Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 641

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч П.Ганбаатар,  

Шүүгдэгч, хохирогч Д.С,     

Шүүгдэгч, хохирогч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Жийжин овогт Д.С, Эрүүгийн хуулийн тусай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намжим овогт Ц.Э нарт холбогдох эрүүгийн 1809012820322 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Юнион Бюлдинг” төвд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт суух, урьд ял шийтгэлгүй, Д.С,

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Төгс Цэлмүүн” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт суух, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 18.2.1, 181.2.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ц.Э,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнион Бюлдинг” төвийн гадна хохирогч Ц.Энхтулгыг хамар руу цохиж, хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас турба төмрөөр зүүн гарын бугалганы богтос яс руу цохиж богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Энь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнион Бюлдинг” төвийн гадна хохирогч Д.Сыг ариун цэврийн өрөө гэрэлгүй байсан гэх шалтгааны улмаас маргалдан хэл амаар доромжилон зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч Ц.Энь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.     

Хохирогч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Энэ хэрэг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болсон. Энхтулга миний хамарт гэмтэл учруулсан. Би эргүүлээд, Энхтулгын гар руу турбагаар цохиж гэмтэл учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэв.                                                                                         

Хохирогч Ц.Энь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүрэнжавтай маргалдаж муудалцсан. Би Сүрэнжавд буруу шаардлага тавьснаас болж маргалдсан. Энэ хэрэгт миний буруутай үйлдэл хамааралтай. Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэв.                                       

Эрүүгийн 1809012820322 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.С нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Энхтулга гэж согтуу залуу ирээд “13 дугаар давхарын гэрэл асахгүй байна та нар балгас шиг юм бариад мөнгө нэхдэг” гээд манаачийн байрны цонхоор гараа оруулж ирээд миний хамар хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгээд би манаачийн байрнаас гараад үүдэнд байсан турба төмрийг аваад Энхтулгын зүүн гар руу нэг удаа цохисон. Энхтулга миний хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Энхтулга согтуу, би эрүүл байсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Энь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 14-ний орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Юнион Бьюлдинг төвийн гадаа харуулын байрны цонхны хэсэгт очоод дотор ажлаа хийж байгаа хүмүүс байгаа гэж хэлтэл тэр хамгаалагч би чиний ажилтан юм уу пизда минь гэхээр нь би гар утсаа гаргаж ирээд чи ажлын байран дээр архи уусан байна гэж хэлэхэд харуулын өрөөнд нь нэг хүүхэн суучихсан намайг хараагаад байсан. Тэгээд хамгаалагч шууд харуулын байрнаас төмөр турба барьж гарч ирээд миний толгой руу цохих гэтэл би толгойгоо зүүн гараараа хамгаалж өөрийн гараа цохиулсан. Тэр үед Г.Ганбилэг хүрч ирээд тэр ахаас турбаг аваад цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

   Хохирогч Д.С нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "… 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр би Сүхбаатар дүүргийн 1 хороо “Юнион Бюлдинг”-д хамгаалагчаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 22 цагийн орчим Ц.Энхтулга нь манаачийн байрны гадаа цонхон дээр согтуу ирээд “16-н давхар чинь 00-н өрөө гэрэл байхгүй байна балгас шиг юм барьчаад тэгээд танайх зогсоолын мөнгө байнга нэхдэг чи байнгын согтуу байдаг” гээд намайг цонхны цаанаас шууд гараараа 2 нүдний гол хэсэг рүү  хамар руу нэг удаа цохисон. Тэгээд би өрөөнөөс гараад гадаа турба байхаар нь аваад Энхтулгын зүүн гаран дээр нь нэг удаа цохисон. Тэгээд би цагдаа дуудсан…" гэсэн мэдүүлэг /хх-ийн  7 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Энь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Ариун цэврийн өрөө орох гэтэл гэрэлгүй байхаар нь гадагшаа гараад манаач ахад “гэрэл унтраастай байна яагаад ийм болчихвоо” гэтэл “битгий хуц, би мэдэхгүй” гэхээр нь “та эндээс цалин авч байгаа биз дээ, яагаад ингэж байгаа юм бэ” гэж хэлээд хуруугаараа чиглүүлэн чичихэд манаачийн байранд хамт байсан эмэгтэй бас “битгий хуц, зайл цаашаа” гэхэд манаач ах маш хурдан дотроос баруун гартаа нилээн урт турба төмөр барьж гарч ирээд миний толгой руу цохих гэхээр нь зүүн гараараа хаатал миний шууны хэсэг рүү нэг удаа цохисон…" гэсэн мэдүүлэг /хх-ийн  4-5 дугаар хуудас/,

