Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00459

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00459

 

 

 

Фүжи капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03473 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Фүжи капитал ХХК-ийн хариуцагч Л.Отгонбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22 225 540 төгрөг гаргуулах үндсэн, 2018 оны 06 дугаар сарын 21, 2018 оны 09 дүгээр сарын 01, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд, хариуцагч Л.Отгонбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Л.Отгонбаатар нь манай компанитай 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр БЗГ/18/06/11 тоот зээлийн гэрээгээр 3 000 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр БЗГ/18/09/01 тоот зээлийн гэрээгээр 4 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр БЗГ18/10/01 тоот зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалтаар зээлдсэн авсан. Л.Отгонбаатар нь зээлийн тооцоолуурын дагуу төлбөрөө огт төлж байгаагүй, зээлийн гэрээний 2.6, 2.8, 4.2.1, 5.6-д заасны дагуу ноцтой зөрчсөн. 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл БЗГ/18/06/11 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрт 2 250 000 төгрөг, хүүд 862 500 төгрөг, алдангид 1 500 000 төгрөг, нийт 4 612 500 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болно. БЗГ/18/09/01 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрт 3 665 000 төгрөг, хүүд 1 881 370 төгрөг, алдангид 2 000 000 төгрөг, нийт 7 546 370 төгрөгийн үлдэгдэлтэй. БЗГ/18/10/01 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрт 5 000 000 төгрөг, хүүд 2 566 670 төгрөг, алдангид 2 500 000 төгрөг, нийт 10 066 670 төгрөгийн үлдэгдэлтэй. Тиймээс нийт 22 225 540 төгрөгийг хариуцагч Л.Отгонбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Фүжи капитал ХХК-ийн захирал Б.Золжаргал болон түүний найз Э.Энхбат нар 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр надтай уулзаж хамтарч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ривер Гарден хотхонд үсчин гоо сайхны салон ажиллуулъя, бид 2 хөрөнгө оруулж, чи үйл ажиллагаагаараа хөрөнгө оруулалт хийх, эхний ээлжинд 28 000 000 төгрөг бэлнээр өгнө. Мөн салон ажилд орохоор орлогоос үл хамаарч сард 1 500 000 төгрөгийн цалин өгөх, салоны олсон орлогийн ашгийн 20 хувийг чамд эзэмшүүлье гэхээр нь би зөвшөөрч хамтарч ажилласан. Энэ үед би сарын 6 000 000 төгрөгийн орлоготой ажилладаг байсан. Миний хувьд уг ярьсан зүйлийг гэрээ байгуулан баталгаажуулья гэж хэлсэн боловч эдгээр хүмүүс янз бүрийн шалтаг тооцон гэрээ байгуулахгүй байсан. Би Б.Золжаргалаас амласан 28 000 000 төгрөгөөсөө авъя гэхэд надад эхлээд 3 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг, 5 000 000 төгрөг өгөхдөө компаниас мөнгө гаргаж байгаа тул гарын үсэг зуруулах хэрэгтэй гээд зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Би хүү төлж өрөнд ормооргүй байна гэхэд зүгээр ажил эхлэхээр энэ зээлийг тэглэнэ. Япон захиралд үзүүлэх гэж л зуруулж байгаа гэж хэлсэн. Би үсчин гоо сайхны салоны ажлыг эхлүүлэхийн тул 9 cap цалин орлогогүй ажилласан. Иймд 22 225 540 төгрөг төлөх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Миний бие Фүжи Капитал ХХК-аас ямар нэгэн зээл аваагүй. Зээл авч хүү төлөх санаа зорилго болон зээл авах шаардлага ч байгаагүй. 2018 оны 4 дүгээр сард Б.Золжаргал нь үсчин гоо сайхны салон байгуулж ажиллуулах хүсэлтэй байгаа ч мэргэжлийн хүн биш болохоор юу ч мэдэхгүй байгаагаа хэлээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ривер гарден хотхонд байрлах байраа үзүүлсэн. Ингээд энэ байранд салон байгуулах ажлыг хариуцан ажиллаж өгөөч, ажил эхлэхээр нэг сард 1 500 000 төгрөгийн хөлс өгнө, салон байгуулах ажлаа хийхэд саад болохгүйн тулд өөрийн чинь 28 000 000 төгрөгийн зээлийг төлнө. Салон байгуулагдахаар cap бүрийн ашгаас 20 хувийг өгч байя гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Ривер гарден хотхоны 110 м.