Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1351

 

 

 

 

     2025           12            02                                      2025/ДШМ/1351

 

А.М-, Б.Ц-, Д.Э- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан,

цагаатгагдсан этгээд Б.Ц-, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/1940 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 91 дүгээр эсэргүүцлийг үндэслэн А.М-, Б.Ц-, Д.Э- нарт холбогдох эрүүгийн 2041000400179 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. М-,

 

2. Ц-,

 

3. Э-, /;

 

А.М- нь ***зохицуулагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оноос 2021 он хүртэл ***төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “***" ХХК-ийн ерөнхий захирал Д.Э-гаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эхнэр Д.Г-гийн нэрээр 264.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “**** ХХК”-д нягтлан бодогч Уаар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шангрила Молл” төвийн орчим 175.000.000 төгрөгийн тус тус хахууль авсан гэмт хэрэгт,

Б.Ц- нь ****хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй ****ажилтнаар ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч “*** ХХК”-ийн ерөнхий захирал Д.Э-гийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Ривэр гарден” хотхон ****** тоотод байрлах “****" ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4.700.000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матрас 1 ширхгийг хахуульд авсан, үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “****” ХХК-ийн “****” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амрах төлбөрийн урьдчилгаа болох 4.037.600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлж хахууль авсан гэмт хэрэгт,

Д.Э- нь 2017 оноос ****санхүүжилтээр хэрэгжүүлсэн *****туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ***зохицуулагчаар ажиллаж байсан А.М-д албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 264.000.000 төгрөгийг түүний эхнэр Д.Г-гийн нэрээр шилжүүлэг хийж  хахууль өгсөн, мөн “**** ХХК”-ийн нягтлан бодогч Уаар дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар орооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила Молл” төвийн орчим 175.000.000 төгрөгийн хахууль өгсөн, уг төслийн барилгын ажлын явцын хэрэгжилтэд хяналт тавьж худалдан авалтын үйл явцыг зохицуулах ажилтан Б.Ц-ид албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 31 -ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Ривэр гарден” хотхоны **** тоотод үйл ажиллагаа явуулах “****” ХХК-ийн дэлгүүрээс 4.700.000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матрас 1 ширхгийг худалдаж авч өгсөн, мөн Б.Ц-ид Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “****” ХХК-ийн “****" амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр болох 4.037.600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: А.М-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,

Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  

Д.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй" гэж зааснаар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгаж,

шүүгдэгч М-г үргэлжилсэн үйлдлээр “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэргийг “хясан боогдуулах аргаар үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч Э-г үргэлжилсэн үйлдлээр “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, А.М-ы цагдан хоригдсон 27 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 405.000 төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 35.595.000 төгрөгөөр тогтоож, торгох ялыг 01 жилийн хугацаанд биелүүлэхээр хугацаа тогтоож,шүүгдэгч А.М- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан 05 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ы Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 дансанд байршуулсан, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 200.000.000 төгрөг (4хх 191 хуудас), 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 90.000.000 төгрөг, нийт 290.000.000 төгрөгийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АТГ-ын МШГ-ын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгч А.М-ы оршин суух Хан-Уул дүүргийн **** тоотоос хураагдсан 29,900 ам.доллар, 5960 евро, 18.300.000 төгрөг, Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо Хужир булан 5 дугаар хэсэг 79- 2626 тоотоос хураагдсан 12.650 ам.доллар, 6.000.000 төгрөг, 5000 рубль, (4хх 89 хуудас), Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ***** А.М-ы ажлын байранд хийсэн нэгжлэгээр хураан авсан 20.000 төгрөг 84 ширхэг, нийт 1.680.000 төгрөг зэргээс:

29.900 ам.доллар, 12.650 ам.доллар, нийт 42,550 ам.доллараас Монгол банкнаас 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зарласан 3.593,62 ханшаар 149.000.000 төгрөгийг 41.469 ам.долларт шилжүүлж, уг хураагдсан ам.доллараас хасаж, улсын орлогод оруулж, үлдэх 1.081 ам.доллар, 5960 евро, 18.300.000 төгрөг, 6.000.000 төгрөг, 5000 рубль, ажлын байранд хийсэн нэгжлэгээр хураан авсан 20.000 төгрөг 84 ширхэг, нийт 1.680.000 төгрөгийг зэргийг шүүгдэгч А.М-д,

харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж АТГ-ын МШГ-ын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Д.Э-гийн ажлын байр болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чин ван Г.Чагдаржавын гудамж **** ХХК-ийн оффист нэгжлэгээр хураан авсан 20.000 дэвсгэрт 430 ширхэг, 10.000 дэвсгэрт 40 ширхэг 5.000 дэвсгэрт 100 ширхэг, 50 евро 1 ширхэг 20 евро 2 ширхэг 10.000 вон 4 ширхэг,

А.М-ы ашиглаж байсан “I phone 13” загварын **** 8 имэй кодтой дэлгэцийн хамгаалалт 1135 дугаарын кодтой хар өнгийн утас, (4хх-ийн 186 хуудас) зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Э-, А.М- нарт,

мөн Б.Ц-ийн Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 дансанд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байршуулсан 8.737.6000 төгрөгийг буцаан олгохоор, хэрэгт хавсаргагдсан Сиди 8 ширхэг, тусад нь битүүмжилж ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан магадалгаа, сиди 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.М-д урьд авсан Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчийн албан үүргийг биелүүлэхийг эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Ц-, Д.Э- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээ шийдвэрлэжээ.

 

Прокурор Ө.Мөнхнавч бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ” хэсэгт: Шүүгдэгч Д.Э- шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...264,000,000 төгрөгийн хувьд А.М- нь эрүүл мэндийн шалтгаанаар тухайн мөнгийг гэр бүлийн хүмүүс нь надаас гуйсан”, мөн миний ээжтэй холбогдож гуйж байсан. Би хүнд сайхан сэтгэлээр тусалъя гэж бодсоны төлөө ийм хэрэгт унана гэж санасангүй...”,  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний А.М-д мөнгө өгсөн шалтгаан бол ерөөсөө ажлаа хурдан явуулах л байсан, учир нь албан тушаалтан гарын үсгээ зурахгүй байна гэдэг компанийн ажлыг хэвийн явуулахад маш хүндрэлтэй байдаг..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Э-гийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Авлигатай тэмцэх газар бичгээр гаргасан “...2022 оны 04 дүгээр сарын 20-25-нд А.М- надаас мөнгө өгөхийг тулгаад байсан. Ингээд би бэлэн байсан 175.000.000 төгрөг Шангрилагийн ард өгсөн...” гэсэн хүсэлт зэрэг харилцан эсрэг, зөрүүтэй мэдүүлгүүдийг шинжлэн судалсан талаар тусгасан.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна...” гэж дүгнээд “шүүгдэгч Д.Э-г 2017 оноос ****санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбар хөгжил, хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.М-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр нийт 439.000.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж тус тус үзэв.” гэсэн дүгнэлтийг хийсэн. Шүүгдэгч Д.Э- дээрх хэргийг үйлдээгүй, гэмт хэрэг биш гэдэг байр суурийг шүүх хуралдаанд удаа, дараа илэрхийлж, шүүхийн шатанд прокуророос зүйлчилсэн зүйлчлэл, гэм буруугийн асуудалд маргаж оролцсоор байтал шүүхээс “шүүгдэгч Д.Э- нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хясан боогдож аргагүй байдалд орж ажлаа хэвийн үргэлжлүүлэх зорилгоор үйлдсэн, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу бусдад нийгэмд тухайн төсөл ажилд бодитой хохирол, хор уршиг учруулаагүй, төсөл ажил амжилттай, ямар нэгэн асуудал үүсээгүй дууссан байдал, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн, 51 настай, **** ХХК-ийн ерөнхий захирал ажилтай хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв” гэсэн шүүхийн дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдоогүйгээс гадна, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн үйл баримтаас хальсан, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

Шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэж заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгасугай” гэжээ. Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Ц-, Д.Э- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.9-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах ёстой. Гэвч дээрх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлд хамаарч байна. Мөн тогтоолын 3 дахь заалтад “...шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй." гэж шийдвэрлэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлах талаар хууль хэрэглээний практик аль хэдийн тогтсон атал анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлаагүй шийдвэр гаргасан нь, мөн шүүгдэгч Д.Э- болон түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, гэм буруу, прокуророос хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар маргасан байр суурийг илэрхийлсээр байтал шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримталсан нь тус тус Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “...хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө...” гэж заасан.

