| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2511015090515 |
| Дугаар | 2025/ДШМ/1324 |
| Огноо | 2025-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1324
2025 11 25 2025/ДШМ/1324
М.М-, Н.М- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Билгүүн,
шүүгдэгч М.М-,
нарийн бичгийн Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2375 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.М-, Н.М- нарт холбогдох эрүүгийн 2511015090515 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. М-,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн **** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;
2. М-,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан;
Шүүгдэгч М.М- нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, ***тоотод хохирогч Б.Н-тай “охин Н.Ч-ыг зодсон” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохих, үсдэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Н.М- нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, ***тоотод хохирогч хохирогч Г.Н-тэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.М-, Н.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М-, М- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар М.М-, Н.М- нарыг тус бүр 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, М.М-, Н.М- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.М-гаас 124.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч Б.Н-, Г.Н- нар нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс тус тус жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, М.М-, Н.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч гэх Б.Н-, гэрч О.Х- нар мөрдөн байцаалтын явцад удаа дараа худал мэдүүлэг өгсөн. Тухайн асуудал үүссэн өдөр хохирогч Б.Н- нь миний охин Н.Ч- луу хутга гарган сүрдүүлсэн байсан. Би маргааш өглөө нь очиж тэр охинтой маргалдаж хоёр удаа гар хүрсэн нь үнэн. Хохирогч Б.Н- нь байцаалтад үүнийг нотолсон. Гэрч О.Х- худал мэдүүлэг өгч удаа дараа олон удаа цохисон, үснээс нь зулгааж босгосон, унтаж байхад нь зодсон зэргээр худал мэдүүлэг өгч намайг гүтгэсэн. Хэрэг болсон өдөр хэсэг залуус нийлж архидан согтуурч миний охин Н.Ч-т хутга тулган, ална гэж сүрдүүлсэн байсан. Мөн түүний найз залуу Г.Н-г бас зодож, хутга тулган сүрдүүлсэн. Тэр өдөр миний охины хийсэн видео бичлэг болон Г.Н-гийн өгсөн мэдүүлгүүд мөрдөн байцаалтын шатанд алга болсон. Мөрдөгч хэт нэг талын барьж шалгасан тул хэргийг дахин шалгуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Х.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гомдолд дурдсан нөхцөл байдлаа мөн анхан шатны шүүх хуралдаанд тайлбарладаг. Шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад бичлэг байсан талаар бичгээр гомдол гаргасан зүйл огт байхгүй. Үүнтэй холбоотой гомдол прокурорт нэг ч удаа ирж байгаагүй. Мөрдөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж хавтас хэрэгтэй танилцуулж гарын үсэг зуруулаад шүүхэд шилжүүлсэн. Хэрэг миний хяналтад байх хугацаанд ч ямар нэгэн хүсэлт ирж байгаагүй. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Мөн анхан шатны шүүхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж байсан. Тухайн үед таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөх тухай асуудал хүртэл яригдаж байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд гэм буруутай болохыг хангалттай нотолсон. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх М.М-, Н.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч М.М-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч М.М- нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, ***тоотод хохирогч Б.Н-тай охин Н.Ч-ыг зодсон” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохих, үсдэх зэргээр эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Н-ын "...маргааш өглөө нь тэдний гэрт Ч- өөрийнхөө ээж М-г дагуулаад ороод ирсэн. Ээж нь орж ирээд орилж, хашхичаад шууд миний нүд хэсэгт цохиод авсан. Би тэр үед орноос босож амжаагүй байсан. М- нь намайг үснээс зулгааж босгоод нүүр хэсэгт 2 удаа, нуруу хэсэгт 2 удаа цохисон. ...Миний зүүн талын нүд хөхөрч, дух хавдсан байсан. ..." /хх 18/,
гэрч Д.Б-ын “...манай эхнэр Н-ыг Ж-гийн хадам ээж буюу Ч-ын төрсөн эх нь ирээд зодсон байсныг эрүүлжүүлэх байрнаас гарч ирээд сонссон. ...Манай эхнэрийн зүүн талын нүд нь хөхрөөд хавдсан байсан...” /хх 33-34/,