кв талбай бүхий байранд үсчин гоо сайхны газар байгуулахад шаардлагатай ажлуудыг хийж эхэлсэн. Гоо сайханчдын судалгаа гаргаж н.Энхтунгалаг гэдэг гоо сайханчийг ажиллуулахаар болж бид 2 салоны дотоод зохион байгуулалтын 3d зурган дээр ажилласан. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 03-нд БНХАУ-ын Гуанжу хот руу н.Энхбат, н.Энхтунгалаг нарын хамт явж бүтээгдхүүн, тоног төхөөрөмжөө судалсан. Дараа нь 2019 оны 10 дугаар сард БНХАУ-руу 21 хоног явж тоног төхөөрөмжөө авчирч суурилуулсан. Мөн 11 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Япон улсаас мэргэжилтэн ирж сургалт зохион байгуулсан. Салон 2019 оны 02 дугаар сарын 01-нд ашиглалтанд орж би 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилласан. Ингээд Б.Золжаргалтай уулзаж гэрээгээ бичгээр байгуулъя ажлын хөлс, амлалтаа тооцъё гэхэд амласан 28 000 000 төгрөгөөс үлдэгдэл 14 000 000 төгрөгийг өгч чадахгүй, салоны ашгийн 10 хувийг ч өгөхгүй гэсэн. Ийнхүү Б.Золжаргал нь зүгээр ажлаа хийгээд амьдралаа авч явсан надад сайхан амлаж салон байгуулах бүх ажлыг хийлгэж, хүлээн авангуутаа тохиролцсон амлалтаасаа буцаж намайг хуурч мэхэлсэн. Би энэ 1 жилийн хугацаанд өөрийн хуучин ажлаа хийгээд явсан бол сард дунджаар 3 500 000- 4 000 000 төгрөгийн орлого олох байсан. Надад ажлын хөлс гэж 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 4 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-нд 5 000 000 төгрөг тус тус өгсөн. Мөн 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Б.Золжаргал нь надад өгөхөөр тохиролцсон 28 000 000 төгрөгөөсөө 14 000 000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлж өгсөн. Ажлын хөлсийг өгөхдөө зээлийн гэрээн дээр гарын үсэг гарын үсэг зуруулсан. Энэ талаар асуухад би ажпын хөлсийг компаниасаа аваад өгчихлөө. Японы хөрөнгө оруулалттай компаниас мөнгө гаргаж байгаа болохоор эзэндээ зээлийн гэрээг үзүүлэх шаардлагатай. Салоны үйл ажиллагаа эхлээд компаниа байгуулахаар угаасаа тэглэгдэнэ гэхээр нь итгээд гарын үсэг зурсан. Гэтэл одоо намайг хүүтэй зээл авсан гэж нэхэмжилж байгаад нь үнэхээр гомдолтой байна. Б.Золжаргал надад ажлын хөлс олгоод зүгээр л баримт хэрэгтэй байна гэж гарын үсэг зуруулсан дээрх зээлийн гэрээнүүд нь Фүжи капитал ХХК-аас зээл авах болон зээл олгох зорилгоор хийгдээгүй дүр үзүүлсэн гэрээнүүд юм. Иймд Фүжи Капитал ХХК-ийн надтай байгуулсан гэх 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3 000 000 төгрөгийн, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4 000 000 төгрөгийн, 2018 оны 10 дугаар сарын 01-ний 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хуурч мэхэлж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийг Л.Отгонбаатар авсан. БЗГ 1800611 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийг 2018 оны 07 дугаар сарын 21, 2018 оны 08 дугаар сарын 20, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хуваарийн дагуу төлсөн байдаг. Эргэн төлөлт хийж байна гэдэг нь зээл авснаа хүлээн зөвшөөрсөн, ямар ч цалин гэж олгогдох үндэслэлгүй. Хэрэв цалин хөлс байсан гэж гэж байгаа бол Л.Отгонбаатар зээлийн төлөлтийг хийхгүй. Тухайн компаниас цалин гэж олгож байгаа бол албан ёсны гүйлгээ тамга, тэмдэгтэй банкны хуулгаар хийх ёстой байсан. Энэ нь зээлийг, хүүгийн хамт хуваарийн дагуу төлөхөөс татгалзаж байна. Эхний 2 зээл дээр эргэн төлөлтийг хийсэн байдаг. 2 дахь зээл буюу өндөр үнийн дүнтэй зээл авахын тулд өмнөх зээлийн эргэн төлөлтийг хийгээд, хамгийн сүүлийн гэрээнээс татгалзаад төлөхөө байсан. Үүнээс залилж байгаа нь харагдаж байна гэжээ.