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн **** дугаартай хэрэг нээн шалгасан. Хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокуророос 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “***” ХХК-ийн ерөнхий захирал Д.Э-г А.М-д албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 264.000.000 төгрөгийг түүний эхнэр Д.Г-гийн нэрээр шилжүүлэг хийн хахууль өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр яллагдагч Д.Э-д прокурорын тогтоолыг танилцуулсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр В.Г-аас гэрчээр мэдүүлэг авах явцад “Д.Э- нь А.М-д хахууль өгсөн үйлдлээ сайн дураар илчилж байна...” гэх агуулга бүхий өргөдлийг В.Г-ад өгч байсан талаар мэдүүлж, хэрэгт тусгуулахаар өргөдлийг өгсөн. Гэтэл Д.Э-г нийтийн албан тушаалтанд 264.000.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, яллагдагчаар татсаны дараа гэрч В.Г-аас гаргаж өгсөн өргөдлийг үндэслэн үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа илчилсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй юм. Тухайн өргөдөлд “264 сая төгрөгийг элгээ солиулахад нь тусламж болгож өгсөн гэж бичсэн нь Д.Э- тухайн үйлдлийг гэмт хэрэг гэж ойлгож сайн дураараа илчилж байгаа гэхээс илүүтэйгээр бусдад туслалцаа үзүүлсэн мэтээр бичсэн нөхцөл байдал, мөн шүүхийн шатанд дээрх үйлдлүүдийг гэмт хэрэг биш гэдэг агуулгаар маргаж оролцсон байр суурийг шүүх хэрхэн дүгнэж Д.Э-г Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн “Тайлбар” хэсэгт тусгагдсан “хясан боогдсоны улмаас аргагүй байдалд орсон, эрх бүхий байгууллагад сайн дураараа мэдэгдсэн” гэх агуулгад хамааруулан тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”-өөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө" гэж тус тус заасан бөгөөд ял, эрүүгийн хариуцлагыг өөр өөрөөр тодорхойлсоор байтал шүүхээс нэг агуулга мэт ойлгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангагдаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч байна.

Энэ асуудлаар прокуророос 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд эсэргүүцлийг хүлээн авч, өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байсныг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж хуульчилсан.