гэрч О.Х-ын “...манай гэрт ...Ч-ын ээж М- гэх эмэгтэй ...шууд манай найз Н-ыг газар ор зассан унтаж байх үед нь гараа атгаж байгаад нүд рүү нь хүчтэй 2-3 удаа цохиод авсан. Тэгээд үснээс нь зулгаагаад хэвтэж байсан газраас нь босгоод ирсэн. ...” /хх 36/
М.М-гийн яллагдагчаар өгсөн “...би М-гийн гэрт очиход ...Б.Н- нь газар гудас дэвсчихсэн аягатай юм уугаад суух байхаар нь очоод нүүр хэсэгт нь алгадсан. ...” /хх 58/ гэсэн мэдүүлгүүд,
“...Б.Н-ын биед дух, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГ0725/5753 дугаар дүгнэлт /хх 38-39/ зэрэг нотлох баримтуудар,
шүүгдэгч Н.М- нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, ***тоотод хохирогч хохирогч Г.Н-тэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, хүзүү, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Н-гийн “...М- ах миний төрсөн ах Б гэх хүнтэй дээр үед муудалцаж, хувийн харилцаа таарамжгүй байсан тухайгаа яриад байхаар нь би өмнөөс нь уучлалт гуйсан чинь намайг хэл амаар доромжлоод, цамцны захнаас заамдаж аваад миний нүүр, хамар хэсэгт зөндөө олон удаа цохисон. Тэгээд тэр айлаас гараад зугтаасан чинь Б- ах намайг буцаж гэр рүү оруулаад миний нүүр гарыг угаалгасан. ...Миний биед М- ах л зодож гэмтэл учруулсан өөр цохиж зодсон хүн байхгүй. ...” /хх 21/,
гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М- болон Ж- хоёр л хоорондоо маргалдаад М- Ж-гийн хамар хэсэгт цохисон гэж сонссон. ...Намайг Ж-той уулзах үед хамрын хажуу тал нь хавдсан байсан. ...” /хх 33-34/,
гэрч О.Х-ын “...Ж-гийн эхнэр Ч- гэнэт зүй бус үг хэлээд босоод сандал өшиглөөд хашаанаас гарч явсан. Манай нөхөр тэр үед Ж-г заамдаад авсан. Тэгээд манай нөхөр М- Ж-гийн хамар хэсэгт нэг удаа цохисон. Намайг очоод салгахад Ж- хашаанаас гараад гүйгээд явчихсан. ...” /хх 36/,
Н.М-гийн яллагдагчаар өгсөн “...Н-тэй согтуу байхдаа маргалдаад хамар хэсэгт нь цохисон чинь цус гарсан. ...Цусыг нь угаалгахаар хойноос нь дуудаад, гүйж очоод зууралдаад, ноцолдоод хүзүү болон гар хэсэгт нь бага зэрэг зулгарсан. ...” /хх 62/ гэсэн мэдүүлгүүд,
“...Г.Н-гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, хүзүү, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЕГ0725/5731 дүгээр дүгнэлт /хх 44-45/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч М.М-гийн хохирогч Б.Н-ын нүүрэн тус газар нь цохих, үсдэх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг, шүүгдэгч Н.М-гийн хохирогч Г.Н-гийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.М-, Н.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар тус бүрт нь 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.М- “... би хохирогч Б.Н-тай маргалдаж хоёр удаа гар хүрсэн нь үнэн болохоос олон удаа цохиж, үснээс нь зулгааж босгоогүй, ...хохирогч Б.Н-, гэрч Х- нар худал мэдүүлэг өгсөн, ...миний охины хийсэн видео бичлэг болон Г.Н-гийн өгсөн мэдүүлгүүд мөрдөн байцаалтын шатанд алга болсон. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
1. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Б.Н-ын "...маргааш өглөө нь тэдний гэрт Ч- өөрийнхөө ээж М-г дагуулаад ороод ирсэн. Ээж нь орж ирээд орилж, хашхичаад шууд миний нүд хэсэгт цохиод авсан. Би тэр үед орноос босож амжаагүй байсан. М- нь намайг үснээс зулгааж босгоод нүүр хэсэгт 2 удаа, нуруу хэсэгт 2 удаа цохисон. ...Миний зүүн талын нүд хөхөрч, дух хавдсан байсан. ..." /хх 18/ гэсэн мэдүүлгийг нотолсон гэрч Д.Б-, О.Х- нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч М.М- нь хохирогч Б.Н-ын нүүрэн тус газар нь цохих, үсдэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Н-гээс 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр тус тус мэдүүлэг авсан нь хэргийн 20, 23-24 талд авагдсан байна.
Түүнчлэн хохирогч Б.Н-, гэрч О.Х- нараас мэдүүлэг авах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, тэдгээрт эрх, үүргийг нь танилцуулж, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар сануулсны үндсэн дээр мэдүүлэг авсан, мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдал, өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай тохирч байх бөгөөд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч М.М-гийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд ямар нэгэн байдлаар хэрэгт хавсаргуулах, нотлох байдлаар видео бичлэг гаргаж өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй ба тэрээр шүүхийн хэлэлцүүлгийн үед энэ талаар огт мэдүүлээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2375 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН