| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2019/03376/И |
| Дугаар | 210/МА2020/00458 |
| Огноо | 2020-03-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2020/00458
|
|
|
|
Я.Н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00198 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.Н хариуцагч ШБ Монгол дахь санд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цагийн нэмэгдэл хөлс 459 540.97 төгрөг, 13 дахь сарын цалин 3 293 377 төгрөг гаргуулах хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Я.Н нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ШБ Монгол дахь санд ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан орсон. Туршилтын хугацаа 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ШБ Монгол дахь сангийн суурин төлөөлөгч И.Гнь 13:00 цагт дуудан ажлаас халах тушаал өгч, ажилтай холбоотой бүх зүйлийг хурааж авсан. Тушаалд зааснаар ажлын байрыг цөөрүүлсэн эсэх, эсхүл ажлын байр хасагдсан эсэх нь тодорхойгүй, надад огт мэдэгдэл өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар мэдэгдэл, бүтцийн өөрчлөлтийн тушаалаа танилцуулаагүй. ШБ Монгол дахь сангийн суурин төлөөлөгч И.Г2019 оны 10 дугаар сарын 21-ны өдөр шууд дуудан, ажлаас халсан тушаал өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 болон 40.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, мөн цомхотгол хийх хууль зүйн үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү. Үндэслэлгүйгээр ажлаас халсан тул 13 дахь сарын цалин урамшууллыг бүтнээр нь авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Харин 2019 оны 8 дугаар сарын 24, 9 дүгээр сарын 14-ний өдөр илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 459 540.97 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: ШБ Олон Улсын хамтын ажиллагааны сан нь ...төвтэй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн. ШБ олон улсын хамтын ажиллагааны сан төлөөлөгчийн газар нь ашгийн төлөө бус үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд гол зорилго нь хөгжлийн хамтын ажиллагаа, хоорондын харилцаанд дэмжлэг үзүүлэх төдийгүй эдийн засгийн ба нийгмийн тогтвортой хөгжилд орон нутгийн, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд дэмжлэг үзүүлэх, банкны салбарыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх боловсрол олгох, сургалт, семинар зохион байгуулах зэрэг арга замаар Монгол Улсад иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд оршдог. Иргэн Я.Н болон ШМонгол дахь сан суурин төлөөлөгч И.Гнарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр 19/0001 дугаар даалгаврын гэрээ байгуулсан. Уг гэрээ нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 4 сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд гэрээний төлбөрт 3 690 ёвротой тэнцэх хөлсийг гүйцэтгэх өдрийн банкны бэлэн бус худалдан авах ханшаар тооцож олгохоор харилцан тохиролцсон. Гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь Дархан Уул аймагт даалгавар гүйцэтгэх, энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг тус тус даалгавар гүйцэтгэгч тал буюу Я.Н нь сайн дураар төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Даалгаврын гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох тул 07 дугаар сарын 25-ны өдөр суурин төлөөлөгч нууцлалын зэрэглэлтэй ажлын ярилцлага хийж, тухайн ярилцлагыг үндэслэн төв салбарт санал хүргүүлсний үндсэн дээр 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн харилцаа үүссэн. ШБ Монгол дахь Сангийн төлөөлөгчийн газар нь Монгол Улсад 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлэхдээ хэд хэдэн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд төслийн ажилтан өөрт байгаа хөдөлмөрийн гэрээний бэлэн загварыг ашиглан нэхэмжлэгч Я.Нтой хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа техникийн алдаа гаргаснаар түүнтэй байгуулсан гэрээний эхлэх огноо 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэж буруу гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй тайлбарыг гаргаж байгаа нь бусдын жижиг алдааг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 12.1 дэх хэсэгт талууд хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа 3 cap байхаар харилцан тохиролцсон. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19/10 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай суурин төлөөлөгчийн тушаал нь ХБНГУ-ын Бонн хотод байршилтай ШБ Олон Улсын хамтын ажиллагааны сангийн удирдлагын зүгээс 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн тухай шийдвэрийн дагуу гарсан. Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч нь тухайн үед туршилтын хугацаагаар ажиллаж байсан Я.Нтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг хугацаанаас нь өмнө цуцалсан байдаг. Ажил олгогчийн хувьд 10 дугаар сарын цалин хөлсийг бүрэн олгож, мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэг сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болон Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг тус тус төлж хуульд заасан үүргээ гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч Я.Нид цалин хөлсийг байгууллагын зүгээс дутуу олгосон зүйл байхгүй, 2019 оны 10, 11 дүгээр сарын цалин хөлс, шимтгэл, татвар болон гэнэт ажлаас чөлөөлсөн олговрыг бүхэлд нь тооцож олгосон. ХБНГУ-ын Бонн хотод байршилтай ШБ Олон Улсын хамтын ажиллагааны сангийн удирдлагаас орон тоо хасагдсан, ажилтны тоо цөөрүүлсэн шийдвэр гаргасан тул 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19/10 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11-д заасныг тус тус баримтлан ШБ Монгол дахь санд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 13 дахь сарын цалин 3 293 377 төгрөг гаргуулах тухай Я.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан ШБ Монгол дахь санд холбогдуулан гаргасан илүү цагийн нэмэгдэл хөлс 459 540.97 төгрөг гаргуулах шаардлагаасаа Я.Н татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 59 дүгээр зүйлийн 59.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Я.Н нэхэмжлэлийн зарим шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт ... хариуцагчаас ШБ Монгол дахь сангийн тэргүүн буюу суурин төлөөлөгчийг томилсон шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор гаргуулж, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг танилцуулав. гэх захирамжийн биелэлт хангагдаагүй. ШБ суурин төлөөлөгч И.Гтомилсон банкны шийдвэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй атал шүүгч шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг хангаагүй гэж үзэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат нь ШБ Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, түүнд төлөөлөх этгээдийг томилсон этгээд нь хэн болох, тус өдрийн шүүх хуралдаанд олгосон И.Гэрэлчулуунаас Д.Цэдэндамбад олгосон итгэмжлэл нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг хангасан эсэх, И.Гнь итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулах шаардлагатай байгаа талаар хүсэлт гаргасан. Шүүхээс И.Гтомилсон шийдвэрийг гаргуулахаар захирамж гарган шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар И.Гтомилсон шийдвэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй, эх хувь биш өнгөтөөр хэвлэн гаргасан хуулбар хувь бөгөөд ямар нэгэн байдлаар нотариатаар баталгаажуулаагүй байна. Гэвч шүүх нотлох баримтыг үнэлж шүүх хуралдаанд Д.Цэдэндамбыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй, шүүх хуралд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь хуульд заасан зохигчийн эрх, үүргийг эдлэн тайлбарлах эрх бүхий этгээд мөн эсэхийг шүүх үнэлээгүй. Энэ нь өмгөөлөгч миний мэтгэлцэх зарчмыг хязгаарласан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн суурь зарчмыг зөрчсөн үйлдэл юм. Хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан, шийдвэрлэлгүй орхигдуусан зэрэг түгээмэл алдаа нь талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарлах, тэгш байдлыг алдагдуулах үндэслэл болдгоороо хэргийг дахин хянан хэлэлцэх шалтгаан болдог. Шүүгчээс татгалзан гаргасан хүсэлтийг шүүгч хүлээн аваагүй. Шийдвэрийг үндэслэх хэсэгт ... эцэст нь, шүүх хуралдааны эхэнд хуралдаан даргалагчаас хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг талуудаас тодруулахад гаргах хүсэлт байхгүй гэж хариулсан атлаа хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 -т заасан үндэслэлээр хуулиар тогтоосон журам, шүүх хуралдааны дэгийг зөрчиж шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан. Шүүх уг хүсэлтийг хүлээн авах, цаашлаад Ерөнхий шүүгчээр хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шилжүүлэх зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах нь үндэслэлгүй гэжээ. Шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал буюу уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байгаа талаар дурьдаж хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг шүүгч хүлээн аваагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй гэж заасныг зөрчсөн болно. Өөрөөр хэлбэл, хууль буруу тайлбарлан шүүх хуралдааны явцад тогтоогдсон гэж үзэж тухайн үед нь мэдэгдэж, татгалзал гаргасан атал шүүгч өөрийн татгалзлыг өөрөө шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй.
Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй. Энэхүү журам зөрчигдсөн буюу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар тодорхой заагаагүй, орхигдуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтыг заахаас гадна үндэслэл болоогүй баримтыг мөн зааж, шалтгааныг тайлбарлах учиртай. Гэвч шүүхийн шийдвэрт нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар тусгаагүй, хэргийг тал бүрээс нь бодитой үнэлээгүй байна. Шүүгч шүүх хуралдаан эхлэхэд талуудын итгэмжлэл, шүүхэд оролцох хэргийн оролцогчийн эрхийг хангаж, зохигчийн эдлэх эрх, талуудын тайлбаруудыг нотлох баримтын шаардлага хангасан талаас нь үнэлэх учиртай. Гэвч хэргийн оролцогч биш этгээдийн тайлбар мэдүүлэг, мэтгэлцээний зарчим гаргасан нотлох баримтуудыг шүүх үнэлж шийдвэрлэсэн нь Анхан шатны цгүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж үзэх үндэслэлгүй. Шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн бичгээр гаргасан хариу тайлбар, түүний үндэслэл, хүсэлтүүдийг хангасан байдал зэрэг нь Мэтгэлцэх суурь зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Мөн хуульд заасан хэргийн оролцогч биш этгээдийн гаргаж өгсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн нотлох баримт гэж үзэх үндэслэл болохгүй. Нэгэнт хуулиар эрх олгогдоогүй этгээд нь зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээн нотлох баримтыг гаргасан нь тухайн нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Хуульд заасан нотлох баримтыг цуглуулах ажиллагаа нь шүүхийн шийдвэр нь тал бүрээс нь бодитой, үнэн зөв байх үндсэн зарчим бөгөөд үүнийг зөрчсөн нотлох баримтыг шүүх үнэлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00198 тоот шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар пгүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Нэхэмжлэгч Ч.Нацагдорж нь хариуцагч ШБ Монгол дахь санд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, илүү цагийн нэмэгдэл хөлс 459 540.97 төгрөг, 13 дахь сарын цалин 3 293 377 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох нь нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй, тодорхой бус байхад ШБ Монгол дахь сан төлөөлөгчийн газрыг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцээгүй, үндэслэл муутай болжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг ШБ Монгол дахь сан гэж тодорхойлж, шүүх энэхүү оноосон нэрээр иргэний хэрэг үүсгэсэн байна. Гэвч Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газраас ...төвтэй ШБ Монгол дахь сан нэрээр салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл олгосон баримт хэргийн 23 дугаар талд авагдсан байна. Зохигчид хариуцагчийн эрх зүйн байдал болоод төлөөлөгчийн газрын эрх зүйн чадамжийн талаар маргаж байгаа нөхцөлд шүүх хариуцагч болох төлөөлөгчийн газрын нэршил зөв эсэх, төлөөлөх эрх нь ямар хүрээнд хэрэгжих зэргийг нарийвчилан тодруулах шаардлагатай. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.5 дах хэсэгт хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын эрх зүйн байдал, түүний эрхлэн явуулах үйл ажиллагааны талаар заасан бөгөөд төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийг өөрийн дүрэм, зорилгодоо нийцсэн хэмжээнд бүрэн төлөөлөх боломжтой. Иймд хэрэгт авагдсан төлөөлөгчийн газрын дүрэм зохих журмын дагуу бүртгэгдсэн эсэх, төлөөлөгчийн газрын бүрэн эрхийг тодорхойлсон дүрэм нотлох баримтын хуулиар тогтоосон шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна.
Мөн И.Гэрэлчулуунд ШБ Монгол дахь сан төлөөлөгчийн газрыг төлөөлөх эрх олгосон итгэмжлэл эрх бүхий этгээдээс олгогдсон эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй, уг баримтууд нь орчуулгын бөгөөд эх хувиар бус баримт байх ба үндсэн эх болох герман хэл дээрх баримтгүй тул ажилтныг ажилд авах, ажлаас халах зэргээр дүрэмд заасан эрхээ хэрэгжүүлсэн үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна. /хх80/
Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэлдэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
А.МӨНХЗУЛ