Нийслэлийн эрүүгийн хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 315 дугаартай магадлалд шүүгдэгч А.М-д оногдуулсан ял, эрүүгийн хариуцлага үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсээр байтал анхан шатны шүүхээс шүүгдэгч А.М-д дахин нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Д.Э-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч А.М-ы өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байна. Прокурор “шүүгдэгч А.М-д оногдуулсан ял хөнгөдсөн” гэж байна. Яллах дүгнэлтийн 14 дүгээр талд “энэ гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй” гэж дурдсан. Энэ нь прокурорын бичсэн эсэргүүцлийн утга, санаатай харшилж байна. Анхан шатны шүүх нийгмийн аюулын шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүл мэндийн байдал, хувийн байдлыг харгалзан үзсэн. Шүүгдэгч А.М- нь элгээ солиулах мэс засалд орсон. Өөрөөр хэлбэл, өөр хүний элэг тавьчихсан, байнгын эмчийн хяналтад байдаг. Прокурор сая санкцын тухай ярьж, шүүхийн хараат бус байдалд халдсан гэж үзэж байна. Эсэргүүцэлдээ “Д.Э- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ” гэж бичсэн байна. Анхан шатны шүүх Д.Э- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй, Д.Э-г гэм буруутайд тооцож шийтгэх тогтоолын 19 дүгээр талд “Д.Э-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хясан боогдож аргагүй байдалд орж ажлаа хэвийн үргэлжлүүлэх зорилгоор үйлдсэн, мөн уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу бусдад нийгэмд тухайн төсөл ажилд бодитой хохирол, хор уршиг учруулаагүй, тухайн төсөл ажил амжилттай, ямар нэгэн асуудал үүсээгүй дууссан байдал, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн” гэж дүгнэсэн. Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүх энэрэнгүй байх ёстой. Прокурор “хэргийн бодит байдалд нийцээгүй” гэж байна. Энэ хэргийг хэд, хэдэн удаа хэлэлцэж, нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, тогтоон хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Прокурор “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлах ёстой байсан” гэж байна, журамлахад болохгүй юм байхгүй, энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, зөв дүгнэлт хийсэн, хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Харин прокурор эсэргүүцлийн 3 дахь үндэслэл нь давж заалдах шатны шүүхэд нөлөөлөх хандлага илэрхийлэгдэж байна. Тухайлбал “өмнөх магадлалаар ингэж шийдвэрлэсэн, ингэх нь зүйтэй” гэж шүүхийн бие даасан байдалд халдсан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаж, өнгөрсөн жил өндөр насны тэтгэвэр гарсан. Анх сумын эх барих эмчээр ажлын гараагаа эхлүүлж, шартай эх төрүүлж, ажлын байрнаасаа Монголчуудын ярьдгаар элэгний шар буюу элэгний B,C гепатит тусаж, циррозтой явсан. 2018, 2019 онд цус алдаж, амьдралынхаа төгсгөлийн шатанд ирж, зайлшгүй элэг солиулах шаардлагатай нөхцөл байдал үүссэн талаарх материалуудаа гаргаж өгсөн байгаа. Миний бие 2019 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад элгээ солиулсан. Монголын төрд 30 гаруй жил ажилласан ч төр, засгаас надад санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй. Өөрөө мөнгө цуглуулж явахаас өөр аргагүй болсон. Монгол Улсын хилээр таван зуу гаруй сая төгрөгийг авч яван, гаальд мэдүүлж, эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэсэн. Би хамаатан садан, найз нөхдүүдээсээ мөнгө зээлсэн нь үнэн. Д.Э-гийн ээжтэй нэг салбарт ажиллаж байсан учраас “туслаач” гэж хандан, мөнгө зээлсэн. Үүгээрээ энэ хүнийг аргагүй байдалд оруулснаа мэдсэн. Би гадны байгууллагад нэлээдгүй олон жил ажилласан. 2008-2013 онд Америкийн Засгийн газрын Мянганы зорилтын сангийн төслийн захирлаар ажиллаж байхдаа “хэдийгээр Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөл боловч Америкийн татвар төлөгчдийн мөнгө учраас тэдний хууль, дүрмийн дагуу явна” гэж ойлгуулж, тэдний журмаар явж байсан. Би яг энэ төсөлтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банканд ажиллаж байсан. Эрүүл мэнд, тухайн үеийнхээ дүрэм, журмыг мэдээгүй байснаас ийм байдалд орсон гэдгээ хэлэх нь зүйтэй байх. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Э-гийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор “Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Д.Э-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэдэг агуулгаар эсэргүүцэл бичсэн байна. Энэ хэрэг анхан шатны шүүхээр 3 удаа, давж заалдах шатны шүүхээр 3 удаа, хяналтын шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Прокурор эсэргүүцэлдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаагүй” гэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг учир энэ алдааг зөвтгөх боломжтой. Миний үйлчлүүлэгч “бусдын амийг аврах, хүн ёсны үүднээс тусламж үзүүлж, 264,000,000 төгрөгийг шилжүүлсэн” гэж тогтвортой мэдүүлдэг. Д.Э-, А.М- нар эрх зүйн аливаа харилцаанд орж байгаагүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө давуу байдал олгож, хахууль өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Прокурор “хясан боогдуулсны улмаас хахууль өгсөн, авсан” гэж ялласан мөртлөө үүнийхээ эсрэгээр эсэргүүцэл бичиж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр, туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэсэн ажил нь норм, дүрэм, стандартыг зөрчсөн, бусдын дэмжлэг туслалцаа авах хэмжээнд байгаагүй. Туслан гүйцэтгэгч нь Австрийн компанитай харилцдаггүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Анхан шатны шүүх “тухайн төсөл амжилттай хэрэгжиж, ямар нэг асуудал үүсэлгүй, Улсын комисс хүлээж авсан” гэж дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт миний үйлчлүүлэгч үнэн, бодит байдлыг ярьсан. Д.Э- нь өөрөө эмч хүний хүүхэд, тухайн үед хүн ёсны үүднээс гуйгаад байсан учраас аргагүй байдалд орж, тусалсан гэдгийг анхаарч үзнэ үү. Прокурор сая урьд гарсан магадлалын талаар ярьж байна. Давж заалдах шатны шүүх урьд шүүгдэгч Д.Э-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэж байсан. Хэрэгт энэ магадлал байгаа гэдгийг тэмдэглэж хэлье. Улсын Дээд шүүх “хэргийн оролцогч нарт гүйцэтгэх ажиллагааны материалыг танилцуулаагүй” гэдэг шалтгаанаар хэргийг буцааж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан” гэж хуульчилсан. Д.Э-гийн хувьд ийм асуудал байгаагүй. Австрийн “****” компани нь Д.Э-гийн хувьцаа эзэмшдэг “***” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. Эрүүгийн хууль, Авлигын эсрэг конвенцод хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж мөнгө өгсөн тохиолдолд төлбөрт үйлчилгээг хэвээр үлдээж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан. Хэргийн 122-123 дугаар хуудаст авагдсан Д.Э-гийн мэдүүлэг, Авлигатай тэмцэх газарт өгсөн хүсэлт, тайлбаруудаар эдгээр нь нотлогддог. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад үндэслэж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөнгө өгсөн үйлдэлд маргахгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчтэйгөө санал нэг байна, гэм бурууд маргахгүй. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Б.Ц-ийн өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж, миний үйлчлүүлэгч Б.Ц-ийг цагаатгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Прокурор эсэргүүцэлдээ Б.Ц-ийг цагаатгасан талаар дурдаагүй, энэ талаарх шүүхийн шийдвэрийг эсэргүүцээгүй гэж ойлгосон. Харин “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах зохицуулалттай” гэж байна. Давж заалдах шатны шүүх энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгөх боломжтой гэж үзэж байна. Иймд Б.Ц-ийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Б.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх А.М-, Б.Ц-, Д.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч А.М- нь ***зохицуулагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оноос 2021 он хүртэл ***төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “***" ХХК-ийн ерөнхий захирал Д.Э-гаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эхнэр Д.Г-гийн нэрээр 264.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “**** ХХК”-д нягтлан бодогч Уаар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шангрила Молл” төвийн орчим 175.000.000 төгрөгийн тус тус хахууль авсан гэмт хэргийг,

