Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/1295

 

2025          11             13                                                                             2025/ДШМ/1295

 

                                                        Ц.Г-д холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Манлайбаатар,

шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч Д.Март,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Г-, хохирогч Ж.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ц.Г-д холбогдох 2507 00120 0110 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Н- овгийн Ц-ын Г.........., /РД:....../;

Шүүгдэгч Ц.Г- нь согтуурсан үедээ, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Глори Ресорт” амралтын газрын урд талын зам дээр .... УНМ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Ж.З-ын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний 6, 7-р сегмент хальсан доорх голомтлог цус хуралт, няцрал, сээрний 12-р бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н- овогт Ц-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа болон ажил хөдөлмөр эрхэлдэг гэх Хан-Уул дүүргийн маршрутаар зорчихоос бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г- нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ц.Г- нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, маргадаггүй, анх удаагаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй болсон. Би өнгөрдөг хавар сургуулиа төгсөөд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах ангид салаан захирагч ажилд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Учир нь, миний бие сургуулиа төгсөөд төрийн тусгай албан хаагчаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд миний ажлын онцлог нь цаг наргүй, байнгын бэлэн байдалд байдаг. Хэзээ аюул учрахад бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас, байгалийн гамшгийг авахад чиглэгдсэн цэргийн командаар аль нутаг дэвсгэрт ажиллах шууд чиг үүрэгтэй байдаг төрийн тусгай байгууллага юм. Гэтэл тус дүүргийн анхан шатны шүүхээс надад өгсөн зорчих эрх хязгаарлах ялыг миний бие хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ш.З- гаргасан тайлбартаа: “...Миний бие Ц- овогтой Г-д ямар нэгэн гомдол, санал байхгүй. Түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Ямар нэгэн асуудал гарвал өөрийн биеэр хариуцлага хүлээнэ. Биеийн байдал хэвийн, гомдол санал байхгүй. Иймд Ц- овогтой Г-д хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Г-ын өмгөөлөгч Д.Март тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Г-ын хувьд өөрийн гэм буруу дээрээ маргадаггүй. Анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэм буруутай үйлдэлтэй холбоотой хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна хэмээн үзсэн. Шүүгдэгч Ц.Г-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлж, түүний биеийн байдалд анхаарал тавьсан ба сайжрахад нь туслалцаа үзүүлсэн. Тухайн хэргийг үйлдэхэд өмнөх өдөр нь анги хамт олонтойгоо нийлж пиво уусан байсан. Ингээд маргааш өглөө болоход уусан пиво нь гараагүй байсан. Түүний согтолтын зэрэг нь 0.78 хувь гэж тогтоогдсон. Миний үйлчлүүлэгчийн зүгээс хийсэн хэрэгтээ их харамсаж байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Г-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч болохгүй гэх байдлаар ял оногдуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа миний үйлчлүүлэгч тайлбарлан хэлж байна. Ажил мэргэжлийн нөхцөл байдлаас шалтгаалан тухайн ялыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал байгаа тул тэнсэн харгалзах ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

Прокурор Б.Манлайбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хэргийг хянан хэлэлцсэн. Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасах, зорчих эрх хязгаарлах ялыг 2 жил 2 сарын хугацаагаар оногдуулах хэмээн тусгасан. Анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн. Хуульд зааснаар 3 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах байдаг. Үүнийг 2 жилээр хасаж шийдвэрлэсэн нь техникийн шинжтэй алдаа болсон байна хэмээн прокурорын зүгээс үзэж байна. Зорчих эрх хязгаарлах ялын тухайд хэлэх саналгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шүүгдэгч Ц.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

2. Прокуророос шүүгдэгч Ц.Г-ыг согтуурсан үедээ, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Глори Ресорт” амралтын газрын урд талын зам дээр .... УНМ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “жолоочид дараах зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийн харгалзан тээврийн хэрэглсийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Ш.З-ын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний 6, 7-р сегмент хальсан доорх голомтлог цус хуралт, няцрал, сээрний 12-р, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял шийтгэлийг тус зүйл, заалтад “...Энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүхээс нэмэгдэл ялыг 2 жилийн хугацаагаар буюу хуульд заасан хэмжээнээс доогуур оногдуулсан байна.

Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” үндэслэлд хамаарна.

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шүүх дүгнэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Ц.Г-ын “...ял хөнгөрүүлэх...” агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР

                                   ШҮҮГЧ                                                     П.ГАНДОЛГОР

                       ШҮҮГЧ                                                    С.БОЛОРТУЯА