Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1311

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Отгонмаа,

улсын яллагч: Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов  

шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Ж.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806049021496 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ца овогт  Ж.Б, 19..  оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ... төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй, ам  бүл 1, /ганц бие/ ... тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ...      

Холбогдсон хэргийн талаар:

           Ж.Б нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы  .... тоотод Б.Г-тэй маргалдсаны улмаас түүнийг ногоо тарьдаг жижиг хүрзээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан,

          2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы ... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн эгч Ж.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  5 дугаар сарын 30-ны өдрийн 18.00 цагийн орчимд би Г-н хүүхдийг  цэцэрлэгээс нь авсан. Г эхнэртэйгээ нийлээд архи уугаад эхийгээ зовоогоод байна гэхээр нь би эгчийндээ ирж эгчдээ туслаж байгаа санаатай юм. Г өглөө 5.00 цагийн орчимд хүүхдийнхээ утсыг зараад архи уугаад өдөр 13.00 цагийн орчимд согтуу байдалтай гэртээ орж ирсэн. Би жижигхэн ногооны талбайтай. Тэндээ ажиллаж байхад Г ирээд уур хүргээд байсан. Гэрт Япон алх гээд нэг жижигхэн алх байдаг түүнийгээ аваад явсан. Г удалгүй 15.00 цагийн орчимд согтуу ирээд унтсан. Тэр хооронд нь би архи уусан байсан. Би Г-н хүүхдийг цэцэрлэгээс нь авч ирсэн. Ирээд уур хүрээд архи нь  гарсан байх гэж бодоод “чи хүүхдийнхээ утсыг зарж архи уулаа, урьд чи 3 жилийн тэнсэтэй байгаа, хэтэрхий даварч байна, одоо юм хадах ганц ч алх байхгүй” гэж хэлээд хөл рүү нь нэг удаа хөшгилсөн. Гэтэл босч ирээд чамд ямар хамаатай юм гэж хэлээд барилцсан. Би Г-г хүчрэхгүй болохоороо гарч зугтсан. Намайг гарч зугтахад араас гарч ирээд зодолдсон. Над руу дайрахаар нь цохьчихоод л зугтаагаад байсан. Тэгтэл ард алаан боллоо гэж хэлээд бөөн юм болсон. Миний хамараас бага зэргийн цус гарчихсан мөн фудболк урагдчихсан байсан. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Энэ хүрз миний гарт таараагүй байсан бол би Г-д алуулах байсан байх. Гэхдээ Г-н амин газарт нь цохиод амь  насыг нь хохироогоогүйдээ баярлаж байна. Тэд эхнэр хоёр хүүхдийн хамт эгчийндээ байдаг. Би байшиндаа хоноод эгчдээ тусладаг. Гэтэл түүнээс хойш миний хоолны норм хасагдсан. Би 4 гахай тэжээдэг. Тэр өдөр би гараад айлд юм хийж байгаад 13.00 цагийн орчимд гэртээ орж ирсэн. Гэтэл тэд гахайндаа хоол өгөөгүй байсан. Тухайн маргаан гахайн хоолноос болсон. Би уурлаад хэдэн үг хэлсэн. Эгч ч мөн юм хэлсэн. Би танайхаас ус уугаад л гарна гэж хэлсэн. Би тэднийд ус ууж, хоол идээгүй 21 хоносон. Гэтэл чамд ус ч гэсэн өгөхгүй гэхээр нь би гахай услахад яадаг юм гэж хэлээд ус асгасан. Гарыг нь мушигаж цохисон гэдэг худал. Харин түлхсэн нь үнэн. Түлхэхэд хойшоо унаад пийшэн цохихоор нь татаж босгоод яав ийв гэхийн зуургүй хүүхэд нь чарлаад байхаар нь би гараад явсан. Тэр чавганцыг зодсон зүйл байхгүй. Урьд өдөр бэр нь агсам тавиад шанагаар толгойг нь цохисон асуудал байдаг. Тэр асуудлыг нууж миний хийсэн үйлдэл гэж хэлсэн байх. Энэ асуудалд өөрийгөө өмөөрсөн зүйл байхгүй. Миний буруу. Тэр хоёрыг үхээгүйд баярлаж байна гэв.

          Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр БЗД-ийн 23 дугаар хороо Баатар Хайрханы ... тоотод байдаг өөрийн төрсөн эгч Ж.Д-н гэрт байхад бага хүү болох Б.Г согтуу орж ирэхээр нь би чи саяхан шүүхээр орж тэнсэн авчихаад засрахгүй хүүхдийнхээ гар утсыг хулгай хийж архи уулаа гээд би уурласан чинь Б.Г миний ууж идэх чамд хамаагүй гээд босож ирээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлж цохиж хоорондоо зодолдоод гэрээс гарсан Б.Г нь бие том жин ихтэй болохоор би гарт нь бариулахгүй гэж бодоод зугтаж байгаад газар байсан жижиг модон иштэй хүрзээр толгой хэсэгт, 3-4 удаа цохисон тэр үед Ж.Д эгч гарч ирээд шууд цагдаа дуудаж намайг бариулсан. Хэрэг гардаг өдөр Б.Г бол согтуу гэртээ өдөрийн 15 цагийн үед нэлээд согтуу орж ирсэн, би өдөр найз Б-тэй нэг шил архи хувааж уусан байсан тэгэхдээ согтолт бол гайгүй ухаантай байсан.”гэжээ /хх-ийн 17,18/

          Хохирогч Б.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 05 сарын 29 ны өдөр  би А, Х гэж 2 найзтайгаа  хоёр шил  архи хувааж  уучихаад 16:00 цагийн орчим БЗД-ийн 23-р хороо Баатархайрхан ... тоот гэртээ орход манай нагац ах Б ах чи хашаанд байгаа хүлэмжээ гялгар уутаар хучаагүй байна гээд хүлэмжийн хажууд байх жижиг цэрэг хүрзээр цохиж унгааж байгаад дээрээс хүрзээр цохиод зодоод байсан. Би урдаас нь дугарч чадаагүй сүүлдээ Б хүрзийнхээ ирээр нь миний толгой болон нурууруу олон удаа цохисон, миний толгой олон хагарсан байна гэж намайг эмчилж байгаа эмч хэлсэн. Миний хамгийн том хүү Т ахаа болиочээ гээд салгах гээд дийлээгүй. Би Б-д ганц ч удаа гар хүрээгүй бид хоёрт ямар нэгэн өр авлага өс хонзон байхгүй, намайг өнөөдөр ажил хийгээгүй байна гээд шууд цохиж зодсон.”  гэжээ / хх-н 10-16 /   

          Хохирогч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанй үед мэдүүлэхдээ:  2018 оны 06-р сарын 22-ны өдрийн 20 цагийн үед миний хамгийн бага дүү болох Ж.Б  нь манайд авгай хүүхдээсээ салаад амьдраад 1 жил гарантай болж байгаа дүү  маань 12 цагийн үед намайг гэртээ ирхэд байшингаас гарч ирж төмс услаад байж байсан юм. Тэгээд манайд орж ирж хөрс сийрүүлэгч гуйж авсан. Оройн 19 цагийн үед манайд орж ирхээр нь чи бид 2 таарахгүй юм. Чи шархад руу яв. Айл эсвэл байшин луугаа ор. Энд байгаад яахав гэж хэлтэл гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа байшин луу ортол байшингийн коридор луу ус асгаад байхаар нь болиулах гээд гарнаас нь барихад Б дүү маань миний гарыг мушгиж түлхэх үед би пийшинг толгойгоороо мөргөж унах үедээ бөгсөөрөө сууж унасан юм. Энэ үйл явдал манай гэрт болсон юм. Миний цээж рүү гараараа нэг удаа цохисон юм. Тэр үед би ухаан алдаад унасан юм. Тэгээд нэг мэдэхэд 5 настай ач маань намайг сэрээсэн юм. Тухайн үед Б намайг зодчихоод байшинруугаа орсон байсан. Би сэрээд бэр, хүү хоёрлуугаа залгаж дуудсан юм. Бэр Т маань ирж цагдаа дуудсан юм. Б өдөр л архи уусан байсан. Намайг зодох үедээ согтуу байсан. Надад юм яриад л байсан, би яг юу ярьсан сайн сонсож чадаагүй. Би дүүдээ хандаж чи одоо ингэж амьдрахаа боль. Чи биеэ дааж амьдар гэж хэлсэн үгэнд минь л өсөрхөж надад ийм үйлдэл гаргасан байх гэж бодож байна.  Өөр ямар ч  шалтгаан байхгүй. Дүү маань эхнэр хүүхдээсээ салаад орох оронгүй байгаад байхаар нь би дүүгээ өөр дээрээ авсан юм. Урд өмнө нь агсан согтуу тавьж зодож нүдэж байгаагүй. Дүүтэйгээ холбоотой асуудлаар цагдаад дуудлага өгч байгаагүй. Одоогоор дүү маань Г гэгчийг зодсон асуудлаар цагдаад шалгагдаж байгаа юм.”гэжээ / хх-н 46-48/, / хх-н 50-51/     

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 19/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 342 тоот актанд ”

1. Б.Г-д дух, хуйхны шарх, зүүн мөр, баруун бугалганы зулгаралт гэмтэл учирсан байх боломжтой байна.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно. 

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдахгүй” гэжээ / хх-н 20/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 21-22/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн  тогтоол /хх-н 52/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 8142 тоот шинжээчийн дүгнэлтэнд: “

    1,Д-н биед тархи доргилт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн эд, бага тархины эдэд голомтлог цус хуралт, няцрал, дагзны хуйх, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

    2,Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

    3,Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4,Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.”  гэжээ  /хх-н 53/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 54-55/

          Ж.Б-н иргэний үнэмлэхийн лавлага /хх-н 26, 56/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 76/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 37,58,67/

          Ж.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35-36/

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 30/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-34/, /хх-н 59-61,63-64/

         Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-н 39-40/ зэрэг болно.