шүүгдэгч Д.Э- нь 2017 оноос ****санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ***зохицуулагчаар ажиллаж байсан А.М-д албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 264.000.000 төгрөгийг, мөн “**** ХХК”-ийн нягтлан бодогч Уаар дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар орооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила Молл” төвийн орчим 175.000.000 төгрөгийн тус тус хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

гэрч В.Г-ын “...”****” компанийн Монгол Улс дахь төлөөллийн компани болох “****” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн ****4 блок бүхий нийтдээ 17667 мкв талбайтай эмнэлгийн 3 дугаар шатлалын хэвтэн эмчлүүлэх 200 ортой, өдрийн эмчилгээ, хагалгааны 6 өрөөтэй жишиг эмнэлгийн барилгын ажил эхлүүлж манай компани туслан гүйцэтгэгчээр ажилласан юм... Тэр үед Д.Э- захирал надад А.М- албан тушаалын байдлаар дарамтад оруулж мөнгө нэхдэг талаар ярьдаг байсан. Одоо санаж байхад 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Д.Э- захирал А.М-ы хууль бусаар манай санхүүжилтийг удаашруулдаг, улмаар авлига нэхдэг зүйлийг хэлж хуулийн байгууллагад хандаж өргөдөл бичсэн. ...” /2хх 25-26/,

гэрч Уын “...2022 оны 05 дугаар сарын эхээр санагдаж байна манай захирал Д.Э- намайг дуудаж уулзаад “чи А.М- гэдэг хүн рүү viber интернэт сүлжээгээр яриад энэ цүнхтэй зүйлийг өгчих” гэж хэлсэн. ... 14-15 цагийн үед Шангрила зочид буудлын ард талд очоод A.М-д өгсөн. ...А.М-г Эрүүл мэндийн яаманд төслийн ажлыг хариуцсан дарга хийдэг гэдгээр мэднэ...” /2хх 37/,

А.М-ы яллагдагчаар өгсөн “...264.000.000 төгрөгийг бусдаас хахууль авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... Д.Э-гийн дүү гэх залуу 175.000.000 төгрөгийг Шангрилагийн гадаа авчирч өгсөн. Мөнгөний хагас хэсгийг ам.доллар болгож солиулсан, хагасыг нь хэвээр хадгалж байсан. Гол нь манай нэг дүү барилгын ажил авсан боловч гүйцэтгэл орж ирэхгүй надаас дараагийн тендерт ороход мөнгө хэрэг болоод байна гээд би түүнд туслах зорилготой Д.Э-гаас 175.000.000 төгрөгийг авсан. 175.000.000 төгрөг нь 20.000, 5.000 зэрэг төгрөгийн дэвсгэртээр байсан юм. ...” /2хх 106/,