 

              Гэрч С.Эрдэнэцэцэг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Тэгээд согтуу хүн цонх нүдэхээр нь Сүрэнжав цонхоо онгойлгоод маргалдаж байхад цонхны цаанаас гар нь орж ирээд Сүрэнжавын хамар руу нэг удаа цохисон. Тэгээд Сүрэнжав нь төмөр бариад тэр хүний гар руу цохисон. …" гэсэн мэдүүлэг / хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

              Гэрч У.Баярсайхан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Дуудлагын дагуу очиход Энхтулга гэх согтуу залуу машинаас бууж ирээд “манаач Сүрэнжав миний гар руу төмөрөөр нэг удаа цохисон” гэж хэлсэн. Сүрэнжав нь “Энхтулга манаачийн байрны цонхоор гараа оруулж миний хамар хэсэг рүү нэг удаа цохисон” гэж хэлж байсан. Энхтулга нь согтууруулах ундаа бага зэргээр хэрэглэсэн байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,

             

              Гэрч М.Отгонбаатар нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Дуудлаганд очиход 2 залуугийн нэг нь гараа барьсан байдалтай Сүрэнжав нь цохисон гэж хэлсэн тул хэлтэст хүлээлгэж өгсөн. Энхтулга нь Сүрэнжавыг цохисон гэж хэлж байсан. Яг хаана нь цохисон гэж хэлснийг санахгүй байна. Энхтулга нь нилээн согтуу байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,

 

              Гэрч Д.Эрдэнэбилэг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Сүрэнжав нь өмнө нь хамраа гэмтээж байгаагүй, хүнд цохиулж байгаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр хуудас/,

             

              Гэрч Г.Ганбилэг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...захирал Энхтулга намайг ав гэхээр нь манаачийн байрны хажууд машинаа гарахад бэлэн болгоод байрлуулаад байж байтал захирал гарч ирээд манаачийн байран дээр очоод 13 дугаар давхрын гэрэл унтраастай байна гэж хэлж байсан. Тэгтэл манаач өвгөн гартаа төмөр барьсан гарч ирээд захирал Энхтулгын толгой хэсэг рүү цохих гэтэл Энхтулга гараараа хааж гараа цохиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

             

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3990 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1. Д.Сын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ /хх-ийн 22 дугаар  хуудас/,

 

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3683 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1. Ц.Энхтулгын биед зүүн богтос ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ /хх-ийн 17 дугаар  хуудас/,

 

     Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 74 дүгээр хуудас/,

 

Д.Сын оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35/, “Ган инженеринг” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 57/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, Ц.Энхтулгын оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 75-76/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Энь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнион Бюлдинг” төвийн гадна хохирогч Д.Сыг “ариун цэврийн өрөө гэрэлгүй байна” гэсэн шаардлага тавихдаа хэл амаар доромжилон маргалдаж зүй зохисгүй байдлаар илэрхийлж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ц.Энхтулгын мэдүүлэг, хохирогч Д.Сын мэдүүлэг, гэрч У.Баярсайхан, М.Отгонбаатар, Д.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3990 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,  

 

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнион Бюлдинг” төвийн гадна хохирогч Ц.Энхтулгыг “хамар руу цохиж, хэл амаар доромжиллоо, зүй бус харьцлаа” гэж маргалдан улмаар турба төмрөөр зүүн гаран тус газар нь цохиж  “зүүн богтос ясны далд хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Д.Сын мэдүүлэг, гэрч У.Баярсайхан, М.Отгонбаатар, Г.Ганбилэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3683 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлддүүд нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нар хоорондоо зүй зохисгүй харьцаж харилцан маргалдаж, улмаар бие биенийхээ эрх чөлөөнд харилцан хүч хэрэглэсний улмаас тус бүрт хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба шүүгдэгч Б.Сын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Ц.Эын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар, Ц.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээр нь өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.   

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч /хохирогч/ нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж хоорондоо эвлэрсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар,  Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Сын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нараас бие биедээ харилцан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул Б.С, Ц.Энарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Эын нь цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг дурдах нь зүйтэй байна.