Шүүх:    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2-т заасныг баримтлан хариуцагч Л.Отгонбаатараас 14 853 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Фүжи капитал ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 7 371 790 төгрөгийн шаардлагыг болон Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Л.Отгонбаатарын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн БЗГ/18/06/11 тоот, 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн БЗГ/18/09/01 тоот, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн БЗГ/18/10/01 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, зээл аваагүй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 269 100 төгрөг, хариуцагчийн төлсөн 277 150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Отгонбаатараас 232 216 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Фүжи капитал ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие Фүжи Капитал ХХК-аас ямар нэгэн зээл аваагүй, зээл авах шаардлага ч байгаагүй. Тус компанийн захирал Б.Золжаргал надаар 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үсчин гоо сайхны салон байгуулах ажлыг хийлгээд ажлын хөлсийг өгөхдөө зээлийн гэрээнд гарын үсэг зуруулаад салоны үйл ажиллагаа эхлэхээр тэглэгдэнэ гэж итгүүлсэн. Япон эзэнтэй компаниас мөнгө гаргаж байгаа болохоор эзэндээ үзүүлэх шаардлагатай байгаа учраас зээлийн гэрээ хийж байна гэдэг байсан. Гэтэл эдгээр гэрээгээ үндэслэн надаас зээлийн гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлгүй байхад шүүх зээл авсан гэж хэргийг шийдсэнд гомдолтой байна. Тус компанид би зээл авах ямар нэгэн хүсэлт гаргаагүй, машин эд хөрөнгөө барьцаалаагүй. Тэд харин өөрийн компанийн өмчлөлийн машинаа барьцаалж байгаагаар гэрээнд тусгасан болохоор нь би хуурамч гэрээ хийж байна гэж итгэж байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар барьцаанд тавигдсан машин нь нэхэмжлэгч компанийн өмч байсан нь нотлогддог. Мөн гэрч н.Энхтунгалаг намайг Б.Золжаргал ажиллуулж байсан цалинг өгөхдөө гэрээ байгуулж өгнө гэж байсныг хэлж нотолдог. Нэхэмжпэгч тал ч намайг сард 1 500 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсныг үгүйсгэдэггүй. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлэлгүй Л.Отгонбаатар зээл авсан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Фүжи капитал ХХК нь хариуцагч Л.Отгонбаатарт холбогдуулан БЗГ/18/06/11 тоот гэрээний үндсэн зээлд 2 250 000 төгрөг, хүүд 862 500 төгрөг, алдангид 1 500 000 төгрөг, БЗГ/18/09/01 тоот гэрээний үндсэн зээлд 3 665 000 төгрөг, хүүд 1 881 370 төгрөг, алдангид 2 000 000 төгрөг, БЗГ/18/10/01 тоот гэрээний үндсэн зээлд 5 000 000 төгрөг, хүүд 2 566 670 төгрөг, алдангид 2 500 000 төгрөг, дээрх зээлийн 3 гэрээний үүрэгт нийт 22 225 540 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч дээрх зээлийн гэрээнүүдийг хууран мэхэлж байгуулсан гэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 43 дугаар зүйдлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцож, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч Л.Отгонбаатар нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 4 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг тус тус сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлдэн авахаар нэхэмжлэгч Фүжи капитал ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлд 08-39 УНҮ улсын дугаартай хьюндай соната-7 маркийн автомашиныг барьцаалсан байна. /хх12-23/