Д.Э-гийн яллагдагчаар өгсөн “...намайг 264.000.000 төгрөг шилжүүлээч гээд дансны дугаар өгсөн, тэр данс нь гадаад нэртэй байсан. Тухайн үедээ В.Г-ын дансанд компанийн барилгын материалд явах гэж байсан 200.000.000 гаруй төгрөгөөс үлдсэн 187.000.000 төгрөг, компанийн данснаас мөнгө гаргуулж нийт 264.000.000 төгрөг болгож А.М-гийн надад өгсөн Худалдаа хөгжлийн банкин дахь “***” ХХК-ийн дансанд түүний хэлсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн. ...А.М-д мөнгө өгсөн шалтгаан бол ерөөсөө ажлаа хурдан явуулах байсан. Учир нь албан тушаалтан гарын үсгээ зурахгүй байна гэдэг нь компанийн ажлыг хэвийн явуулахад маш хүндрэлтэй байдаг. ... мөн өөрийнх нь орон сууц зэрэгт засварын ажил хийж өгч байсан, тэрнийхээ хөлсийг тодорхой хэмжээтэй өгч байсан. ... хэлсэн мөнгийг нь цуглуулж байгаад Шангрилагийн ард хүнээр өгүүлсэн... 175.000.000 төгрөгийг хар өнгийн цүнхэнд хийгээд үеэл дүү У- //-аар өгч явуулсан. “Мөнгийг Шангрила зочид буудлын ард уулзаад авъя” гэж М- хэлсэн. У- Шангрила зочид буудлын хойд талын зам дээр өглөө гэж хэлсэн. Энэ мөнгийг өгсний дараа 1,2 сая долларын буюу 3-4 тэрбум төгрөгийн санхүүжилтээ авсан. ...” /2хх 122-123, 131-133/ гэсэн мэдүүлгүүд, баримт бичигт үзлэг хийж хураан авсан тухай “...Үзлэгийн явцад 811 дүгээр салбарын 1341 дугаартай теллер ажилтны бэлэн орлого зарлагын баримт гэх хэсгээс 1. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181214692200385485 журналын дугаар бүхий 186,964,853 төгрөгийн зарлагын баримт 1 хуудас, 2. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн АА002910572 дугаар бүхий 87,035,147 төгрөгийн бэлэн мөнгөний чекийн баримт 1 ширхэг, 3. 2018 оны 12дугаар сарын 14-ний өдрийн 181214692200391225 дугаар журналын дугаартай 264.000.000 төгрөгийн бэлэн орлогын ордерын баримт 1 ширхэг зэрэг нийт 3 хуудас баримтыг хураан авлаа...” гэх тэмдэглэл, банкны баримтууд /1хх 138-140/,

дансны хуулганд үзлэг хийсэн тухай “...Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6/4449 дугаар албан бичгээр ирүүлсэн тогтоолд дурдсаны дагуу гүйлгээ хийсэн цаг хугацааны жагсаалт, гүйлгээ хийсэн теллерийн мэдээлэлд үзлэг хийхэд жагсаалтын 499 дүгээр салбарын 1341 дугаартай теллер Э.Энхцэцэгийн хийсэн гүйлгээнд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 14 минут 56 секундэд В.Г-а 186,964,853 төгрөгийг бэлэн гүйлгээгээр, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 18 минут 07 секундэд Д.Э- 87,035,147 төгрөгийг бэлэн гүйлгээгээр 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг 22 минут 50 секундэд “***” ХХК-ийн 4**** дугаарын дансанд 264,000,000 төгрөгийн гүйлгээг “Энконто тауэр” 1002 тоотоор хийсэн байна...” гэх тэмдэглэл /3хх 61-62/,