         Ж.Б нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны орой  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы  ... тоотод Б.Г-тэй архи уусан асуудлаас болж маргалдаж  улмаар түүнийг ногоо тарьдаг жижиг хүрзээр  толгойн тус газар нь цохиж дух, хуйхны шарх, зүүн мөр, баруун бугалганы зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

Б.Г-д дух, хуйхны шарх, зүүн мөр, баруун бугалганы зулгаралт гэмтэл учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно.  Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдахгүй” гэсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 342 тоот акт / хх-н 20/

Хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай нагац ах Б ах чи хашаанд байгаа хүлэмжээ гялгар уутаар хучаагүй байна гээд хүлэмжийн хажууд байх жижиг цэрэг хүрзээр цохиж унгааж байгаад дээрээс хүрзээр цохиод зодоод байсан. Би урдаас нь дуугарч чадаагүй сүүлдээ Б хүрзийнхээ ирээр нь миний толгой болон нурууруу олон удаа цохисон, миний толгой олон хагарсан байна гэж намайг эмчилж байгаа эмч хэлсэн гэсэн мэдүүлэг

          Шүүгдэгч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...би чи саяхан шүүхээр орж тэнсэн авчихаад засрахгүй хүүхдийнхээ гар утсыг хулгай хийж архи уулаа гээд би уурласан чинь Б.Г миний ууж идэх чамд хамаагүй гээд босож ирээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлж цохиж хоорондоо зодолдоод гэрээс гарсан Б.Г нь бие том жин ихтэй болохоор би гарт нь бариулахгүй гэж бодоод зугтаж байгаад газар байсан жижиг модон иштэй хүрзээр толгой хэсэгт, 3-4 удаа цохисон гэсэн мэдүүлэг,

          2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 2 а хэсгийн ... тоотод өөрийн төрсөн эгч Ж.Д-тэй гахайн хоолноос  болж маргалдаж түүнийг түлхэж унагасанаас тархи доргилт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн эд, бага тархины эдэд голомтлог цус хуралт, няцрал, дагзны хуйх, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:    

         Д-н биед тархи доргилт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн эд, бага тархины эдэд голомтлог цус хуралт, няцрал, дагзны хуйх, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна  гэсэн  хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 8142 тоот шинжээчийн дүгнэлт / хх-н 53/

          Хохирогч Ж.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... байшин луу ортол байшингийн коридор луу ус асгаад байхаар нь болиулах гээд гарнаас нь барихад Б дүү маань миний гарыг мушгиж түлхэх үед би пийшинг толгойгоороо мөргөж унах үедээ бөгсөөрөө сууж унасан юм. Энэ үйл явдал манай гэрт болсон юм. Миний цээж рүү гараараа нэг удаа цохисон юм гэсэн мэдүүлэг

         Шүүгдэгч Ж.Б-н өгсөн ...би эгчтэйгээ гахайн хоол өгсөн асуудлаас болж маргалдаад түлхсэн чинь пийшин мөргөөд унасан,Үүнийг би зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлэг зэрэг болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

            Ж.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11,6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Ж.Б нь хохирогч Ж.Д-н төрсөн дүү, хохирогч Б.Г-н нагац ах нь, мөн нэг хашаанд хамт амьдардаг болох нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч хамт амьдрах хугацаандаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэл үйлдэж,  дарамт учруулж, байнга архидан согтуур агсан тавьж амгалан тайван байдлыг алдагдуулж  байсан  талаар хохирогч нар цагдаагийн байгууллагад хандаж байсан талаар ямар нэгэн баримт байхгүй, хохирогч Ж.Д-н ...урд өмнө нь агсан согтуу тавьж зодож нүдэж байгаагүй. Дүүтэйгээ холбоотой асуудлаар цагдаад дуудлага өгч байгаагүй гэсэн мэдүүлгээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

           Ж.Б нь Гантулгыг хүүхдийнхээ утсыг зарж архи уулаа гэж хэлж маргалдаж улмаар түүнийг хүрзээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Ж.Д-г ус асгаад байхаар нь болиулах гээд гарнаас барьтал зөрүүлж гарыг мушгин түлхэж унагасанаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Ж.Б-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

           Ж.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн   нэг ширхэг хүрзийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21,5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4-д  зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц утстгахаар шийдвэрлэв.            

           Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Хохирогч нар Ж.Б-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг   тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Ж.Б-д прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт  заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Ц овогт Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт  заасан энэ хуулийн 10,1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хоёр  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б-г 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар   шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Ж.Б нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урт нь 50 см модон иштэй нэг ширхэг хүрзийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Ж.Б-д урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН