал ..........., ЗУГ-ын дотоод аудит хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн ............ нартай 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр уулзаж, хамтарсан комисс гаргаж өглөг авлагын асуудлыг тооцож, асуудлаа эвийн журмаар шийдвэрлэхээр тохиролцсон. Манай компани 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн засвар үйлчилгээтэй холбоотой бүх баримт, зураг зэргийг гаргаж өгсөн. Үүний дагуу 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 01 тоот дүгнэлт гарч, санхүү хариуцсан мэргэжилтэн ............, Төлөвлөлтийн газрын захирал ........... нар уг дүгнэлтийг баталгаажуулан бидэнд хуулбарыг өгсөн. ...............-тай ярилцаад түрээсийн төлбөрт 2,400,000 төгрөг, ашиглалтын зардалд 850,000 төгрөг буюу нийт 3,250,000 төгрөгийг сар бүр төлөхөөр тохирч, энэхүү төлбөрүүдийг хөрөнгө оруулалтын зардлаас хасаж тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Ийнхүү ...............-ийн төв байрны цайны газрын засвар, хөрөнгө оруулалтад өөрийн компани зүгээс 80,157,115 төгрөгийг зарцуулснаас өөрийн худалдаж авсан тоног төхөөрөмж бусад зүйлсийг хасаад ...............-ийн өмчийн тоног төхөөрөмжид хийсэн засварын зардал 59,0130,900 төгрөг болсон. Үүнээс 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд 26,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, суутгасан. Иймээс үлдэгдэл 33,013,900 төгрөгийг ...............-иас манай компанид төлөх ёстой гэж үзэж байгаа тул шүүхэд хандсан. Манай компани ...............-ийн гал тогоог хариуцан ажиллаж байх үедээ ашигтай ажиллаж чадаагүй шалтгаан нь тухайн сургуулийн удирдлагуудын ярьж байсан шиг олон мянган оюутан байгаагүй бөгөөд багш ажилчдын худалдан авах чадвар сул байсан тул цайны газраар үйлчлүүлэх нь бага, мөн сургуулийн удирдлагууд нь байнга солигдож байснаас манай компани үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломжийг огт олгоогүй зэргээс хамаарсан. Ямар нөхцөл байдалтай байсан гал тогооны хэсгийг хэрхэн яаж засаж, өнгө үзэмжтэй, орчин үеийн шийдэлтэй, ямар ч гал тогоо ашиглах боломжтой хэмжээнд бид засварлаж, өөрсдийн хөрөнгө мөнгөө зарцуулсан. Нэг талаараа манай компани ...............-ийн тухайн үеийн удирдлагуудын үгэнд итгэж их хэмжээний хөрөнгө оруулалт хийж хууртсан. Мөн 2024 оны 5 дугаар сард ...............-иас дахин сонгон шалгаруулалт зарлаж өөр компани шалгарсан байсан. Тус шалгарсан компанийн удирдлагуудтай манай компанийн зүгээс уулзаж, нөхцөл байдлаа тайлбарлаад ийм хэмжээний засвар үйлчилгээ хийж, үлдэж буй тоног төхөөрөмжийн сэлбэр материалын зардлыг авахаар тохиролцсон. Гэтэл ...............-ийн Санхүү төлөвлөлтийн газрын захирал Б.Одончимэг гэх хүн бидний тохиролцоог үгүйсгэж, хэрүүл маргаан үүсгэн танай үлдэгдэл төлбөрийг өгнө, та нар зүгээр яв гэсэн агуулга бүхий үгсийг хэлсэн. ...............-ийн зүгээс 2023 оны намар болон 2024 оны хавар бидний хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийг төлнө гэхэд нь итгэж хүлээсээр ирсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй тул ...............-ийн гал тогооны засвар үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө оруулалтын зардлаас үлдсэн 33,013,900 төгрөгийг тус сургуулиас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “.................. нь төрийн өмчит их сургууль. Их сургуулийн үйл ажиллагаа төрийн захиргааны байгууллагаас гаргасан хууль, дүрэм журмын зохицуулалтын дагуу явагддаг............ нь хичээлийн төв байранд байрлах 354,38 м.кв талбайтай хоолны заал, 26,79 м.кв талбайтай угаалга бэлтгэлийн хэсэг, 103,37 м.кв талбайтай гал тогооны хэсэг, 13,29 м.кв талбайтай агуулах буюу нийт 497,82 м.кв талбайтай цайны газрыг 2023 оны 9 дүгээр сараас 1 м.кв-ийг 10,000 төгрөгөөр түрээслэх үнийн санал өгч ажиллуулсан. Тус компани 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл манай сургуулийн цайны газарт хоол үйлдвэрлэлийн бизнес эрхэлсэн. Тус компанийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулсан цэвэр хугацааг боловсролын байгууллагын зуны 3 сарын амралтын хугацаа, өвлийн улирлын амралтын 1 сарыг хасаж тооцоод 9 сар гэж үзвэл тус хугацаанд манай байгууллагад ямар ч түрээс, цахилгаан, дулааны төлбөрийг........... төлөөгүй Тус компанийн энэхүү үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг бүхэлд нь зөрчсөн. Тус компанийн өгсөн үнийн саналыг манай талбай болон ажилласан хугацаагаар тооцвол 44,803,800 төгрөг, тус хугацаанд ашигласан цахилгааны зардал 7,973,114 төгрөг буюу нийт 52,776,914 төгрөгийг манай сургуульд төлөх ёстой боловч манай сургуульд нэг төгрөг ч төлөөгүй болно. Бид энэхүү байдлыг удаа дараа тайлбарлан түрээс төлөх, ашиглалтын зардал болох дулаан, цахилгаан, усны төлбөр төлөхийг шаардахад удаа дараа эсэргүүцэж бидний засварын хөлсийг төл хэмээн эсэргүүцэл үзүүлдэг байсан. Иймд ............... нь энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор ...............-ийн 2024 оны 01 дүгээр сарын 07-ны А/05 тоот ажлын хэсгийн тушаал гарч, ажилласан. Тус ажлын хэсгийн дүгнэлт болон бусад эрхзүйн актын дагуу ............... нь...........-д засварын хөлс төлөх нөхцөл байдал үүсэхгүй байсан. Энэхүү нөхцөл байдал дараах үндэслэлээр тайлбарлагдаж байна. Үүнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 тоот тогтоолын 2.4-т "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгөнд зөвшөөрөлгүйгээр зайлшгүй хийхийг хориглох, оруулалт шаардлагатай тохиолдолд ТӨБЗГ-аас зөвшөөрөл өгөх, зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалт, их засвар хийсэн тохиолдолд зардлыг төрөөс хариуцахгүй байх" гэж заасан ............. компани нь хэрэв ямар нэг засвар хийх бол заавал холбогдох байгууллагад мэдэгдэж засвар хийх ёстой байсан. Гэвч........... нь засвар хийх тухайгаа холбогдох байгууллага болон ...............