гар утсанд үзлэг хийсэн “...А.М-ы ашигладаг гар утас нь “I Рhоnе 13 рrо mах” загварын 35807419360099 8 имей кодтой байв. Дэлгэцийн хамгаалалт кодыг 1235 гэж нээсний дараа түүний утасны харилцагч /соntact/ цэс рүү орж үзэхэд ***** дугаарыг “****” гэх нэрээр хадгалсан байв... хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл агуулсан яриа, мессеж, зураг viber-н харилцан яриа chat байгаа эсэхийг тогтоохоор viber руу ороход “****” гэх хэрэглэгчтэй харилцсан 2022 оны 4 дүгээр сарын 01- ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны харилцан яриа хадгалагдсан байв. Харилцан ярианд үзлэг хийхэд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Тендерт оролцогч нь тендерийн хамт дараах нэмэлт баримт бичиг ирүүлнэ гэх утга бүхий Англи хэл дээрх тендерт оролцогч бүрдүүлэх материалын жагсаалт, техникийн тодорхойлолт, Хан-Уул дүүрэгт баригдах эмнэлэгт ашиглах тоног төхөөрөмжийн жагсаалт зэргийг явуулсан... 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “мөнгөний боломж ямар бга бол” гэх мессеж “Окок tgyee, tugruguur, Тийм” гэсэн мессеж зэрэг харилцан яриа нь хэргийн оролцогч нарын хоорондын харилцаа гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээ мэдээллийг бэхжүүлсэн байв...” гэх тэмдэглэл /4хх 170-175/, мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 700 дугаар зөвшөөрөл /1хх 136-137/, А.М-гийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгүүд /2хх 149-169/, Эрүүл мэндийн яамны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2/3103 дугаартай албан бичиг, хавсралт баримтууд /2хх 174-184/, “***” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх 209-210/,  “****” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 458036892 дугаартай дансны хуулга /3хх 15-39/, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6/4449 дугаартай албан бичиг, хавсралт /3хх 59/, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “**** констракшн” ХХК-ийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 39-54/, шүүгдэгч Д.Э-гийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан “хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө гэж заасан заалтыг өөрийн эрхзүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор илчилж байна. Үүнд “...2022 оны 04 дүгээр сарын 20-25-нд А.М- надаас мөнгө олж өгөхийг тулгаад байсан. Ингээд би бэлэн байсан 175.000.000 төгрөгөө Шангрилагийн ард гадаа өгсөн...” гэх хүсэлт (2хх 127- 128/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.М-гийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Э-гийн “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тухайн үед  ***зохицуулагчаар ажиллаж байсан А.М-д хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э-гийн шүүгдэгч Б.Ц-ид хахууль өгсөн, шүүгдэгч Б.Ц-ийн Д.Э-гаас хахууль авсан гэх хэргийн тухайд “...эргэлзээгүй нотлогдон тогтоогдохгүй байна. ...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, Б.Ц-ийн 2022 оны 05 дугаар сарын 01, 25, 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд яллагдагчаар өгсөн /2хх 14-16, 21, 6хх-52-53/, Д.Э-гийн 2022 оны 6 дугаар сарын 02, 09-ны өдрүүдэд яллагдагчаар өгсөн /2хх 122-123, 131-133/ мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэйгээс гадна “****” ХХК-ийн захирал Н.Даваажаргалын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар /1хх 151/, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар /6 хх 79/,

 “****” ХХК-ийн захирал Б.О-ын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 02/040 дугаартай /1хх 153/, мөн тус компанийн захирал Б.О-ын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/073 дугаартай /6хх 80-82/ албан бичгүүд харилцан зөрүүтэй, үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байгаа гэх үндэслэлээр анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, дээрх хоёр зөрүүтэй албан бичгүүдийг шалгуулсан байх бөгөөд “****” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай албан тоотод “Д.Э- нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай дэлгүүрээс худалдан авалт хийсэн. Д.Э- нь урамшуулал хэрэггүй гэсэн учраас манай дэлгүүр Д.Э-г дагуулж ирсэн гишүүн Б.Ц-ид (Б.Ц- нь өмнө нь ч бас олон худалдан авалт хийсэн) матрас урамшуулал болгон өгсөн. Д.Э- нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр худалдан авалт хийсэн бөгөөд худалдан авсан матрасыг хөнжлөөр солиогүй ба Б.Ц- нь урамшуулалд авсан матрасаа хөнжлөөр сольсон болно”, /10хх 9/