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ зээлийн гэрээнд хууран мэхэлж гарын үсэг зуруулсан, уг гэрээнүүд нь зээл авах, зээл олгох зорилгоор хийгдээгүй дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарласан боловч хууран мэхэлсэн гэх нөхцөл байдлаа баримтаар нотлоогүй.

Маргаан бүхий 3 гэрээний 2.11-д гэрээнд заасан мөнгөн дүнг зээлдэгчийн /хариуцагчийн/ Хаан банкны 5027564234 тоот дансанд шилжүүлэх талаар талууд тохиролцсон байх ба зээлдүүлэгч уг дансанд нийт 12 000 000 төгрөг 2018 оны 06 дугаар сарын 21, 2018 оны 09 дүгээр сарын 01, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд шилжүүлэн өгчээ. /хх5-7, 12, 16, 20/

Хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 3 000 000 төгрөг, зээлийн хүүд 150 000 төгрөг, нийт 3 150 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 4 000 000 төгрөг, зээлийн хүүд 200 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 5 000 000 төгрөг, зээлийн хүүд 250 000 төгрөг, дээрх 3 гэрээний дагуу үндсэн зээлд нийт 12 000 000 төгрөг, хүүд 600 000 төгрөг төлөх үүрэгтэй боловч 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 1 383 500 төгрөг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна. /хх72-78/

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан гэж энэ хугацааны хүүг шаардаж байгаа нь гэрээний хугацаа 30 хоног байна, гэрээний хугацаа дуусмагц зээлдэгчийн хүсэлтээр гэрээг 330 хүртэлх хоногоор сунгана гэх гэрээний 2.3, 2.4 дэх заалттай нийцээгүй.

Хэрэгт хариуцагчийн зүгээс зээлийг сунгах хүсэлт гаргаж байсан баримтгүй байх тул дан ганц зээлийн гэрээний хавсралт зээлийн тооцоолуур гэх баримтаар зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэхгүй. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж зөвхөн гэрээнд заасан хугацааны хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Талууд гэрээний 2.7-д зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр тохиролцсон байх ба шүүх алдангийн хэмжээг нэхэмжлэгчийн шаардсан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 08 дугаар сарын 08-ний өдрийг хүртэл тооцоолсон нь буруу биш. /хх135/

Шүүх хариуцагчийн төлбөрт төлсөн мөнгөн дүнг түүний гүйцэтгэвэл зохих үүргээс хасч тооцоолон 3 гэрээний үүрэгт нийт 14 853 750 төгрөг /үндсэн зээл, зээлийн хүү, алданги/ нэхэмжлэгчээс гаргуулж, 7 371 790 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч нь уг мөнгийг ажлын хөлс гэж олгосон, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас мөнгө гаргаж байгаа учраас зээлийн гэрээг эзэндээ үзүүлэх шаардлагатай гэхээр нь итгээд гарын үсгээ зурсан, надад зээл авах хүсэл зориг байгаагүй, эдгээр нь дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарладаг. Гэвч талуудын харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан зээлийн гэрээ, зээлдэгчийн эзэмшлийн дансанд гэрээнд заасан мөнгөн дүнг шилжүүлсэн баримт, зээлдэгчээс зээлийн эргэн төлөлт хийсэн үйл баримтыг үгүйсгэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 219 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.МӨНХЗУЛ