-д огт мэдэгдээгүй бөгөөд ...............-ийн зүгээс албан ёсоор зөвшөөрөл өгсөн баримт, бичиг байхгүй, хэн ч тоног төхөөрөмжүүдийг засаж янзлаад өгөөч гэж хэлээгүй. Харин ч тус компани ...............-ийн тоног төхөөрөмжүүдийг үнэгүй ашиглаж байсан. Мөн ...............-ийн ажлын хэсэг...........-ний засварт зарцуулсан ажлын тайлан санхүүгийн баримт дансны гүйлгээг шалган үзэхэд тус мөнгөн гүйлгээний зарлага, анхан шатны баримтууд нь засвар хийснийг нотлох үндэслэл бага өөрсдийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах аяга таваг, тоног төхөөрөмжөө засуулсан шинж чанартай зардлууд байсан. Тус мөнгөн зарлагуудаас ...............-д хүлээн зөвшөөрөгдөх боломжтой 9,130,900 төгрөгийн гүйлгээг хэншүү сорогч гэж үзэж........... тайлбарласан ч тус хэншүү сорогчийн үнэ нь зах зээлийн тухайн үеийн үнээс хэт өндөр, яг манай цайны газарт суурилуулсан хэншүү сорогчийн дүр төрх үнэ мөн эсэх нь эргэлзээтэй байсан. Бусад гаргасан мөнгөн зарлага, анхан шатны баримтууд нь ...............-ийн засварт хөрөнгө зарцуулсныг нотлох баримт болж чадахгүй. Мөн ...............-ийн цайны газрын заалны дүүжин тааз, шал, вакум цонх, хаалга тус компани үйл ажиллагаа явуулахаас өмнө нь ямар байсан тэр хэвээрээ байгаа. Иймд хууль, дүрэм, журмын дагуу 2024 оны 9-р сард цайны газрыг түрээслэх тендер шалгаруулсан. Тус шалгаруулалтад........... үнийн санал болон бусад бичиг баримтын шаардлага хангаагүй тул шалгараагүй тул цаашид манай сургууль дээр бизнесээ үргэлжлүүлэх боломжгүй болсон тул манай сургуулиас засварын хөлсийг нэхэж удаа дарамт шахалт үзүүлж манай сургуулийн цайны газар луу дайрч орон хэншүү сорогчоо тастаж авна гэж удаа дараа дарамт шахалт үзүүлж байсан. Эдгээр нөхцөл байдлаас дүгнээд үзвэл ............... нь тус компанид өгөх ямар ч өр төлбөргүй бөгөөд харин ч цахилгаан, дулаан, цэвэр бохир усны зардал түрээсийн төлбөрөөрөө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон ............... хохирсон. ............... нь хохирлын тооцоонд дулаан, цэвэр бохир усны тооцооллыг оруулалгүйгээр 52,776,914 төгрөг гэж үзэж байна............ гал тогоонд 2023 оны 3, 4 дүгээр саруудад орсон гэх боловч ямар ч бодитоор байгуулсан гэрээ байдаггүй. 2023 оны 11 дүгээр сард намайг томилогдох үед ч гэрээ байгаагүй. Тендерийг нь бүртгүүлэх гээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар очиход танайх хууль бусаар тендер шалгаруулсан гээд хүлээж аваагүй тул ...........захирлын гарын үсэгтэй гэрээг баталгаажуулж чадаагүй гэж маргажээ.

3. Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 6-8-р тал/,

Шүүхэд төлөөлж оролцох итгэмжлэл, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 11, 13-р тал/,

Хариу албан бичиг /хэргийн 12, 14-р тал/,

Түрээсийн гэрээ /15-19-р тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 24-34-р тал/,

Зарлагын баримт /хэргийн 75-90-р тал/,

1 ширхэг флаш диск,

Хариуцагчаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 137-р тал/,

Шүүхэд төлөөлж оролцох итгэмжлэл,

Төлбөрийн нэхэмжлэх /хэргийн 124-134-р тал/,

Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам, тогтоол, гэрээ,

2024.02.21-ний өдрийн дүгнэлт /хэргийн 150-154-р тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч...........-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан тус сургуулийн гал тогооны засвар үйлчилгээнд зарцуулсан төлбөрийн үлдэгдэл 33,013,900 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний бэлтгэл үе шатанд гэрээ байгуулагдсан тул засан сайжруулалтад зарцуулсан төлбөрөөс түрээсийн гэрээний дагуу төлөгдөх төлбөрийг хасч, үлдэгдэл 33,013,900 төгрөгийг гаргуулна гэж тодруулсан.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2023 оны 3 сард Хөдөө аж ахуйн их сургуулийн санхүү хариуцсан захирал н.................. болон холбогдох ажил хариуцсан хүмүүстэй уулзсан, гэрээ байгуулахад бага зэрэг хугацаа шаардагдах байх тэрнээс наана яаралтай үйл ажиллагаагаа эхлүүлээд багш, ажилчдад халуун хоол цайгаар үйлчилж бай гэсэн тул тус тайлбарт нь итгээд гал тогооны засварын ажлыг 2023 оны 3 сард эхэлж, 4 сард дуусгасан..., түрээсийн зүйлийг буцаан хүлээлгэж өгсөн бөгөөд засварын зардалд зарцуулсан нийт төлбөрөөс 2023 оны 4 сараас 2024 оны 4 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 26,000,000 төгрөг, өөрсдийн ашиглаж байсан 21,143,215 төгрөгийн үнэ бүхий туслах материалуудаа авсан, үлдэгдэл 33,013,900 төгрөгийг хариуцагч нь 2024 оны хавар төлнө гэсэн боловч төлөөгүй...” гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “...нэхэмжлэгч нь х.............. байрлах 497,82 м.кв талбайтай цайны газрыг 2023 оны 9 сараас 1 м.кв-ыг 10,000 төгрөгөөр түрээслэх үнийн санал өгч ажиллуулсан. Тус хугацаанд манай байгууллагад ямар ч түрээс, цахилгаан, дулааны төлбөрийг төлөөгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг бүхэлд нь зөрчсөн. Төрийн өмчийн байранд засвар хийх гэж байгаа бол холбогдох байгууллага болон манай байгууллагад мэдэгдэх ёстой байсан боловч ингэж мэдэгдээгүй, засвар хийсэн гээд байгаа төлбөрийн баримтууд нь давхцалтай байсан тул бид төлбөр төлөх үүрэг хүлээхгүй...” гэж маргажээ.

4.Хөдөө аж ахуйн их сургуулийн төв байрны 1 давхарт байрлах 240 м.кв талбай бүхий нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай обьектыг талуудын шүүхэд гаргасан тайлбарт дурдагдаж буй үе буюу 2023 оны 3 дугаар сард хариуцагч байгууллагын санхүү хариуцсан захирлын зөвшөөрлийн үндсэн дээр нэхэмжлэгч нь түрээслэн үйл ажиллагаа явуулахаар тохиролцож, уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч компани нь тус обьектод 2023 оны 3 сараас 2023 оны 4 сар хүртэл 1 сарын хугацаанд засвар үйлчилгээ, тохижилт хийж, 2023 оны 4 сараас 6 сар, 2023 оны 9 сараас 2023 оны 11 сар хүртэл цайны газрын үйл ажиллагаа явуулсан болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн 2023 оны 12 сарын 14-ний өдрийн 01/34 дугаартай мэдэгдэл, 2024 оны 02 сарын 21-ний өдрийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон.

5.Нэхэмжлэгчийн зүгээс “...тухайн үеийн удирдлагын зөвшөөрөл, гуйлтын үндсэн дээр гэрээ байгуулахгүйгээр ажлаа эхлүүлсэн, 2023 оны намар гэрээг бичгээр байгуулсан боловч хариуцагч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар баталгаажуулж өгөөгүй...”, хариуцагчийн зүгээс “...манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчид гэрээ байгуулах санал хүсэлтийг удаа дараа тавьсан, түрээс төлөх ашиглалтын зардал болох дулаан цахилгаан усны төлбөр төлөхийг шаардахад бидний засварын хөлсийг төл хэмээн эсэргүүцэл үзүүлдэг байсан...” гэсэн тайлбаруудыг гаргадаг бөгөөд талууд түрээсийн гэрээ байгуулсан, тус гэрээ хүчин төгөлдөр эсэх дээр маргаж байна.

6.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 онд байгуулсан гэх сар, өдөр бичигдээгүй Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч буюу хариуцагч нь Хөдөө аж ахуйн их сургуулийн хичээлийн төв байранд 240 м.кв обьектыг нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар түрээслэгч буюу нэхэмжлэгчийн ашиглалтад шилжүүлэн өгөх, түрээслэгч нь гэрээнд дурдсан нөхцөлөөр түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Түүнчлэн, түрээсийн мөнгөн дүн 2,400,000 төгрөг, ашиглалтын зардлын дүн 850,000 төгрөг, нийт 3,250,000 төгрөгийг нэхэмжлэгч нь сар бүр төлөх, хариуцагч нь түрээсийн төлбөрийн 40 хувь болох 960,000 төгрөгийг төлбөр орсноос хойш ажлын 5 өдрийн дотор улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэхээр тус тус тохиролцож, нэг талаас ...............-ийн Санхүү төлөвлөлтийн газар, хангамж үйлчилгээний албаны менежер, Ж.Батчулуун, нөгөө талаас...........-ийн захирал ...........нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Мөн түрээсийн төлбөр төлөх хуваарь, түрээсэлсэн эд хөрөнгө хүлээлцсэн актыг тус тус үйлджээ. /хэргийн 15-20-р тал/

7.Харин дээрх гэрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг төлөөлсөн хэсэгт гарын үсэг зурагдаагүй байна.

            8.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “...түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан бөгөөд талуудын дээрх тохиролцоонд үндэслэн шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. 

9.Дээрх хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “...түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ...”, 318.4 дэх хэсэгт “...энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна...” гэж тус тус заасан байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан эд хөрөнгө түрээслэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан бөгөөд харин түрээсийн зүйл нь Хөдөө аж ахуйн их сургуулийн барилгын нэг хэсэг тул гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй юм.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй” гэж үзсэн үндэслэлд зааж буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д “төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно”, 2-т “Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ” гэж заажээ.

Төрийн өөрийн өмчийг түрээслүүлэх журам тогтоох эрхийг Засгийн газарт хуулиар олгосон байх тул тухайн асуудлыг журамласан Засгийн газрын тогтоол нь нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт болох бөгөөд Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журмаас үзвэл төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулахдаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэслэл болгож, түрээсийн гэрээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхээр байна.

11.Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар баталгаажаагүй байх боловч гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, хэдийгээр талуудын байгуулсан түрээсийн гэрээ гуравдагч этгээдийн зөвшөөрлөөр хийх хэлцэлд хамаарах боловч хариуцагчийн зүгээс тус гэрээг баталгаажуулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандсан эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан “...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын холбогдох мэргэжилтэнтэй утсаар холбогдож лавлахад сонгон шалгаруулалт зарлахгүйгээр байгуулсан гэрээг баталгаажуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн учраас гэрээг баталгаажуулахаар албан ёсоор тус байгууллагад хандаагүй...” гэх тайлбар зэргээр гэрээг хууль болон журамд нийцүүлэн баталгаажуулах арга хэмжээг хариуцагч нь аваагүй байх бөгөөд ийн гэрээг баталгаажуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, энэ үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

12.Нэхэмжлэгч........... нь түрээсийн обьектод тодорхой хугацаанд цайны газрын үйл ажиллагаа явуулж байсантай хариуцагч маргаагүй бөгөөд шүүхэд гаргасан талуудын тайлбараар дахин сонгон шалгаруулалт зарлаж өөр компани шалгарсан, улмаар тус компани нь холбогдох түрээсийн гэрээг байгуулан цайны газрын үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон.

Талуудын гаргасан дээрх тайлбараас үзэхэд түрээсийн зүйлийг нэхэмжлэгч нь түрээслүүлэгч буюу хариуцагчид Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар буцаан өгсөн гэж үзэхээр байна.

13.Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан буюу холбогдох удирдлагууд зөвшөөрөл өгсөн болохоор тус обьектод 3 жилийн хугацаанд ажиллана гэдэг итгэл үнэмшил аваад холбогдох засвар болох цахилгаан эрчим хүч, сантехникийн шугам сольсон, шал болон хана таазыг завсарласан, цонх нь хуучных дулаан алдалт их, хагарсан байсан учир бүх цонхны шил сольсон, 2 вип өрөөг шинэчилж засварласан гээд холбогдох санхүүгийн баримтуудыг хариуцагч талд гаргаж өгснийг хариуцагч хянаж, 2024 оны 02 сарын 21-ний өдрийн №1 дугаартай дүгнэлтээр манайхаас гаргаж өгсөн санхүүгийн баримтуудад үндэслэн нийт 80,500,615 төгрөгийн зардал гаргасныг дүгнэж баталгаажуулсан учраас бид үлдэх төлбөрөө шаардах эрхтэй гэж тайлбарладаг бөгөөд хариуцагчийн зүгээс тухайн дүгнэлт нь төлбөр тооцоо баталгаажуулсан агуулгагүй цайны газрын үйл ажиллагаатай холбоотойгоор л ажлын хэсэг байгуулагдаж дүгнэлт гаргасан гэж тайлбарлан дээрх тооцооллыг үгүйсгэсэн.

14.Хариуцагч байгууллагын 2024.02.21-ний өдрийн №1 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 5 агуулга бүхий санхүүгийн баримтад үндэслэн дансны хуулга – 11 хуудас бүхий 1 дэх дансны хуулга (24,342,700 төгрөг), дансны хуулга – 10 хуудас бүхий 2 дахь дансны хуулга (26,827,900 төгрөг), зарлагын баримт – 62 ширхэг (19,673,900 төгрөг), Е баримт – 20 ширхэг (9,156,115 төгрөг), захиалгын хуудас – 1 хуудас (500,000 төгрөг) гэх тооцооллыг хийж, үүнээс санхүүгийн баримт давхардаж болзошгүй гээд зарлагын баримт: 38 ширхэг (8,622,900 төгрөг), 1 дэх дансны хуулга: 24 гүйлгээ (6,195,200 төгрөг), 2 дахь дансны хуулга: 28 гүйлгээ (26,425,900 төгрөг), Е баримт: 0 гэж дүгнэлт гаргаж, холбогдох этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч байгууллагын 2024 оны 01 сарын 05-ны өдрийн №1/3 дугаартай албан бичгээр хариуцагч байгууллагын удирдлагад хандаж “...засварын зардлыг 2 талаас хамтран комисс гарган баталгаажуулж сургуульд төлөх түрээсийн төлбөрөөс тодорхой хэмжээгээр суутгуулж тооцуулах хүсэлтэй байгаа тул хамтран ажиллах комиссыг томилон асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагчийн зүгээс ажлын хэсгийг байгуулж, холбогдох хяналт шалгалтыг хийн 2024 оны 02 сарын 21-ний өдрийн №1 дугаартай дүгнэлтийг үйлдсэн нь тогтоогдож байх тул уг дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэгч байгууллага нь өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй, хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдаагүй, засварын ажил хийх зөвшөөрөл өгөөгүй тул төлбөр төлөх үүрэггүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

15.Иймд дээрх дүгнэлтэд туссан дүн болох 80,500,615 төгрөгөөс нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол буюу өөрсдийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор худалдаж авсан тоног төхөөрөмж болон гал тогооны туслах материалуудын үнийн дүн, мөн түрээсийн төлбөрт тооцуулан хасч буй 26,000,000 төгрөгийг хасч үлдэх үнийн дүн болох 33,013,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасанд нийцнэ.

Тодруулбал, түрээсийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн хорин долдугаар бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхийг хөлслөгч эдлэх тул уг зохицуулалтын дагуу 33,013,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

16.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 323,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан хариуцагч Хөдөө аж ахуйн их сургуулиас 33,013,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...............ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөдөө аж ахуйн их сургуулиас 323,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...............ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.БИЛГҮҮН