“****” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 07/17 дугаартай албан тоотод “...Бид тус зочны амарсан үйлчилгээний төлбөрөө хэрхэн төлснийг шалгаж үзэхэд 2021.09.06 өдөр манай Голомт банкны данс руу 4.037.600 төгрөг /банкны салбар дээр очиж бэлнээр манай данс руу хийсэн байсан/, үлдэгдэл тооцоо 202,395 төгрөг цогцолбор дээр бэлнээр төлсөн. Манай захиалгын дугаар нь хэдний өдөр захиалга өгснөөр бүртгэгддэг ба Ц- зочны захиалгын дугаар нь 20210826_011 гэсэн дугаартай ба анх захиалгыг 2021 оны 8 сарын 26 өдөр өгсөн байна. 2022 оноос хойш манай Сall log-н дуудлагын бичлэг устсан мөн зочид буудлын программаа сольсонтой холбоотой тухайн үеийн баримт нотолгоог шүүж харах боломжгүй байна” гэсэн албан бичгүүд /10хх 21/, мөн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Иргэн ВЮ61021570 регистрийн дугаартай Т., ХИ62061408 регистрийн дугаартай Б.Ц- нар нь 2021 оны 11-р сарын 5-ны өдрөөс 7 хоног амарч, тус бүрдээ багц эмчилгээ авсан байна. Захиалга өгсөн этгээдийн мэдээлэл байхгүй бөгөөд эмчилгээний баримтын захиалгын дугаарт 2021 оны 08 дугаар сарын 26 гэж бүртгэсэн байна. Нийт төлбөр нь 4.239.995 төгрөг болж, үүнээс урьдчилгаа 4.037.600 төгрөгийг 2021 оны 9 сарын 6-ны өдөр “****” ХХК-ийн Голомт банк дахь 2105114643 дугаартай данс руу шилжүүлж, үлдэгдэл 202.395 төгрөгийг бэлнээр 2021 оны 11-р сарын 12-ны өдөр өгсөн...” байна /10хх 27/, “****” ХХК-ийн Голомт банкны дансны хуулганд “2021 оны 9 дүгээр сарын 6- ны өдөр 4.037.600 төгрөгийн орлого, гүйлгээний утгад “Ц- 80406200” гэх тэмдэглэл /10хх 35/, гэрч Х.Э “...би Ц гэх хүнийг 2021 оноос таних болсон. ...7 юм уу 14 хоногт нэг удаа очиж гэрийг нь цэвэрлэх, мөн гадуур явж ойр зуур тусалдаг байсан. Энэ гүйлгээний тухайд Ц- эгчтэй  3, 4 дүгээр хорооллын дэлгүүр хэсээд явж байхад сувилал билүү амралтын мөнгө шилжүүлнэ гэж ярьж байгаад надад бэлэн мөнгө өгч өөрөө банкны үүдэнд сууж үлдээд би гүйлгээ хийсэн. Гүйлгээ хийх үед теллер нь утасны дугаараа хэлээрэй гэхээр нь өөрийнхөө дугаарыг бичсэн. Ц- эгч надад боодолтой мөнгө өгснийг санаж байна. Яг хэдэн төгрөг өгснийг санахгүй байна. Ямар ч байсан энэ дүнгээр шилжүүлчих гэж хэлээд би шилжүүлсэн” гэсэн /10хх 24-25/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэж Б.Ц- нь Д.Э-гаар “****” ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4.700.000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдан авахуулсан, мөн “****” ХХК-ийн “****” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр болох 4.037.600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлсэн болох нь үгүйсгэгдэж байх буюу эргэлзээгүй нотлогдон тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй" гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Ц-ийн Д.Э-гаас хахууль авсан, шүүгдэгч Д.Э-гийн Б.Ц-ид хахууль өгсөн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Прокурор “...шүүгдэгч Д.Э- нь гэм буруугийн талаар маргаж байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь буруу, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар Д.Э-, Б.Ц- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэг бүртгэлтэд буцаагаагүй, ... анхан шатны шүүхээс шүүгдэгч А.М-д дахин нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй. ...” гэх агуулгаар эсэргүүцэл бичжээ.

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх.

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүнийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар мөрдөгч, прокурор, шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар маргахгүй байгааг ойлгодог.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э- болон түүний өмгөөлөгч Г.Наранбаатарын нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй талаараа илэрхийлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хясан боогдож аргагүй байдалд орж, ажлаа хэвийн үргэлжлүүлэх зорилгоор үйлдсэн байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу бусдад, нийгэмд, тухайн төсөл ажилд бодитой хохирол хор уршиг учраагүй, тухайн төсөл ажил амжилттай, ямар нэгэн асуудал үүсээгүй дууссан болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухай зүйл заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй.”, 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.9-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана.” гэж тус тус хуульчилжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Д.Э-гийн Б.Ц-ид хахууль өгсөн үйлдлийг, мөн Б.Ц-ийн Д.Э-гаас хахууль авсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэг бүртгэлтэд буцаагаагүй нь 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэснийг зөрчсөнөөс гадна шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаагүйг зөвтгөж, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Э-гийн А.М-, Б.Ц- нарт хахууль өгсөн үргэлжилсэн үйлдлээс зарим үйлдлийг буюу Б.Ц-ид хахууль өгсөн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон атлаа “...шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгасугай.” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байх тул энэ талаар зохих өөрчлөлтийг оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/1940 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэж зааснаар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгасугай. ...” гэснийг “...Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

шүүгдэгч Д.Э-гийн үйлдлээс Б.Ц-ид хахууль өгсөн гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Б.Ц-ийг цагаатгасугай. ...” гэж,

2 дахь заалтыг “...Шүүгдэгч Мөнх Монгол овгийн Адъяагийн М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэргийг “хясан боогдуулах аргаар үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч Өөлд овгийн Дуламсүрэнгийн Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,

3 дахь заалтыг “...шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ОДОНЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                        П.ГАНДОЛГОР

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН