| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0629/Э |
| Дугаар | 646 |
| Огноо | 2018-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 646
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч А.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А.Бд холбогдох эрүүгийн 1809031010753 дугаартай хэргийг 2018 оны 8 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Gold menerals” ХХК-д хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт А.Б,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Соёл төвийн орчимд хохирогч О.Ганхөлөгийн толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Эрүүгийн 1809031010753 дугаартай хэргээс:
Шүүгдэгч А.Б нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэр үед манай найзыг зодсон залуучуудын араас би чулуу шидсэн. Миний шидсэн чулуу нэг цагдаагийн толгойг хагалсан. Би хохирогчоос уучлалт гуйсан, хохирогч эвлэрсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ явдлаас хойш би дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ больсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Хохирогч О.Ганхөлөг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02.00-03.00 цагийн орчимд үл таних, 30 орчим насны, нэг нүднийх нь хөмсөг хэсгээс цус гарсан залуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирээд, “Намайг зодсон хүмүүс тэр гудамж руу гүйгээд орчихлоо” гэж биеэр ирж дуудлага өгсөн. Залууг албаны автомашинд суулгаад зодсон хүмүүс нь зугтаагаад явсан гэх гудамж руу нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Соёл төвийн урд талын гудамжаар орж, цохисон гэх хүмүүсийг нь олж тогтоохоор эрэн сурвалжилж ажилласан. Тэгээд ойр орчимд машинаасаа буугаад, явган эргүүл хийж яваад гудамжнаас гарч ирж явтал гудамжны үзүүрт зогсож байсан 2 залуугийн нэг нь чулуу шидэж миний толгой руу оносон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Гэрч С.Удаанжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би өөрөө Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс ойрхон байсан болохоор биеэрээ очиж дуудлага өгч тусламж хүссэн. Хөдөлгөөнт эргүүлийн 2 цагдаа намайг зодсон хүнийг олохоор намайг машиндаа суулгаад гудамжаар хайж, эргүүл хийсэн. Тухайн үед тэр залуучууд зугтаачихсан. Гудамжинд Одбаясгалан эхнэртэйгээ зогсож байсан. Манай эхнэр Оюун-Эрдэнэ, найз Болор-Эрдэнэ зогсож байсан. Тэгээд цагдаагийн машинаас буугаад байж байхад гудамжны үзүүрт нэг залуу явж байгаа харагдахад эргүүлийн цагдаа тэр хүн рүү явах үед Болор-Эрдэнэ чулуу аваад шидэхэд нэг цагдаагийнх нь толгойг оноод толгойноос нь цус гарч байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
Гэрч О.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтан мэдүүлэхдээ: “…Тухайн үед манай нөхөр Удаанжаргалын нүүр нь цус болчихсон байсан болохоор би нүүрийг нь арчих гээд зам руу харсан байдалтай байсан. Тухайн үед дуудлагаар ирсэн нэг цагдаагийнх нь толгойноос цус гарчихсан байсан. Яагаад цус гарсныг нь би хараагүй, дараа нь нэг цагдаа нь А.Болор-Эрдэнийг чулуу шидээд хагалчихлаа гээд байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
Гэрч Ц.Ариунбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Удаанжаргал цагдаа дуудсан гэсэн. Тэгээд Одбаясгалан бид хоёр гудамж руу очиход Болор-Эрдэнэ, Удаанжаргал, Оюун-Эрдэнэ нар бас хоёр цагдаа ирчихсэн байсан. Тухайн үед гудамжны үзүүрт нэг залуу зугтаах шиг болсон, цагдаа нар араас нь хөөх үед Болор-Эрдэнэ газраас чулуу аваад шидсэн, тэгээд цагдаагийн толгойг оночихсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8369 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:
А.Болор-Эрдэний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, хохирогч О.Ганхөлөгийн хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Соёл төвийн орчимд хохирогч О.Ганхөлөгийг “өөрийг нь зодсон” гэж андуурч толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь зулайд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч А.Болор-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Ганхөлөгийн мэдүүлэг, гэрч С.Удаанжаргал, О.Оюун-Эрдэнэ, Ц.Ариунбилэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8369 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон О.Ганхөлөгийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч А.Болор-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.